720
Япон улсын эмчилгээний хоол судлаач, тогооч Satoe Katsuki тэргүүтэй Японы "Yakuzen House kinmokusei" компанийн төлөөлөгчид Манба Дацан МУЭСТ-д зочлон, Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд, Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Хамба лам Д.Нацагдорж болон Манба Дацан МУЭСТ-ийн удирдлагуудтай уулзан Манба Дацан МУЭСТ-ийн үйл ажиллагааны чиглэл, Монголын эм, эмийн түүхий эд, бүтээгдэхүүн, уламжлалт анагаах ухааны хоол судлалын талаар ярилцаж, сонирхсон асуултдаа хариулт авч, санал бодлоо солилцлоо.
Satoe Katsuki нь олон улсын эмчилгээний хоол судлаач, тогооч хүн бөгөөд эмийн ургамлыг ашиглан хоолны жор бүтээх, судлах, дэвшилтэт технологийг ашиглан эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг. 2016 оноос эхлэн "Kenji Jojima's J Fishing TV"-ийн эмчилгээний хоолны нэвтрүүлэгт багш, хөтлөгчөөр ажиллаж байгаа аж.
Японы төлөөлөгчид Манба Дацан МУЭСТ-тэй цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн уламжлалт эмийг гоо сайханд хэрхэн ашигладаг талаар сонирхож байв. Мөн ясны хугарал, сахарын эм, эмчилгээ, хооллолт, уламжлалт анагаах ухааны зүү, төөнүүр эмчилгээний талаар сонирхон, судлах хүсэлтэй бөгөөд энэ чиглэлээр сургалт авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургууль нь дотоод гадаадын эрдэмтэн судлаачдад зориулсан богино хугацааны уламжлалт анагаах ухааны сургалтуудыг явуулдаг бөгөөд Японы судлаач эрдэмтдийг хүлээн авч, сургахад бэлэн гэдгийг ч энэ үеэр хэллээ.
Мөн цаашид Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээний хоол судлалын чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.