Цахим суваг:-

Л.Энх-Амгалан: Хэрэх өвчин яс, булчинг аль алиныг нь гэмтээдэг

627

Манба Дацан эмнэлгийн их эмч Л.Энх-Амгалантай хэрэх өвчний талаар ярилцлаа. Хэрэх өвчний шалтгаан нөхцөл, ангилал, шинж тэмдэг, эм, засал, идээ унд, явдал мөрөөр эмчлэх аргыг уламжлалт анагаах ухааны эртний гайхамшигт ном зохиолуудад дэлгэрэнгүй бичсэн байдаг. Гэвч хэрэх өвчний талаар УАУ-ы онолын үүднээс судалсан бүрэн хэмжээний судалгаа одоогоор байхгүй. Тиймээс Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд, Оточ Манрамба Их Сургуулийн багш, эрдэмтэд хамтран уламжлалт анагаах ухаанд хэрэх өвчний шалтгаан нөхцөлийг хэрхэн тайлбарласныг судлан, эмчилгээний арга хэлбэрүүдийг практикт нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна.

-Юуны өмнө хэрэх гэж ямар өвчин болох, юунаас шалтгаалан үүсдэг талаар хэлж өгөхгүй юу?
-Хэрэх өвчин нь голлон үе   мөчинд   тохиолддог. Шар ус, гурван гэм, үений барилдуулагч бадганы үйлдлийг доройтуулснаас үүсдэг үе мөч хэлбэр эвдрэхтэй адил болохыг үе мөчний өвчин гэнэ гэж ном зохиолуудад бичсэн байдаг. Хэрэх өвчин яс, булчинг аль алиныг нь гэмтээдэг. Чийгтэй нойтон газар, өвс, ой шугуй, модтой газар удаан амьдарсан, тослог шимтэй идээ удаан хугацаагаар хэрэглэснээс болж тунгалаг эс боловсрон шар ус дэлгэрч мах, арьс, яс, судас, бүлэг шөрмөсөнд оршиж барилдуулагч бадганы үйлдлийг доройтуулснаас хэрэх өвчин үүснэ. Зарим тохиолдолд өдрийн нойрыг буруудуулсан, халуун өвчний гэмээр, зарим өвчний үед хануур эртэдсэнээс шалтгаалж үүсдэг.
-Энэ өвчнөөр өвдсөн бол ямар шинж тэмдэг илрэх вэ. Ямар хүндрэлүүд гардаг вэ?
-Хэрэх өвчний үед халуурч байгаа мэт удаан хугацаагаар бие жихүүцэн, даарч, бие бадайран, толгой, сүүж, бэлхүүс, дөрвөн мөч өвддөг. Мөн биеийн тамир доройтож, залхуу хүрч, хоолны дуршил муудан, их хөлрөмтгий болдог. Шархирч өвдөнө. Хэрэх өвчнийг ерөнхийд нь цагаан хэрэх, хар хэрэх гэж хоёр хуваан, түүнийгээ задлан нийтдээ зургаа ангилдаг. Цагаан хэрэх нь том үенүүдийг хамардаг харьцангуй өвдөлт багатай. Харин хар хэрэх нь өвдөлт ихтэй, жижиг үенүүдийг хамардаг. Ер нь үе мөчний өвчин хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг. Тамир дорой болоод ядраад, үе мөч хөдлөх бүрд өвдөхөөр ажил хөдөлмөр хийхэд хэцүү болно шүү дээ.
-Ямар насны хүмүүст зонхилон тохиолдож байна?
-Уламжлалт анагаах ухааны онолын хувьд хэрэх өвчнөөр тийм насны хүн өвчилнө гэж нас заасан зүйл байхгүй. Практик дээр ажиглахад 40-өөс дээш насны хүмүүст илүү тохиолдож байна.
-Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэрэх өвчтэй хүмүүс хэр их ирж байна. Эмчилгээний үр дүнгээсээ танилцуулаач?
-Манай эмнэлэгт хэрэх өвчтэй хүмүүс нэлээд ирдэг. Хэрэх өвчний үед хийгддэг уламжлалт эмчилгээ үр дүн сайтай байгаа учраас манайхыг зорьж ирэх хүмүүс олширч байна. Бид эмчилгээний үр дүнгээ баталгаажуулахын тулд лабораторид үе мөчний шинжилгээнүүдийг давхар хийдэг. Ингэхэд үрэвслийн процесс маш сайн дарагдаж байгаа нь харагддаг. Мэдээж судас, хэл, шээсээр шинжилж үзэхэд ч эдгэрэлтийн өөрчлөлтүүд гарч байгаа.
-Ямар эмчилгээ хийдэг вэ?
-Уламжлалт анагаах ухаанд өвчнийг боловсруулах, хураах, нядлах, сүүлийг таслах гэсэн үе шат зарчмын дагуу эмчилдэг. Хэрэх өвчний үед эхний 3-5 хоногт бадган, шар усыг хатаах эмчилгээ хийнэ. Ингээд жихүүцэж, хөлрөөд байгааг нь намдаасны дараа арай хүчтэй эмчилгээ хийж, дараа нь сүүлийг нь таслах шатны эмчилгээг хийдэг. Эмчилгээний явцад буцалсан ус сайн өгч, тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулдаг Данманайжүг танг байнга ууж болно. Уламжлалт анагаах ухаан эмээр, заслаар, идээ унд, явдал мөрөөр эмчилдэг. Тухайн өвчин, өвчтөнөөсөө шалтгаалаад ямар эм тан өгч, ямар засал эмчилгээ хийхээ тогтоохоос гадна идээ унд, явдал мөрийг сайн сахих хэрэгтэй.
-Хэрэх өвчнийг идээ унд, явдал мөрөөр хэрхэн эмчлэх вэ?
-Идээ унд, явдал мөрийг сахих нь эмчилгээний маш чухал хэсэг. Ерөөсөө идээ унд, явдал мөрийг алдагдуулснаар өвчин үүсэж байгаа юм. Тиймээс тухайн өвчний үед ямар идээ унд идэж, ямар явдал мөрөөр явах вэ гэдгээс шалтгаалж өвчний эдгэрэлт явагдана. Шим тэжээл, илчлэг ихтэй хоол ундыг тэвчиж, хөнгөн чанартай шингэхэд хялбар хоол унд идэх хэрэгтэй. Жишээ нь, цагаан будаатай хоол, үнээний тараг, буцалгаж хөргөсөн ус, цай зэрэг хөнгөн идээ унд хэрэглэнэ. Даршилсан, нөөшилсөн, исгэлэн, иссэн, тос ихтэй, халуун чанартай хоол хүнсийг тэвчих шаардлагатай. Явдал мөрийн хувьд өдрийн халуунд унтаж, хүйтэн чийгтэй газар оронд байж болохгүй. Хуурай чийггүй орчинд хөлөргөх төдий алхуулан, дасгал хөдөлгөөн хийвэл сайн.
-Хэрэх өвчний талаарх таны судалгааны ажил ямар шатандаа явж байна. Таны судалгааны ажил энэ өвчнийг эмчлэхэд ямар хувь нэмэр оруулах вэ?
-Энэ сэдвээр судалгааны ажил хийгээд жил гаран болж байна. Өнгөрсөн хугацаанд нэлээн олон тооны уламжлалтын тайлбар зохиолуудыг орчуулаад, судлаад нэгтгээд үзлээ. Ингэхэд зарим нэг шинж тэмдгүүд, оношилгооны ач холбогдолтой эмчилгээнд хэрэгтэй эм тан, заслын эмчилгээ хүртэл гарч ирсэн. Тиймээс үүнийг эмчилгээнд нэвтрүүлбэл цаашид эмчилгээний үр дүнд маш сайнаар нөлөөлнө.


-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай