10
Одоогоос зургаан жилийн өмнө Амарбаясгалант хийдээс нэгэн шавилхан хүү ирсэн нь өнөөдрийн УАУ-ы их эмч О.Чулуунтулга юм. Бага наснаас Дээдийн номыг шимтэн үзсэн тэрээр “Сургуульд сурна гэдэг их өөр орчинд орно гэдгээ мэдэж байсан. Гэхдээ хичээлийн эхний өдөр эмчийн хувцас халадаа өмсөөд нээлтэнд ирэхдээ маш их догдолсон” хэмээн шинэхэн оюутны хувиар сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Харин өнөөдөр шинэхэн эмч ийнхүү ярьж байна.
- ОМИС-д элсэн орсноос хойш зургаан жил өнгөрчээ. Яг энэ мөчид юу бодогдож байх юм бэ?
- Энэ зургаан жилийн хугацаанд хичээлд ирэхдээ өглөө бүр дацангийнхаа урд талын хүрдийг эргүүлж, орой мөн эргүүлсээр харьдаг байлаа. Сонсоход зургаан жил гэдэг урт юм шиг атал бидний хувьд маш хурдан өнгөрчээ. Өнөөдөр номын ёсыг үзээд оюутны ширээний араас гарч буйдаа туйлын их баяртай байна. Тод санаж байна, 2019 оны 9-р сарын 2-ны даваа гарагийг. Тэр өдөр хичээлийн жилийн нээлт болсон юм. Өмнөх өдөр нь Оюутны албаны Мянганмаа багш “Миний хүү элсэгчдийн төлөөлөл болж, сэтгэгдлээ хэлнэ шүү” гэж залгасан. Тэр шөнө лав унтаагүй ээ. /инээв/ Маргааш нь маш их тэвдсэн тэгсэнээ бас догдолсон хүн индрээс үг хэлж байлаа. Харин өнөөдөр ахин төгсөгчдөө төлөөлөн үг хэллээ. Тэр үеийг бодоход сандрал багасчээ. Жил бүрийн хонхны баяраар шилдэг төгсөгчдийг хараад би ч онц сураад, ингэж индрээс үг хэлнэ гэж өөртөө амласан. Өнөөдөр амлалтандаа хүрлээ.
- Хувь хүний хувьд ямар өөрчлөлтүүд гарсан байна вэ?
- Өөрчлөлт маш их гарсан. Учир нь бид дээдийн ном үздэг. Нэгдүгээр курсээсээ Бурханы сургааль, төвөд хэл, Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх хичээлийг ордог болохоор хувь хүний мөн чанарыг маш ихээр өөрчилдөг. Би чинь бас л хэнэггүй, үг авдаггүй нөхөр оюутан болохоор ирж байлаа шүү дээ. Гэтэл 9-р сарын 2-ны өдрийн гэрийн даалгавраар л “Би чөлөөтэй яваад байж болохгүй юм байна” гэдгийг бодож эхэлсэн. Харин гэрийн даалгавраа дутуу хийгээд 0,1 оноо хасагдахад “Хичээх хэрэгтэй”-г ойлгосон. Тэгээд төвөд хэл дээр 99,5 хувийн үнэлгээ авчихаад “Багш аа би юун дээр алдаад, 0,5 оноо авч байгаа юм бэ” гэж асуухад “Хоёр удаагийн гэрийн даалгавар хийгээгүй” гэсэн үгнээс өдөр бүрийн шамдал хэрэгтэй, дадал болгох хүртэл хичээх ёстойгоо ойлгосон доо. Өнөөдөр түүнийхээ ачаар 3,8 голчтой, бакалавр, магистрын улаан дипломтой төгсч байна. Яг энэ мөчид энэ хүртэл тусалж дэмжсэн ээждээ, Орхонсайхан ахдаа, Амарбаясгалант хийдийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье.
- Амарбаясгалант хийдэд шавилан сууж байсан, тийм ээ?
- Тийм ээ, 2007 оноос Амарбаясгалант хийддээ шавилан суусан. Тэр нэг өдөр буюу 2018 оны 5-р сарын 25 байна уу 26-ны өдөр шиг санагдана. Манай хийдэд Г.Одонцэцэг захирал ирж хурлын завсарлагаанаар үзлэг хийж, лекц уншсан. Тэр орой нь би ээж, Швейцарьт байгаа ах руугаа ярьж, Уламжлалт анагаах ухааны эмч болмоор байгаагаа хэлсэн. Ямартаа ч гэр бүлийн хурлаар оюутан болохыг зөвшөөрсөн. /инээв/ Ингээд 2018 оны 8 сард ОМИС дээр ирж уулзахад ЭЕШ-ын оноотой байх ёстойг хэллээ. 14,15 жил хийдэд шавилан суусан би ЭЕШ-ын тухай мэдээлэл хомсхон байсан хэрэг л дээ. Ингээд тэр жилээ суралцаж, нэг сарын хугацаанд хими, биологи, монгол хэлний хичээлээр бэлдсэн. Тэгэхэд Дархан-Уул аймгийн биологийн багш, Сэлэнгэ аймгийн Гавьяат багш химийн Дуламсүрэн багш нар маань 100 хувь гардан бэлдэж өгсөн. Энэ дашрамд эрхэм багш нартаа баярлалаа. Ингэж 2019 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ЭЕШ-ын бүртгэлээ хийлгээд албан ёсоор тэнцээд орж байлаа.
- Яриа маань өндөрлөж байна. ОМИС-ийн оюутан дүү нартаа юу гэж аминчлан захих вэ?
- Манай сургууль бол журам, зарчим бас дахин журам, зарчим. Дотоод журмыг маш сайн шаарддаг, бас мөрддөг. Дээдийн номыг сурахад хүч хөдөлмөр, өөрийн шамдал юунаас илүү чухал шүү. Миний саяны ярьсан 0,5 онооны жишээнээс харж байгаа биз ээ. Маш бага мэт энэ оноог ч авахын тулд гэрийн даалгавраа сайн хийх хэрэгтэй. Хичээл зүтгэлийн ард ямагт амжилт байдаг. Энэ жилээс сайхан боломж нээгдэж байна. Бакалавр, Магистрын нэгдмэл хөтөлбөрөөр төгсөхийн тулд дүү нарын маань голч оноо өндөр байх хэрэгтэй, хичээгээрэй. Энд нэмэхэд, цагийн менежмэнтийн зөв хийгээрэй. Курс ахих тусам хичээл нэмэгдэнэ. Тэр хэрээр амралт чөлөөт цаг маань багасдаг учраас бага курстээ анги хамт олноор гоё дурсамжийг бүтээх хэрэгтэй шүү гэж хэлье дээ.
Ярилцсанд баярлалаа.
П.УНДРАА