Цахим суваг:-

32 дахь хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе

678

Оточ Манрамба Их Сургууль 32 дэх жилийнхээ Хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, оюутнуудаа хүлээн авлаа.

Нээлтэд ОМИС-ийн Захирал, МУ-ын хүний гавьяат эмч, Буддын гүн ухааны Гэвш, профессор Д.Нацагдорж, ОМИС-ийн ЭШТДС эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор, профессор, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Г.Чойжамц, ОМИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Биологийн ухааны доктор, дэд профессор Н.Мөнхжаргал, Манба Дацан МУЭСТ-ийн дэд захирал Н.Баярдорж, Манба Дацан хийдийн зурхайч, МУ-ын Гавьяат багш Я. Аюурзана, Манба Дацан-Бодь сэтгэлтэн эмнэлгийн дэд захирал, АУ-ы магистр Н.Эрдэнэжаргал, ОМИС-ийн УАУ-ы тэнхимийн эрхлэгч, АУ-ы магистр Д.Төгсжаргал болон ОМИС-ийн багш, оюутнууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

2023-2024 оны хичээлийн шинэ жилийг нээж Оточ Манрамба Их Сургуулийн Захирал, МУ-ын хүний гавьяат эмч, Буддын гүн ухааны Гэвш, профессор Д.Нацагдорж багш хэлсэн үгэндээ "Өнөөдрийн энэ бэлгэт сайн өдөр Оточ Манрамба Их Сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, оюутан залуус, эцэг эхийн төлөөлөл, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа хамт олондоо хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Оточ Манрамба Их Сургуульд шинээр элсэн орж буй, суралцаж байгаа оюутнууд та бүхэн 2023-2024 оны хичээлийн жилийнхээ гарааг эхэлж, энэ анагаах ухааны их үйлсэд зүтгэхээр өөрсдийнхөө ирээдүйг хүндэлж, уламжлалт анагаах ухааны агуу номд суралцахаар болсонд үнэхээр бахархалтай байна. Бид тоог биш чанарыг эрхэмлэж, байгуулагдсан цагаасаа Монгол Улсын эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт мэдлэг чадвартай төгсөгчдийг төгсгөн гаргаж, Монгол Улсын болоод дэлхийн анагаах ухаанд маш их хувь нэмэр оруулсан эрхэм хүндтэй сургууль. Оточ Манрамба Их Сургууль нь оюутнууддаа хүн болж төлөвших, мэдлэг мэргэжлээ хүний төлөө зориулах сэтгэлийг олгодог сургууль.  Тиймээс шавь нар минь сургуульдаа үзсэн номоо хүн төрөлхүйтний төлөө, танд үзүүлж эдгэрэх хувьтай хүмүүсийн төлөө зориулаарай гэж багш нь ерөөж байна" гэв.

Оточ Манрамба Их Сургуульд шинээр элсэгчдийг төлөөлж Техникийн ухааны доктор, Гавъяат тээвэрчин, Оточ Манрамба Их Сургуулийн 1-р курсын оюутан Д. Батбаатар үг хэллээ.

Оточ Манрамба Их Сургуулийн 1-р курсын оюутан, Техникийн ухааны доктор, Гавъяат тээвэрчин Д. Батбаатар: "Сэтгэл их хөдөлж байна, өөрийнхөө хийсэн сонголтод маш их баярлаж байна. Энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нар, оюутнууддаа, шинээр элсэгчдэдээ сурлагын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Би 1988 онд ОХУ-ын Моксва хотын Төмөр замын дээд сургуульд Замын инженер мэргэжлээр суралцаж төгсөөд 30 гаруй жил Улаанбаатар төмөр замд замын мэргэжлээр шаггүй ажлуудыг хийж ажилласан. Харин одоо энэ сайхан Оточ Манрамба Их Сургуульд элсэн суралцах аз завшаан тохиож, дээдийн номд шамдан суралцах туйлын хүсэлтэй байна. Би багаасаа зовж шаналсан хүмүүст тус дэм болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэр хүсэл маань намайг энэ хүртэл хөтөлж, багш нартайгаа уулзаад Оточ Манрамба Их Сургуульд орох шалтгаан маань улам баяжиж, уламжлалт анагаах ухааныг үзэж судлах туйлын хүсэлтэй ирлээ. Уламжлалт анагаах ухааны нууцад нэвтэрч сайн эмч болох юмсан гэж зорьж байна. Энэ бүх шалтгаан маань нэгэн зүйл дээр авчирч байна. Тэр бол Хамба багшийн минь хэлсэн "Бие-сэтгэл эрүүл байвал бидний жаргал тэр болой" гэх сайхан үгэн дээр хураагдаж байна. Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, амжилт хүсье" гэв.

Мөн шинэ жилийн элсэгчдийг төлөөлж, Завхан аймгаас элсэгч Д.Цэрэнсодном үг хэллээ. Тэрбээр ЭЕШ-ын оноогоороо  тэргүүлж, "Оточ Манрамба Их Сургуулийн Ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг"ийн эзэн болсон юм. 

Оточ Манрамба Их Сургуулийн 1-р курсын оюутан Д.Цэрэнсодном: "Юуны өмнө эрдэмтэн багш нартаа болон мөр зэрэгцэн суралцах гэж байгаа ангийнхандаа, дээд курсын ах эгч нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Би Завхан аймгийн Ерөнхий боловсролын "Дэвшил" сургуулийг энэ жил амжилттай төгссөн. Би хүний биеийг үнэхээр гайхалтай зүйл юм гэж бодсон учраас эмч мэргэжлийг сонгосон. Харин аав маань надад уламжлалт анагаах ухаан ямар гайхалтай вэ гэдгийг ойлгуулсан. Тиймээс уламжлалтын эмчээр суралцахаар шийдэж, хэдэн жилийн турш судалж, зөвлөлдөөд Оточ Манрамба Их Сургуулийг сонгон элссэн. Та бүхэнтэй хамт сурах нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно. Хамтдаа хичээцгээе"

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд УАУ-ы хүний их эмчийн 1-р курст элсэн суралцаж буй шинэхэн оюутан Ж.Болормаа маань Монгол ардын бүжгээр, УАУ-ы хүний их эмчийн 6-р курсын оюутан О.Анар ая дуугаа өргөн мэндчилгээ дэвшүүллээ.

Эрдэмтэн багш нараа дээдлэн хүндэлж, хичээл шамдал, тэсвэр тэвчээр, чин сэтгэл, билэг оюуны хүчээр эрдмийн их далайгаар аялан, зорьсон мэргэжлээ эзэмшихээр хүрэлцэн ирсэн Оточ Манрамба Их Сургуулийн нийт оюутан залуус та бүхэндээ Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай