978
Монголын анхны уламжлалт эмийн Манба Дацан үйлдвэрийн дарга, Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч Н.Баярдоржтой ярилцлаа.
-Монголын анхны уламжлалт эмийн Манба Дацан үйлдвэрийн хувьд хэчнээн нэр төрлийн эм үйлдвэрлэж байна. Энэ талаар эхэлж ярья?
-Манай Манба Дацан эмийн үйлдвэр нь 1990 онд Манба Дацан МУЭСТ-ийн салбар болон байгуулагдсан. Эдүгээ уламжлалт эм тан үйлдвэрлэл, ургамал тарималжуулалт, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, гадаад харилцаа гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Манай эмийн үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн ДЭМБ-аас баримталж буй стратеги, Монгол Улсын төрийн бодлого чиглэл, эм үйлдвэрлэлийн стандарт, технологи, хууль эрхзүйн баримт бичиг зэргийг мөрдлөг болгон, чанарын баталгаатай уламжлалт эмийг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорин ажиллаж ирсэн. Манба Дацан эмийн үйлдвэр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн 170 гаруй нэр төрлийн уламжлалт эмийг үйлдвэрлэж байна.
-Уламжлалт эм гэхээр тан л гэж ойлгодог. Гэтэл тан бол уламжлалт эмийн зөвхөн нэг хэлбэр шүү дээ. Ямар ямар хэлбэрийн уламжлалт эм байдаг вэ, энэ талаар хүмүүст тодорхой мэдээлэл өгөөч?
-Анагаах ухааны түүхэн судар бичигт “55000 их галавын тэртээгээс байгаль дэлхий үүсэн бий болж түүнийг дагалдан амьд организм буй болж, анагаах ухааны онол, жүд дамжлага нь хүн төрөлхтний эрүүл мэндийн тусад үүсэж, хөгжиж ирсэн” хэмээн тэмдэглэсэн байдаг. Бидний хөгжүүлж буй анагаах ухааны эмчилгээ, эмийн тухай онол, жүд дамжлага нь Бурхан багшаар (МЭӨ 961-881он) дамжигдан 2970 гаруй жилийн тэртээгээс Монголчуудад уламжлагдан ирсэн түүхтэй. Ингээд судлахаар Монголын уламжлалт анагаах ухааны эм үйлдвэрлэлийн салбар маань өөрөө 3000 орчим жилийн тэртээгээс хөгжиж ирсэн, хөгжлийнхөө явцад 7000 гаруй жорыг уламжлалт эм хийх арга технологиор үйлдвэрлэж байсан түүхтэй. Эдгээр 7000 гаруй жороос Монголын алдартай маарамбуудын хэрэглэж байсан нууц жорууд болон өнөөгийн хүн амын өвчлөлийн байдал, хүмүүсийн амьдралын хэв маягтай уялдуулан 170-аад жорыг сонгон авч эм, тангаа бэлтгэн, хэрэглэж байна. Тэгэхээр манай үйлдвэрийн үйлдвэрлэдэг энэхүү 170-аад нэр төрлийн уламжлалт эм нь сонгомол жорууд гэж хэлж болно. Уламжлалт эм гэхээр хэдэн ургамал холиод буцалгаад уучихдаг гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Бүр эм биш нэмэлт бүтээгдэхүүн гэж ойлгодог хүмүүс ч бий. Маш олон хэлбэрийн эм бий.
-Уламжлалт эмийн түүхий эдийн олдоц хэр вэ?
-Монголчууд бид аугаа түүх, гайхалтай өв уламжлал, ёс заншил, бурхны шашинтай, өргөн уудам баялаг нутагтай хувьтай ард түмэн. Манай оронд эмийн 700 гаруй зүйл ургамал ургадаг болох нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон байдаг. Сүүлийн жилүүдэд зарим дотоод түүхий эдийн нөөц багасах хандлага ажиглагдаж байна. Бид ургамлын судалгаагаар орон нутагт ажиллаж байхад тухайн ургамал нэг жил ургасан газраа дараа жил нь ургаагүй байх тохиолдлууд байдаг. Энэ нь байгалийн эргэх холбоо, мөн хүмүүсийн байгальтайгаа зүй зохисгүй хандах байдал, нүүдэл суудал, ашиг сонжоо хайсан хэсэг бүлэг хүмүүс ургамлыг хил дамнуулан бөөнөөр болон жижиглэнгээр арилжих явдал ихэссэн, байгалийн нөхөн сэргээлтийг хийдэггүй зэрэг үйлдлээс болж байна. Би хувьдаа төр засаг энэ байдлыг анхааралдаа нэн даруй авч эмийн түүхий эдүүдийг хил дамнуулан арилжих худалдааг цэгцлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудтай хамтарч ховордож буй эмийн ургамлуудын нөөцийг хамгаалах, тарималжуулах, байгалийн нөхөн сэргээлт хийх зэрэг ажлуудыг зөв зохистой шийдвэрлэх, эрчимжүүлэх цаг болсон гэж боддог. Мэргэжлийн бус хүн харахад өнгө, өнгийн сайхан мод, навч, цэцэгс байдаг бол мэргэжлийн хүн харахад тэдгээр бүгд өөр өөрийн өвөрмөц мөн чанартай, эмийн амт, чадал, эрдмийг агуулсан, байгаль экологийн чухал үүрэгтэй, хүний эрүүл мэндэд тустай эмт бодисууд байдаг.
-Түүхий эдийн хэдэн хувийг дотоодоос хангадаг вэ?
-Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ургамал, амьтан, эрдсийн гаралтай нийт 450 гаруй нэр төрлийн түүхий эдийг хэрэглэдэг. Үүний 40 хувийг гадаад орнуудаас, 60 хувийг дотоодоос бэлтгэн хангадаг. Манай орны цаг уурын онцлогоос шалтгаалаад ургадаггүй, зөвхөн халуун оронд ургадаг зарим эмийн ургамлыг тухайн газар орноос нь олон улсын стандартын шаардлага хангасан гэрээт нийлүүлэгчээс татан авдаг. Дотоодоос бэлтгэн татаж авдаг эмийн ургамлуудын хувьд тухайн эмийн бүтээгдэхүүний үйлдэлтэй уялдуулан ургамал татан авах хугацаа, газар орон, ургамлын аль хэсгийг бүтээгдэхүүнд хэрэглэх гэх зэргийг нарийн төлөвлөж, түүхий эд бэлтгэх зохистой арга технологийг нарийн баримтлан 3-11 дүгээр сарын хооронд БОАЖЯ-нд мэдэгдэж, зөвшөөрөл авч бэлтгэдэг. Ургамал бэлтгэж татан авах гэдэг бол зүгээр л зугаалж яваад хэдэн цэцэг түүдэг зүйл огт биш. Эмийн түүхий эд бэлтгэхдээ ариун дагшин газрыг сонгож, байгальтай зөв зохистой харьцах, тухайн газрын лус, савдгийг аргадах тусгай зан үйл хийж, амьтны тусад уншлага ном уншихаас эхэлдэг. Энэ нь эм үйлдвэрлэлийн маш нарийн үйл ажиллагаатай амин чухал хэсэг гэж ойлгож болно. Мөн яг хэдэн сард тухайн ургамлын эмд хэрэглэх хэсэгт эмийн чадал нь дэлгэрч байгааг нарийн тодорхойлж, тэр цагт нь амжиж авах хэрэгтэй байдаг. Түүсэн ургамлаа цэвэрлэж, эмийн чадлаас нь шалтгаалаад наранд, эсвэл сүүдэрт хатаана. Мөн хадгалалтын нарийн горим баримталж хадгална. Бэлтгэж татан авсан түүхий эдээс дээж авч МХЕГ-ын Эмийн Хяналтын Итгэмжлэгдсэн Лабораторид шинжлүүлэн чанарын шаардлага хангасан нь тогтоогдсон тохиолдолд бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашигладаг. Мөн өөрийн дотоодын хяналтын лабораториор эм бэлтгэх тухай бүр шинжлэн хянаж, баталгаажуулдаг. Бидний өвөг дээдэс эмийн түүхий эдээ эрдэнэ мэт дээдлэн нандигнадаг ёс зүйтэй байсан. Монголын газар хөрсөнд ургасан эмийн ургамал, түүхий эдийн чадал, тус эрдэм үнэхээр онцгой сайн шүү дээ.
-Уламжлалт эмийн технологийн талаар танилцуулахгүй юу?
-Монголын уламжлалт анагаах ухаан эм үйлдвэрлэх өөрийн гэсэн онцлог технологитой нарийн үйл ажиллагаа. Уламжлалт эмийг үйлдвэрлэхэд тухайн эмд орж буй түүхий эдүүдийн амт, түүнд агуулагдах махбодын эрдэм, шингэсний дараах амт, чадал зэргийг тооцоолж, ямар өвчин эмгэгийн аль үе шатанд хэрэглэхээс хамаарч түүхий эдийг боловсруулах, номхотгох зарчим, эмийн ямар хэлбэрээр найруулах арга, технологи нь өөр өөр байдаг. Манба Дацан эмийн үйлдвэр нь эдгээр уламжлалт арга, технологийг маш нарийн хийж, мөрдөж ажиллахын зэрэгцээ оюуны энэ их өв сан, баялгийг илүү сайн судалж, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, техник технологийн ололт амжилтаар улам баяжуулан хөгжүүлж байна.
-Уламжлалт эмийн түүхий эдийг номхотгох технологи их сонирхолтой санагддаг. Энэ нь ямар ач холбогдол, утга учиртай технологи вэ?
-Уламжлалт эмийн найрлагад ордог зарим түүхий эдийг заавал боловсруулж, номхотгож байж эмд хийдэг. Номхотгол нь тухайн түүхий эдийн эмчилгээний чадлыг нэмэгдүүлэх, хоргүйжүүлэх, хүч багатай бодисын хүчийг ихэсгэх, хэрэгцээгүй хольцыг салгахын тулд шатаах, түлэх, халаах, угаах, чанах, цэвэрлэх зэргээр түүхий эд бүрийн онцлог чанартай уялдуулан хийгддэг уламжлалт арга технологи юм.
-Яс хугарахад тийм амьтны эд эрхтэн сайн гэх зэргээр аливаа өвчин эмгэгийн үед амьтны түүхий эрхтнийг шууд идэж хэрэглэх тохиолдол манай иргэдийн дунд түгээмэл байдаг. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?
-Хүмүүсийн ам дамжсан яриа их байна. “Тийм амьтны мах, ийм ургамал байна уу” гээд манай эмийн үйлдвэр дээр хүртэл хүмүүс асуугаад ирдэг. Лавлаад асуухаар таньдаг хүнээсээ дуулсан, яаж хэрэглэх талаар ямар ч мэдээлэлгүй байдаг. Энэ бол маш буруу, тус болохоосоо илүү хор уршиг дагуулах зүйл. Ингэж чирэгдэл учруулахын оронд уламжлалт эмээ л хэрэглэ гэж зөвлөмөөр байна. Таны хайгаад байгаа зүйлүүдийг манай үйлдвэрт ном журмын дагуу боловсруулаад, номхотгоод, тухайн өвчин эмгэгт тохирсон, чадалтай эм болгоод хийчихсэн байна. Манай төвийн салбар Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт мэргэжлийн эмч нарт үзүүлж оношлуулаад, өвчин эмгэгтээ тохирсон, чанарын шаардлага хангасан эм авч хэрэглэн, өөрийнхөө эрүүл мэндэд тустай үйл хийгээрэй.
-Уламжлалт эмийн үр дүн, үйлчлэлийн талаар хэлж өгөхгүй юу?
-Монголын уламжлалт эмийн онол дээд билиг оюуны түвшинд номлогдсон. Онолын үүднээс авч үзвэл хий, шар, бадганы онол, таван махбод, арга билиг, шүтэн барилдахуйн онол, ургамлын 6 амт, шингэсний дараах 3 амт, 8 чадал, 17 эрдэм энэ бүгдийг авч үзсэнээс гадна хүн байгаль хоёрын өвөрмөц уялдаа холбоог нарийвчлан судалсан онцлогтой. Зөв оношилж, эм, эмчилгээний сонголтыг зөв хийсний үр дүнд ямар ч өвчин эмгэгийг эмчлэн эдгээх боломжтой биеэ даасан эм зүйн шинжлэх ухаан гэж хэлж болно. Байгалийн гаралтай эдгээр эмүүд нь зөвхөн өвчин эмгэгийг эдгээгээд зогсохгүй хүний биеийн дархлааг сайжруулан, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Уламжлалт анагаах ухаанд хүний нас, хүйс, өвөрчлөл, амьдралын хэв маяг, өвчний үе шат, хүнд хөнгөн байдал зэргийг харгалзан хүн бүрд тохирсон бодгаль онош тавьж, түүндээ тохирсон эм танг сонгож өгдгөөрөө үнэхээр төгс анагаах ухаан. Хүний бие махбодын болоод сэтгэлийн өвчин эмгэгийг төгс эдгээж чаддаг мөн чанар зөвхөн уламжлалт эм, эмчилгээнд бий.
-Уламжлалт эмийн үнэ цэнийн талаар ярья л даа. Жинхэнэ байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн гэдэг утгаараа үнэтэй байх ёстой юм шиг. Ер нь одоо зах зээлд байгаа уламжлалт эмийн үнийн талаар та юу хэлэх вэ?
-Бид уламжлалт эмийн түүхий эд бэлтгэхээс эхлээд үнэхээр нарийн үйл ажиллагаа, ур ухаан гарган бэлтгэж, олон нарийн үе шаттайгаар боловсруулж, адистид, тарнийн бүтээлээр равнайлж, олон хүн эрдэм ухаан, зүрх сэтгэлээ шингээн ажиллаж байж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Яг одоогийн байдлаар бидний үйлдвэрлэсэн эмийн чанар, чадалтай харьцуулахад худалдаалж буй үнэ үнэхээр хямд байгаа. Манай Манба Дацангийн эмийн чанар, эмчилгээний чадал, үр дүнг олон жилийн туршид Хятад, Энэтхэг, Орос гэх мэт гадаадын олон орны байгууллага, хувь хүмүүс судлаад, биднийг эмээ нийлүүлэхийг санал болгосоор байгаа. Хэрэв бид гадаадын эмнэлэг, эмийн байгууллагуудтай яг одоо үйлдвэрлэж буй чанартай эмийн бүтээгдэхүүнээ нийлүүлэх хамтын ажиллагаагаа эхэлсэн тохиолдолд манай эмийн үнэ 10, 20, 30 дахин нэмэгдэнэ. Учир нь эдгээр орнуудад уламжлалт эм тан үйлдвэрлэдэг хэдий ч бидний үйлдвэрлэж байгаа шиг чанартай түүхий эд, сонгомол жор, нарийн технологи нь дутагдаад байгаа. Үүнийгээ ч тэд хүлээн зөвшөөрдөг. Гадаадын зарим мэргэжилтнүүд “Танай Манба Дацангийн эмийг бид өөрийн улсын маш чухал хүмүүстээ тусгай үнээр өгнө. Тэр сав баглаа боодол бол асуудал биш, бид түүнийг нь хийнэ. Харин та бүхэн энэ нандин эмийн чанараа л хадгалах хэрэгтэй” гэж хэлдэг. Угаасаа ийм нарийн нандин аргаар үйлдвэрлэсэн эмээр гадаадын хэдэн зуун сая хүний хэрэгцээг хангах массын үйлдвэрлэл явуулах боломжгүй юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд манай эмийг хэрэглэсэн, одоо хэрэглэж байгаа хүмүүс чухал нандин эм, тан ууж байгаа азтай хүмүүс.
-Манба Дацан эмийн үйлдвэрийн эм, тан бусад үйлдвэрийнхээс юугаараа онцлог давуу вэ?
-Манай эмийн үйлдвэр нь хэдэн мянган жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн нууц жоруудыг тусгайлан сонгосон орц, найрлага, технологийн дагуу үйлдвэрлэдэг. Мөн манай эмийн үйлдвэрийн эм нь хүний бие махбодын өвчнийг эмчлээд зогсохгүй, ад тотгорын хорлол, гараг эрхэс, гадна дотнын элдэв нөлөөллөөр хүний бие махбод, сэтгэл санаанд нөлөөлөх таагүй хүчин зүйлсийг арилган, бие сэтгэлийг хамтад нь эмчлэх онцлог чадалтай. Түүхий эдийг маш нарийн горимын дагуу сонгож бэлтгэдэг, бэлэн бүтээгдэхүүн болох хүртэлх бүх дамжлага нарийн хяналт горимын дагуу хийгддэг, орц найрлага нь бүрэн, эмийн равнай хийгддэг гээд тоочоод байвал давуу тал их бий. Аливаа өвчин эдгэхэд сайн эмч, сайн эм, сайн сувилагч байх хэрэгтэй гэж үздэг. Тиймээс тус төвийн дэргэдэх Оточ Манрамба Их Сургуульд сурч төгссөн шүнгийн сайн эмч, сувилагч нар Манба Дацан эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн эмийн чадал төгс бүрдсэн адис равнай төгөлдөр эм, тангаар эмчилж байгаа учраас тус төвөөр үйлчлүүлэгсдийн өвчин эмгэгийг эдгээхэд ихээхэн чухал сайн үр дүнтэй байгаа гэж боддог.
-Манба Дацан эмийн үйлдвэр эмээ равнайлдаг. Эм равнайлах нь эмийн үр дүн, үйлчлэлд яаж нөлөөлдөг вэ?
-Тиймээ, манай эмийн үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхэлж уламжлагдан ирсэн эм равнайлах нарийн зан үйлийг тогтмол хийсээр ирсэн. Аливаа өвчин, эмгэг нь идээ, унд, явдал мөр болон ээлжлэн солигдох улирлын мөн чанар, гараг эрхсийн хөдөлгөөн, адын нөхцөлүүдээр үүсдэг. Тиймээс бие болон сэтгэлийн өвчнийг анагаах эмийг Бурхан багш болоод Манла бурхны айлдсан их хөлгөний судар, тарнийн ёсны сор болсон тарни номоор адисалж, равнайлснаар гадна, дотнын олон таагүй, шалтгаан нөхцөлүүд, ад тотгорын хорлол зэргийг буцаан, өвчнийг хурдан илаарьшуулахад чухал ач холбогдолтой байдаг. Эм равнайлах нь эмийг равнайлж байгаа хүнд ч буянтай үйл байдаг. Равнайлж буй эмүүдээ бурханд өглөгийн дээд хэмээн бясалган өргөж, амьтны тусад зориулан бясалгаж, равнайлсан эмээ хүнд өгөхдөө бодисадын нинж, асралын сэтгэлээр өгдөг. Тийм ч учраас “Оточ хүнээс Манла Бурхны тарни бясалгалыг үйлдэж равнайлсан эмийг хүртсэн хүн там, бэрд, адгуус хэмээх гурван муу заяанд төрөхгүй” гэж айлдсан бурхны айлдвар бий. Энэ нь зөвхөн нэг эм өгөөд өвчин эмгэгийг эдгээх төдий биш хүний дараа дараагийн төрлүүдийг ч дээшлүүлнэ гэдгийг айлдсан байна. Манай үйлдвэрийн эмийг хэрэглэсэн хүмүүсийн өвчин эмгэг эдгэж, бие махбод болон сэтгэл санаа нь ч эрүүлжин, тамир тэнхээ нэмэгддэгийн томоохон хүчин зүйл нь бясалгал, ном, тарнийн хүчээр эмийг адисалж жинлавлан бурхдын айлдварыг шингээсэнтэй холбоотой. Өнөөдөр Монгол улсад эм равнайлах зан үйлийг үйлддэг газар Манба Дацан эмийн үйлдвэрээс өөр байхгүй. Бид энэхүү том өв уламжлал, соёл зан үйлийг хадгалж, хэрэгжүүлж байгаагаараа бахархдаг.
-Танай үйлдвэр “Эрдэнийн эм” олон найрлагат эмийг үйлдвэрлэн патентлуулсан байдаг. Уламжлалт анагаах ухааны олон найрлагат эрдэнийн эм нь юугаараа онцлог, давуу вэ?
-Манай үйлдвэр “Шүр-25“, “Оюу-25“ эрдэнийн үрэл эмийг үйлдвэрлэн гаргаж, 1994 онд Хууль Зүй Дотоод Хэргийн Яамнаас эрдэнийн эмийн шинэ бүтээлийн патентыг авч үйлдвэрлэсээр байна. Эрдэнийн үрлийн найрлагад нь үнэт эрдэнэс болон ургамал, эрдсийн гаралтай 25 нэр төрлийн түүхий эд ордог бөгөөд эрдэнийн эмийг хийх технологийн дагуу найруулан равнайлж бүтээдэг. “Шүр 25“ эм нь мэдрэлийн гаралтай өвчнүүд саа, саажилт, судасны хавдрууд, тархины хавдар, гэмтэл болон мэс заслын дараах тасарч гэмтсэн судлын нөхөн сэргээгдэх үйл ажиллагааг сайжруулан эдгээх үйлдэлтэй. “Оюу 25“ эм нь элэг хамгаалах үйлдэлтэй. Манай энэхүү брэнд бүтээгдэхүүн нь БНСУ-д зохиогдсон “Эм, эмнэлгийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмж” олон улсын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож хүндэт диплом, 2009 онд Уламжлалт анагаах ухааны анхны үзэсгэлэн экспод амжилттай оролцон шилдэг бүтээлийн “Гранпри” шагнал хүртэж байсан. Эрдэнийн үрлийг ууж хэрэглэхдээ тусгай дэг жаягийг баримталж эмчийн заавраар хэрэглэх ёстой.
-Шинэ эмийн судалгааг хийж байгаа юу. Ямар зорилттой ажиллаж байна?
-Манба Дацан эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургуулийн багш, судлаач, Манба Дацан эмнэлгийн эмч нартай хамтарч нийгэмд зонхилон тохиолдох өвчний үед хэрэглэх эмийн түүхий эд болон эмийн жор найрлага, эмнэл зүйн судалгааг тогтмол хийсээр ирсэн. Мөн Япон, Тайвань, Герман зэрэг гадаадын улс орнуудтай хамтран эмийн ургамлын судалгаа шинжилгээний төсөлт ажлуудыг хийж тодорхой үр дүнд хүрч ажиллаж байна. Үүнээс гадна харилцагч мэргэжлийн байгууллагууд, хувь хүн, хэрэглэгчдээс бүтээгдэхүүний талаарх чанарын судалгааг авч, бүтээгдэхүүний нэр төрөл, аюулгүй байдал, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажилладаг. Манай байгууллага мэргэжлийн боловсон хүчний чадавх, чадамж, үйлдвэрлэлийн байр тоног төхөөрөмж, лабораторийн хүчин чадал, орчин нөхцөлийг сайжруулахыг тогтмол анхаарч ажилладаг. Ингэснээр бид эмчилгээний өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Мөн Оточ Манрамба Их Сургууль нь 2012 оноос эхлэн уламжлалт анагаах ухааны эмийн мэдлэгийг өндөр түвшинд эзэмшсэн эм зүйч мэргэжилтэн бэлтгэж байгаа нь уламжлалт анагаах ухааны эм үйлдвэрлэлийн салбарын цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд