436
ОМИС-иас Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар болон Хүүхдийн зөвлөлтэй хамтран уламжлалт анагаах ухааны мэргэжлийг танилцуулах, сурталчлах өдөрлөгийг Арвайхээр хотод амжилттай зохион байгуулсан билээ. Энэ үеэр бид сургуулийнхаа төгсөгчдийн төлөөллүүдтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна. Үүний нэг нь Арвайн манба дацан /Агь Манба/ нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Гомбо байлаа.
-Уламжлалт анагаах ухааны түгээн дэлгэрүүлэхээр төрсөн нутгаа зорьж дээ. Эмч, бахархалтай мэргэжил шүү.
-Тэгэлгүй яахав, бахархалтай. Би 2014 онд элсэн орж, 2020 онд төгсөөд Өвөрхангай аймгийнхаа Арвайн манба дацан /Агь Манба/ нэгдсэн эмнэлэгт тасралтгүй тав дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр хотоос Оточ Манрамбынхан маань ирсэнд баяртай байна. Д.Отгонбаатар багштай ажлын энэ баг аймгийн ахлах ангийнханд “Уламжлалт анагаах ухааны мэргэжил сурталчлах” өдөрлөгт оролцохоор ирсэн сонин дуулгана лээ. Сайхан арга хэмжээ болох байх аа.
Монголын уламжлалт анагаах ухаан бол бидний өвөг дээдсийн мэдлэг оюун, ухаанаа шингээж үлдээсэн асар том өв соёл юм. Өнгөрсөн зуунд маш олон эрдэмтэн мэргэд хэлмэгдэж, ном судар устан үгүй болсон нь харамсалтай. Гэсэн хэдий ч өнөөгийн залуус бидэнд мэргэд багш нар маань өвлөн авснаа өвлүүлэн сургаж, Уламжлалт анагаах ухаан хот, хөдөөд дэлгэрч байгаа нь сайхан юм. Үүний нэг болж манай Агь манба эмнэлгийнхэн ажиллаж байна.
Үйлчлүүлэгчид маань ч уламжлалт анагаах ухаан бол бие, сэтгэлийг салгалгүйгээр эмчилдэг цогц анагаах ухаан гэдгийг мэддэг болжээ. Тэр утгаараа жил ирэх тусам уламжлалтын эмчилгээ үйлчилгээ авах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байна.
-Яагаад Оточ Манрамба их сургуулийг сонгон элсэн суралцахаар шийдсэн юм бэ?
-Багадаа Өвөрхангай аймгийнхаа хийдэд шавилан суудаг байлаа. Товчхондоо Буддын гүн ухаанд суралцаад явсан гэсэн үг. Ингээд мэргэжил эзэмших насанд хүрэхэд уламжлалт анагаах ухааны их эмч болъё гэж шийдээд зорилго тавьж, хими биологийн хичээлийг гүнзгийрүүлэн суралцаж шалгалтаа ч өглөө. Энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудыг ч судаллаа. Тэгээд Монголын анхны уламжлалт анагаах ухааны Оточ Манрамба сургуулиа сонгон суралцаж байлаа. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрчээ.
- Буддын гүн ухаанд суралцаж байсан нь Уламжлалт анагаах ухаанаар суралцахад дөхөм байв уу?
-Буддын их, бага арван ухааны их тавын нэгд тэжээхүйн ухаан буюу анагаах ухаан багтдаг. Тэр утгаараа уламжлалт анагаах ухаан нь Буддын гүн ухаантай салшгүй холбоотой. Мэдээж бичиг үсэг, орчуулга хийх талаасаа арай дөхөм ч бусад судлах чиглэл нь өөр болохоор бүгдийг эхнээс нь суралцсан. Буддын гүн ухааны гол онол өөрийгөө засах, өөрийгөө засаад бусдад сайнаар нөлөөлж сайжруулах байдаг бол уламжлалт анагаах ухаанд өвчин бол бие, хэл, сэтгэлийн буруу дадал, үйлээс үүсдэг тухай авч үздэг. Тэгэхээр аливаа өвчнийг үүсгэхгүй, өвдлөө гэхэд бие, хэл гэлтгүй сэтгэлийн буруу бодол, буруу үйлдлийг засаж сайжруулснаар өвчний уг ёзоороос бүрэн ангижирна.
Манай уламжлалт анагаах ухааны хувьд сурах, хөгжихөд сургалтын материалууд хэмжээлшгүй их бий. Магадгүй судлаад барна гэж байхгүй ч өдөр тутамдаа сурч мэдсэнээ сайжруулахын төлөө хичээгээд л явна. Эмч нарын хувьд насаараа суралцдаг мэргэжил шүү дээ.
- Агь манба эмнэлэгт “Оточ Манрамба”-аар овоглосон хэдэн эмч ажиллаж байна вэ?
- Манай эмнэлэгт Уламжлалт анагаах ухааны их эмчийн мэргэжлээр төгссөн долоон эмч ажиллаж байгаагийн тав нь ОМИС -ийн төгсөгчид байна. Тодруулбал, Ерөнхий эмч Г. Гантөмөр, Х.Даариймаа, 2024 оны төгсөгч Э.Отгонзул, Г.Хонгорзул бид тав ажиллаж байгаа юм. Нэг сургуульд нэг онол лүн үзэж төгссөн төгсөгчид ингээд хамтран ажиллахад сайхан л даа.
- Эмч хүний хамгийн жаргалтай мөч хэзээ вэ?
- Биднийг гээд итгээд ирэх үйлчлүүлэгчдэдээ туслаад, тэдний эрүүл саруул болоод нүд нь гэрэлтэж, нүүр дүүрэн инээмсэглээд гарахыг харах гоё. Магадгүй үүнээс ч илүү жаргалтай мөч эмч хүнд олон тохиодог болов уу. Би бол залуу хүн. Уламжлалтын оношлогоо, уламжлалтын заслын эмчилгээ болох хануур, төөнүүр, арилгах үйл, бөөлжүүлэг туулга гээд маш үр дүнтэй эмчилгээнүүд олон бий. Одоо үед оношлогдож, оношлогдохгүй олон өвчнийг эмчлэх үр дүнтэй уламжлалтын эмчилгээнүүд байдаг. Энэ бүхнийг онолын дагуу судалж сайжруулъя, хөгжүүлье гэж хичээн ажиллаж байна.
- Энэ таван жилийн хугацаанд хэчнээн хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна вэ?
- Жил, жилээр статистик тоон үзүүлэлт гардаг. Үүнээс харахад жилд дундажаар амбулаторийн үзлэг гэхэд 1300,1400 хүнд үйлчилгээ үзүүлсэн байна. Ингээд бодохоор таван жилийн хугацаанд амбулатороор 7000 орчим хүн үзсэн байна. Үүн дээр хэвтэн эмчлүүлэгчид маань нэмэгдэнэ.
- Их тоо байна шүү. Ингэхэд өнөөдөр иргэд бидний дунд ямар өвчлөл илүү байна вэ?
Сүүлийн жилүүдэд манай эмнэлгийг олон аймгаас хүмүүс зорин ирж эмчлүүлэх болсон. Жишээлбэл: Баянхонгор, Эрдэнэт, Булган, Дорнодыг дурдаж болж байна. Улаанбаатар хотоос ч ирж эмчлүүлдэг. Харж байхад өнөөдөр нийгэм даяараа стресс бухимдал их байгаатай холбоотой хийн хямрал их байна. Идээ унд, явдал мөр буруудсантай холбоотой хоол боловсруулах замын эмгэг, бөөрний өвчлөл, нурууны өвчин илүү давамгай байна. Нэгэн үед даралт ихсэх нь хөгшчүүлд л тохиолддог мэт үздэг байсан бол өнөөдөр 15,16-тай хүүхдүүд ч орж ирж байна. Товчхондоо өвчин нас харгалзахгүй болсон гэх юм уу. Хүн хэдий өвчнийг хүсдэггүй ч гэсэн өвчнийг үүсгээд байгаа хүчин зүйлс бидний амьдралын буруу хэв маяг, дадал зуршилтай холбоотой.Тэгэхээр дор бүрнээ өөрийн биеийн болоод ажлын онцлог, улирал, нас гэх мэт олон зүйлийг харгалзан өөрт тохирсон идээ унд, явдал мөрийн зөв дадалтай болох хэрэгтэй шүү л гэж хэлье.
- Ярилцсанд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье.
П.УНДРАА
2024 оны төгсөгч Э.Отгонзул, Г.Хонгорзул нарын хамт