БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Төвөд эмнэлэг болон Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ
52
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань, БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Намын хорооны Нарийн бичгийн дарга, ноён Ван Жюньжөн нарын тэргүүтэй БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны эмч мэргэжилтнүүд, албаны төлөөлөгчид өнөөдөр Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуульд айлчиллаа.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань болон БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны зочид төлөөлөгчдийг Манба Дацан МУЭСТ-ийн тэргүүн, Оточ Манрамба Их Сургуулийн Ректор, Хамба лам Д.Нацагдорж тэргүүтэй албаны хүмүүс угтан авч, Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуулийн үйл ажиллагааг танилцуулж, хоёр улсын уламжлалт анагаах ухааны хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
Манба Дацан МУЭСТ-ийн тэргүүн, Оточ Манрамба Их Сургуулийн ректор, Хамба лам Д.Нацагдорж уулзалтын эхэнд хатагтай, элчин сайд Шэнь Миньжуань, БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Намын хорооны Нарийн бичгийн дарга, ноён Ван Жюньжөн болон албаны зочид төлөөлөгчдөд Манба Дацан МУЭСТ-д зочлон ирсэнд талархал дэвшүүлээд Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургууль нь эрүүл мэнд, боловсрол, шашин соёлын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэдгийг онцоллоо.
Хамба лам Д.Нацагдорж цааш нь хэлсэн үгэндээ “Үе үеийн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд болон албаны хүмүүс манай Манба Дацан МУЭСТ-тэй идэвхтэй хамтран ажилласны үр дүнд 2015 оноос эхлэн БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч мэргэжилтнүүдтэй холбогдож, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.
Өнөөдөр бид Хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэх бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орон болон Монгол Улсын эмч мэргэжилтнүүдийн хооронд харилцан туршлага солилцох, уламжлалт анагаах ухааны Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, анагаах ухааны эмчилгээний технологийг сайжруулах, Төвөдийн өндөрлөгт байгаа эмийн ургамал болон Монголын цэвэр байгальд ургаж буй ургамлуудыг харилцан судлах зэрэг ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал байна.
Эрүүл мэндийн салбарт баримтлах Засгийн газрын баталсан ойрын бодлого 2030, “Алсын хараа-2050”-д Монголын уламжлалт анагаах ухааныг гадаад дотоодод брэнд болгон хөгжүүлнэ гэсэн чиглэлтэй ажиллаж буй. Энэхүү чиглэлд манай байгууллага манлайлан ажиллаж байгаа тул бидний хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
ВАН ЖЮНЬЖӨН: 34 ЖИЛИЙН ТУРШ МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ОЛОЛТ АМЖИЛТ АВЧИРСАН МАНБА ДАЦАН МУЭСТ, ОТОЧ МАНРАМБА ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГА ДОР УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭН ХАМТРАН АЖИЛЛАХДАА ТААТАЙ БАЙНА
БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга, ноён Ван Жюньжөн Манба Дацан МУЭСТ-д зочилж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийлээд хэлсэн үгэндээ дараах зүйлийг онцоллоо.
Ноён Ван Жюньжөн: “Хамба лам Д.Нацагдорж таныг Монгол Улс болон БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал дэвшүүлсэнд талархаж байна. Би таны саналыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Түүх, өв соёлтой уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлж, дэлхийн хүн төрөлхтний сайн сайхны төлөө сурталчлан, түгээн дэлгэрүүлэхэд бэлэн байна. Төвөдийн анагаах ухаан болон Монголын уламжлалт анагаах ухаан дэлхийн хүн төрөлхтөнд маш их хэрэгтэй. Тиймээс 34 жилийн туршид Монголын уламжлалт анагаах ухааны салбарт маш их ололт амжилтыг авчирсан таны удирдлага дор уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, шинэ түвшинд хүргэн хамтран ажиллахдаа таатай байх болно. БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Намын хороо Төвөдийн анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч байна.
Энэ удаагийн бидний айлчлалын гол зорилго нь хоёр улсын уламжлалт анагаах ухааны салбарын харилцан давуу талыг ашиглаж, цаашид анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Тиймээс өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсний дараа санамж бичигт тусгасан үйл ажиллагаануудыг бүрэн хэрэгжүүлэхэд бэлэн байна.
Төвөдийн уламжлалт анагаах ухаан Монголын уламжлалт анагаах ухаан хамтдаа хөгжиж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ нь хүн төрөлхтний сайн сайхныг цогцлооход чухал үүрэг гүйцэтгэнэ” гэв.
Ийнхүү хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хэлэлцсэнээр БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Төвөд эмнэлэг болон Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургууль хооронд Хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.