Цахим суваг:-

Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан: Хүнд тусалснаар надад баясах сэтгэл төрнө 

82

 

- Та ОМИС-ийн II курсийн оюутнууд “Нигүүлсэнгүй сургаал буюу ламрим”-ын хичээл ордог. Эмч болох хүүхдүүдэд ямар ач тустай хичээл вэ?

- Оточ Манрамба их сургуулийн хоёрдугаар курст Нигүүлсэнгүйн сургаал буюу ламрим ордог нь учиртай. Буддын ламрим буюу Бодь мөрийн зэрэг, Бодьсадвын болон ертөнцийн мөн чанар, зүй тогтол, зовлон жаргалын учрыг тайлбарлаж, эмчийн хувьд бусдад туслах яагаад туслах хэрэгтэй вэ гэх сэтгэлийг дадуулдаг хичээл. Ерөнхий захирал Д.Нацагдорж багш маань санаачлан, 1991 онд ОМИС байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл тасралтгүй 33 жил оржээ. Анхны багш нараас дурдвал Гандантэгчэнлин хийдийн ахмад гярган лам багш нар болох МУ-ын гавъяат багш, гавж Д.Цэрмаа, Т.Булган тэргүүтэй сайхан багш нараас эхлээд сүүлд МБШИС-ийн хичээлийн эрхлэгч Идэрбаяр багш нарыг дурдана.

Би анх лам болоод шашны их сургуульд багш нараасаа өөрийн сурсан өчүүхэн чадлаараа зурхай зурах, ном засал унших явцдаа өөртөө дадуулсан зөв сэтгэлийг оюутнуудад хэлж зааж өгдөг юм. Амьдралд илүү ойр талаас нь хичээлээ заахыг боддог болохоор оюутнуудад ойлгоход хялбар байдаг болов уу. Миний ойлгосноор хоёрдугаар курсээс орж байгаа нь ч учиртай. Гуравдугаар курсээс бариа засал, зүү төөнүүр гэхчилэн яг мэргэжлийн уламжлалтын заслын хичээлүүдээ үздэг. Толгой барихаас эхлүүлээд хүнтэй харьцаад ирэх учраас нөгөө өөрт дадуулсан бусдад туслах сэтгэл энд хэрэг болно.

Тиймээс 2-р курсээс нь бусдад яагаад туслах ёстой юм гэдгээс эхлээд эмч хүн бол бусдад бодьсадвын сэтгэлээр хандахаас гадна мөнгө, эд баялагт шунахгүй байх тухай Анагаах ухааны 4 үндсийн хоёрдугаар бүлэг дээр байдаг утга учрыг дэлгэрэнгүйгээр тайлбарлан заадаг. Ер нь энэ хичээлийг үзсэний дараа нигүүлсэнгүй сэтгэлийг аажмаар дадуулчихдаг. Өөрийн туршлага дээрээсээ харахад гэх юм уу даа, Миний хувьд багш нарынхаа зааснаар даган баясах сэтгэлийг өөртөө дадуулж байлаа. Би  уламжлалт эм зурхай мэргэжлийг Буддын  судлалтай  хамт эзэмшээд Гандантэгчинлэн хийдэд анх ажилд орж байсан юм. Хүмүүс гүрэм засал хийлгэнэ, зурхай зуруулна. Сургуульд сураад амьтанд туслах сайхан номыг миний багш нар надад зааж өгчээ. Тэр үед нэг ч гэсэн хүнд өөрийн сурснаараа тусалж байгаа нь надад их сайхан санагддаг байлаа. Хүнд тусалснаар надад баясах сэтгэл төрнө. Тэр баясах сэтгэлийнхээ эрхээр ямар ч хүн байсан би туслах сан. Өөрийн сурсан мэдсэнээ амьтны тус хийж чадаж байна гэсэн сэтгэл анх төрсөн учраас тэр сэтгэл арван хэдэн жил бага багаар дадсаар ямар ч хүнтэй уулзахад тусалчих юм сан гэсэн бодол хамгийн түрүүнд өөрийн эрхгүй төрдөг болжээ. Хэзээ ч энэ хүнийг хурдан үзээд  гаргачихъя. Эсвэл баян хүн ороод ирэхээр сайн үзээд өгье гэж боддоггүй юм. Харин тэр хүний зовлон юу байна. Үүнд нь би яаж туслах уу гэсэн сэтгэл л хамгийн түрүүнд төрдөг. Энэ сэтгэлийг л бага багаараа дадуулах хэрэгтэйг энэ хичээлээрээ ойлгуулдаг. Бас сэтгэл байхаас гадна амьтанд туслах бодгаль өөрийн мэдлэг чадварыг хөгжүүлж энэ ертөнцийн зүй тогтол болох бүх зүйл шалтгаан нөхцлөөс үүдэлтэй гэх олон ургалч үзлийн үүднээс харж, арилгах арга замыг зааж өгөх нь тусыг бүтээх том хүчин зүйл болдог. Хүмүүс миний өвчин зовлон асуудал нэг л юмнаас болчихлоо гэж ирдэг нь маш том эндүүрэл юм.

Манай Оточ Манрамба Их сургуулийг төгссөн эмч нарт хүмүүс ам сайтай байдаг. Арай өөр байна, хүнд тусалъя гэсэн сэтгэл  байна гэж ярьцгаадаг. Тэр нь энэ номтой хамаатай болов уу. Хамба багш  нэгдүгээр курсээс эхлээд ярьдаг. Энэ бол сэтгэлийн боловсрол олгож байгаа юм. Гадуур оюуны  боловсрол заахаас биш сайхан сэтгэл, хүнд туслах, зовлон жаргал, ертөнцийн зүй тогтлын мөн чанарын талаар ойлгуулахгүй байна шүү дээ. Энэ дээр хамгийн анистай хамгийн сайхан зүйл гэж энийг боддог.

П.УНДРАА 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай