1443
Уламжлалт анагаах ухаанд лусын гаралтай бүлэг өвчин байх бөгөөд энэ нь ямар нөхцөлөөр үүсдэг, хэрхэн засаж илаарьшуулах талаар Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх, Хүний гавьяат эмч, Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа.
-Монголчууд лус савдаг гэж ярьдаг боловч энэ талаар тодорхой ойлголттой хүн ховор байх шиг. Тиймээс лус гэж ямар төрөл болох талаар эхлээд ярихгүй юу?
-Монголчууд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн лус савдгийн талаар ойлголттой байдаг юм билээ. Олон улсад явж, олон хүнтэй уулзаж байхад тэдний өөрсдийнх нь түүх, соёл уламжлалд нь лусын тухай ойлголт их байдаг. Монголчуудын хувьд лус савдгийн тухай ерөнхий ойлголт байдаг боловч энэ талаар тодорхой мэдэхгүй байх шиг байна. Лус нь найман аймгийн бүрэлдэхүүнд багтдаг. Лус нь адгуусны төрөлд хамаардаг, хүнээс доод язгууртай гэсэн үг. Лус нь дотроо олон төрөл байна. Тухайлбал, газрын дээрх, агаар мандал дахь, газрын доорх гээд байршлаараа хуваагдана. Мөн хаан, ноён, харц, бярман, зандалчны язгуурт лусууд гээд язгуур угсаагаар бас өөр. Лусын хаад, ноён язгууртай Дүнжон, Лүмангармо тэргүүтэй лусууд амьтдад тусалдаг. Харин харц, бярман, зандалчны язгуур, Нагбо Зинба Лагмэд зэргийн язгуурын лусууд хорлол үүсгэдэг. Лусын бүхэл бүтэн том ертөнц байгаа талаар Бурхан болон дээдсүүдийн айлдсан олон судар номд бичсэн. Бурхан багшийг номоо айлдаж байхад лусууд ирж дээдийн ном сонсож байсан тухай түүхэн судруудад тэмдэглэсэн байна. Монголчууд урьд лусын талаар тодорхой ойлголттой, мэдлэгтэй байжээ. Харин бурхны шашныг үзэл бодлоороо нухчин дарж хэлмэгдүүлсэн тэр цагаас хойш лусын тухай ойлголт бүдгэрсэн байна. Ном сударт “Бурхан Гончогсүмд ашдын аврал, даатгал хийдэгтэй адил лусыг ашдын авралд биширч шүтэж болохгүй” хэмээн айлдсан. Учир нь лус доод төрөлхүйтэн буюу адгуусны төрөлтөн юм.
-Лусын тус хорлол хүнд яаж нөлөөлдөг вэ?
-Лусыг харалган гэдэг. Тэр утгаараа уул, ус, байгаль орчныг сүйтгэж, бохирдуулж, зүй бусаар харьсан тохиолдолд ихэд хилэгнэж хорлодог. Лусын ад хорлож арьсны өвчин тэргүүтэй маш олон төрлийн өвчин үүсгэх нөхцөлийг буй болгодог. Лусын хорлол хүний аминд шууд хүрэх тохиолдол ч бий. Хүний мах, цусанд нөлөөлдөг их догшин лус байна. Хүнийг хорлочхоод цусны бүтцэд нь өөрчлөлт ороод эхлэхээр түүнийгээ идэж амьдрах дуртай. Хүний эрүүл махны бүтцийг өөрчилчхөөд тэнд нь шарх сорви үүсгэж, түүнийг нь идэж амьдардаг лусын хорлол, ад байдаг. Лусыг Бурхан шиг авралд барих бус харин лусад хэрэгтэй тусгай балин тахил, уншлага номыг нь уншаад, эв түнжинтэй байж, лусын хорлол, барцад саад, өвчин зовлонгоос урьдчилан сэргийлж, өөрсдийгөө хамгаалж байх нь тустай. Бид лусыг үгүйсгэлээ гээд үр дүнд хүрэхгүй. Муу үр дагаврыг л амсана. Ямар нэгэн хавдар, архаг хүнд өвчнийг үүсгэгч нөхцөлийг бүрдүүлэгч лусын адын талаар мэдлэг дутмаг байна.
-Хүмүүс лус савдагтай яаж буруу харьцдаг вэ?
-Хамгийн наад зах нь хог их хаяж байна. Бид хэдий чинээ хог, буртаг бузар үнэр гаргана төдий чинээ лусыг догшруулан хорлогдоно. Бид эрүүл байхыг боддог мөртөө яагаад өөрсдөө хог хаяад лусыг уурлуулж, өвчин зовлонд нэрвэгдээд байгаагаа анхаарах хэрэгтэй байна. Зөвхөн нус, цэрээр хооллодог гэг тотгор, ад, лус бий. Хаясан шүлс, нус, цэрэнд байгаа хувь хүний ДНХ мэдээллээр дамжин тэр хүнийг хорлодог. Дээр үед энэ талаар мэдлэгтэй байсан учраас хүмүүс цэр гаргалаа гэхэд цаасанд, даавуунд авдаг, эсвэл заавал булж, нуудаг байсан. Өнөөдөр тэр соёл үгүй болсон. “Яадаг юм” гээд тоохгүй яваад байна. Тоохгүй яваад байвал хорлуулна л гэсэн үг. Бас догшин газрын хад чулуу, уул, усыг нь хөндөх аюултай. Байгалийн ургамлыг ид сайхан цэцэглэж байх үед нь лусууд түүнд тачааж оршдог. Гэтэл тэр үед нь тастаж утгачихаар маш их догширч, хорлолоо илгээдэг. Лусын хорлолд өртсөн хүн өвдөж зовон, амь нас, эрүүл мэнд, ажил амьдралаараа хохироод явдаг. Лус байдгийг үгүйсгэчихсэн хүмүүс лусад хорлогдчихлоо гэж санах ч үгүй. Мөн ус бохирдуулах, гол горхины голдирлыг өөрчлөхөд хүртэл лус дургүй. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ аливаа байгалийн усанд орвол түүнээс шалтгаалсан маш аюултай архаг өвчин, хавдар үүсэж, үхэж үрэгдэхийг мэдэх хэрэгтэй. Түүнээс өөрөө ч болгоомжилж, үр хүүхдэдээ хэлж үлдээх нь тустай. Шуналаасаа болж алт, эрдэнэсийг ухаж, байгалийн унаган төрхийг нь өөрчилж лусыг догшруулдаг болжээ. Ер нь алт эрдэнэс, байгалийн баялгийг хувиараа буюу хэдхэн хүн идэж ашиглана гэдэг онцгүй л зүйл юм. Алт эрдэнэс чинь нийт хүмүүсийн буян, амны хишигт бий болдог эд агуурс. Лус савдгийг догшруулаад байвал эргээд бид ган гачиг, зуд, бороо ус, мөндөр гээд байгалийн аюулт үзэгдэл, үхэл хагацал зэрэг гай гамшгуудыг эдэлнэ.
-Лус савдгаа аргадаж хур бороо оруулах зан үйлийг хийдэг. Энэ тохиолдолд лус тусалдаг байх нь ээ?
-Лус их тунимхай. Ууртай догшин. Лусад хэрэгтэй балин, лүд, шаардлагатай эд зүйлсийг нь өгч ном уншлагыг нь үйлдвэл салхи шуурга, ган гачиг, зуд, байгалийн аюул гарахгүй, хур бороо оруулаад тусалдаг.
-Лустай зөв харьцах талаар мэдээлэл өгөх, лусыг аргадах тал дээр Монголын бурхны шашны тэргүүнүүд ямар үйл ажиллагааг явуулж байгаа бол?
-Манба Дацан хийдэд лусын хорлолтой, өвчин эмгэгтэй хүмүүст болон хүмүүсийг лус савдгийн хорлолд хорлогдохгүй байх талаас нь нэлээд чухал гүрэм, засал хийж тусалж байна. Бурхны шашны тэргүүнүүдийн зүгээс нийтээрээ хийгээд байгаа юм ховорхон л байх шиг байна. Уул овоо тахих хэмжээний л юм хийгээд байна. Түүнээс биш лусын хорлолоор шаналж байгаа хүмүүст тусалж, тэдэнд зөв, тустай мэдээлэл хүргэж байгаа зүйл ажиглагдахгүй байна.
-Лусыг яаж аргадаж, додомдох ёстой вэ. Үүнийг зөвхөн тусгай гүрэм засалд суралцсан хүн л хийх хэрэгтэй юу?
-Зурхай сайн мэддэг, амьтны тусад үнэхээр чин ариун бодь сэтгэлээр мэргэ төлгө тавьдаг эрдэмтэй лам нараас асуугаад, лусын хорлол гэдгийг мэдсэний үндсэн дээр засал хийлгэдэг байсан. Одоо бол хэлний чөтгөр шүглэсэн худал мэргэчид олон болсон байна. Тийм хүмүүсийг их мэргэн түргэн гэж бодоод байна л даа. Тийм биш. Мэргэ тавихдаа амьтны тусад тавихаас биш амин хувийн эрх ашгийн үүднээс хэзээ ч тавьдаггүй. Худал ярьдаг, муу гэг, тотгор, адтай нөхөрлөсөн хүмүүс хэзээ ч мэргэ тавьж болохгүй. Сүүлийн үед хэлний чөтгөртэй, адтай нийлчхээд хүний толгойг эргүүлж, хүний амьдралд дарамт үүсгэдэг үзмэрч, мэргэч, зөн билигт нөхөд олон болжээ. Жинхэнэ сайн эрдэмтэй лам нар л гүрэм номоор лусын хорлолыг засна. Тухайн хүнээс өвчин зовлон, хорлогчдыг зайлуулаад золигт нь шингээгээд түүнийг лус, ад, хорлогчдод өгөөд тухайн хүнээ хамгаалж авч үлддэг. Түүнээс биш зүгээр нэг ад тотгор, чөтгөр шүглэсэн нөхөд засаж чадахгүй. Тиймээс энэ номын үйлийг нэлээн ном буянтай, мэргэшсэн, дадлага туршлагатай лам хуврагууд хийдэг.
-Лусын гаралтай бүлэг өвчин уламжлалт анагаах ухаанд бий гэсэн шүү дээ. Эдгээр өвчний шинж тэмдэг яаж илэрдэг вэ. Ямар нэгэн онцгой шинж байх уу?
-Уламжлалтын эмч нар өвдсөн хүмүүсийн шээс, судас, хэл оношилгоогоор шинжилдэг нарийн онол шүнтэй. Тэр дагуу шинжлэхэд шээсэнд нь лусын хорлолын шинж тэмдэг гардаг. Шээсэн дээр хорлосон лусын хэлбэр дүрс нь хүртэл гардаг. Лусын хорлолын цөөн хувь нь гэнэт үүсдэг, маш архаг явцтай, хүчтэй өвдөлт өгдөг. Амь насанд нь хүрдэг өвчнүүд ч бий. Эсвэл маш олон төрлийн өвчнийг архагшуулдаг. Уламжлалт анагаах ухаанд лусын адын өвчин гэж бүлэг өвчнүүдийг авч үзсэн байдаг. Энэ бүлэгт лусын адаар хорлогддог 18 төрөл зүйлийн өвчнүүд багтдаг. Арьсны хулгана яр, гөвдрүү, шарх, арьс цайрах, псироз гэх мэт өвчнүүд, цул, сав эрхтэн, арьс мах, яс, харшил, хавдар, шамбарам хүртэл лустай холбоотой юм билээ. Элэг, бөөр, уушги, зүрхний зарим өвчнүүд цаанаа лустай холбогдсон бол сайн эм тариа хийсэн ч архагшиж, эдгэрэлт муутай байсаар аминд хүрдэг аюултай. Лус нян, бактери, вирусийг тараадаг. Лус онилсон хүнээ алдахгүйн тухайд тэр хүнийхээ биед хорлолоо үүсгэнэ. Тэр даруйд гүрэм хийвэл амархан зайлна. Харин бие, сэтгэлд нь нөлөөлөөд ус сүү хоёр нийлсэн адил болж архагшвал нэг удаагийн гүрэм заслаар арилахгүйд хүрнэ. Олон удаагийн хүчтэй гүрэм хийж байж хорлолыг гаргах тохиолдол ч байна. Хүний эрхтэн тус бүрийг хамаарч хорлодог лусууд байна. Лусаас шалтгаалсан өвчин эмгэгийг эмчилсэн, тусалсан хүмүүсийг лус мөн хорлодог. Тиймээс ч олон жил нэг эрхтэн системийг эмчилсэн эмч тэр өвчнөөрөө өвдөж, зовох магадлал өндөртэй байдаг. Яагаад гэвэл ад тотгор, хорлогчид өвчлүүлсэн эрхтнийг нь эдгээгээд байгаа эмч рүү онилдог. Аливаа ад, гэг тотгор, гараг од зэрэг олон муу хорлогч хүчин зүйлээс шалтгаалсан өвчин эмгэг, зовлонг эдгээж эмчилсэн эмч, гүрэм засал хийж тусалсан лам нарыг уг ад хорлогч хорлодог учраас өөрийгөө хамгаалах чадвартай байж хүний өвчин зовлонг эмчилж эдгээнэ. Тэр утгаараа эмч нар өөрсдийгөө гаднын хорлолоос хамгаалах чадалтай байх ёстой. Егүзэрүүд болон бодь сэтгэлтэн гэг тотгор, ад, лусын хорлолд хорлогдохгүй ээ.
-Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт лусын өвчнийг маш сайн эмчилдэг шүү дээ. Үр дүнгээсээ хуваалцахгүй юу?
-Арьсны архаг өвчтэй, эсвэл дөнгөж өвчин нь эхэлж байгаа хүмүүсийн өвчин нь лусын гаралтай гэдгийг мэдвэл эмийн эмчилгээнээс гадна гүрэм заслыг хийснээр өвчин маш хурдан эдгэдэг. Сэтгэцийн өвчин, зүрх судас, эмэгтэйчүүд, бөөр, үе мөчний, арьсны, хэрэх зэрэг өвлөлүүдэд лус савдгийн нөлөөлөл их байдаг.
-Маш олон хүнийг эмчилсэн байх. Тэдгээр хүмүүсээс “Би лусад хорлогдоод өвдчихлөө” гэж мэдэж ирдэг нь цөөхөн байхдаа?
-Зарим хүмүүс бодитой юм ярьж ирдэг. Би яг ийм газар нутагт очоод өвдөж эхэлсэн, тэр гол нуурт ороод өвчин эхэлсэн гээд хэлдэг л дээ. Ийм бодитой зүйл ярьж ирдэг хүмүүс бий. Зарим нь зүүд зөнд нь хорлогч лусын дүр төрх харагддаг, лусад хорлогджээ гэдгээ мэдэрдэг хүмүүс бас байна. Өрнийн анагаах ухаанд оношилж чадахгүй адын, лусын гаралтай олон өвчин бий. Энэ замбуулингийн дөрвөн зүг, найман зовхис, дээшээ доошоо арван зүг чиглэлд лусууд жил сарыг даган байршиж байдаг. Лусын идэвхжих, унтах цаг гэж бас бий. Лусууд өвлийн сүүл сард унтдаг. Тэр үед лусын хорлол гарахгүй гэсэн ном бий. Бусад үед бол байнга идэвхтэй оршин байдаг.
-Нян, бактери, вирусийг лус тараадаг гэж хэлсэн. Сүүлийн үед вирусийн гаралтай ханиад их гарч байгаа нь лустай холбоотой байж болох уу?
-Байгалийн олон сая эд эс, элементүүд хэвийн хэмжээнд оршин тогтнож байх нь хүний эрүүл мэндэд тустай байдаг. Гэтэл бид механикаар агаарыг бохирдуулах, хог шатааж хортой хий гаргах зэрэгт лус найман аймгийн лусууд хилэгнэж, нян, бактери, вирусийг тараагаад, тэр нь эзэн эзнээ олоод хорлодог. Лус, савдаг буян, хийморь лундаа дорой, тарни ном уншдаггүй, буруу үзэл, хүсэл тачаал, уур хилэн, мунхаг ихтэй, лусыг догшруулсан, өөрийгөө хамгаалах сахиусгүй хэн нэгнийг хамгийн түрүүнд хорлодог. Буянтай, дээдийн ном, хоосон чанар, нинж, асралын сэтгэл төгөлдөр, тарни, ном уншлага уншдаг, сахиустай, зөв сэтгэл, зөв явдалтай байвал хорлож чадахгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд