908
БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ
Түүх сөхөхөд 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Турк улсын Стамбул хотноо хуралдсан Дэлхийн эм зүйн холбооны хурлаас энэ өдрийг “Дэлхийн эм зүйчдийн өдөр” болгон зарлаж, албан ёсоор тэмдэглэж эхэлсэн юм. Манай орны хувьд өдгөө ес дэх жилдээ тэмдэглэж байна.
Уламжлалт анагаах ухааны Оточ Манрамба Их сургуулийн хувьд өнгөрсөн хавар Эмзүйн хөтөлбөрийн 5 дахь төгсөлтөө хийсэн билээ.
Эрүүлийг хамгаалахын Гавьяат зүтгэлтэн, АУ-ы доктор, профессор Г.Чойжамц:
...Оточ Манрамба Их сургуулийн Эмзүйн ангийн төгсөгчид эмнэлзүйн эмзүйч нар юм. Мөн Өрнийн ба Дорнын анагаахын эмийн мэргэжлийг давхар эзэмшсэн хүмүүс. Эмийн санд төвөдөөр бичсэн жор, европ эмийн жор ороод ирэхэд түүнийг аль алиныг нь уншаад, яаж хэрэглэхийг заагаад өгдөг тийм л мэргэжилтэн бэлдэж байна. Өөрөөр хэлбэл, Оточ Манрамба Их сургуулийн эмзүйн ангийн төгсөгчид хос морьтой. Европ эмийг ч барьж чаддаг, уламжлалт эмийг ч барьж чаддаг. Англи, төвөд хэлтэй. Уламжлалт эмийн технологийг үзсэн, европ анагаахын эмийн технологийг ч үзчихсэн хүмүүс. Тэгэхээр асар өндөр мэдлэг чадвартай, хөрвөх чадвартай мэргэжилтнүүд төгсөж гарч байгаа гэсэн үг. Манай төгсөгчид өрнө, дорнын анагаах ухааны эмзүйн салбарын аль ч байгууллагад ажиллах чадвартай. 5 жилийн хугацаанд сураад ийм өндөр хөрвөх чадвартай мэргэжилтэн болж төгсөнө гэдэг хувь хүндээ маш том боломж.
Бусад сургуулийн эмзүйн ангийн төгсөгчид европ анагаахын эмзүйч болж төгсдөг. Өөр сургуулийн эмзүйн төгсөгчид Оточ Манрамба Их сургуулийн эмзүйн ангид сурч байж л манай төгсөгчдийн чадварыг эзэмших боломжтой. Үүнийг бидний том давуу чанар гэдгийг ойлгох хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааны эмзүйч мэргэжлийг олгож байгаа сургалт өөр хаана ч байхгүй.