Цахим суваг:-

БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны эмч мэргэжилтнүүд Оточ Манрамба Их Сургуульд зочиллоо

148

БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Эрүүл мэндийн газрын дарга Tan Xiang Dong, Төвөд эмнэлгийн орлогч дарга Baima, Төвөд эмнэлгийн Эмчилгээний хэлтсийн орлогч дарга Cirendeji, Төвөд эмнэлгийн Менежментийн газрын орлогч дарга Nyima нарын зочид төлөөлөгчид өнөөдөр Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуульд зочиллоо. БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны зочид төлөөлөгчид Манба Дацан МУЭСТ-ийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна Оточ Манрамба Их Сургуулийн Ректор, Хамба лам Д.Нацагдоржтой уулзан, хоёр улсын уламжлалт анагаах ухааны чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Оточ Манрамба Их Сургуулийн Ректор, Хамба лам Д.Нацагдорж тэргүүтэй Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуулийн төлөөлөгчид 2015 оноос хойш БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны эрүүл мэнд, боловсролын салбарын эмч, мэргэжилтнүүдтэй холбогдож, хамтран ажиллах гарцыг нээснээс хойш 10 гаран жилийн хугацаанд БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны эмч мэргэжилтнүүдтэй туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд олон ажлыг хэрэгжүүлж ирсэн. Хамба лам Д.Нацагдоржийн энэхүү үйл хэргийг БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Эрүүл мэндийн газрын дарга Tan Xiang Dong цохон тэмдэглэсэн бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орон “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ээс үндэслэсэн онол шүн нэгтэй уламжлалт анагаах ухаантай улс гэдгийг онцолж байв.
Цаашид “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийн судалгаа болон эмчилгээний технологи, уламжлалт анагаах ухааны олон улсын хурал зохион байгуулах, БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Төвөд эмнэлэг болон Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, Манба Дацан Эмийн үйлдвэрийн хооронд хамтран ажиллах зэргээр хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах орны Төвөд эмнэлгийн эмчилгээний хэлтсийн орлогч дарга Cirendeji “Төвөдийн анагаах ухааны хөгжлийн түүх” сэдвээр оюутнуудад лекц уншиж, энэ үеэр зочид төлөөлөгчид Оточ Манрамба Их Сургуульд Төвөдийн уламжлалт анагаах ухааныг харуулсан эртний танка зургийн дээжээс гардуулан өглөө.
БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Эрүүл мэндийн газрын дарга Tan Xiang Dong хэлэхдээ “Уламжлалт анагаах ухааны талаар өгүүлсэн 12 танка зургийн дээжээс өнөөдөр та бүхэнд өргөн барьж байна. Эдгээр 12 танка зурагт уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний аргуудыг дүрсэлсэн. Үүнээс уламжлалт анагаах ухааны уламжлал, ёсзүйн талаар өгүүлсэн энэхүү зургийг сонгон авчирсан нь учиртай. Уламжлалт анагаах ухаанд ёсзүйг ихэд эрхэмлэдэг бөгөөд та бүхэн хүнд хэцүү цаг тулгарахад энэхүү бүтээлээс гарах гарцаа хайж, урам зориг аваарай” гэв.
Маргааш БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны зочид төлөөлөгчид дахин Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуульд зочлох юм.
Ташрамд, Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, БНХАУ байгууллагдсаны 75 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулж буй “БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны хөгжил цэцэглэлт” фото зураг, танка зургийн үзэсгэлэн нь Монголын Урчуудын Эвлэлийн арт галерейд өнөөдөр нээлтээ хийсэн бөгөөд 2024.09.26-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
 
 
 
 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай