Ц.Алтансувд: 32 жилийн дараа ахиад оюутан болно гэсэн догдлоод л байна
71
Биднийг сонгосон танд баярлалаа. Өөрийгөө танилцуулаач?
-Намайг Ц.Алтансувд гэдэг. Ерөнхий боловсролын сургуульд биологи-газар зүйн багшаар 32 жил ажилласан. Үүнээс газар зүйн хичээл 15, эрүүл мэндийн хичээл 10 гаруй, байгалийн ухааны хичээлийг 3,4 жил тус тус зааж, 7,8 анги төгсгөсөн байна. Сүүлийн жилүүдэд биологийн багшийн хувьд эрүүл мэндийн хичээлийг түлхүү орж ирлээ.
Аль сургуульд багшилж байсан билээ.
-Завхан аймгийн Тэс суманд 15 жил ажиллаад, 2007 оноос хойш Чингэлтэй дүүргийн 61-р дунд сургуульд эрүүл мэнд, биологийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
Таны өнөөдрийн сонголт биологийн хичээлтэй холбоотой байх нь ээ дээ.
- Тийм шүү. Биологи, газар зүйгээр мэргэшсэн багш болохоор байгальд их дуртай. Ургамал тарьж ургуулахыг хүсдэг. Монгол орны онгон зэрлэг байгальд эмийн ургамал ямар их билээ. Тэр бүрийн цаад учрыг олж мэдмээр байна. Яаж эцсийн бүтээгдэхүүн болж эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэгийг мэдмээр байна. Өөртөө болоод бусдад туслахын тулд мэдлэгтэй баймаар байна. Өөрөө хэрэглэхийн тулд бас мэдлэгтэй баймаар байна. Энэ бүхнээс үүдээд Оточ Манрамба их сургуулийн Сувилахуйн ангийг сонгосон. Ажиллаж байхдаа л хурдан тэтгэвэртээ гарчихаад дахиад суралцаж, ач зээ, шавь нартаа яг зөвөөр нь хэлж өгөх сөн гэж бодож явлаа.
Багш нар бол хэнийг ч ялгалгүй зааж зөвлөдөг улс л даа.
- Тийм байх шүү. Наад зах нь гудамжинд янз бүрийн эмийн ургамал зарж байгаа хүмүүстэй таарах юм. Хараад буруу зөвийг нь мэдэхгүй хэрэглэж байхаар яг зөвийг нь мэдээд хэлээд өгөх сөн гээд багшийн “өвчин” хөдөлнө өө. /инээв/
Саяны ярианаас ургамалд хөтлөгдөөд ирсэн шиг ярьчихав уу. Үгүй л дээ. Би төвөд хэлийг сурахыг бас хүсдэг хүн. Өнөөдөр харж байхад хүмүүс Бурхан багшийн сургаалийн мөн чанарыг уг үндсээс нь ойлгож, амьдралд хэрэгтэйгээ хэрэгжүүлэхийг хүсдэг болж. Энэ талын мэдээллийг ч их түгээж байна. Гэхдээ бас л эх сурвалжаас нь суралцахыг хүссэн. Энийг заах багш нь энд л байгаа гэж бодоод эргэлзээгүйгээр сонгоод ирлээ. Үүнээс өмнө би Манба Дацан эмнэлэгт нь хэвтэн эмчлүүлж байлаа. Тэр хэд хоногт олон сайхан зүйлийн зах зухаас ажигласан нь энд ирэхийн эхлэл юм. Охин маань бас хэвтсэн л дээ. Одоо өөр мэргэжлээр магистрт сурдаг. Тэгсэн “Ээж ээ би энэ сургуульд сурч, Уламжлалтын эмч болмоор байна аа” гэхээр нь “Эхлээд нь ээж сураадахъя. Чи ямартаа ч магистраа хамгаалчих” гээд хэлчихсэн байгаа. /инээв/
Хичээлийн бэлтгэлээ хангаад эхэлчихсэн бололтой. Номоо авчихжээ.
-Тийм ээ, төвөд хэлний сурах бичгээ авчихлаа. Би малчин ардын хүүхэд, хөдөө өссөн. Манай өвөг дээдсүүд дунд лам нар олон байлаа. Ээж эхээс 13-уулаа. Үүнээс 11 нь лам явсан. Ээж маань бурхан номын талаар их ярина, зааж өгнө. Гэтэл сургуульд “Шашин бол хар тамхи мөн, шар тосыг зулд өргөхгүй” гэхчилэн ярина. Гэртээ ирэхээр энэ нь зөрчилдөнө. Хүүхэд байлаа, багшийгаа дагах уу, ээжийгээ дагах уу мэдэхгүй яваад л байсан. Гэтэл тэр нь билэг тал нь байсан байна лээ. Хүний амьдралд хэрэгтэй мэдлэг нь билэг талдаа байж. Миний ээжийн хэлж захисан сургаал билэг нь байж гэдгийг одоо ойлгож байгаа юм. Иймээс хурдан сурах хэрэгтэй юм байна, билэг талд илүү гоё юм байна гэж бодсон. Би арга талыг өнөөдрийг хүртэл сайн сурлаа. Сургуулиа 3,4 хичээлийг сайн, бусдыг нь тэр үеийн үнэлгээгээр онц төгссөн. Голч өндөр байсан учраас магистраа төвөггүй авсан. Тэгсэн ч билэг тал нь хоцорчихсон учраас миний мэдлэг амьдралд хэрэглэгдэхгүй явж л дээ. Билэг тал нь хоцорчихоор арай л учир дутагдалтай юм байна гэдгийг амьдралынхаа явцаас мэдсэн. Тэгэхээр арга билэг хоёрыг хослуулж байж аливаа юм төгс болдог юм байна. Оточ Манрамба бол арга билгийг хослуулдаг сургууль гэж боддог.
Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байна вэ?
-Би таван хүүхэдтэй. Хүүхдүүд “Ээж сур сур. Гэртээ юу хийж суух билээ” гээд дор бүрнээ дэмжиж байгаад баярлаад л байна. Ажлын газрынхан маань ч их сайхан дэмжсэн. Тэдэндээ хэлбэл “Та нээрээ зүгээр суухгүй хүн шүү” гэж байна лээ. /инээв/ Шавь нартаа ч “Багш нь ахиад оюутан болж байна. Та нар ч гэсэн байнга шинэ зүйлд суралцаж яваарай” гэж хонхны баяр дээр нь захисан. Хүүхдүүд “Багш ямар залхуугүй юм”, “Багш шигээ сурна”, “Багш сурсан нь зөв. Тэгэхгүй бол та тэтгэврийн эмээ болно” гэж хэлээд л үдсэн дээ.
Хэдэн жилийн дараа ахиад оюутан болж байна вэ?
-Ховдын багшийн дээдэд 1986-1991онд оюутан явлаа. Анхны таван жилээр төгссөн биологи, газар зүйн ангийн оюутан байгаа юм. Харин өнөөдөр 32 жилийн дараа ахиад оюутан болно гэсэн догдлоод л байна. Анх оюутан болж байхад нас ч залуу байж. Мэргэжлийг, мэдлэгийг хэрхэн өөрийн болгох уу, дараа нь хэрэглээнд яаж оруулах уу гэдгээ мэдэхгүй л сурч явж. Одоо бол илүү зорилготой сурна гэж бодож байгаа. Би өөрийгөө хөгширсөн, тархи маань хүлээж авч чадахгүй гэж бодохгүй байна. Би онц сурна аа.
Сэтгэл хүрсэн газар бие хүрнэ гэдэг шүү дээ. Сурлагын өндөр амжилт хүсье.