86
Оточ Манрамба Их Сургуулийн Сувилахуйн тэнхмийн эрхлэгч, АУ-ы магистр, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Болорзаяатай жингээ хасах зорилготой хүмүүс ихэвчлэн юун дээр алдаж байгаа талаар ярилцлаа.
-Жингээ хасах зорилготой хүмүүс дасгал хөдөлгөөн хийх, гол төлөв хоолоо хасах арга хэмжээ авдаг. Харин эмч нар, ялангуяа уламжлалтын эмч нар хоол хасахыг маш буруу гэж үздэг шүү дээ. Ямар учраас хоолоо хасаж болохгүй вэ?
-Хөдөлгөөн бол чухал. Уламжлалт анагаах ухаанд өвчнийг засах 4 ерөндөг гэж байдаг нь идээ унд, явдал мөр, эм, засал юм. Явдал мөр гэдэгт хөдөлгөөн орно. Зөв хөдөлгөөн зөв эмчилгээ болно. Хөдлөх нь зөв. Гэхдээ хэмжээнээс нь хэтрүүлж болохгүй. Огт хөдөлдөггүй байсан хүн гэнэт хөдөлгөөнөө хэтрүүлээд эхлэхээр тамирдаж ядрах, сульдах, хөлсөө их гадагшлуулаад ирэхээр эрдсийн дутагдалд орох гэх мэтээр бурууддаг. Тиймээс ямар цагт, ямар хөдөлгөөнийг яаж хийх вэ гэдэг нь чухал. Дасгал хөдөлгөөнөө хэтрүүлээд, буруудуулаад ядарч сульдсан мөртлөө хоолоо хасчихдаг нь бас л буруу. Шууд хоолоо хасах биш, тохируулж, зөв хэмжээгээр, зөв цагт идэх хэрэгтэй.
Зөвхөн хоолоор, зөвхөн хөдөлгөөнөөр турна гэсэн зүйл байхгүй. Энэ хоёрыг зүй зохистой хавсруулах хэрэгтэй. Дээрээс нь нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. Таргалалт бол хэвийн физиологи биш шүү дээ. Хэвийн биш гэдэг нь эрүүл бус, өвчлөл гэсэн үг. Тэгэхээр өвчнийг эмчлэх хэрэгтэй. Тиймээс эм, заслын эмчилгээтэй хавсарвал үр дүн нэмэгдэнэ.
Хоолоо хассанаар жин буурдаг, гэхдээ эрүүлээр биш. Өлсгөж анагаах эмчилгээ гэж уламжлалт анагаах ухаанд байдаг. Хэтрүүлбэл толгой эргэх, нойргүйдэх, зүрх өвдөх хий арвидаж хямрах шинж тэмдэг илэрнэ. Эргээд өвчлөл үүсгэж болох тул эмчийн хяналт хэрэгтэй. Маш их хөлрөөд, өтгөнөө гадагшлуулаад ч юмуу жин хасах боломжтой. Гэхдээ уламжлалт анагаах ухаанд өтгөнийг хүчээр шахаж гаргаж болохгүй эсвэл хүчээр хорьж хааж болохгүй гэдэг. Яг гарах цагт нь гаргах хэрэгтэй. Тэгэхээр турах зорилгоор өтгөнөө хүчээр гаргаад байгаа нь механикаар үйлдлийг нь буруудуулаад байна гэсэн үг. Хий, шар, бадган, биеийн долоон тамир, гурван хир илүүдээгүй, дутуудаагүй, буруудаагүй хэвийн байвал эрүүл гэж үзнэ. Өтгөнөө маш их хэмжээгээр гадагшлуулж буруудуулснаар уруу арилгагч хийг хямраагаад өөр өвчнийг үүсгэж байна гэсэн үг. Тэгэхээр таргалалттай хүмүүс бол заавал эмчид хандах хэрэгтэй.
-Тэгвэл таргалалттай хүмүүс уламжлалтын эмчид хандах нь ямар давуу талтай вэ?
-Эхлээд таргалалтыг уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг талаар тайлбарлая. Уламжлалт анагаах ухаанд таргалалт бадганы оронд явагдаж байгаа эмгэг учир амтлаг амттай, сэрүүн, хүнд, тослог чадалтай идээ ундыг хэтрүүлэн хэрэглэх, хөдөлгөөны дутагдал, чийгтэй нойтон газар удаан суух, даарч хөрөх зэрэг нөхцлөөр тунгалаг цөвийн боловсролтын үед галын илч доройтон үндсэн 7 тамираас мах, өөхний тамирын үеийн боловсролт бодисын солилцооны өөрчлөлтөд орж таргалалт үүснэ. Амтлаг, исгэлэн, дэвслаг, гашуун, халуун, эхүүн гэсэн зургаан амт бий. Эдгээрийг тохируулан бүх амтыг хэрэглэх хэрэгтэй. Бид идэж байгаа хоол хүнсээ ихэвчлэн амтлаг амтанд урвуулан хэрэглэж байгаа нь тохиромжгүй юм. Мөн сэрүүн чадалтай идээ унд гэдэгт хүйтэн уух юмнууд орно. Шарын халуун дэлгэрсэн халуун өвчний үед хүйтэн ус ууж болно. Эсрэгээрээ бадган буюу хүйтэн мөн чанартай өвчтэй, таргалалттай хүмүүс хүйтэн ус ууж болохгүй.
Усыг их хэмжээгээр уувал ходоодны галын илчийг дарна. Галын илч дарагдаад эхлэхээр хоолны шингээлт муудаж, дотор өвчин болгоны суурь буюу эс шингэх өвчний эхлэлийг тавьж байгаа юм. Дотор өвчин бүр эс шингэх өвчнөөс үүснэ гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Тэгэхээр их хэмжээгээр ус уух нь өөрөө өөрийгөө л хорлож байна гэсэн үг.
Таргалалттай хүмүүс уламжлалтын эмчид хандсанаар тухайн хүний мэргэжил, ажлын онцлогийг харгалзсан амьдралын хэв маягийг зааж өгнө. Хоёрдугаарт, таргалалтын үндэс суурь эс шингэх учраас галын илчийг үүсгэх, хоол ундыг шингээх эмийн найрлагуудыг сонгож өгнө. Таргалалт нь хавсарсан, хурсан өвчлөлөөс үүдэлтэй байж болно. Тиймээс түүнд нь тухай бүр чиглэсэн, тэнцвэрийг нь олсон, хувь хүнд чиглэсэн эмчилгээг хийнэ гэсэн үг. Тэгэхээр таргалалттай хүн болгонд нэг л эм, нэг ижил зөвлөгөө өгч болохгүй.
Өөхнөөс болсон бамбай өвчин, шижин, эс шингэх, махны гаралтай хэрэх, хаван, шижин зэрэг олон архаг өвчний үед таргалалт үүссэн байж болно. Уламжлалтын эмчид үзүүлж оношлуулан, эрүүлээр турах нь жингээ барих, цаашдын амьдралын хэв маяг зөв тогтоход тустай.
-Турах хүсэлтэй хүмүүс их стресстэй байдаг шүү дээ. Турах талаар байнга боддог нь бие махбодод нөлөөлж, таргалалтыг улам даамжруулж болох уу?
-Өөртөө дарамт өгч стресстээд байвал таргалалтын шууд бус нөхцөл болж болно. Уламжлалт анагаах ухаанд идээ унд, явдал мөр, цаг улирал, адын гэсэн өвчнийг үүсгэх үндсэн дөрвөн нөхцөл байдаг. Үүний явдал мөрийн нөхцөлд стрессийг авч үзэж болно. Явдал мөрийн нөхцөл буюу бие, хэл, сэтгэлийн үйлийг илүүдүүлж, дутуудуулж, буруудуулснаар өвчин үүснэ. Тэгэхээр стресс гэдэг нь сэтгэлийн үйлийг илүүдүүлж, буруудуулж байна гэсэн үг. Энэ үед хий хямарна. Стрессийг үүсгэгчийг стрессор гэж нэрлэдэг. Стресст орох гээд стрессор нөлөөлөөд эхлэхээр хүний бие махбод өөрөө симпатик мэдрэлийн үйл ажиллагаагаар тэмцэлдэж эхэлдэг. Тэр үеийн мэдрэмж, шинж тэмдгүүд нь стрессийн шинж тэмдэг болж өгнө. Энэ нь толгой өвдөх, бухимдах, амархан ядрах, булчин зангирах, зүрх дэлсэх зэрэг хийн шинжүүд юм. Стрессээс үүдэлтэй хийг хямрааж байна гэсэн үг. Гэхдээ хий нь дангаараа таргалалтын шалтгаан биш. Харин стресстэж бухимдсанаасаа болоод нэг дор их идэх, амтлаг амтыг ихээр идэх нь таргалах нөхцөл болж болно. Нөгөөтэйгүүр хийн шалтгаант өвчлөлийг ч бий болгоно. Тиймээс өөртөө “турна” гэсэн дарамт өгч стресстэх нь сэтгэлийн үйлийг буруудуулж байна гэсэн үг. Сэтгэл санаагаар унахгүйгээр, сэтгэлзүйн байдлаа алдахгүйгээр турах үйл явц л хамгийн чухал.
“Би турж байгаа, дургүй юмаа хийж байгаа” гэсэн сэтгэлзүйгээр турах гэж хүчилвэл, эсвэл хэн нэгнээс сонссон турах дэглэмийг хэрэгжүүлээд стресстэж байгаа хүн, идээ унд, явдал мөрөө зөв зохицуулж, өөрийнхөө бие махбод, таргалалтын шалтгаанаа мэдээд эрүүлээр жингээ хасч байгаа хүн хоёр өөр шүү дээ. Тиймээс л мэргэжлийн эмчийн зөвлөгөө хэрэгтэй байгаа юм. Уламжлалтын эмчид хандаж, эмчийн хяналтан дор таргалалтаас ангижрах, таргалалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
-Жингээ хасах зорилготой хүмүүс хүйтэн ус их уудаг, хоолоо сойдог, дасгал хөдөлгөөнөө хэтрүүлдэг, стресстэж өөртөө дарамт учруулдаг гээд юун дээр алдаж байгаа талаар ярилаа шүү дээ. Өөр та юу зөвлөх вэ?
-Бадган давамгайлсан буюу турах шаардлагүй хүмүүс гэж бий. Өвөрчлөлийнхөө мөн чанараараа угийн махлаг хүмүүс байна. Тэдгээр хүмүүс турах гээд байвал бас л өвчлөл болно. Тиймээс эмчид хандаж өөрийгөө мэдээрэй гэж байгаа юм.
Уламжлалт анагаах ухааны арилгах үйл эмчилгээнд туулга, бөөлжүүлэг, зөөлөн шимт, нируха, хамрын эм гэсэн эмчилгээнүүд байдаг. Үүнээс шарын өвчтэй хүнд туулга эмчилгээг, хийн өвчтэй хүнд зөөлөн шимт, бадганы өвчтэй хүнд бөөлжүүлэг эмчилгээг улиралд харгалзуулан хийнэ гэж заасан байдаг. Сошиалд туулгаж тураана гээд байгаа цөсний туулгыг цөсний чулуугүй, эрүүл хүн жилдээ нэг удаа өвчнөөс урьдчилан сэргийлэх журмаар хийлгэж болно. Гэхдээ эмчийн хяналтанд. Учир нь туулга хийлгэхэд маш их ядардаг, хий үүсдэг, тиймээс туулгын дараа заавал төөнүүр хийлгэх ёстой. Туулга бол арилгах үйл эмчилгээ. Эмчилгээг эмч л хийх ёстой. Эсвэл мэргэжлийн сувилагч хийх ёстой. Мэргэжлийн бус хүний үгээр, эсвэл өөрөө туулга хийлгэчихээд түүнийг дагаж дуурайж хийж, өөр хүнийг туулгаж байгаа нь өөрөө өөрийгөө л хохироож байгаа хэрэг. Хараад дураараа хийчихдэг эмчилгээ биш ээ. Таргалалтын үед хийгдэж болох уламжлалтын эмчилгээнүүд бий. Жишээ нь арилгах үйл эмчилгээнээс бөөлжүүлэг эмчилгээ хийж болно. Бөөлжүүлэг сайн гэхээр бараг юу ч хамаагүй идэж уугаад бөөлжчихье гэж магадгүй. Ингээд л буруудаад байгаа юм. Тиймээс мэргэжлийн эмчид хандаад шаардлагатай зөвлөгөө чигчлүүлэг авч, эм, эмчилгээг хийлгээсэй гэдгийг л дахин сануулмаар байна.
Бас 108 мөргөлийн талаар зөвлөмөөр байна. Гэхдээ заавал 108 мөргө гэж зөвлөхгүй. Хамгийн багадаа 3 юмуу 7 мөргөөд үз. Ганц минутын л ажил. Амархан мөргөчихнө. Тиймээс би чадах хүртлээ мөргө гэж зөвлөдөг. Тэгэхээр заавал 108 мөргөх гэж өөртөө бие, сэтгэлийн дарамт учруулахын оронд өдөр бүр бага багаар тогтмол мөргөөд үзээрэй. Явцдаа биед чинь дасаад их хөнгөн босож ирдэг. Нэмэгдүүлсээр нэмэгдүүлсээр торох юмгүй 108 мөргөж чаддаг болно. Ялангуяа нярайлсан ээжүүд турах гээд мөргөж эхлэхдээ шууд 108 мөргөхөөр их ядардаг, сульддаг. Угаасаа шөнийн нойр алдаад ядарч байгаа бие дээрээ өөрийгөө хүчлэх хэрэггүй. Тиймээс өдөр бүр бага тоогоор ч хамаагүй тогтмол мөргөх нь чухал. Би өөрөө яг энэ зарчмаар төрсний дараа хэвийн жингээ барьж байсан болохоор ингэж зөвлөдөг. Хамгийн гол нь тууштай байгаарай.
-Танд маш их баярлалаа. Таны зөвлөгөө олон хүнийг чиглүүлсэн гэдэгт итгэлтэй байна.
М.Ариунсувд