513
Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы их эмчийн хөтөлбөрийн 2018 оны төгсөгч, УАУ-ы их эмч, магистр Х.Пүрэвбадамтай ярилцлаа.
-Солонгост магистр хамгаалж, бас уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж байгаад ирсэн. Нутагтаа буцаж ирсэний тань дараа ярилцлага авахыг хүсч байлаа. Солонгост ямар чиглэлээр ажилласан бэ, энэ тухай яриагаа эхлэе?
-Би Солонгосын Сөүл хотод Reformed graduate university-д сэтгэл судлалаар 2 жил сураад, магистр хамгаалаад ирсэн. Учир нь Уламжлалт анагаах ухаанд бие-сэтгэлийг хамтад нь авч үздэг. Энэ чиглэлээр уламжлалтын онолын дагуу сургуульдаа их ч зүйлийг сурч мэдсэн. Тиймээс сэтгэл судлалаар сураад хүний сэтгэлзүйтэй нь харьцаад, тухайн хүний оюун санаа болоод сэтгэлзүйн өвчин зовлонг нь өөрөөр нь шийдүүлэх тэр нарийн арга техникийг нь сурвал илүү үр дүнтэй юм болов уу гэж бодсон.
Суралцаж байх хугацаандаа солонгосын уламжлалтын эмнэлэгт 3 сар орчим судлаачаар ажиллаж, тэнд байгаа монголчууддаа уламжлалт анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээг үзүүллээ. Энэтхэг, Хятад, Япон, Монгол, Солонгос гээд хэд хэдэн улсын судлаачид нэгдэн хавдрын талаар судалгаа хийж байсан юм. Гэвч судалгааны ажил зогссон учраас тэндэх ажлаа дуусгаад монголдоо ирсэн. Солонгост 3 сар орчим ажилласан.
-Монголын болон Солонгосын уламжлалт анагаах ухааны онцлог, давуу тал, ялгааг нь та хэрхэн харсан бэ?
-Монголын уламжлалт анагаах ухаан, Солонгосын уламжлалт анагаах ухаан жаахан ялгаатай. Монголын уламжлалт анагаах ухаан Төвөд, Энэтхэгтэй онолын хувьд төстэй бол Солонгосын уламжлалт анагаах ухаан Хятад, Японтой адилхан ханз дээр гол онол нь байдаг юм билээ. Төстэй тал мэдээж бий. Халуун, хүйтэн өвчин гэх мэт тэстэй талууд байна. Ялгаатай тал нь, жишээлбэл, Монголын уламжлалт анагаах ухаан хүний өвөрчлөлийг хий, шар, бадган, хий-шар хавсарсан, бадган-шар хавсарсан, бадган-хий хавсарсан, хий-шар-бадган хурмал гэж ангилдаг бол Солонгосын уламжлалт анагаах ухаанд хүний өвөрчлөлийг 4 ангилдаг гэх мэт ялгаанууд байдаг. Эмчилгээний хувьд гол эмчилгээ нь зүү эмчилгээ. Ямар ч өвчин байсан зүү эмчилгээг голчилж хийдэг. Манай Монголын уламжлалт анагаах ухаанд бариа, төөнүүр зэрэг голчлон хий дардаг эмчилгээ байдаг. Ялгаа нь бас үүнд байна. Давуу тал гэвэл манайх онолын хувьд хавьгүй илүү санагдсан. Солонгосын уламжлалт анагаах ухаанд судас барьж оношилдог эмч нар байдаг гэж сонсож байсан ч миний хувьд хараагүй. Миний ажиллаж байсан эмнэлэгт ч мөн судас, шээсээр оношилдоггүй. Ер нь уламжлалт анагаах ухааны эмнэлгүүд нь судас барьж, шээс харж оношлох гэдэг их л ховор зүйл. Ер нь л шинжилгээ, техник технологи дээр суурилж оношлоод эмчилгээгээ хийж байсан.
-Солонгост ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд ямар өвчлөл голчилж байна. Уур амьсгал, идэж буй хоол хүнсний хувьд монголоос ялгаатай учраас түүнээс шалтгаалсан өвчлөл байхыг үгүйсгэхгүй гэж бодлоо?
-Сэтгэл судлалаар сурч байсан болохоор түүнтэй холбоотойгоор хүмүүсийн сэтгэлзүйг их ажигласан. Солонгост ажиллаж, амьдарч байгаа монголчууд ер нь их сэтгэл гутралтай нь ажиглагдсан. Эх орон, эцэг эх, үр хүүхэд, найз нөхөд, гэр бүлээ санадаг, түүнтэй уялдаад их гутарсан, стресстсэн байдагтай холбоотойгоор зүрх, ходоодны өвчлөл түгээмэл байдаг. Мөн хүнд ажил хийдгээс үүдэлтэйгээр нуруу, бөөрний эмгэгүүд их тохиолдож байсан.
-Азийн орнуудад төдийгүй дэлхийд уламжлалт анагаах ухааны эрэлт хэрэгцээ, чиг хандлага ямар түвшинд байна гэж харж байна?
-Монголын уламжлалт анагаах ухаан онолын хувьд ч тэр, бусдад хэрэгтэй байгаа шаардлагаараа ч хамаагүй илүү. Монголын уламжлалт анагаах ухаан илүү хэрэгтэй юм байна гэдгийг их сайн харсан. Яагаад гэхээр тэнд хүмүүс өвдөж зовлоо гэхэд нэг бол эмч дээр, нэг бол сэтгэлзүйч дээр очдог. Монголын уламжлалт анагаах ухаан шиг хавсраад сэтгэл (хий) рүү нь чиглэсэн эмчилгээ байдаггүй. Үнэхээр байдаггүй юм билээ. Угаасаа лабораторийн шинжилгээгээр оношлоод байхаар яаж ч байх билээ дээ. Тэгэхээр хамгийн чухал эмчилгээнүүд Монголын уламжлалт анагаах ухаанд байна. Тиймээс ч Азид төдийгүй дэлхийд эрэлт хэрэгцээ маш их байна гэж харлаа.
-Ковидын дараа ч гэх юмуу, ер нь уламжлалт анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээг хүмүүс их сонгох болсон. Уламжлалтаар оношлуулж, эмчлүүлье гэж зорьж байна. Тэгвэл үйлчлүүлэгчдэд уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг яаж хүргэвэл зохилтой юм бэ өнөө үед?
-Би 2012 оноос хойш одоог хүртэл цуглуулсан жаахан мэдлэг, туршлага дээрээ үндэслэж хэлэхэд ер нь ямар ч өвчтэй хүн байсан тухайн өвчтөнийхөө сэтгэлзүйтэй нь байнга тулж байх ёстой юм байна. Угаасаа л өвчин гэдэг мунхаг сэтгэлээс үүдэлтэй. Эхлээд тухайн хүн бүрийг яриулж тайвшруулаад араас нь тодорхой хэмжээний мэдлэгийг өгч өөрөөр нь өөрийнх нь асуудлыг шийдэхэд нь тусалж байгаа нь өвчний шалтгаан руу нь чиглэсэн эмчилгээ болчихож байгаа юм.
Араас нь шалтгаанаас үүдэлтэй биед нь үүссэн өвчлөлүүдийг уламжлалт анагаах ухааны үүднээс эм, идээ унд, явдал мөр засал эмчилгээгээр тэтгээд өгвөл үр дүн их хурдан гарах юм байна гэж хардаг болсон доо.
Мөн Солонгос эмч нарын дунд “Муу эмч өвчнийг эмчилдэг, дунд эмч хүнийг эмчилдэг, сайн эмч нийгмийг эмчилдэг” гэж ярьдаг юм билээ. Тэгэхээр бид дан ганц өвчнийг эмчлэх биш, тухайн хүнийг эмчлэх нь чухал юм байна. Хүнийг эмчлэхийн тулд бие, сэтгэлзүйг цогцоор нь эмчлэх нь байна шүү дээ.
Манай уламжлалтын эмч нарын нэг дутагдал гэвэл хэтэрхий даруухан байна. Бид сайн эмч болъё гэвэл нийгмийг эмчлэх шаардлага бий. Үнэхээр мэдлэгтэй, чадвартай, өөртөө итгэлтэй байж чадвал нийгэмд дуу хоолойгоо хүргэмээр байна. Бид даруухан байхаар бидний мэддэг зүйлийг өөр нэг мэддэггүй хүн мэддэг юм шиг яриад явж байна. Ингээд л ард түмэнд буруу ойлголт үүсгээд байдаг. Тиймээс эмч нар маань үнэхээр мэдэж байвал онолын дагуу зөв итгэлтэйгээр мэддэг юмаа түгээх нь чухал байна.
-Та 2018 оны Шилдэг төгсөгч. Таныг төгсөх курсдээ “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийн 41 бүлгийг бүрэн уншсан, 4, 5 цаг тасралтгүй уншсан гээд л үлгэр домог шиг яриа Оточ Манрамба Их Сургуулийн оюутнуудын дунд байдаг юм билээ. Танаас бас оюутнууд дуурайлал авдаг гэсэн?
-6 жилийн турш тасралтгүй ном шагайж явсан. Хүний тархи нэг зүйлийг олон давтамжтай санаж бодох тусам нейроны холболтууд төдий чинээ илүү олон болж батжиж байдаг шүү дээ. Тиймээс ч олон дахин давтаж дадуулах нь хамгийн чухал. Тухайн үед зава уншина гэдэг бол миний хувьд өглөө босоод цайгаа уудаг шиг л энгийн нэгэн амьдарлын хэв маяг болсон байсан. Өнөөдөр орсон хичээлээ орой нь уншиж давтаад, дахиад өмнөх өдрийн хичээлээ давтдаг байсан. Дахиад шинэ хичээл орлоо гэхэд түүнийгээ эхэлж уншчихаад дараа нь өмнөх хичээлүүдээ бүгдийг нь нэг бүрчлэн уншиж давтана. Тэгэхээр яг хэрэгтэй үед өөрийн болгочихсон юм гэдэг яг л цээжин дээр гарч ирнэ дээ.
-Тэгээд яг уншсан уу?
-Уншсан. Нэг удаа ч биш, Манбадүйраба-д бэлдэж байх үедээ гэртээ өөрийгөө шалгаж хэд хэдэн ч удаа уншиж байсан. 4 цаг гаран уншдаг байсан.
-Таны хариултаас Оточ Манрамба Их Сургуулийн сургалтын онцлог, давуу талыг тод томруун харах шиг боллоо.
-Би сэтгэл судлалаар суралцаж байхдаа “Ер нь энд зааж байгаа ихэнх онол, ихэнх мэдлэгийг Оточ Манрамба Их Сургуульд сурчихсан юм биш үү дээ” гэсэн мэдрэмж төрсөн. Тиймээс манай оюутан, төгсөгчдөд маш том боломж байна гэж харсан.
-Цаашдын зорилго тань юу вэ?
-Дээр хэлсэнчлэн дунд эмч, чадвал сайн эмч болмоор байна. Дан ганц өвчнийг биш хүнийг эмчилдэг, нийгмийг эмчилдэг эмч болохын төлөө ажиллаж, суралцана. Өвчин мунхгаас үүдэлтэй. Мунхгийг мэдлэг арилгана. Тиймээс өвчтөнүүддээ тодорхой хэмжээний мэдлэг өгч, өвчин үүсгэж байгаа шалтгаан нөхцлийг ойлгуулж, өвчингүй эрүүл байх арга замыг нь заагаад зогсохгүй амьдарлын хэв маяг болгох тал дээр анхаарч ажиллах сонирхолтой байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны анагаах ухааны төлөөх үйлс арван зүгтээ дэлгэрэх болтугай.
М.Ариунсувд