439
Энэ удаагийн урилгыг бид Техникийн ухааны доктор, гавьяат тээвэрчин Д.Батбаатарт илгээсэн юм. Өнгөрсөн 9-р сарын 1-нд “Би 1988 онд ОХУ-ын Моксва хотын Төмөр замын дээд сургуульд Замын инженер мэргэжлээр суралцаж төгсөөд 30 гаруй жил Улаанбаатар төмөр замд замын мэргэжлээр шаггүй ажлуудыг хийж ажилласан. Харин одоо энэ сайхан Оточ Манрамба Их Сургуульд элсэн суралцах аз завшаан тохиож, дээдийн номд шамдан суралцах туйлын хүсэлтэй байна. Би багаасаа зовж шаналсан хүмүүст тус дэм болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэр хүсэл маань намайг энэ хүртэл хөтөлж, багш нартайгаа уулзаад Оточ Манрамба Их Сургуульд орох шалтгаан маань улам баяжиж, уламжлалт анагаах ухааныг үзэж судлах туйлын хүсэлтэй ирлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан бол өнөөдөр 1-р курсээ төгсөх шалгалтын үеэр нь ийн ярилцлаа.
- Хичээлийн жил дуусч, өнөөдөр шалгалтаа өгч байна. Амжилттай юу?
- Тийм ээ, сая УАУ-ы онол зүйн шалгалтаа өглөө. Энэ жил бид УАУ-ы язгуурын үндсийн 6 бүлэг үзэхээс түрүүчийн хагас жилд хоёр, энэ семистрт сүүлийн 4 бүлгийг нь үзлээ. Дараа нь дараа нь анги дэвших шалгалтаа өгөөд энэ хичээлийн жилийн шалгалтууд дуусч байна.
- Та сурахын хажуугаар ажлаа хийж байна уу? УБТЗ-д ажилладаг тийм ээ.
- Тийм ээ, УБТЗ-ын Зам оношлогоо судалгааны төвийн даргаар ажилладаг. Өөрөөр хэлбэл бид замын хяналт мониторинг хийдэг улс байгаа юм. Саяхан энэ сарын 6-нд УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 75 жилийн ой боллоо. Энэ үеэр ажлынхандаа баяр хүргээд “Миний сурахыг дэмжин ойлгож байгаад баярлалаа” гээд сайн сайхныг хүссэн. Хамт олон маань намайг сурах бололцоогоор хангаж, арын ажлаа сайн хийж гүйцэтгэдэг. Миний орлогч орос дарга “Санаа зоволтгүй, ар тал найдвартай шүү” гэдэг юм.
- Олуулаа юу?
- Миний удирдлаганд харьяаллын 60,70-аад хүн ажиллаж байна.
- Их өөр салбарт орсон, тийм ээ.
- Тийм шүү. Өнгөрсөн он жилүүдэд хийж ирсэн ажил хөдөлмөрөөс маань их өөр. Өнөөдөр би энд Дээдийн ном үзэж байна. Миний хувьд 10 жилийн сургуулиа төгсөөд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг замын инженер мэргэжлээр төгссөн. Социализмын үед өссөн хүн байгаа юм. Бидний хүүхэд ахуйд юун Уламжлалт анагаах ухаан. Бурханаа хоймортоо залаад, цай сүүнийхээ дээжийг өргөхөөс айдаг, нууж хаадаг үе байлаа. Өвөг дээдсүүд маань суралцсан байлаа ч зааж хэлэхгүй. Аль болох мэдэгдэхгүйг хичээнэ. Энэ цаг үе бол үнэхээр харамсмаар шүү. Гэхдээ буддын шашинтай монгол хүний хувьд ямар нэг ажил эхлүүлэхдээ засал номоо уншуулна. Ажил дээрээ усан тахилаа өргөнө. Арга билгийг хослуулаад л явна. Цаашид УАУ-аар дамжуулан, илүү ихийг мэдэх сэн гэж хичээн суралцаж байна. Цаг цагаараа байдаггүй гэдэг дээ. Сайхан юм шүү. Энэ бүхэнд суралцах том аз завшаан тохионо гэдэг.
- Энэ нэг жилийн хугацаанд шантрах үе гарав уу?
- Би шантрах насны хүн биш л дээ. Тэр байтугай амьдралын зам мөрийг тууллаа. Гэхдээ сурахын зовлон түр зуурынх. Сураагүйн зовлон насан туршийнх гэдэг шүү дээ. Тэр зарчмыг барьдаг. Мэдээж хүндрэлтэй үе гарсан. Өнгөрсөн намар оройхон бие жаахан хямраад Манба Дацан эмнэлэгтээ 5 хоног хэвтээд гарсан. Тэр үед цонхоор хараад “Яана хичээл ном маань юу болж байгаа бол” гэж бодож л зогслоо. Бидний насанд бэрхшээл гэвэл нэг юмыг үзэхийн тулд арай жаахан илүү их цаг зарцуулах хэрэгтэй юм байна. Хүлээж авах хурд хүүхдүүдээс арай бага гэх юм уу. Илүү их шамдлаар үзэх шаардлага тулгарч байна. Гэхдээ одоо нэг үеэ бодвол учраа олоод л явна. Яахав асар их мэдээллийг нэг дор авч байгаа учраас өөртөө дадуулж, байнга сэргээхгүй бол болохгүй. Эмч хүн насан туршдаа сурдаг гэдэг дээ. Туршлагатай найз эмч нараасаа асууж ярилцахад “Багшаар хөтлүүлээд, судас бариад эхэлсэн бол бариад л бай. Багадаа 1000 хүний судас барихад сая нэг зүгширнэ” гэж хэлсэн.
- Чанга тоо байна шүү.
- Чанга, чанга амар биш. Уржигдар бага дүү манайд ирсэн. Би ч 30-аад минут судсыг нь барилаа. Сүүлдээ залхах маягтай “Одоо болж байна уу” гэж асууна лээ. /инээв/
- Ажиллангаа сурахад цагийн менежмент их чухал байх даа.
- Оюутан болсноор цагийн менежментэд их өөрчлөлт орсон. Алхам тутамд цагаа тооцох маягтай.
- Гэрийнхэн чинь ахин сурна гэхэд яаж хүлээж авсан бэ?
- Би 3 охинтой. Том охин шүдний эмч. Одоо мэргэжлээрээ ажилладаг. Удаах охин Унгарт эдийн засгийн коллеж төгсөөд, СЭЗИС-ийг санхүүгийн менежер, нягтлан мэргэжлээр суралцаад төгсөж байна. Отгон охин түрүү жил 12-р ангиа төгсөөд одоо Австралид амьдардаг. Тэнд эдийн засгийн чиглэлээр сурна.
Хичээл нэлээн жигдэрсэн хойно охиддоо хэлсэн л дээ. Эхэндээ мэдээллийг жаахан хаалттай маягтай. /инээв/ Яах ч юм билээ гэж эргэлзсэн. Тэгээд төвөд хэл үзэж эхлээд, за одоо ч шуударъя даа гэж бодсон. Энэ хооронд сэтгэл зүйн хувьд бэлдээд байгаа юм. Анх хүүхдүүд гайхасхийснээ дуу нэгтэйгээр “Баяр хүргэе, баяр хүргэе гоё шүү“ гэж хэлсэн. Австралид байгаа охин “wow” гэж байна лээ. Орчин үеийн хүүхдүүдийн реакшн нь тэр юм даа. Одоо бол бүгд дэмжинэ. “Юу болж байна. Хичээл нь ямар байна” гэж санаа тавина. Дунд охин сурангаа ажилладаг болохоор илүү ойлгоно оо. Сүүлийн үеийн үнэлгээ, сургалтын чиг баримжааг бид мэдэхээ больсон байна. Охин энэ талаар зааж хэлнэ. Өнөө өглөө гэхэд чатаар “Аав шалгалтаа амжилттай өгөөрэй” гээд зүрх явуулсан. Нэг талаар хүүхдүүддээ үлгэр дуурайлалтай юм даа. “Цуг сурна шүү хэдүүлээ” л гэж хэлдэг.
- Дэмжлэг гоё л доо.
- Энэ насанд хүмүүсээс урам авахдаа гол нь биш болж дээ.
- Багадаа эмч болно гэж бодож байв уу?
- Нагац ахын охин л доо. Хавдар судлалын дурангийн эмчээр олон жил ажиллаж байгаа хүн. Сая бид утсаар ярихад эгч “Манай аав чамд их сайн байж билээ” гэж дурсацгаалаа. Ах бид хоёрт олон сайхан дурсамж үлдсэн. Би цэцэрлэгт явдаг үе. Ах ууланд ан хийж яваад морь нь халтирч унаад дөрөөтэй нь хавсарч дараад хөлөө шилбээрээ хугалчихсан. Тэгээд модоор чиг тавьж боогоод гэртээ хэвтэнэ ээ. Хүүхдүүд нь оюутан болоод хот явчихсан. Эхнэр нь өглөө ажилдаа гараад явна, ах үлдэнэ. Манай арын хашаа л даа. Тэгсэн нэг өглөө би “Толгой өвдөөд цэцэрлэгтээ явах боломжгүй байна аа” гэж гэрийнхэндээ хэлээд яваагүй. Тэгээд өдөрт орж туслана аа. Ах мужаан хүн л дээ. Надад модоор хөөрөг, модон буу хийж өгөөд цэцэрлэгээс илүү сонирхолтой санагддаг байж билээ.
Өөр нэг хөгжилтэй түүх бий. Би өөрөө санадаггүй, томчууд л ярьдаг юм. Нэг орой ойр хавийнхаа айлуудаар “Манай Санжаа ах хөлөө хугалсан. Танайд алтан гагнуур байхгүй биз. Хөлөнд их сайн гэнэ” гэж яриад явсан гэсэн. Хөгшчүүл л алтан гагнуур сайн гэж ярихыг сонссон шиг байгаа юм.
Сүүлд дунд сургуульд сурч байхдаа аавын хамаатан хүнд өвчтэй, настай хөгшнийг хараад их өр өвдөнө. Хажууд нь суугаад л “Хөөрхий яаж туслах ёстой юм бол доо” гэж боддог байсан. Энэ мэтээр нинж асралын сэтгэл төрөөд байдаг байсан юм болов уу. Гэхдээ биднийг 10 төгсөж байх үед аль болох ЗХУ юм уу гадаадын хуваарийг авахыг илүүд үздэг байлаа. Би сурлага гайгүй байсан учраас аймгийн шүүх прокуророос ЗХУ-д энэ чиглэлээр сурах урилга өгсөн ч яваагүй. Харин төмөр зам, зам барилгын инженер мэргэжлийг сонгон суралцаж, өнөөг хүртэл олон жил сайхан ажиллалаа. Замын бригадын даргаас, мастер, инженер дараа нь байгууллагын орлогч дарга болтлоо 36 жил ажиллажээ.
- Одоо таны хувьд ахиад шинэ түүх эхэлж байна?
- Тийм шүү. Олон ч даваа хүлээж байна даа. Нэг үеэ бодвол хичээл хийгээд удаан тогтвортой суугаад сурчихлаа. Заримдаа хэтрүүлчих гээд байгаагаас энэ бол их чухал юм. Ирэх намар тэтгэвэртээ гарна. Тэгэхээр илүү төвлөрөх боломжтой болно.
- Ер нь тэтгэвэртээ гараад эмчээр суралцана гэж бодсон байв уу?
- Удирдлагын хөгжлийн институтэд цуг сурч байсан нөхдүүд “Тэтгэвэрт гарахдаа бэлдэнэ шүү. 7 хоногийн 7 өдөр хийх юм тодорхой болчихвол тэтгэвэрт гарах бэлэн гэж ойлгоорой” гээд намайг цаашлуулна аа. Нээрээ л “Жилийн дараа тэтгэвэрт гарна, юу хийх билээ. Нутаг явдаг ч юм билүү” гэж бодоод 2023 оны 3 сард Сэлэнгэ суманд суурьшихаар төрсөн нутаг Булган руугаа явлаа. Тэнд цуг ажиллаж байсан, таньдаг хүмүүс амьдардаг юм. Өнөө хэддээ нүүж ирэх санаатайгаа хэлбэл баярлаж байгаа ч гэж жигтэйхэн. Түүнээс 3 сарын дараа бага охинтойгоо хэд хоног сувилалд хэвтсэн юм. Сувиллын УАУ-ы эмчийг эртнээс мэднэ л дээ. Эмчийн өдөр тутмын хийж байгаа ажил их гоё, содон харагдаад явчихлаа. Нөхөр нь бас эмч хүн. Тэгсэн надад нэг зузаан ном өгөөд “Зүгээр байхаар уншаад үз” гэв. Нэрийг нь санахгүй байх чинь, их гоё ном байсан юм. Сүүлд номын дэлгүүрээс худалдаж аваад үргэлжлүүлж уншиж дуусгасан. Орой өнөө хоёр эмчтэйгээ ярилцаад суухаар өөрийн эрхгүй УАУ-ы сэдэв рүү хальтраад орчихно. Тэгсэн эмч “Чи эмч болоход оройтохгүй шүү дээ” гэж хэлэхэд “Нээрээ би болж болох юм уу” гэж асуусан. Тэд “Болно. Хэрвээ чи хүсвэл Нацагаа хамбатай уулзуулж болно шүү” гэв. Гэхдээ би тодорхой хариулт хэлсэнгүй сувиллаас ч гарлаа. Тэгээд ажилдаа орчихоод нэг өдөр эмч рүүгээ ярьсан “Яг цагаа олж залгалаа шүү. Би хамба лам Д.Нацагдоржтой маргааш уулзана, хамт явцгаая” гэнэ. Би ч зөвшөөрч, Хамба багштайгаа уулзсан, их сайхан дэмжсэн. Ингээд хөдөө явах тухай бодол маань 180 градус эргэчихсэн.
- Энэ халад, мэсийн хувцсыг өмсөхөөр ямар мэдрэмж төрдөг юм байна?
- Би залуугийн гоё хувцаслах дуртай хүн. Гэхдээ одоо минималист маягтай болж. Энэ хувцаснаас өөрийг бараг өмсөхөө больсон. Ном үзэхээр бодлоо дотогшоогоо хураагаад эхэлдэг юм байна. Манай номнуудад ч ингэж хураавал, ингэж боомитловол гэдэг үг их хэрэглэх юм. Ер нь тэгээд аз жаргалтай болъё гэдэг бодол биднийг зовлон руу аваачдаг бололтой. Бараг нэг халадтай байх нь зөв юм болов уу. Хоёр халадтай бол нэг нь хаана ч байгаа юм. Бас л илүү бодол. Энэчлэн юмыг өөр өнгөцөөс хардаг болсон санагдсан.
- Яриа маань энэ хүрээд өндөрлөж байна. Магадгүй тэтгэвэртээ гараад сурах тухай бодож байгаа хүнд та юу гэж зөвлөх вэ?
- Үнэндээ зөвлөхөөс жаахан болгоомжилж байна. Энд сурахын тулд өөрийгөө олон юмнаас чөлөөлөх хэрэгтэй болно.Товчхондоо олон юманд санаа зовохгүй байх хэрэгтэй. Энэ бол их чухал. Нөгөө талаас эрүүл мэндийн хувьд анхаарах хэрэгтэй. Зөв амьдрах, зөв идээ ундаатай байх, зөв үйл хэргийг төлөвшүүлэх талаар илүү анхаармаар юм шиг байгаа юм. Ар гэрийн нөхцөл байдал бас тохитой тухтай байх хэрэгтэй. Товчхондоо гадаах нь гэртээ орчихсон байх хэрэгтэй. Тэр бүхнээ тооцох хэрэгтэй. Өө, ангийнхан дуудаж байна. Дүнгээ сонсох хэрэгтэй боллоо. Яриагаа ингээд дуусгах уу.
-Тэгье, тэгье. Ярилцсан танд баярлалаа.
П.УНДРАА