Цахим суваг:-

Б.Байгалмаа: Оточ Манрамба Их Сургууль мэргэжил эзэмшүүлэхээс гадна хүнийг хүн болгон төлөвшүүлдэг

877

“Агар шим” ХХК-ийн захирал Б.Байгалмаатай ярилцлаа. Түүний охин Т.Энх-Уянга Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн ангид суралцдаг билээ.

-Охиноо яагаад уламжлалтын эмч болгоё гэж шийдсэн бэ. Оточ Манрамба Их Сургуулийг сонгож суралцуулахад юу нөлөөлсөн бэ?
-Миний ханийг Ж.Тогтохбаяр гэдэг. Оточ Манрамба Их Сургуулийн 2001 оны төгсөгч. Ханийн маань өвөг эцэг Озор нь Говь-Алтай аймгийн Алтай сумын хүн. Эм тан барьдаг, эх барьж авдаг, эрдэм номтой хүн байсан. Ханийн минь том авга ах нь бас тарни номтой өөрийн гэсэн эмчилгээний аргатай. Хань маань Анагаахын дунд сургуулийг төгсөөд Дорноговь аймагт Одь хэмээн авгайлдаг Дорж маарамбад шавь орж гэрийн сургалтаар 2 жил орчим суралцан ном үзэж уламжлалт анагаах ухааны суурь мэдлэг олж авсан. 1995 онд Оточ Манрамба Их Сургуульд элсэж, 2001 онд төгссөн. Тэгэхээр хань минь удам дамжсан гурав дахь үеийн эмч маарамба юм. Нөхөр маань охиноо багаас нь л эмч болгоно гэж ярьдаг байсан. Охин ч аавынхаа зүүний муляжаар тоглож өссөн. Одоо охин маань тоглоод “Ээжээ би багадаа бусад хүүхдүүдийн адил дуучин, бүжигчин болно гэж боддог байсан ч хувь тавилангаараа эмч болохтойгоо эвлэрсэн” гэж хэлдэг. Бид хоёр охиноо мэргэжлийн сургуульд ороод хэл сурах гэж цаг алдахгүй бас мэргэжлийн хичээлийн мэдээллийг олон хэл дээрх эх сурвалжаар олж авахад дөхөмтэй гэсэндээ дунд сургууль төгсөхөд нь унаган орос, англи хэлтэй болгох зорилт тавьсан. Охин минь “Монголын Англи Сургууль”-д сурч, төгсөхдөө орос, англи хэлтэй, Элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800 оноо авсан байсан. Юун төлөө гадаад хэл сурсан билээ, гадагшаа сургуульд явуулах хэрэгтэй юм биш үү гэхэд нөхөр маань “Монголын уламжлалт анагаах ухааныг Монголд сурахгүй, өөр хаана сурах юм бэ” гэж хэлээд охиноо хөтөлж авчраад Оточ Манрамба Их Сургуульд оруулсан даа. Би их бэлгэшээлтэй ханддаг юм. Энэ орон хийд, сургууль нэгэн цагт миний ханийн хоёр дахь гэр байсан бол одоо охины минь хоёр дахь гэр болсон. Мөн энэ гайхалтай мэргэжлийг эзэмшиж байгаад нь, тэр мундаг маарамбын дөрөв дэх үеийн эмч болоод суралцаж байгаад нь баярладаг. Миний охины үеэл нь бас энэ жил Оточ Манрамба Их Сургуульд элсэн суралцаж байгаа. Оточ Манрамба Их Сургууль удмын сайн эмч нарыг бэлтгэж байна даа.
-Та Оточ Манрамба Их Сургуулийг сайн мэдэх хүн байна шүү дээ. Оточ Манрамба Их Сургуулийн онцлог, давуу талыг та юу гэж хэлэх вэ?
-Энэ сургуулийн хамгийн гол онцлог нь хүнийг хүн болгон төлөвшүүлдэг. Хоёр жилийн өмнө бидний амьдралд хүнд гарз тохиож хань минь бурхны оронд заларсан. Тэр үед би сэтгэлээ барьж чадахгүй дэнсэлж байхад охин минь уул шиг бөх байсан. “Ээжээ энэ чинь ийм учиртай шүү, үүнийг хэдүүлээ жам гэж хүлээж авна шүү, магадгүй аав минь хорвоо дэлхий дээр хийх ёстой хамаг л сайн сайхан бүхнээ гүйцэтгээд диваажиндаа заларсан байх” гээд ээжийгээ тайвшруулдаг байсан. Хэрвээ миний охин өөр сургуульд сурдаг, өөр барилаар хүмүүжсэн бол өсвөр насандаа уй гашууд автаж, янз бүрийн байдалд орж, амьдралд хөл алдахыг үгүйсгэхгүй. Гэтэл надаас тайван, орой болгон номынхоо өрөөнд тахилаа тавиад, номоо уншаад уул мэт бөх байж чадсан. Тэгээд би бодсон л доо. Оточ Манрамба Их Сургууль мэргэжил эзэмшүүлэхээс гадна хүнийг их төлөвшүүлдэг юм байна, хорвоогийн жам ёсыг ойлгуулдаг юм байна гэж баярласан. Би нөхрийнхөө төгсөлтийн найз эмч нар дээр хааяа очихоор их гоё байдаг. Их сайхан уншлагатай, хүний сэтгэлийг тогтоох, эмчлүүлэх сэтгэлийг үүсгэж, эмчилгээ хүлээж авах сэтгэлийг тогтоож байгаад өвчнийг дардаг. Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч эмч нар хүний бие махбодыг эмчлэхээс гадна сэтгэлийг нь анагаадаг. Хүний зан чанар, сэтгэлийг давхар эмчилдэг.
-Та хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ ямар зарчим баримталдаг вэ?
-Манай гэрийн хүмүүжил консерватив үзэлтэй л дээ. Бид хоёр дөлгөөн төлөв хүмүүс. Манай нэг өрөө тэр чигтээ ном. Аав нь орой болгон номоо уншина. Аавынхаа ном уншихыг, бурхан тахилаа тавиад, мөргөхийг харж өссөн болохоор манай хүүхдүүд харьцангуй даруу төлөв, хүмүүжилтэй. Би өглөө болгон охиноо сургуульд нь хүргэж өгдөг юм. Дүүг нь замдаа буулгадаг болохоор яг цагтаа тулгаад ирдэг, заримдаа тав, арван минутын өмнө ирэхээр “Ээжээ хоёулаа хийд рүү ороод мөргөе” гээд л буянд их шамддаг. Аавынх нь нөлөө их байгаа л даа. Бид хүүхдүүддээ хүн чанартай байж хүнд тустай амьдар, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй бай гэж сургадаг. Хүний уг зан чанар, төлөвшил сайн байхад бусад чадвараа хөгжүүлээд явж болно. Би өглөө болгон тахилынхаа усаар цай чанаад дээжээ өргөөд, арцаа уугиулаад, Итгэл, Манлын тарниа уншаад зургаан зүйлийн хамаг амьтныг бодож залбирна, охидынхоо нэрийг дуудаад залбирдаг. Бусдын төлөө сэтгэлтэй байхад бүх зүйл болно. Бусдын төлөө гэсэн сэтгэл бол буяны үр. Буяны үр дэлгэрч л байвал тэр хүн өөрөө сайн явна. Манай хүүхдүүд ер нь хүнлэг, хувиа хичээсэн зангүй. Оточ Манрамба Их Сургуульд сурсан хүүхдүүд тийм болох юм билээ. Охин маань аль хэдийн төлөвшсөн учраас би санаа амар байдаг. Одоо хүүхдүүд амьдралд хөл алдаж байгаа тохиолдол зөндөө байна. Тэгэхэд миний охин өөрийн гэсэн үзэл баримтлалтай, уул мэт байр суурьтай болж төлөвшсөнд нь баярладаг.
-Оточ Манрамба Их Сургуулийн материаллаг бааз, сургалтын орчны талаар та хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Манай нөхрийг сурч байхад шинэ сургууль, эмнэлэг байхгүй, хийддээ хичээллэдэг байсан. Одоо сайхан сургуулийн байртай, бааз эмнэлэгтэй, эмийн үйлдвэртэй болсон. Оточ Манрамба Их Сургууль шиг бааз эмнэлэг, эмийн үйлдвэртэй сургууль бараг байхгүй байх гэж бодож байна. Онолоо үзээд түүнийгээ практикт баталгаажуулаад эмнэлэг дээрээ дадлагажаад явна гэдэг маш том давуу тал. Суръя гэвэл анги танхим нь байна, дадлага хийх бааз суурь нь байна. Тиймээс сургуулийн орчин нөхцөлд эцэг эхийн хувиас би сэтгэл хангалуун байдаг. Сургалтын хөтөлбөрийн хувьд хичээлээ маш шахуу үздэг. Энэ нь хүүхдийг бие дааж, цагаа зөв ашиглаж сургахад их тустай. Анх нэг, хоёрдугаар курстээ орчхоод өдөр шөнөгүй хичээлээ хийгээд нойргүй хоноход гайхдаг байлаа. Одоо нэгдүгээр курстээ ингэж их хичээл хийж байгаа юм чинь үлдсэн таван жилд нь юу сурах юм бэ гээд гайхаж байсан. (инээв) Охин маань одоо л жаахан унтаж амарч байгаа. Энэ агуу анагаах ухааныг ингэж сурахгүй бол болохгүй байх л даа.
-Та уламжлалт анагаах ухааны талаар хэр мэдлэгтэй болсон бэ. Охин нь зааж зөвлөж байна уу?
-Ханиад хүрсэн ч очиж үзүүл гэдэг. Дараа нь дахиад ханиад хүрэхээрээ түрүүчийн ууж байсан тангаа уучихъя гэхээр “Үгүй ээжээ ханиадны шалтгаан явцаас шалтгаалаад өөр өөр тан уудаг, тиймээс та заавал үзүүл” гэж хэлдэг. (инээв) 11-р сараас хойш би их ачаалалтай ажиллаад нойр хүрдэггүй, шөнөдөө 2, 3-хан цаг унтаад байсан чинь охин маань цагаан сарын амралттай байсан болохоор би дүүгээ харж байя, та манай эмнэлэгт хэвт гээд намайг хэвтүүлсэн. Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгүүлээд эхэлсэн чинь би өөрийгөө уламжлалт эмчилгээний талаар мэдлэгтэй гэж бодоод байтал үгүй байсан юм билээ. (инээв) Эмч нар нь яасан ч сайхан зан ааштай юм. Залуухан сайхан эмч нар өөртөө маш итгэлтэй, оношилгоо, эмчилгээ хийхдээ маш хариуцлагатай, чадвартай байсан. Зүү, бариа, төөнүүр гээд эмчилгээнүүдийг мэднэ л дээ. Гэтэл миний мэдэхгүй маш сайхан эмчилгээнүүд байдаг юм билээ. Би Манба Дацанд хэвтэхдээ хануулсан, рашаанд, шөлөнд орсон, хонины битүү толгойн уураар утдаг эмчилгээ хийлгэсэн. Рашаан, шөлөнд орсны дараа шар тостой арвайтай бариа хийдэг юм билээ. Усан эмчилгээнд орсны дараа хүний биеийн шар үсний нүх сүв нээгддэг учраас түүгээр салхи орохоос сэргийлж, арвайтай бариа хийн, арвайгаар тэр нүх сүвийг нь бөглөдөг юм билээ. Гэтэл бид үүнийг мэдэхгүй, саунд орчхоод шууд л гараад явчихдаг. Манба Дацан эмнэлгийнхэн өдөр бүр намайг гайхшируулж байсан. Өглөө, оройдоо уншлагадаа орж суугаад, үнэхээр амар амгаланг мэдэрдэг. Манба Дацан эмнэлгийн эмч нар Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгчид байдаг. Тэднийг хараад миний охин бас энэ мундаг эмч нар шиг мэдлэг, чадвартай эмч болж төгсөх юм байна гэж бодсон. Охиноо мундаг эмч болно гэдэгт итгэлтэй байдаг. Одоо дэлхий нийтийн чиг хандлагыг харж байхад хүмүүс антибиотикоос татгалзаж, уламжлалт анагаах ухааныг түлхүү хэрэглэдэг болсон. Манай бага охин энэ жил ханиад хүрээд хатгаа болохоор нь нөхрийнхөө төгсөлтийн найз эмч дээр очиж үзүүлсэн. Тэгэхэд гурван удаа барихад л цэртэй ханиалгаж байсан нь зүгээр болж маш хурдан эдгэсэн. Уламжлалт анагаах ухаан хүний бие махбодын онцлогийг мэдэрч тохирсон эмчилгээг хийдэг учраас үр дүн үнэхээр мундаг. Толгой өвдлөө гэхэд шалтгаан нь юу юм бэ гэж эмчилдэг.
-Та ханийнхаа талаар дурсахгүй юу?
-Хань маань оюутан болоод Манлын уншлагаа цээжлээд шөнөжингөө суудаг байсан. Би бараг сонссоор байгаад хамт цээжилчихдэг байж билээ. Сургуулиа төгсөөд МХЕГ-ын Уламжлалт анагаах ухааны хяналтын байцаагч гэдэг орон тоог нээхэд хамгийн анх миний хань ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын салбарт энэ түүх бичигдвэл миний ханийн нэр бичигдэх юм. Монгол улс даяар уламжлалт анагаах ухааныг хэрхэн хөгжүүлэх, хаана ямар газарт уламжлалтын эмч мэргэжилтнүүд ажиллаж байна гээд өргөн хүрээнд ажилладаг байсан. ЭМЯ-ны мэргэжлийн зөвлөлийн гишүүн байв. Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх “Вансэмбэрүү” Японы төслийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, Япон руу эмч нартай явж туршлага судлан сургалт явуулж, уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг дэмжиж ажилладаг байсан. Хань маань бурхны орондоо залрахад Оточ Манрамба Их Сургуулийн захирал, Хамба багш, сургуулийн багш ажилтнууд, зиндааныхан, үе үеийн төгсөгчид ирсэн. Тэгэхэд Хамба багшийн маань хэлсэн үг сэтгэлд их тод үлджээ. Д.Нацагдорж Хамба багш “Энэ том гарз зөвхөн танай гэр бүлд төдийгүй Монголын уламжлалт анагаах ухааны салбарт гарлаа. Ж.Тогтохбаяр маань уламжлалт анагаах ухааны бодлогыг эрүүл мэндийн салбар болоод төрийн бодлогод оруулахад эрчимтэй ажиллаж байсан хүн” гэж хэлж билээ. Тэгээд Ном мөргөлийн өргөөндөө Хамба багш бүх зиндааныхантай нь Манла уншихад аялгуулан нүргэлээд үнэхээр сайхан санагдсан. Хүний сайныг явсан хойно нь гэж миний хань ямар сайхан хүмүүсээр хүрээлүүлж байсан юм, ямар сайхан багш нартай байсан юм, ямар сайхан анд нөхөдтэй байсан юм гээд маш их бахархсан. Энэ бол бас л энэ сайхан мэргэжлийн, энэ сургуулийн ач буян, зөв амьдарсны ач буян юм. Тиймээс ханийн минь, охины минь хоёр дахь гэр болсон энэ сайхан сургуулийг байгуулж, уламжлалт анагаах ухааныг түүчээлэн хөгжүүлж яваа Д.Нацагдорж хамба багш, Г.Одонцэцэг багш нартаа баярлаж явдаг. Энэ эрхэм хүмүүсийн ачаар Монголын уламжлалт анагаах ухаан хөгжиж, энэ анагаах ухааныг цааш нь түүнчлэн авч явах чадварлаг эмч мэргэжилтнүүд бэлтгэгдэн төгсөж байна шүү дээ. Тиймээс буяны үр дэлгэрэг гэж бодож явдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай