Цахим суваг:-

2025 оны төгсөгч Х.Хаш-эрдэнэ: Тангараг өргөх мөчид хариуцлага яг л зүрхний “гол судсыг барьчихсан” мэт мэдрэмж төрсөн

10

 

Энэ өдөр Хүний их эмчийн хөтөлбөрийн 24, Сувилахуйн хөтөлбөрийн 11 дэх удаагийн төгсөлт болж байна. Тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр 2025 оны төгсөгч, Хүний их эмч Х.Хаш-Эрдэнийн баярын сэтгэгдлийг хуваалцлаа. Түүний баяр дээр баяр нэмж бяцхан хүү нь аавтайгаа ижилсэн гоёсон нь өхөөрдөм юм. 

 

- Шинэхэн эмч танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцана уу?

- Баярлалаа. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хамт байсан аав ээж, ах дүүс, ачит багш нартаа болон Оточ Манрамба их сургуулийн нийт ажилтан хамт олонд баярлалаа. Амсхийх завгүй шахам энэ жилүүдэд их юм сурлаа, олон ч бэрхшээлийн ард гарлаа. Энэ хугацаанд нэг нэгнээ хурцалж, нууцгүй хэлэхэд нэгийгээ давах, бусдаас дутахгүй гэх шар хор юу эс байв аа. /инээв/ Нэг л мэдэхэд зургаан жил ард үлдэж, өнөөдөр 28-уулаа энэ сайхан өдрийг хамт угтаж, хамт баярлаж байгаадаа маш их баяртай байна.

- Шалгуур өндөр юм аа. Анх чинь нэлээн олуулаа байсан санагдана.

- Шалгуур өндөр, өндөр. Нэгдүгээр курст ороод төвөд хэл үзэж, Га үсэг заагаад эхлэхэд л шантарч эхэлсэн. /инээв/ Энэ мэт шандас шалгасан өдрүүд олон байсан ч аав ээжийн “Чи чадна аа, чи шийдчихсэн шүү дээ” гэх итгэл тээсэн урмын үгс дараа дараагийн замыг чиглүүлж өгсөн. Тэр тоолонд би урам авч, өөрийгөө хурцалдаг байлаа.

- ОМИС-ийн онцлогийг юу гэж хэлэх вэ?

- Олон онцлогтой. Дунд сургуулийн ширээнээс олны хөл холхисон хотод ирсэн бидэнд хийж үзмээр юм их байлаа. Хот үзье, зугаалъя, талбай оръё гээд найз нар дуудна аа. Гэхдээ надад тийм зав байгаагүй. Хичээлийн анхны өдрөөс л төвөд үсгээ цээжилж, бичиж сурчих гээд шөнөжин суудаг байлаа. Лав нэгдүгээр курсийн эхний 7 хоног улаан нүдтэй, нойр дутуу нөхөр явснаа тод санаж байна. Би ээж аавынхаа хөлсөө дуслуулж олсон мөнгийг дэмий үрчихгүйн тулд хичээх хэрэгтэй л гэж бодсон. Ингээд курс ахихад өөртөө таарсан, чадвараа сайжруулаад зогсохгүй цалин авч ажиллах боломжтой болж эхэлсэн. Бид чинь II курсээсээ эмнэлэгт дадлага гардаг учраас толгой хүзүүн болоод бүтэн биеийн бариа, жамзи, нируха зэрэг эмчилгээ сурдаг. Тиймээс энэ чиглэлээр мэргэжлийн эмчийн удирдлаганд ажиллах боломжтой болж байгаа юм. Тэгээд зуны амралтаараа сургалтын төлбөрөө болгочихно. Харин төрийн сангаас зээл авдаг хүүхдүүд бол машины мөнгө цуглуулах жишээний.

ОМИС-ийн хичээл нь онол практик, онол практик гэсэн зарчмаар явдаг. Яг уламжлалт сургалтын жүд дамжлагаар төвөд хэл дээр хичээлээ үздэг нь том давуу тал. Хувь хүнээс чадвар, хичээл зүтгэл маш их шаардана л даа. Нөгөө талаас ёс зүй, энэрэхүйн тал дээр маш их юм сургадаг. Энэ ч бас бусад сургуулиас ялгарах давуу тал юм. Өнөөдөр сайн сурах чухал, сайн хүн болох нь түүнээс чухал тухай ярьдаг шүү дээ. Тэгвэл сайн хүн болох ухаан манай сургуулийн номонд бий.

Өнөө жилийн тухайд бол Бакалавр, Магистрын нэгдмэл хөтөлбөрийн анхны төгсөгчид болж байгаа маань ч бас нэг онцлог юм даа. Найзууддаа харуулах юмтай, гоё төгсч байна.

- Эмч болох багын мөрөөдөл байв уу. Яагаад Оточ Манрамба байсан юм бэ?

- Багадаа цэрэг цагдаагийн хүн болно л гэж боддог байсан. Харин 12-р ангид орох жилээ анагаахын чиглэлээр суралцахаар шийдсэн. Энэ тухай ээжтэйгээ зөвлөлдсөн л дөө. Ээж маань Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчим эмчилгээний тасгийн ахлах сувилагч хүн бий. Эрүүл мэндийн салбарт ажилладаг учраас энд юу дутагдалтай, юу хэрэгтэй байна гэдэг талаас илүү нарийн зөвлөсөн л дөө. Нөгөө талаас  манай аймгийн төгсөх ангийнхны дунд “Оюутны мөрөөдөл” гэж аян явдаг. Сонгох мэргэжлээрээ дадлагат гаргадаг байсан юм. Тэр дагуу би аймгийн Нэгдсэн эмнэлгийн уламжлалтын Анхбаяр эмчийн удирдлаган дор дадлагат гарч таарсан. ОМИС-ийн 2008 билүү 2008 оны төгсөгч юм байна лээ. Энд зүү тавих, судас барихыг харсан. Эндээс судас барих нь маш их таалагдсан. Ямар ч тоног төхөөрөмжгүйгээр судсаар оношилж, эмчилнэ гэдэг ид шид мэт санагдсан. Ингээд Уламжлалтын эмч болъё гэж гэж шийдсэн. Харин сургуулиа сонгоход өөрийн хэмжээнд хөөрхөн судалж үзсээн. Уламжлалтын номер нэг сургууль гэхэд Оточ Манрамба гэсэн маш олон сэтгэгдлийг уншсан. Ингээд эргэлзээгүйгээр ОМИС-ийг сонгосон доо. Юм гэдэг сонин шүү. Саяхан манайхны ургийн баяр болсон ээж аавын талд оточ нар байсан тухай ярьцгаасан. Хэлмэгдүүлэлтийн хүнд үеэс болоод ил ярьдаггүй байсан юм билээ. Бас нэг уламжилж ирсэн судар байдаг тухай эмээгээсээ мэдсэн. Эмээгийн ах “Чи оточийн удамтай хүн шүү” гэж хэлсэн. Магадгүй өвөг дээдсийн үйл хэрэг намайг ийш хөтөлсөн ч юм билүү гэж бодогдсон.

-Сая эмчийн тангараг өргөлөө. Ер нь нулимс ойрхон байв уу?

-Ёстой нулимс ойрхон мөч байдаг юм байна. Юу эс бодогдов оо. Ээж маань анх оюутан болоход УАУ бол ирээдүйд илүү дэлгэрнэ гэж хэлж байсан бол өнөөдөр нутаг орондоо УАУ-ыг дэлгэрүүлж, зон олонтойгоо хамтран ажиллаж, хүн ардыг эмчилж анагааж яваарай гэж захисныг ч саналаа. /инээв/  Нэг тийм баяртай атлаа хариуцлага хоолой “бариад”, үгүй ээ бүүр зүрхний гол судсыг барьчихсан мэт мэдрэмж төрсөн. Би хүн аварна, би эмчилнэ. Хүний итгэлийг алдаж болохгүй. Өөрийн бүх сэтгэл зүрхээ зориулан эмчлэх ёстой шүү гэж Төрийн далбаа, найман Манла бурхад, анагаах ухааны Шанлан, Дамжан сахиустаа залбирлаа. Би одоо тангараг өргөсөн эмч. Тиймээс илүү ихийг суралцана.

-Маргааш юу хийх бол оо?

-Амсхийнэ дээ. Сүүлийн нэг жил шалгалт шүүлэг дипломын ажил гээд гэр бүлдээ маш бага цаг гаргасан. Тэрийгээ нөхнө өө. /инээв/  Мэдээж эмчийн ажлаа хийнэ. Ахин суралцана. Дараа нь нутагтаа буюу зүүн гурван аймагт УАУ-ыг хөгжүүлэх ажилд гар бие оролцоно доо.

-Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа.

Оточ Манрамба их сургуулийн эрдэмтэн багш нар 24 жил /Оточ Манрамба сургууль нь 1991 онд байгуулагдсан юм/-ийн туршид Тангараг өргөсөн шинэхэн эмч нараа амьдралын их далайд ерөөл талбин, сэтгэлийн сүүн цацал өргөн үдсээр.

 

П.УНДРАА 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай