АЯНЫ ТЭМДЭГЛЭЛ /Хөххот/
157
Улаанбаатар - Хөххот чиглэлийн олон улсын 34-р галт тэрэг. Энэ чиглэлд гарч буй хоёр дахь рейс. Баасан гарагийн 20:00 цагт вокзалаас гарсан бид удаах өдрийн мөн цагт зорьсон газартаа ирлээ. Цэв цэвэрхэн Хөххотод бороо зөөлөн шиврэх аж. Ар халхын бидний хувьд “Хувьтай хүн хурнаар” хэмээн бэлгэшээдэг дээ. Ямартаа ч аяны богц арвин байх бололтой.
Ням гараг. Бидний уулзах эрхэм бол Гэрэлт гуай. Төвөөс 60 км буюу 40-өөд минут явж ирэх газар буюу Гэрэлт гуайн хэлснээр “Хөххотын Тэрэлж”-д ирлээ. Түүхийн хуудаст Манж чин улсын Энх-Амгалангийн 31-р онд анх удаа энд 20 өрх айлаас бүрдсэн өртөө байгуулсанаар “20 гэр” гэж нэрлэсэн гэсэн.
20 гэр шянь нь Хөххотын шууд харьяа бөгөөд 165 мянган хүн амтай. Газар тариалан, мал аж ахуй, тээвэр ложистик илүү хөгжсөн. Мөн БНХАУ-ын сүүний аж ахуйн түшиц газар гэх агаад томоохон хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг. Нийтийн тооллын 386 онд 20 гэр шянийн одоогийн энэ газар Тан гүрний засаг захиргааны нэгж байсан гэх мэдээлэл эх сурвалжид тэмдэглэгдсэн байдаг гэнэ лээ.
Гэрэлт гуай нас 70 гарч яваа гэнэ. Энд бид түүний “Гэрэлт монгол соёлын музей”-г өөрийн нь тайлбартайгаар үзэж сонирхлоо. Тэрээр музейн энэ чиглэлээрээ монголд олонтаа зочлон очсоноо дурдаад “Улаанбаатар хот очих бүрд л өндөр өндөр барилга нэмэгдсэн байдаг. Хүн ам илүү төвлөрсөн хот гэдэг тайван амгалан, таатай мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй. Хотыг их л уужуу баримаар байгаа юм. Гэтэл Улаанбаатар давчуу санагддаг” гэхчилэн оройн зоогны ширээний ард өргөн сэдвээр ярилцацгаалаа.
Hot Pot ресторанууд Хятад, Япон, Солонгос, Монгол, Тайвань, Малайз, Хонконг зэрэг азийн орноос гадна европын орнуудад ч “хүч”-ийг аваад байгаа юм. Халуун тогооны онцлог нь хооллож буй хүмүүсийг ойртуулан халуун дулаан уур амьсгал бий болгодгоос гадна бүтээгдэхүүний амин дэмийг алдагдуулахгүй шинээр нь зочдынхоо ширээнд хүргэдэг онцлогтой. Өнөөдөр эрүүл амьдралыг эрхэмлэх болсон сая сая хүн халуун тогоог хамгийн зөв зохистой, шинэ соргог хоол хэмээн талархан сонгодог болжээ.
Үүнээс гадна холын замд гарахдаа бууз иддэг гэнэ. Орчуулагч бүсгүй “Мориндоо мордохдоо бууз идээд, гэртээ ирэхдээ гурил иддэг” тухай бидэнд ярьж өгсөн юм. Учир нь бидний төлөвлөгөөний дагуу Жанши мужийн төв Нанчань явахдаа “сэгсгэр бууз”-аар өглөөг эхлүүлж, замдаа гарсан. Мөн Өвөрмонголд ганцхан газар ургадаг шар помидорын шөлтэй Халуун тогоо, монгол ахуй бүхий “Баяндэлхий” ресторан, Нанчань дахь нуурын эрэг дээрх “Хаалга онгойход нуур харагдана” зоогийн газар бүрд “Халуун тогоо” гэх ч бүгд өөр өөрийн онцлогтой. Ширээнд “өрсөн” бүхэн эрүүл мэндийн ач холбогдолтой бөгөөд асар учир жанцантай.
ӨВӨРМОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ
Өвөрмонголын анагаах ухааны их сургууль нь БНХАУ-ын үндэсний цөөнхийн бүс нутагт байгуулагдсан анхны Эрүүл мэндийн сургууль аж. 70 хар уулын бэл дэх тус сургууль 68 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй энэ сургууль 1267 багш ажилтантайгаас 960 гаруй багш профессортой. 16,600 оюутантайгаас бакалаврын өдрийн хөтөлбөрт 12600 оюутан, 3300 магистрантур, 45 докторантур, гадаадын 612 оюутан тус тус суралцаж байгаа аж.
Бид тус сургуулийн Дадлагын өрөөнүүд, лабратори, ӨМӨЗО-ны монгол эм эмнэлгийн музей, Өвөрмонголын анагаах ухааны их сургуулийн монгол эм эмнэлгийн үндэсний онол ба сурвалж бичгийн заах аргын төв, Номын санг тус тус үзэж сонирхлоо. Номын сангийн тухайд 1,2 сая төвөд болон монгол бичгээс бүрдсэн УАУ-ы чиглэлийн болон орчин үеийн европ анагаах ухааны чиглэлийн номтой. 400 гаруй мянган электрон номтой гээд сонирхуулах нэгэн жарны түүхтэй энэ хамт олны ажил үйлсийн нэгээхэн хэсгээр аялах сайхан байлаа.
ГАНБЕЙ ЭМНЭЛГИЙН ХОРООТОЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
“Сэгсгэр бууз”-аар эхлүүлсэн нэгэн өглөөг хальт дурдсан даа. Мягмар гарагийн 08:00 цагт огтонын нүхээр нэг биш нэлээд орж гарч мэдэх, сэргэлэн нь дэндсэн хөтөч, орчуулагч, хамтрагч бүсгүй биднийг ирж авлаа. Энэ өдөр бид Жанши мужийн төв Нанчань хот руу ниснэ. Хөххотоос тийш хоёр цаг гаран нисдэг юм билээ. Биднийг онгоцны буудал дээр Ganbei эмнэлгийн төлөөлөгчид угтан авлаа. Жанши мужийн төв Нанчань хот нь 6,5 сая хүн амтай. Тус муж нь газар тариалан электрон, цахилгаан бараа үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, худалдааны чиглэлээр тэргүүлдэг. Хятадын алдарт баруун, зүүн хоёр нуур, Эрвээхий нуур, Ганжан мөрөн тус нутгаар урсдаг тухай нисэхээс хотын төв хүртэлх замын уртад сонирхуулна, эднийхэн.
Бид энд Ganbei эмнэлгээр зочилно. Тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар боссон, 1000 ортой, гуравдугаар шатлалын тус эмнэлгийн хувьд өнөөдөр 2,3-р шатны өргөтгөлийн ажил явагдаж байгаа аж. Энэ нь нөхөн сэргээх, ахмадын сувилал бүхий 600 ортой байх гэнэ.
Ингээд хоёр өдөр үргэлжилсэн Нанчанийн уулзалтын дараа бид ахин Хөххотод ирж, МУ-ын Оточ Манрамба Их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хятад-Монголын Анагаах ухааны судалгааны хүрээлэн, Өвөрмонголын Монгол эм эмнэлгийн судалгааны нийгэмлэгтэй тус тус “Олон улсын оюутнуудыг хамтран сургах” тухайд хамтран ажиллах гэрээг байгуулснаар тус хотод өнгөрүүлсэн ажлын “аялал” өндөрлөсөн юм.
АМЬДРАХАД ТААТАЙ 10 ХОТЫН НЭГ – ХӨХХОТ БАЯРТАЙ
ӨМӨЗО нь БНХАУ-ын умард хэсэгт, зүүнээс баруун тийш 2,400 гаруй км, урдаас хойд зүгт 1,700 гаруй км, нийт нутаг дэвсгэр 1,183 мянган кв.км талбайтай. Хятадын эх газрын нийт нутаг дэвсгэрийн 1\8 хувийг эзэлдэг.
Хөх хот, Бугат, Хөлөнбуйр, Түнляо, Улаанхад, Улаанцав, Ордос, Баяннуур, Үхай гэсэн есөн хот, Хянган, Шилийн гол, Алшаа гэсэн гурван аймагтай бөгөөд Өөртөө Засах Орны төв нь Хөх хот юм. Энд 102 хошуу, шянь/хот, дүүрэг/-тай.
ӨМӨЗО-нд Монгол, Хятад, Манж, Хотон, Дагуур, Эвэнк, Орцон, Солонгос, Шивээ, Түжя, Дүншян, Мяо зэрэг 55 үндэстэн ястан амьдардаг ба нийт хүн ам ойролцоогоор 25 сая юм байна. Нийт хүн амын 17.1 хувь буюу 4.5 сая орчим нь Монгол гарал угсаатай.
ӨМӨЗОрны Хөх хот нь Бээжингээс 500 км, Эрээн хотоос 490 км зайтай. Далан хар уулын өвөр бэл, Хатан голын ар хормойд орших тус хотын өргөн цэлгэр зам талбай, өндөр өндөр барилга байшин, хоггүй цэвэр цэмцгэр орчин, сүлжилдэн давхарлах гүүр, хүний гараар бүтсэн бүтээн байгуулалтууд хөгжлийн өнгө төрх нэмнэ.
БНХАУ-ын ӨМӨЗОрон нь 26 сая хүн амтай. Манай улстай урд хилийн зорчигч тээврийн 8, Хөх хот, Манжуур, Бугат, Эрээн гэсэн агаарын хилийн дөрвөн боомтоор хиллэдэг стратеги түншлэлийн чухал орон юм. Өвөрмонголын 26 сая хүнээс 4 сая орчим нь Монгол хүн. Бидний саатан буй Хөх хот 5 сая гаруй хүн амтай. Хятадын аз жаргалтай 10 хотын нэг. Бас амьдрахад таатай 10 хотын нэгээр гэдэг юм билээ.