883
1991 онд байгуулагдсан Оточ Манрамба Их Сургууль нь Уламжлалт анагаах ухааны Хүний их эмч, Сувилагч, Эмзүйч, Буддын судлаач мэргэжлээр бакалаврын сургалтыг явуулж ирлээ. Энэ удаад ЭМЗҮЙЧ мэргэжлийг онцлон сонирхуулбал:
Хүн амын эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн салбарын хөгжлийг олон улсын жишигт хүргэхэд ЭМЗҮЙЧ мэргэжилтэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд “ЭМ ЗҮЙЧ” мэргэжлээр төгсөгч нь эмийн үйлдвэрт чанарын баталгаажилтын менежер, чанарын хяналтын менежер, үйлдвэрлэл хариуцсан менежер, технологич, эм шинжилгээний лабораторид эм шинжлэгч, эмнэлэгт эмнэзүйн эм зүйч, эм ханган нийлүүлэх байгууллагад агуулахын эрхлэгч, чанарын менежер, худалдааны менежер, захиалга хүлээн авагч, олгогч, бэлтгэгч, эмийн санд эрхлэгч, жор баригч, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаач, шинжээч, эм зүйн бусад байгууллагуудад эм зүйч-менежер зэрэг олон чиглэлээр ажиллах боломжтой, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжилтэн юм.
Эм зүйн шинжлэх ухаан түргэн хурдацтай хөгжиж, эмчилгээнд хэрэглэж буй шинэ эмийн нэр төрөл ихээр өсөж, хүчтэй үйлдэлтэй, нийлэгжлийн аргаар гарган авсан эм олширсонтой холбоотойгоор эм зүйчийн үүрэг хариуцлагад өндөр шаардлага тавигдаж байна. Эмийн үйлчилгээг үр дүнтэй явуулах, эмийн эмчилгээний аюулгүй байдлыг хангах, эмийг үр ашигтай хэрэглэх зорилгоор “Эмийн хангамжид чиглэсэн” уламжлалт тусламж үйлчилгээг өргөжүүлж “Өвчтөн/Үйлчлүүлэгчид төвтэй тусламж үйлчилгээ”-г буй болгож төлөвшүүлэн хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай болсонтой уялдан эм зүйч нь эмийн талаар зөвлөгөө өгөх, эмчтэй хамтран эмийн эмчилгээг зөв сонгох, эмийн эмчилгээ зөв явагдаж буй эсэхийг хянах, эмтэй холбоотой мэдээллээр хангах болон эмийн эмчилгээнд үнэлгээ өгөх шаардлагатай болж байна.
2021 оны статистик мэдээнээс үзэхэд Монгол улсын хэмжээнд дундажаар нэг зүйчид 1156 хүн, Улаанбаатар хотод 10,000 хүн амд 7 байна. Эм зүйчийн нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эм зүйчийг бэлтгэх, эм зүйн тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэх талаар төрөөс анхаарч “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-д хүний нөөцийн асуудлыг нэг бүлэг болгон авч үзсэн бөгөөд өөрийн орны болон олон улсын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагад нийцсэн эм зүйч бэлтгэн гаргахад чиглэсэн “ЭМ ЗҮЙЧ” бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна.