169
Энэ удаагийн "Дөрвөн төрөлт"-ийн даамны тэмцээнийг ОМИС-ийн "МЕДИА КЛУБ"-ын гишүүн, УАУ-ы их эмчийн хөтөлбөрийн оюутан О.Амаржаргалан, Ө.Батцог нар бэлтгэн хүргэлээ, баярлалаа.
Оточ Манрамба Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын “Дөрвөн төрөлт”
- “Шатар”,
- “Даам”,
- “Ширээний теннис”,
- “Волейболын тэмцээн” өчигдрөөс даамны төрлөөр эхэллээ. Энэ удаагийн даамны тэмцээнд 14 тамирчин оролцсоноос:
Эрэгтэй:
1-р байр Хүний их эмчийн 6-р курсийн оюутан Л.Энхманлай
2-р байр Хүний их эмчийн 5-р курсийн оюутан П.Мөнхсайхан
3-р байр Хүний их эмчийн 4-р курсийн оюутан Ч.Цогт-Эрдэнэ
Эмэгтэй:
1-р байр Хүний их эмчийн 2-р курсийн оюутан А.Сувд
2-р байр Хүний их эмчийн 3-р курсийн оюутан О.Анхцэцэг
3-р байр Хүний их эмчийн 5-р курсийн оюутан Б.Балжинням нар эхний байрыг эзэлсэн байна.
V КУРСИЙН П.МӨНХСАЙХАН: ДААМ ЗАВА ЦЭЭЖИЛДЭГ ХҮҮХДҮҮДЭД АЧ ХОЛБОГДОЛТОЙ
- Жил бүр ОМИС-ийн Оюутны холбооноос зохион байгуулдаг “Дөрвөн төрөлт”-ийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Та хэд дэх жилдээ оролцож байна вэ?
- Тийм ээ, жил бүрийн хавар “Дөрвөн төрөлт”-ийн тэмцээн болдог уламжлалтай. Түрүү жилийн тухайд шатрын төрлөөр оролцож байсан бол энэ удаад даамаар “үзэж” байна даа.
- Даам тоглохын давуу тал юу вэ?
- 63 гэхээсээ илүү 100 буудал даам нь хүний сэтгэн бодох талаас нь хөгжүүлдэг учраас манай сургуулийн оюутнууд шиг зава цээжилдэг хүүхдүүдэд ач холбогдолтой гэж бодож байна. Нэг нүүдэл биш дараа дараагийн нүүдлийг харж нүүдэг болохоор заваны утга учрыг тунгаахтай адил юм. Тэр утгаараа даам давуу талтай.
- Өрсөлдөгч “чанга” байна уу?
- Анх удаа даамны төрлөөр оролцож байгаагаа хэлсэн дээ. Гоё байна. Өмнө нь гурав, дөрвөн удаад түрүүлж байсан хүнийг нугалаанд дарж хожлоо. Сэтгэл хангалуун байна. Ямартаа ч анхны гэхэд 2-р байранд орлоо. Түрүүлсэн оюутны хувьд өнгөрсөн жил түрүүлж байсан туршлагатай оролцогч байгаа юм. Энэ удаад ахин амжилтаа бататгаж байна. Тэр утгаараа хожигдсон ч шар хор бол гозойгоогүй ээ. /инээв/
- Баярлалаа. Дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.
ОМИС-ИЙН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ДЭД ДАРГА Г.ПҮРЭВЦЭРЭН: 7 БАГИЙН 14 ТАМИРЧИН ОРОЛЦЛОО
- ОМИС-ийн “Дөрвөн төрөлт” тэмцээний даамны төрөлд хэдэн багийн тамирчин оролцож байна вэ?
- Уламжлал болгон зохион байгуулдаг тэмцээний маань даамны төрөлд ОМИС-ийн 1-6-р курсийн зургаан анги болон багш нарын төлөөлөл оролцож байна. Тодруулбал, эрэгтэй, эмэгтэй тус тус 7 багийн 14 тамирчин бүртгүүлсэн байна. Тэмцээн ид дундаа үргэлжилж байна.
- Өмнө жилийн даамны шилдгүүд оролцож байна уу?
- Байна, байна. Өмнө жилийн тэмцээнд оролцсон долоон оюутан амжилтаа бататгах, даагаа нэхэх зорилгоор хамт олноо төлөөлөн ирсэн байна.
- Баярлалаа.
О.Амаржаргалан
Ө.Батцог