206
- Аймгийн хэмжээний 88 эмчийн 15,16 нь омис-ийн төгсөгчид ажиллаж байна-
Энэ удаад бид Өвөрхангай аймгийн “Сидармед” эмнэлгийн их эмч А.Чингисийг ярилцлагын ширээнээ урьсан юм.
- Хотын эмч хөдөөд гэмээр юм байна. Ингэхэд хотоо санаж байна уу?
- Нээрээ хотын хүн хөдөөд болсон./инээв/ Баяр ёслолын үеэр хотоо санана аа. Би Улаанбаатарын унаган хүүхэд. Бага нас 21-р хороолол, мах толгойтоор өнгөрсөн. Тэндээ 62-р дунд сургуулийг төгссөн. Гэхдээ ах нар 65-ын төгсөгчид. Харин ОМИС-ийг төгсөөд ес орчим жил Улаанбаатар болон орон нутгаар ажиллаж байгаад Өвөрхангайд ирсэн. Буурь сэлгээд дөрөв дэх жил рүүгээ орж явна.
- Яагаад Өвөрхангай гэж.
- Шалтгаан байна аа. Манай өвөө, өвөөгийн аав ээж Есөнзүйлийн гаралтай хүмүүс байгаа юм. Тэр утгаараа ажлын санал ирэхэд эргэлзэлгүй зөвшөөрсөн. Энд л “үүрээ засаж”, уламжлалт анагаах ухааны сурсан мэдсэнээ хүн ардад хүргэмээр санагдсан. Ерөөлтэй нутаг даа.
- Залуусын хувьд хөдөө орон нутагт ажиллаж амьдрахад боломж хэр байна вэ?
- Нааштай сайхан хүлээж авсан шүү. Өвөрхангай аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газраас уламжлалт анагаах ухааныг их дэмждэг. Сая аймгийн 88 эмчээс 23 нь оролцсон Уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх “Нөлөөллийн баг” үйл ажиллагаагаа эхлээд 14 хонож байна. Улсын болон хувийн эмнэлгийн эмч сувилагч нараас бүрдсэн энэ баг нь ард иргэдэд УАУ-ы тусламж үйлчилгээг зөв таниулах, хүртээмжтэй, чанартай хүргэх зорилготой.
- Одоо эмнэлэгтээ хэдүүлээ ажилладаг вэ?
- “Сидармед” эмнэлэг 60 ортой. Нийт найман эмч, есөн сувилагч ажилладаг. Уламжлалтын талаас хоёр эмч, хоёр сувилагч бий. Энд сонирхуулахад аймгийн хэмжээний 88 эмчийн 15,16 нь ОМИС-ийн төгсөгчид ажиллаж байна. Бахархалтай юм шүү.
- Уламжлалт анагаах ухааны мэргэжлийг сонгоход юу нөлөөлсөн юм бэ?
- Том ахтайгаа цуг ургамалд явна, хатаана, түүхий эдүүдээ манж хоролдоно, эм жор тавихад нь оролцоно гээд ажилтай хүүхэд явлаа. /инээв/ Яагаад ч юм ахыг эм тавихад би их дуртай байсан. Түүхий эдүүдээ номхотгож байгаа нь ч бас их сонирхолтой санагддаг байлаа. Ингэж 10 жилийн сурагч байхаасаа ахдаа “уруу татагдчихсан”. Нөгөө талаас буурай эмээ бас нөлөөлсөн. Толгой, хүзүүг нь бариад өгөхөөр “Нүд нээгдэх шиг сайхан боллоо. Миний хүү чинь их зөөлөн гартай” гэж ирээд л магтана аа. Тэгэхээр хүүхэд болсон хойно миний гаранд юм байдаг юм болов уу гэж нэг бус удаа бодно. /инээв/ Ингэж явсаар энэ агуу анагаах ухаанд саадгүй орчихсон. Харин сурахад зөндөө саад бэрхшээл тулгарсан ч эрдэмтэн багш нар, ангийн олонтойгоо хичээж мэрийсээр төгссөн.
- Ах нь хэн билээ.
- ОМИС-ийнхон андахгүй дээ. Хоёр дахь удаагийн төгсөлтийн төгсөгч А.Мөнхсүх гэж уламжлалт анагаах ухааны багш, эмч хүн бий. Ах маань хамба лам Д.Нацагдорж, хүний Гавьяат эмч Г.Одонцэцэг багш нартай “Төвөд хэлний сурах” бичгийг редакторлан гаргаж байсан. Бас Б.Эрдэнэбаяр гэж хамаатны ах маань ч ОМИС-ийн төгсөгч байгаа юм.
- Олон уламжлалтын эмч нартай гэр бүл байх нь ээ.
- Дээдчүүл минь Буддын шашинтай хүмүүс. Тэр утгаараа хувь тохиол байсан болов уу. Ер нь аливаа зүйл ерөөл, буяны сайн үйлээр боловсордог. Тэр жишгээр уламжлалт анагаах ухаанд орж, төгссөн гэж боддог юм. Энд сонирхуулахад, миний ерөөлийг хамба багш өөрөө тавьж байсан юм. 2006 онд санагдана, ОМИС-ийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээр юм даг. Тэмцээний дундуур ах “Багштай мэндэл” гээд хамба багш дээр дагуулаад очлоо. Багш сайхан инээмсэглээд, миний чихийг бариад “Манай сургуульд орох хүүхэд байна даа” гэж хэлсэн. Түүнээс хоёр жилийн дараа багшийн ерөөлөөр конкурс өгч, сургуульдаа бүртгүүлээд тэнцсэн дээ.
Харин 2015 онд “Ээ, дээ чи минь төгсөж санаа амарлаа” гээд толгойг маань илж билээ. Ерөөлөө тавьчхаад, төгсөж санаа амарлаа гэж. Бэлгэшээлтэй юм шүү. Товчхондоо тангараг өргөх мөч хүртэл нэг иймэрхүү. Ингэж багшийнхаа итгэл буяныг даагаад, эрдэм номд шамдан сурч, мэдээд өдий зэрэгтэй яваадаа баяртай байдаг.
- Ингэхэд шантраад болих тухай бодож байв уу?
- Тийм үе байна аа. II курст анатоми дээр 12 хос мэдрэлийн хичээлийг Баянбилэг багш орж байсан юм. Яг л үнэнээ хэлье, үнэхээр шантармаар байсан шүү.
- Яагаад?
- Мэдрэл их төвөгтэй, олон салбарладаг. Яагаад ч юм тухайн үед ойлгоход бэрх санагдаж байсан. Хоёр унасан билүү, яалаа. /инээв/ Төвөд үсэг, эм тангуудаа гадарлах болохоор энэ талын хичээлүүд дажгүй. Харин өөр тийшээ салбарлаад орчихоор л шантармаар санагддаг байлаа.
- Мэддэг зүйл гарахад “онгирох” уу?
- Яалаа гэж, нэг зорилготой учраас нэгдээд л явна. Гэхдээ нэг гоё дурсамж байдаг. Манба Дацан эмийн үйлдвэрийн түүхий эдүүдийг нэгбүрчлэн ялгаад нэг өрөөнөөс нөгөө рүү зөөсөн. Тэгэхэд хамба багш “Эмийн түүхий эдийг мэддэг хүүхдүүдээр хийлгээрэй” гэж чиглэл өгсөн юм билээ. Тэгээд Төгсжаргал багш “Чингис ээ, чи ургамал мэддэгээрээ яваад хураачих” гэж даалгаад ангийнхаа хүүхэдтэй нэг өдөр ажилласан. Мэддэг юмаа хийж байгаа болохоор жаахан маадгар байлаа.
Манай ОМИС-ийнхон чинь нэгдүгээр курсээ төгсөөд эмийн ургамлын дадлагат гардаг. Миний хувьд сурчихсан болохоор хэцүү санагдаж байгаагүй. Яахав жоохон өлсөх гээд л байдаг. Тэрнээс даарч зутрахгүй. Уул хаданд явах харин зугаатай, хөгжилтэй санагдана гээч. Энэ дадлагаас хойш дадлагажигч багшаар хоёр, гурван удаа ч явж байлаа.
- Эмчийн бахархал тэр дундаа уламжлалтын эмчийн бахархал юу вэ?
- Миний бахархал хамба багш, том ах хоёр маань байна. Гуравт номоо гэж хэлнэ. Үлгэрийн юм уу шинжлэх ухааны ном шиг өөртөө дурлуулдаг. Илүү ихийг мэдэхийн тулд ухах сэдлийг байнга төрүүлдэг. Энэ гурваа биширч хүндэлж явдаг юм.
- “Таня” жүжиг шиг. Хайрхамжгүй үлдээсэн хичээл ажил дээр гараад сандаргаж байв уу?
-Олон биш ээ. Нэг бий шүү. Шархны хичээл дээр гарсан санагддаг юм. Яг тийм тохиолдол ажил дээр орж ирж байсан. Тэр хичээл дээр багш намайг албаар унагачхаад, нөхөж үзээд ахиад шалгалтаа өгч байлаа. Ер нь тэгээд өдөр бүр шалгалт шүү дээ. Эмч хүн бол нэг үйлдэл хийхдээ суралцаж, үзсэн номоо ахин сайн бодох хэрэгтэй. Болохгүй, мэдэхгүй юм гараад ирвэл номоо ухна. Номон дээрээс ойлгохгүй бол багш нар руугаа ярина. Уламжлалт анагаах ухааны эх сурвалж ном судар нь ухаж ойлгох тусам улам гүнзгийрээд явдаг. Магад хураагдсан цагт л дуусах байх даа. Тэрнээс сурч барахгүй, тийм агуу.
Өвөрхангай аймгийн "Сидар мед" эмнэлгийн их эмч А.Чингис, Т.Ариунзаяа нар
-Хот хөдөөд аль алинд нь ажиллаж байна. Газар орноос хамааралтай өвчлөлийн ялгаа гэж байх уу?
-Төгсөөд хөдөө орон нутгаар их явдаг байлаа. Тэндээс харахад говьд ходоодны өвчлөл их байх жишээний. Энэ мэт газар орны онцлогтой холбоотой өвчлөл байна. Үүнээс гадна сүүлийн үед залуучууд нурууны өвчнөөс салахаа больсон байна. Хоёрдугаарт эмэгтэйчүүдийн өвчлөл их байна. Гуравт халдварт өвчнүүд их тархжээ. Яг л номонд гардаг шиг.
Орчин цаг үед бидний хэрэглэж байгаа идээ унд, явдал мөрөөс шалтгаалаад гарч байгаа зүйл олон бий. Нөгөө талаас үе дамжсан барьдаг, хатгадаг гэх хүмүүс иргэдийг төөрөгдүүлдэг. Энэ бүгдийг таслан зогсоож, УАУ-ы зөв мэдээлэл хүргэхийг хичээн ажилладаг.
- Яриа маань өндөрлөх гэж байна. Сүүлийн асуулт. Та бас сагс тоглодог байх ээ.
- Тийм ээ, гуравдугаар ангид ах сагсан бөмбөгийн А үсгийг зааж байлаа. Түүнээс хойш сагснаас холдсонгүй. Сагсны нэгдүгээр зэрэгтэй, улсын аваргын хүүхдийн 2 алт, нэг мөнгө, 3 хүрэлтэй. Дөртэй болоод ирэхийн цагтаа ахыгаа дагаад шүүгч хийнэ. Гадны тэмцээнүүдэд сургуулийнхаа нэрийн өмнөөс орно. Дээд лигийн Баганат өргөө, Монгол даатгал багт тоглож байсан. Оюутан болоод ОМИС-ийнхаа шигшээ багийг ахин бүрдүүлж, гадны болоод яг анагаахын сургуулиудын тэмцээнд удаа дарааллан орж байсан. Сургуулийнхаа нэг мөнгө, нэг хүрэл медальтай. Дөрвөн удаагийн аварга, дөрвөн удаагийн шилдэг тоглогч. Нэг тоглолтонд 38 оноо авсан рекордтой. Одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр лигт тоглож байна. Ирснээс хойш нэг хүрэл, нэг мөнгөн медальтай.
- Сагс, эмч хоёрыг юу холбодог вэ?
- Нэг нь зөөллөж, нөгөө нь хурцалдаг.
-Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
П.Ундраа