Цахим суваг:-

ТӨЗО-ы төлөөлөгчид "Манба Дацан" төвд зочиллоо

797

Манба Дацан МУЭСТөвийн үйл ажиллагаатай Төвөдийн Өөртөө Засах Орны төлөөлөгчид /2023.09.26/ танилцлаа.  Зочдыг Оточ Манрамба их сургуулийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд Хамба лам Д.Нацагдорж, Дэд захирал Н.Баярдорж,  Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Дэд Хамба лам Ч.Дашдэмбэрэл, ОМИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Биологийн ухааны доктор, дэд профессор Н.Мөнхжаргал, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер, Их эмч М.Алдарзаяа, “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн дэд захирал Н.Эрдэнэжаргал нар хүлээн авч уулзсан юм.

Хамба лам Д.Нацагдорж төвийнхөө үйл ажиллагааг танилцуулсаны дараа ТӨЗО-ы Ардын хурлын Байнгын хорооны дэд дарга, Хатагтай Ван Жүнь: “Хүндэт Д.Нацагдорж захирал болоод танай хамт олонд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Бид бол “Хятад Монголын нөхөрсөг холбоо”-ны урилгаар ирсэн улс байгаа юм. Тодруулбал, ТӨЗО-ы Ардын хурлын Байнгын хорооны дэд дарга миний бие болоод ТӨЗО-ы Ардын хурлын Ажлын хорооны дэд тэргүүн Ма Жяньхуй, ТӨЗО-ы Үндэстэн, шашны асуудал эрхлэх хорооны дэд дарга, Хатагтай Гэсан Дэжи, ТӨЗО-ы Шашны асуудал эрхлэх газрын дэд дарга Даваа Чюнда, ТӨЗО-ы Шиказэ мужийн Ардын хурлын Байнгын хорооны дэд дарга Луожу Гэпэй нар  хоёр хоногийн хугацаатай ирээд байна аа.

Монгол орны хөгжил, ард түмний нь амьдралтай танилцаж байгаадаа баяртай байна. Энэ айлчлалын хамгийн чухал нэг хэсэг нь Монголын Уламжлалт эм, эмнэлэг хэрхэн хөгжиж байгааг нүдээр харж, туршлага судлах, суралцах зорилготой юм. Д.Нацагдорж захирал байгууллагынхаа талаар цаг гарган танилцуулж өгсөнд баярлалаа. Бид таны ярианаас Монголд УАУ-ы хэрхэн хөгжиж байгаа талаарх анхны ойлголттой боллоо. Цаашид харилцан суралцах зүйл бидэнд их байна. Манай Төвөд эм, эмнэлэг нь 3800 жилийн түүхтэй бөгөөд хүртэл бид цогцоор уламжлан авч өнөөг хүрлээ. Танай хамт олон ч манай орноор зочлон ирж, Төвөд оронд эм, эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ хэрхэн явагдаж байгааг газар дээр нь очиж үзээрэй гэж урьж байна” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Хамба лам хамтран ажиллах талаар өөрийн санал бодлоо хуваалцлаа.

Энд сонирхуулахад, ТӨЗО-ы Шиказэ мужийн Ардын хурлын Байнгын хорооны дэд дарга Луожу Гэпэйн дээдчүүлээс нь Хувилай хааны ордны  оточ явсан бөгөөд түүний хувьд 14 дэх үеийн удам залгасан эмч ажээ.

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай