64
Уламжлалт анагаах ухааны онолд хий, шар, бадган гэсэн ойлголт байдаг. Тиймээс хий, шар, бадганы талаар судар номд юу гэж тайлбарласныг толилуулъя. Уламжлалт анагаах ухаанд өвчин үүсэх шалтгааныг холын болон ойрын гэж хоёр ангилдаг. Холын шалтгаан болох үйл нисваанисаас хүсэл тачаал, уур хилэн, мунхаг гэсэн гурван муу сэтгэл үүссэн хэмээдэг бөгөөд гурван хор гэж нэрлэдэг. Харин өвчний ойрын шалтгаан нь хүсэл тачаалаас үүсэх хий, уур хилэнгээс үүсэх шар, мунхгаас үүсэх бадган өвчин болдог. Эдгээр гурван гэмийн бэлгэ чанар нь арвидаж, хорогдож, хямраагүй үед хүний бие махбод эрүүл оршдог. Харин эдгээр нь өвчин үүсгэх цаг улирал, ад тотгор, идээ ундаа, явдал мөрийн нөхцөлтэй учирвал хий, шар, бадганы бэлгэ чанарын дүр урван хий, шар, бадган тэргүүтэн бие сэтгэлийн томшгүй өвчин үүсдэг байна. Өвчний ойрын шалтгаан болох хий, шар, бадган нь хүнийг насан эцэслэхийг хүртэл хамт оршиж байдаг тул өвчин үүсгэх нөхцөлийг аль болох бүрдүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэснээр өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Анагаах ухаан нь биеийн өвчнийг анагаахаас гадна хүсэл тачаал, уур хилэн, мунхагтай холбоотой сэтгэлийн өвчнийг анагаадаг байна.
АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг