Японы эмч, мэргэжилтнүүд уламжлалт анагаах ухааны талаар сонирхож буйгаа илэрхийллээ
97
Япон улсын Tokyo DDC /drug-deprivation-clinic/ эмнэлгийн захирал Itsumi Satoru профессор тэргүүтэй эмч судлаачид Манба Дацан МУЭСТ-д зочлон, Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд, Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Эмч судлаачид Хамба лам Д.Нацагдоржтой уулзан залуу эмч нарт уламжлалт анагаах ухааны талаар мэдээлэл өгч, санал солилцох зорилготойгоор ирсэн нь энэ аж.
Уулзалтаар Хамба лам Д.Нацагдорж Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуулийн үйл ажиллагаа, ололт амжилт, уламжлалт анагаах ухааны салбарт оруулсан хувь нэмрийг дурдахаас гадна Монголын уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний онцлог, дэлхий нийтийн чиг хандлагын талаар ярилцлаа. Мөн дэлхий дахинд тархсан Ковид-19 халдварын талаар онцгойлон ярьж, Монголын уламжлалт эм, эмчилгээгээр Ковид-19-ийг дагнан эмчилсэн туршлага, ололт амжилтын талаар цохон тэмдэглэсэн юм. Үүнээс улбаалан Японы эмч судлаачид Ковид-19-ийн эргэн тойрон дахь асуудлууд, өвчлөлийн дараах хоруу чанар, сөрөг нөлөө, нөхөн сэргээх эмчилгээ зэргийн талаар Хамба ламаас тодруулан санал солилцлоо.
Энэ талаар профессор Itsumi Satoru “Хамба лам Д.Нацагдорж гуай Монголын уламжлалт анагаах ухааны хамгийн том төлөөлөгч. Тиймээс ч Ковид-19-ийн эсрэг уламжлалт анагаах ухаанаар хариу арга хэмжээ авч, уламжлалт анагаах ухаанаар тус халдварт өвчнийг эмчилсэн нь үнэхээр гайхалтай. Энэ нь Монгол улс коронавирусийн халдварын тархалтыг зогсоож чадахад маш их нөлөөлсөн гэж бодож байна. Мөн Ковид-19-ийн өвчлөлийн дараах сөрөг нөлөө, хүндрэлүүдийг ч уламжлалт анагаах ухаанаар эмчилж байгаа нь маш талархалтай, чухал зүйл гэдгийг хэлмээр байна” гэв.
Японд уламжлалт анагаах ухаан төдийлөн хөгжөөгүй бөгөөд японы эмч судлаачид Монголын уламжлалт анагаах ухааны талаар машид сонирхон, хавдар болон үйлийн үрээс шалтгаалсан өвчлөлийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн авч үзэж, оношилж эмчилдэг талаар ихээхэн сонирхож байлаа.
Профессор Itsumi Satoru 2018 онд Манба Дацан МУЭСТ-д анх удаа айлчилж байсан бөгөөд 2019 онд Хамба лам Д.Нацагдорж Itsumi Satoru профессорын урилгаар японд айлчлан 300-гаад эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, лекц илтгэл тавьж байсан юм.