581
Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, АУ-ы магистр Д.Отгонбаатартай уламжлалт анагаах ухааны хануур заслын талаар ярилцлаа.
-Хануур заслын талаар ярихгүй юу. Уламжлалт анагаах ухаанд хануурыг заслын дээд гэдэг шүү дээ?
-Уламжлалт анагаах ухаанд өвчнийг анагаах дөрвөн ерөндөг гэж бий. Энэ нь идээ унд, явдал мөр, эм, засал юм. Тухайн хүн өвдлөө гэхэд юун түрүүнд идээ унд, явдал мөрөөр нь засах, дараа нь эм өгөх, энэ гурваар анагааж чадахгүй бол засал эмчилгээг хийдэг. Хануур, төөнүүр, жин, дэвтээлгэ, түрхлэг гээд үндсэн таван засал байдаг. Эдгээрийн хамгийн дээд нь буюу үр дүн өндөр засал бол хануур юм. Хануурыг хүмүүс шивүүр, жижиг жижиг цус авдаг процессуудтай андуурдаг. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Хануур нь хураагуур судас буюу тусгайлсан бэлчир дээр хутгаар цоолж, судаснаас бодитой цусыг гаргадаг засал юм. Уламжлалт анагаах ухаанд өвчин үүсэх үйл явцыг маш нарийн авч үздэг. Аливаа өвчин үүсээд цус болон хийгээр хөлөглөж бүх биед тархдаг. Тэгэхээр цусан дээр өвчний гол үйл ажиллагаа явагдаад байна гэсэн үг. Тиймээс тусгайлсан тан өгч өвчний цусыг тамирын цуснаас ялгасны дараагаар ханаж, цусыг бодитойгоор гадагшлуулж байгаа учраас заслын дээд нь юм.
-Ямар өвчний үед хануур заслыг хийх вэ?
-Хануур хийх нарийн заалтууд бий. Өвчний байдал, цаг орон, насных нь байдлаас хамаараад хийх, хийхгүйг шийднэ. Хануур нь хичнээн сайн засал байлаа ч зарим өвчний үед хийхгүй. Цус, шараас өдөөгдсөн халуун чадалтай өвчнүүдийн үед хануур хийхэд тохиромжтой. Харин хий, бадган голчилсон хүйтэн өвчний үед хануур хийж болохгүй. Дотор халуун, даралт ихсэлт /даралт ихсэлт нь дотроо хоёр хуваагддаг, цус шараар өдөөгдсөн халуун даралт ихсэлт өвчний үед хануурыг хийж болно/, элэг, цөс, бөөрний үрэвсэлт өвчнүүдийн үрэвслийг нь дарж байгаад хануур засал хийхэд маш сайн байдаг. Таван цул эрхтэний халуун давамгайлсан өвчинд хануур хийхэд тохиромжтой. Хүйтэн өвчний үед /тухайлбал, хаван/ хануур хийвэл урхаг их гардаг. Хануур хийх уламжлалтын эмч онол, практикийн маш өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Хануурын өмнө бэлтгэл хийх, сүүлийг таслах зэрэг нарийн онолуудыг мэдэж байж хануур хийхгүй бол хануураас шалтгаалсан хоёрдогч өвчлөл гарах, амь насанд халгаатай зэрэг өндөр эрсдэлтэй. “Миний энд өвдөөд байна, тэнд өвдөөд байна, хануур хийлгэвэл сайн гэсэн, ханаад өг” гэж хүмүүс их орж ирдэг. Энэ бол маш буруу. Хэрвээ та уламжлалтын мэргэжлийн эмчид хандахгүй бол яг тэр хүсэлтийн чинь дагуу хэн ч хануур хийх эрсдэлтэй. Зүгээр хануур хийхийг хажуунаас нь үзсэн төдий хүмүүс онолын ямар ч мэдлэггүй байж хануур хийх тохиолдлууд их байна. Бүх өвчнийг хануураар эдгээнэ гэж ярьдаг хүмүүс ч байдаг. Энэ бол маш буруу.
-Хануурын өмнө бэлтгэл хийх хэрэгтэй гэлээ. Ер нь ямар үйл явцаар хануур заслыг хийх вэ?
-Хануур хийхэд хамгийн эхлээд оношилгоо маш чухал. Энэ хүнд хануур хийх шаардлагатай юу, үгүй юу гэдгээ тогтооно. Хэрэв хануур шаардлагатай бол хэзээ хийх хэрэгтэйг нь тодорхой болгоно. Долоо хоногийн дараа хийх үү, жилийн дараа хийх үү, эсвэл яг одоо ханах шаардлагатай юу гэдгийг тогтоох хэрэгтэй. Ер нь яг одоо л ханахгүй бол тухайн хүний амь насанд халгаатай тохиолдлуудаас бусад үед заавал бэлтгэл хийх шаардлагатай. Да-ралт ихсэлт, харвалтын өмнөх үед шууд ханана. Маш өндөр даралт ихсэлттэй хүн орж ирэхэд тухайн үед л хануур хийж, цусны хүчийг бууруулж амь насыг нь аварна. Эсвэл маш их цус алдалттай үед хануур хийж цусны гүйдлийн урвалтыг өөрчилж цус тогтоох, цусны гэмээр тохиолдсон хүчтэй өвдөлтийн шокт орж, амь насанд халгаатай байгаа үед шууд ханаж болно. Бусад тохиолдолд өвчний явц, төрлөөс хамаараад заавал бэлтгэл хийж байж ханана. Ханах тохиромжтой өдрөө сонгохдоо билгийн улирал, сүлд оршиж байгаа газруудыг анхаарах хэрэг-тэй. Уламжлалт анагаах ухааны онолд сүлд оршиж байгаа газар хөндөх эрдсэлтэй гэж үздэг. Сүлд нь билгийн тооллын өдөр болгон хүний биеэр тухайн тухайн газруудаар тэнэж явдаг. Тиймээс гарт ханах гэж байгаа бол сүлд гарт оршоогүй өдрийг сонгоно. Хоёрдугаарт, хэдэн өдрийн бэлтгэл хийх шаардлагатайг тогтооно. Холын бэлтгэл буюу өвчтөнийхөө биеийг бэлдэж, хийг нь дарах, ялгах, боловсруулах, хураах тан өгөх, нянгийн өвчнүүд байвал нядлаж, эцэст нь тамирын цус, муу цус хоёроо ялгах тан өгч байж хануурыг хийнэ.
-Хануур хийх явцад ямар эрсдэл гарч болох вэ?
-Хануур хийх явцад 6 төрлийн эрсдэл гарч болно. Цус гарахгүй байх, цус гарсаны дараа ухаан алдах, шарх нь хавдах зэрэг зургаан төрлийн хүндрэл гарч болдог. Тиймээс ханах явцад болон хануурын дараа эдгээр хүндрэлүүдээс сэргийлж байх ёстой. Хамгийн их гардаг эрсдэл нь тухайн хүн ухаан алдах. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, бэлтгэл дутуу хийс-нээс шалтгаалж хий үүсч, толгой нь эргэж, ухаан алддаг. Эсвэл хүн цусаа хараад айснаасаа болж ухаан алддаг. Хэрэв бэлтгэл дутуугаас хий үүсээд ухаан алдсан тохиолдолд хий гэдгийг мэдэхгүй, мэргэжлийн бус хүн байвал тухайн хүнийг үхэлд хүргэх аюултай. Яагаад гэвэл хий нь ихэвчлэн зүрх, судсыг барьж гүйдэг учраас тухайн үед зүрх хаагдах эрсдэлтэй. Мөн ханах үед тухайн хүний цусны шинж, биеийн тамираас хамаараад авах цусны хэмжээг тогтооно. Нас чацуу, ижилхэн өвчтэй хүн байлаа гэхэд нэгнээс нь 100 грамм, нөгөөгөөс нь 300 грамм цус авах жишээний. Оношилгоо дутуу хийгдээд бага хэмжээний цус авах хүнээс илүү их хэмжээтэйг авчихвал хануур илүүдсэний гэм гарч, биеийн галын илч үгүй болох, хаван үүсэх, тамир барагдах зэрэг сөрөг үр дагавартай. Эсвэл илүү их цус авах хүнээс бага хэмжээгээр авбал өвчнийх нь урхаг гадагшлахгүй, буцаад биед тархаж, цулд буугаад архаг хууч өвчнүүд биед тархах эрсдэлтэй. Тиймээс заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гээд байгаа юм. Онолын маш өргөн мэдлэгтэй уламжлалтын мэргэжлийн эмчээр хануур заслыг хийлгэх ёстой.
-Хануурын дараа ямар гам барих вэ?
-Хануур заслын дараа гам барихыг хануурын сүүлийг таслах гэж хэлдэг. Зөвхөн хануур ч гэлтгүй аливаа засал эмчилгээний үед бэлтгэл болон сүүлийг таслах гэсэн хоёр зүйлийг заавал хийдэг. Хамгийн чухал нь хийг голлон анхаарах хэрэгтэй. Хануурын үед ямар ч насны, тамир сайтай хүнд хий үүсдэг. Тиймээс хануурын өмнө болон дараа заавал хийг дарах ёстой. Үгүй бол өвчний урхаг буцаад хийгээр өдөөгдөн биед тархах эрсдэлтэй. Мөн исгэлэн, хэт амтлаг идээ унд, архи, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, хэт хүйтэн ус, ундаа зэргийг хануур хийснээс хойш дор хаяж 7 хоног хориглох ёстой. Хөлдүү мах барих, хүйтэн усанд гараа дүрэх, усанд орох зэргийг ч хориглоно.
-Ямар тохиолдолд, ямар хүмүүст хануур хийж болохгүй вэ?
-Жирэмсэн, хөхүүл, төрсөний дараах үед, хөгшин настай хүнд, хүүхдүүдэд хануур хийхгүй. Мөн хоосорсон халууны үед хануур хийдэггүй. Хэт тамир барагдсан хүнд бас хануур хийж болохгүй. Өвчнөө боловсруулаагүй, ялгаа-гүй, нядлаагүй, хураагаагүй үед хануур хийвэл хануураас үүдэлтэй сөрөг үр дагавар, эрсэдлүүд гарах тул бэлтгэл хийгээгүй үед хануур хийж болохгүй.
-Хануур заслын тус эрдмийн талаар тодорхой хэлж өгөхгүй юу?
-Өвчний цусыг бодитоор гаргаж байна гэдэг нь яг өвчнийг бодитоор биеэс гадагшуулж байна гэсэн үг. Тиймээс ч заслын дээд нь хануур гэдэг юм. Таван цул, зургаан сав эрхтэний үйл ажиллагаа сайжирна, цус цэвэршинэ, залуужина, байнгын тамир барагдаад туранхай яваад байвал таргална, тарган хүн бол турна гэх мэтчилэн хануурын тус эрдмийг тоочоод баршгүй. Гол нь онолын дагуу зөв цагт нь зөв тохиолдолд хийхгүй бол маш өндөр эрсдэлтэй эмчилгээ.
-Мэргэжлийн бус хүнээр хануулаад хануурын дараах гэм тохиолдсон хүн Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлж байсан уу?
-Өөр эмнэлгүүдэд эсвэл мэргэжлийн бус хүмүүсээр буруу хануулаад ихэвчлэн зүрх судас, толгойн өвчтэй, салганадаг бол-чихсон хүмүүс их ирдэг. Тэгээд асуухаар тэнд хануур хийлгээд дараа нь ийм өвчтэй болсон гэсэн тохиолдлууд маш их бий. Бэлтгэл хийгээгүй, сүүлийг нь таслаагүй, хий үүссэнийг нь мэдэхгүй, шууд цус аваад хануур хийдэг эмч нар маш их байна. Ялангуяа мэргэжлийн бус хүмүүс. Тэгэхээр үүнээс яаж сэргийлэх вэ гэхээр, хүмүүс уламжлалт анагаах ухааны талаар наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй. Үгүй юмаа гэхэд мэргэжлийн бус хүнд өөрийгөө даатгахгүй байх ухамсартай байх ёстой. Амнаас ам дамжсан яриагаар тийм өвчний үед ханавал сайн гэсэн гээд хэн дээр ч хамаагүй гүйж очоод хануулчихдаг байж болохгүй. Мэргэжлийн эмч, найдвартай эмнэлэгт хандах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
М.Ариунсувд