Цахим суваг:-

ОМИС-ийн багш П.Мөнхсайхан: Сургуульдаа багшаар үлдэн ажиллаж байна

13

Булганаас ирсэн тэрээр бие жижиг ч бэлчээр том нөхөр байгаа юм. Сагс, волейвол, даамын тэмцээнүүд, урлагийн үзлэг, оюутны эрдэм шинжилгээний хуралд тогтмол оролцож, амжилт үзүүлнэ. Зарим нэгээс нь тодруулбал, II курстээ сургуулийн шилдэг оюутан, 2004 оны төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн эзэн, 2024 оны Эрдмийн хонх монгол оюутны Тэргүүн дээд шагнал анагаахын салбарын “Шилдэг оюутан”, “Өв соёлоо хүндлэн дээдэлье, босоо монгол бичигтэн” тэмцээний цэвэр бичигтэн гээд л. ОМИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хуралд:

-“Саримсны тосон эм бэлдмэл” сэдвээр 2-р байр,

- “Нагцур 3 амны бэлдмэл” сэдвээр 2-р байр

- УАУ-ы эрдэм шинжилгээний хуралд “Эмэгтэйчүүдийн цус бүрэлдэх өвчний эмчилгээ” сэдвээр тэргүүн байрыг тус тус эзэлсэн юм. Сэтгүүлчийн хувиар Захирлын нэрэмжит шагнал болох Шилдгийн шилдэг оюутан болоход яриа авч байсан бол энэ удаах нь байлаа. 

 

 - Багшийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрч байна даа. Оюутан, ажилтан хоёрын ялгаа мэдрэгдээд эхэлчихсэн үү?

-Манай сургуулийн нэг онцлог нь нэгдүгээр курсээсээ л бааз байгууллагууддаа дадлагат гардаг. Онол, практик хосолдог болохоор Оточ Манрамба сургууль, Манба Дацан эмнэлэг, эмийн үйлдвэр маань хэдийнэ дасал болсон юм. Гэхдээ бодсоноос өөр байна шүү. Хариуцлага нуруун дээр биш бүүр толгой дээр гараад “суучих" шиг санагдаж байна. /инээв/ Би сая УАУ-ы хүний их эмчээр төгссөн хүн. Бас багш болж байна. Аль аль салбарт нь хариуцлага өндөр байх ёстой учраас сандарч байгаагаа нуугаад яах вэ. Ажлын анхны өдөр хөөрхөн сандраад авлаа. Дашдулам, Мөнхжаргал багш нар маань зөвлөн туслаад өнөөдрөөс хэмнэлдээ орж байна. Энэ удаад би элсэлтийн бүртгэл дээр сууж байгаа юм. УАУ-ы эмч, сувилагч, эмзүйч  мэргэжлээр суралцахаар сонгоод ирж байгаа хүүхдүүдийн хувьд ОМИС-ийг төлөөлөн хамгийн түрүүнд уулзаж, зөвлөгөө өгч байгаа хүн учраас хариуцлагыг биеэр мэдрээд л сууж байна даа.

-Сая сургуулиа ямар амжилттай төгсөв?

- ОМИС-ийг 2024-2025 оны хичээлийн жилд магистр, бакалаврын хос дипломтой төгслөө. Тодруулбал, 3,8 голчтой буюу магистр, бакалаврын улаан дипломтой төгссөндөө баяртай байгаа.

-Мөн энэ жилийн Шилдэг төгсөгч байгаа, тийм ээ. Ингэхэд оюутны хөгжилтэй амьдралаас яриач. Одоо бол дурсамж болж үлдлээ дээ.

-Зургаан жилийн хугацаанд янз янзын л юм болно. Шумууланд хазуулчихаад, харшил гэж бодоод хээрийн дадлагатаа явж чадахгүй үлдчихээд, дараа нь харамсах жишээний. Дурсамж гэдэг жижиг зүйлээс эхэлдэг. Эхний жилдээ хотын хүүхдүүд хээрийн дадлагат явах хэцүү гэж боддог. Харин биеэр туулаад ирэхээр хамгийн нандин гоё  дурсамж тэнд л байдаг юм шүү дээ. Бүүр яваандаа явмаар санагдана гээч. Нэгдүгээр курсээ төгсөөд 35-уулаа дадлагат явдаг юм. Тэгсэн замд бороо орж машин суугаад эхэлсэн. Түүнээс хойш гурван өдөр бороо орж билээ. Тэгээд охидоо буцаагаад бид үлдсэн. Сүүлдээ байгалийн сайханд бороонд байх нь илүү гоё санагдсан. Хичээлээ бататгана, найзуудтайгаа дотносно. Нөгөө талаас “Даваад гарсан даа” гэх мэдрэмж. Тэр бас гоё л доо. Хүн хамтын хөдөлмөр, нийгмийн харилцаанд орж байж илүү ихийг сурдаг. Ганцаараа биш олуулаа байж амжилтанд хүрдэгийг энэчлэн манай сургуулийн олон дадлагын жишээнээс харж болно.

-Яагаад Уламжлалтын эмч болъё гэж шийдсэн юм бэ?

-Тэр жил аймагтаа эхний зургаад жагсаад ШУТИС-ийн Дулааны инженерийн ангийн урилга авч байлаа. Гэхдээ нэг жил өнжиж таарсан. Сонин шүү, өвөө намайг нэг бол лам, эсвэл эмч болоорой гэж захисан юм. Хэдийгээр намайг зургаатайд бурхан болсон ч ээжид хэлсэн юм билээ. Ингээд өнжсөн тэр жил номын багшдаа шавь орсон. Тухайн үедээ өвөөгийн захиасыг биелүүлэх гээд лам болох гээд явж байна даа л гэж бодсон. Тэгсэн манай нэг 10 жилийн хүүхэд ОМИС-д сурдаг байж таарсан. Өнөөх маань “Чи ороод ирээч, манай сургууль гоё ш дээ” гэж хэлсэн. Ингээд эргэлзэлгүй шууд элсэн орсон. Сэтгэлийн гүнд үлдсэн өвөөгийн захиас. Яагаад хоёуланг нь болж болохгүй гэх бодол намайг дийлсэн л дээ. Хуучин цагт маарамбууд тийм л байсан шүү дээ гэж зориод ирсэн болохоор шантрах зүйл гараагүй, энэ зургаан жилд.

-Өвөө нь маарамба байсан юм уу?

-Үгүй, үгүй. Амьдралдаа огтонын хамраас цус ч гаргаж үзээгүй, номын мөр хөөсөн хүн. Дэлхийн II дайны үеэр Лхагвасүрэн жанжны бичээчээр явж байсан гэдэг. Дараа нь шинэ бичиг үсэгт шилжихэд бичиг үсэг дэлгэрүүлэх эхний таван хүний нэг явсан. Бидний сайн мэдэхээр “Шинэ үсгийн багш” гэх юм уу. Бичиг үсгийн боловсролтой хүн байлаа. Өвөөгийн алсыг харсан захиас өнөөдөр намайг амьдралд хөтөлжээ. УАУ дэлгэрэх цаг ирнэ гэдгийг өвөө маань олоод харчихсан байж гэж баярладаг.

Ээж маань өвөөгөөс өөрцгүй ухаантай эмэгтэй бий. Би чинь ихэр л дээ. Биднийг сургуульд ороогүй байхад л үсэг тоо заана. Өөрийн чадах хэмжээний гэрийн ажлыг хийлгэнэ. Тэгээд орой “За өдрийн хийсэн ажлаа бичээд ир, шагнана аа” гэдэг байлаа. “Аргал  түүв, аяга угаав” гээд хазгай мурий, зөв буруу бичиж өгнө өө. /инээв/ Өвөө, ээж хоёр бидний суурь хүмүүжлийг зөв зүйлд чиглүүлсэн улс байгаа юм. 

-Ихэр нь ямар мэргэжилтэй вэ?

-Манай ихэр эмэгтэй. Хүмүүнлэгийн их сургуулийг олон улсын харилцаагаар төгсөөд одоо Японд сурдаг.

-Аль аймгаас ирлээ.

-Булган аймгийн Сайхан сум.

-Айрагны нутаг байх нь?

-Айраг, адуугаар алдартай нутаг даа. Оюутан болтлоо нутагтаа амьдарсан. Сүүлийн жилүүдэд тэр бүр очиж амжихгүй л явна.

-Номын багшийнхаа тухай яриач?

-Багш маань Архангай аймгийн Өлзийт сумын Алтанзуу хийдийн хамба лам М.Бат-Орших гэж хүн бий. 16-тай анх шавь орж байлаа. Багшийн маань буян их бий. 

-Улаан дипломтой хүүгээ, шавийгаа төгсөхөд хамгийн их баярласан байх даа.

-Тэгэлгүй яахав. Багшийн үг цөөхөн атлаа маш үнэ цэнтэй. Тэр тусмаа урмын үг. Болохгүй бол надтай уулзана л даа. Сая сургуулиа төгсөхөд “Хүний амьтай тулах хариуцлагатай алхмыг хийлээ. Ажлын гараанд нь амжилт хүсье. Миний хүү мундаг байлаа” гэж хэлэхэд дотор сонин болоод ирсэн. Би багшийгаа машид хүндэлдэг. Мундаг шүү гэдэг үгний ард “Би илүү сурах хэрэгтэй. Хөөрч байгаад хүний аминд хүрчих вий” гэж бодогдсон. Мэдлэг гэдэг хязгааргүй. Хүний оюун ухаан гэдэг барагдашгүй. Мэдээж ээж маань маш их баярлаж байгаа. Уйлаад л байна лээ.

-Баярын нулимс?

-Тийм ээ, баярын нулимс. Би чинь ээжийн амь хүүхэд байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

- Өвөг дээдсээс уламжлан ирсэн энэ анагаах ухааныг бидэнд түүчээлэн хүргэж байгаа багш нартаа баярлалаа. Энэ анагаах ухааныг орчин үед нь түгээж байгаа сургуулийн хамт олондоо баярлалаа. УАУ-ыг түгээн дэлгэрүүлэх түүхийн нэгэн хэсэг болж байгаадаа өөртөө ч баярлалаа.

 

 П.Ундраа 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай