Цахим суваг:-

"Цахим амьдралаа хамгаалъя" аян эхэллээ

259

ОМИС-ийн оюутнуудын цахим орчны аюулгүй байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, цахимд аюулгүй байдлаа хамгаалж сурах дадлыг төлөвшүүлэх зорилготой "Цахим амьдралаа хамгаалъя" аяныг 2024.05.13-05.27-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Оюутнууд та бүхэн аяны хүрээнд дараах үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой. Үүнд: 

  • Цахим аюулгүй байдал, цахим халдлага, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг ОМИС-ийн албан ёсны фэйсбүүк хуудас, инстаграм хуудсаар авах
  • Оюутнуудын цахим аюулгүй байдлын талаарх ойлголтыг бататгах зорилгоор Stay Smart Stay Safe сэдвээр рийлсийн уралдааныг зохион байгуулна. 
  •  #StaySmartStaySafe челленжийг аяны хугацаанд зохион байгуулна. Тиймээс оюутнууд та бүхэн аяны уриа бүхий зураг дээр зургаа авахуулж, сошиалд #StaySmartStaySafe хаштаг ашиглан челленжид нэгдээрэй. 
  •  Оточ Манрамба Их Сургууль дээр хэрэгжиж буй “Digital move” төслийн талаар мэдээлэл аваарай. 

Stay Smart Stay Safe” рийлсийн уралдааны удирдамж

Зорилго:

·         ОМИС-ийн оюутнуудын цахим орчны аюулгүй байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг бататгах

·         Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, идэвхийг нэмэгдүүлэх,

·         Дижитал контент бүтээх ур чадварыг нэмэгдүүлэх

·         ОМИС-ийн фэйсбүүк хуудсын хандалтыг нэмэгдүүлэх

Хамрах хүрээ: ОМИС-ийн 1-6 дугаар курсийн оюутнууд

Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа: 2024.05.13-05.17

ОМИС-ийн фэйсбүүк хуудаст нийтлэх: 2024.05.20

Лайк цуглуулах хугацаа: 2024.05.20-05.24 /05.24-ний 15:00 цагт дуусгавар болгож, лайкын тоог эцэслэн, байр эзлүүлнэ/

Шагнал гардуулах: 2024.05.27-ны 16:00 цагт

Шалгаруулах журам:

·         Лайк 1 оноо

·         Рийлсийн агуулга, санаа

Уралдааны зарчим: Рийлс нь “Stay Smart Stay Safe” сэдвийн дагуу байх бөгөөд агуулга, санаа, бүтээлч сэтгэлгээг чухалчилна. Уралдаанд хамгийн олон рийлсийг ирүүлсэн анги хамт олныг шалгаруулж, “Дижитал контент бүтээгч анги”-аар тодруулна.

Шагнал урамшуулал: 

·         Тэргүүн байр /1/ - 150.000₮

·         Дэд байр /1/ - 100.000₮

·         Гутгаар байр /1/ - 80.000₮

·         Дижитал контент бүтээгч анги – 250.000₮

Дижитал шилжилтийн эрин үед өдрөөс өдөрт цахим орчинд ажиллах хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр бид бүхнээс илүү их цахим ур чадваруудыг шаардаж байна. Дижитал шилжилт нь зөвхөн цахим технологиудыг нэвтрүүлснээр хэрэгждэг үйл явц биш. Тиймээс Монгол Улсын хувьд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх талаар хууль эрхзүйн бодлогын баримт бичигт тусган олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 

Монгол улсын урт хугацааны хөгжлийн  бодлого “Алсын хараа-2050”, Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Боловсролын  салбарын  хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Цахим Хөгжил, Харилцаа  Холбооны Сайдын 2022  оны  А/24  дүгээр  тушаалаар батлагдсан “Цахим  Үндэстэн” баримтлах  чиглэл,  Боловсрол,  Шинжлэх  Ухааны  Сайд,  Цахим Хөгжил,  Харилцаа  Холбооны  Сайд,  Хөдөлмөр,  Нийгмийн  Хамгааллын  Сайд,  Соёлын Сайд нарын  хамтарсан  2022  оны  А/260,  А/391,  А/1461,  А/260  дугаар  тушаалаар  батлагдсан  “Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2022-2026)” зэрэг бодлогын баримт бичигт  “Бүх  нийтийн  тоон  бичиг  үсгийн чадавхыг дээшлүүлэн, тоон хуваагдлыг бууруулж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн ололт амжилтад тулгуурлан нийгэм эдийн засгийн бүхий л салбарт инновац хийх чадвартай бүтээлч иргэдтэй болно.” гэж заасан.

“Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн”-гийн судлаач Э.Баясгалангийн 2023 оны 11 дүгээр сард гаргасан иргэдийн өдөр тутам хэрэгцээт цахим ур чадварын өнөөгийн байдлыг тодорхойлох зорилготой “Иргэдийн цахим ур чадвар, түүнд нөлөөлөх хүчин зүйл” судалгаанд иргэдийн өдөр тутмын цахим хэрэглээнд шаардлагатай 45 ур чадварыг үндэсний ментор гэж үзэх боломжтой Мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлээр бодлого боловсруулагч,  бодлогын  хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хангах үүрэг бүхий мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нар болон ЕБС-ийн Мэдээллийн технологийн багш нараар тодорхойлуулсан байна. Судалгаанаас үзэхэд цахим ур чадварын чадамжид цахим аюулгүй байдлын асуудлыг авч үзсэн бөгөөд судалгаанд оролцогчид (Үндэсний  статистикийн  хорооны  насны  ангиллын дагуу 12  бүлэг  болгон 10-аас дээш насны иргэдийн төлөөллийг хамруулсан) худал мэдээлэл түүний төрлүүдийг таньж мэдэх, цахим орчинд өөрийн нэр хүндийг хамгаалах, цахим орчинд хувийн мэдээллээ алдахаас сэргийлж чадахгүй байна зэрэг цахим аюулгүй байдлаа хангаж чадахгүй байгаа дүр зураг, үзүүлэлт харагдаж байна.

Тиймээс бид ОМИС-ийн оюутнууд цахим аюулгүй байдлын талаар хэр сайн мэдэж байна, цахим орчинд аюулгүй байдлаа хангах наад захын ойлголт мэдлэгтэй байна уу гэдгийг судлахаар 1-6-р курсын 50 оюутнаас 5 асуулга бүхий судалгааг авч дүгнэлээ.

Судалгааны “Та цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалах талаар хэр сайн мэдэх вэ?” гэсэн асуулгад 32 хувь нь сайн мэднэ, 58 хувь нь дунд зэрэг, 10 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Үүнээс харахад дийлэнх хувь нь дунд зэрэг буюу цахим аюулгүй байдлын талаар ойлголттой гэж хариулж байгаа ч “Та нийгмийн мэдээллийн хэрэгсэлд /Фэйсбүүк, инстаграм, твиттер, тик ток/ хувийн мэдээллээ хамгаалж чаддаг уу?” гэсэн асуулгад судалгаанд оролцогчдын дөнгөж 8 хувь нь хүчтэй нууц үг ашигладаг гэж хариулсан бол 40 хувь нь зөвхөн нууц үгээр хамгаалдаг, 16 хувь нь тийм ч сайн хамгаалж чадаагүй гэж бодож байна гэж хариулжээ.

Мөн “Та "Хүчтэй нууц үг" гэж мэдэх үү?” гэсэн асуулгад 52 хувь нь мэдэхгүй, 48 хувь нь мэднэ гэж хариулсан байна. Түүнчлэн “Та хэрэглэдэг нууц үгтэйгээ төстэйг сонгоно уу” гэсэн асуулгад судалгаанд оролцогчдын ердөө 34.7 хувь нь хүчтэй нууц үг байж болох хувилбарыг сонгожээ. Мөн “Та фишинг гэх ойлголтын талаар мэдэх үү?” гэсэн асуулгад дийлэнх буюу 68 хувь нь мэдэхгүй гэж хариулсан бол 20 хувь нь энэ талаар сонсож байсан, дөнгөж 12 хувь нь мэднэ гэж хариулсан байна.

ОМИС-ийн оюутнуудаас авсан дээрх судалгаанаас үзэхэд тус сургуулийн оюутнууд цахим аюулгүй байдлын талаар “мэднэ” гэж хариулж байгаа ч цахим халдлагын төрлүүдийг төдийлөн сайн мэдэхгүй, хүчтэй нууц үг ашиглахгүй байгаа зэргийг харгалзан “цахим аюулгүй байдлаа хангаж чадахгүй байна” гэж дүгнэхэд хүрлээ. Тиймээс бид ОМИС-ийн оюутнуудын цахим ур чадварыг дээшлүүлэхэд юун түрүүнд цахим аюулгүй байдал болон цахим халдлагын талаар мэдээлэл өгөх, цахим халдлагаас сэргийлэх арга техникүүдийг эзэмшүүлэх шаардлагатай юм.

Тиймээс оюутнууд та бүхэн аяндаа идэвхтэй оролцоорой. 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай