Цахим суваг:-

Суулгалт өвчнийг уламжлалтаар богино хугацаанд эмчилж болно

864

Суулгалтын үед цагаан будааны зутан өгч, дараа нь шинэхэн шөл уулгавал сайн
Хүүхдийн суулгалт өвчнийг уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээгээр цаг алдалгүй богино хугацаанд эмчлэх бүрэн боломжтой. Байгалийн гаралтай, цэвэр ургамлаас гаргаж авсан, хүний бие махбодод хор хөнөөлгүй эм болон засал эмчилгээгээр эмчлэх бөгөөд уламжлалт анагаах ухаанд суулгалт өвчнийг хий, шар, бадган, хурмал өвчнөөс үүссэн гэж дөрөв ангилдаг. Эдгээр нь тус бүрдээ шинж тэмдэг, оношилгоо эмчилгээний аргатай байдаг. Үүнээс халуун болон хүйтнээр суулгах өвчний үед илэрдэг шинж тэмдэг, эмчилгээг товч дурдвал, Халуун суулгалтын үед хүүхдийн амьсгаа давхцан, судас, зулайн үүд нь хүчтэй лугшиж, нүүр нь тослогдон, халуурч, мэдэгдэхүйн нь будангуйрдаг. Суулгацын өнгө нь улаан, шар, ногоон, утааны шүүс адил байдаг. Энэ үед шингэн гурилан болон цагаан будааны зутанг буцалгаж ойр ойрхон, бага багаар өгөх бөгөөд дараа нь шинэхэн махны шөл уулгавал сайн.
Харин хүйтэн суулгын үед судас, зулай нь алгуур лугшиж, хөхний сүү, идсэн идээгээрээ, цайвар өнгөтэйгөөр суулгах бөгөөд гэдэс, олгой нь хоржигнон их дуутай, хөөстэй суулгадаг. Энэ үед бүлээн шимтэй хоол ундыг бага багаар өгч, бусад эм болон шаардлагатай засал эмчилгээг эмч гардан хийнэ.

Хүүхдийн суулгалт өвчнийг Тичэ-7 эмээр эмчилдэг
Уламжлалт анагаах ухааны “Цог төгөлдөр дөрвөн үндэс” номын “Увдисын үндэс”-ийн “Нялхсын өвчнийг анагаах” бүлэгт суулгалт өвчнийг Тичэ-7, Данманайжүг эмээр анагаана гэсэн байдаг. Тиймээс уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч нар болон Оточ Манрамба Их Сургуулийн багш нар хамтран хүүхдийн суулгалт өвчнийг Тичэ-7, Данманайжүг эмээр эмчлэх талаар судалгаа хийсэн. Судалгааны хүрээнд суулгалт өвчнийг уламжлалт анагаах ухааны онолын үүднээс судалж, Тичэ- 7, Данманайжүг эмийн жорыг эх бичгээс судлан, эдгээр эмийн бактерийн эсрэг идэвхийг цаасан дискийн аргаар тодорхойлж үзсэн юм. Ингэхэд Тичэ- 7 эм нь гэдэсний халдварт өвчний шалтгаан болох Escherichia coli-ийн эсрэг үйлдэлтэй болох нь батлагджээ.
Мөн Манба Дацан эмийн үйлдвэрт тусгай жороор үйлдвэрлэсэн Тичэ-7, Данманайжүг эмүүдээр Манба Дацан эмнэлгийн амбулаториор эмчлүүлэхээр ирсэн суулгалт өвчтэй хүүхдүүдийг эмчлэхэд суулгалт болон бусад зовууриуд 100 хувь арилсан юм. Энэ нь дээрх эмүүд хүүхдийн суулгалтыг анагаахад өндөр үр дүн үзүүлж байгааг харуулж байна.
 
Гэхдээ эдгээр эм нь үр дүнтэй гээд эмчийн зааваргүйгээр авч хэрэглэх нь буруу юм. Сүүлийн үед хүмүүсийн дунд эмийн зохисгүй хэрэглээ бий болж, сайн гэсэн эм болгоныг дураараа ууж байгаа сөрөг үзэгдэл ажиглагдах болсон. Тиймээс суулгалтаар өвдсөн хүүхдээ юун түрүүнд эмчид үзүүлэн эмчийн хяналт дор эдгээр эмүүдийг уулгах болон төөнүүр, иллэг зэрэг засал эмчилгээгээр хавсран эмчлүүлбэл үр дүнтэй байх болно. Түүнчлэн уламжлалт эмийг өглөө, өдөр, орой, хоолны дараа болон өмнө, хоолтой цуг, усаар, шөлөөр даруулж уух зэрэг олон янзын ялгаатай заавартай тул заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөө, хяналт дор уух ёстой. Тиймээс эмчийн заавар зөвлөгөөгүйгээр дээрх эмийг хүүхдэдээ өгч болохгүйг анхаараарай.

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай