412
Уламжлалт анагаах ухааны Оточ Манрамба Их Сургуулийн III курсийн оюутан Ч.Эрдэнэмөнхтэй ярилцсанаа хүргэж байна.
- ОМИС-ийн оюутны нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?
- Хичээл их шахуу программаар явдаг. Өглөө бүр Манла, Итгэл, Ламаадан уншихаас гадна УАУ-ы их сургуулийн хувьд үндсэн хичээлүүдийг төвөд эх сурвалжаас үздэг. Тэр утгаар өглөө бүр 08:40-10:10 цаг хүртэл үзсэн номоо уншиж дадуулдаг. Багшийн хэлснээр “Нохойд хөөгдөж байхдаа ч завагаа цээжилж байх ёстой” гэсэн. Мэдээж энэ нь курс ахих үед уншлагаа хувааж унших жишээний. Анагаах ухааны 4 үндэс нь Зажүд /6 бүлэг/, Сажүд /31 бүлэг/, Манагжүд /92 бүлэг/, Чимжүд /25 бүлэг/ болно. Энийгээ суралцах 6 жилийн хугацаандаа 156 бүлгийг уншиж, цээжлэн, ойлгож дуусдаг. Үүний дараа багш орсон хичээлийнхээ дагуу шүүлэг авна. Ингээд үндсэн хичээлдээ орно. Би одоо III курс. Энэ давтамжаар хичээлийн жилийн 9 сар өнгөрөх жишээний. Минийхээр бусад курсээс 3-р курс бол хамгийн чанга нь гэж боддог. Илүү их уншиж цээжлэн, тэрийгээ мартахгүй байх үүрэгтэй.
- Судас оношлогооны хичээл орж байгаа гэлээ. Анх судас барихад ямар мэдрэмж төрдөг юм бэ?
- Шулуун татсан зураас шиг судасны лугшилтаас 5 цул, 6 сав, 12 эрхтнийг яаж салгаж шинжилдэг юм гэдгийг 1-р курстээ ойлгодоггүй байлаа. Тэгээд судасныхаа бүлгийг үзээд эхэлсэн маш сонирхолтой болж, илүү ойлгоод эхэлсэн. Энэ бол УАУ-ы бас нэг гайхамшиг юм.
- Суралцах хугацааныхаа талд орчихоод явна. Өнгөрснөө харвал юу юу сурч мэдсэн байна вэ?
- Анх төвөд үсэг бичиж, цээжлээд хэцүүхэн эхэлж байлаа. ОМИС-ийн 1-2-р курсэд УАУ, европ анагаах ухааны хичээл хослон ордог. Өнөө жилийн хувьд бариа болон зүү, үндсэн онолын хичээлүүд, сажүдийн бүлгүүдээс судас, шээсний бүлгээ үзэж байна. Эмч хүн харах, хүрэлцэх, асуумж авах гэсэн үндсэн гурван зарчмаар үйлчлүүлэгчээс оношоо тодруулна. Үүнээс харах, хүрэлцэхэд судас барих, шээс шинжлэх багтана.
- Эмч болох багын мөрөөдөл байв уу?
- Уламжлалт анагаах ухааны эмч болно гэдэг багын мөрөөдөл байсан. Багаасаа хашааны өвс ургамлыг түүж, хольж хутгасан хүүхэд явлаа. Дунд сургуулийн ахлах ангид өөр мэргэжил гоё ч юм шиг санагдсан. Гэхдээ 12-р ангид орсон жилээ аймгийн “Агь-Манба” эмнэлгийн захирал Г.Гантөмөртэй ахтайгаа уулзаж зөвлөлдсөн. 2013 оны ОМИС-ийн төгсөгч байгаа юм. Ингээд эргэж буцахгүйгээр ОМИС-ийг сонгон, ээжтэйгээ ирж бүртгүүлэн орсноос хойш гурван жил өнгөрчээ. Одоо гэрийнхнийхээ даралтыг үзээд, толгой, нурууны бариа хийнэ, бумба тавьчихна, хийн бэлчрүүдээр нь төөнөөд өгчихнө гэхчилэн “тусад” ороод байгаа шүү. /инээв/ Манай оюутнууд III курсээсээ эмнэлгүүдээр дадлагад гардаг. Яг одоо бол сургуулийн бааз Манба Дацан эмнэлгийн дадлагатаа гараад сар гаруй хугацаа өнгөрч байна.
- ОМИС-ийн оюутнууд жилийн 4 улиралдаа хичээллэдэг үү?
- Нэгдүгээр курсээ төгсөөд эмийн ургамлын, хоёртоо европ хичээлийн сувилахуйн дадлагат гардаг бол энэ жил эмийн үйлдвэрт гарна. Үүний хажуугаар Манба Дацан эмнэлэгтээ бариа болон эмчилгээний дадлагатаа гардаг. Ер нь их шахуу хөтөлбөрөөр хичээллэдэг. Гэхдээ хүсч, мөрөөдөж байгаа мэргэжил учраас сургуульдаа дуртай.
- Мөрөөдөл.... Энэ тухайгаа хуваалцаж болох уу. Ямар эмч болмоор байна вэ?
-Багш нар болоод төгсөгчдөөсөө их үлгэр дуурайлал авдаг. Тухайлбал, МУ-ын Хүний Гавьяат эмч Г.Одонцэцэг, АУ-ы доктарант Д.Отгонбаатар багш гэх мэт олон сайхан багшаас номын дуу сонсож байгаа бид азтай шүү. Оюутнуудаас 5-р курсийн Мөнхсайхан, Хаш-Эрдэнэ гэх мэт мундаг ах нар олон. Ажиглавал, оюутнууд нь өгөгдсөн болон хичээл шамдалтай гэж ялгаатай байна уу гэж хардаг. Өгөгдсөн хүн бол ондоо. УАУ-аар хурмалын мөн чанартай гэх юм уу даа. Тодруулбал, хийн мөн чанартай хүн шиг хурдан цээжилж, шар шиг оюун хурцаар тайлбарлан ухаж ойлгоод, бадган шиг удаанаар мартдаг.
Манай төгсөгчдөөс чинь гадны орнуудад ажиллаж байна. Өөрийн эмнэлгээ байгуулаад ажиллаж байна. Сургууль, бааз байгууллагууддаа ажиллаж байна. Би сургуулиа төгсөөд магистрт үргэлжлүүлэн сурна гэж боддог байлаа. Тэгсэн бакалавр болон магистраар зэрэг төгсөх давуу талтай болсонд маш их олзуурхаж байгаа. Бидний мэргэжлийн онцлог бол насан туршдаа суралцдаг учраас ажиллаад, сураад л явах байх. 100 хувьд хүрсэн эмч болоход энэ нас хүрэх үгүйг мэдэхгүй юм. Маш их хугацаа, маш их хичээл зүтгэлийг шаарддаг мэргэжил шүү дээ.
- 2023 оны шилдэг оюутан болсон.
- Үүнээс өмнө нэг бяцхан түүх ярьчихъя. ЭЕШ-ын дараа сургуульдаа бүртгүүлэхээр ээжтэйгээ ирсэн. Хашааны үүдээр орж, хамгийн түрүүнд OTOCH MANRAMBA UNIVERSITY гэсэн хаяг нүдэнд туссан. Дараа орж бүртгүүлээд хоёул захирал багштай уулзчихаад Манба Дацан хийдийнхээ хүрдийг эргүүлж явахдаа ээж догдлонгуйгаар “За миний хүү ингээд оюутан боллоо. Хичээдэг юм ш дээ гэж аминчлангуй захихад шууд л хариуцлага мэдэрсэн. Тэгээд “Ээж ээ, хүү нь сайн сураад, оны нь шилдэг оюутан болно оо” гэж хэлсэн нэг том харснаа “Сайн байна. Аваад ирээрэй” гэсэн. “Үнээн, харин та намайг шилдэг болчихвол та яах юм” гэсэн “Тэр үедээ болно” гэсэн яриа өрнөөд өнгөрч байлаа. Тухайн үедээ ээж итгэсэн үгүйг сайн мэдэхгүй байна. Ямартаа ч “Хүү минь хичээх юм байна” гэж бодсон болов уу. Дараа нь намайг ОМИС-ийн дотуур байранд төвхнүүлж өгөөд буцсан. Би чинь 1,2-р курстээ шилдэг авчихна л гэж боддог байлаа. Гэхдээ амар байгаагүй ээ. /инээв/ Шалгуур өндөр. Голч онооноос гадна оюутныг тал бүрээс нь идэвхи зүтгэлийг их хардаг юм билээ. Сургуулийн шилдгүүдэд сургалтын төлбөрөөс 10-50 хүртэл хувийн хөнгөлөлт өгдөг. Энэ бол санхүүгийн талд аав ээждээ тусалж байгаа хэрэг шүү дээ. Нөгөө талаас бидний хувьд зундаа эмчийн удирдлага дор цалинтай дадлага хийж, төлбөртөө зориулах сайхан боломж байдаг. Ингэж ажилладаг оюутан олон бий.
- 2022-2023 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний хурлын Шилдэг уран илтгэгч болж байсан. Тэр ч бас шилдэг оюутны нэг шалгуур байх тийм ээ.
- Тийм шүү. “Сүнсэнд даруулах үзэгдлийн онол болон зурхайн ухаантай харьцуулсан эх бичгийн судалгаа” сэдвээр оролцсон. Удирдагч багшаар Манба Дацан хийдийн зурхайч, АУ-ы магистр Д.Сайнсайхан ажилласан юм. Бид УАУ-ы сургууль учраас энэ сэдэв маань хол зөрүүгүй.
- Оюутнуудын арга хэмжээнүүдэд оролцож амжиж байна уу?
- Оролцоно, оролцоно. Манай сургуулийнхан жил бүрийн намар Сагсан бөмбөг, өвөл Урлагийн үзлэг, хавартаа Спортын дөрвөн төрөлт /шатар, даам, волейвол, ширээний теннис/ -өөр аваргуудаа шалгаруулдаг. Үүнээс гадна УАУ-ы сургуулийн хувьд жилд 2 удаа Манлын цанрилыг зохион явуулдаг. Цанрилд сургуулийн бүх оюутан оролцож, 10 цаг гаруй хугацаанд тасралтгүйгээр Гандан лхавжа, Цагаан, Ногоон дарь эх, Цагаан шүхэрт, Ширнэн, Манла гэхчилэн олон номыг нийтээр уншиж буян хураадаг. Эмч, эмчлүүлэгчид буяны үр дагаварт уулзан уулзан учирдаг, эдгэрдэг гэсэн айлдвар бий. Тиймээс Манлын цанрил нь эмч, сувилагч, эм зүйч мэргэжилтний буяныг арвижуулах, энэрэл асрал, хүнийг хайрлах нинж асралын сэтгэлийг бясалгаж байгаа хэрэг юм.
- Танай гэр бүлд эмч нар бий юу?
- Түрүүн дурдсан Г.Гантөмөр эмч бол манай аавын талын хамаатан. Ээжийн талд Мэдрээ доктор гэж байсан тухай ярьцгаадаг. Өөр хүн байхгүй.
- Айл бүр нэг эмчтэй байхыг хүсдэг. Бахархалтай санагддаг байх даа.
- Ээж маань их баярладаг, бас дэмждэг. Эгч СУИС-ийг дуурийн дуулаачийн ангийг төгссөн. Ах сийлбэрч. Би эмч болно доо.
-Ярилцлагаа ингээд өндөрлөе. Баярлалаа.
П.УНДРАА