640
2023.01.04
Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн 5-р курсийн оюутнуудад “Нялх, бага насны хүүхдийн хооллолт, зөвлөгөө” сэдэвт нээлттэй хичээлийг АУ-ы магистр, клиникийн профессор Ц.Ганцэцэг багш орлоо. Хичээлийн хүрээнд оюутнууд маань нярай, бага насны хүүхэдтэй ээжүүдэд болон 6 сараас дээш хүүхдэд тохиромжтой хоол тэжээлийг бэлдэж ирсэн юм.
Тухайлбал, хоёр төрлийн баяжуулсан бантан, хоёр төрлийн хулууны зутан шөл, хуушуур, ашигтай бактеритай тараг, алимны нухаш, алимны шүүс, аарц, чацаргана, аяган бялуу, цөцгийтэй боорцог гэх мэт хүүхдийн насанд тохирсон, зохистой, шим тэжээлтэй, аюулгүй олон төрлийн хоол тэжээлийг бэлдэж иржээ.
Хичээлийн үеэр Ц.Ганцэцэг багшийн өгсөн зөвлөгөө, мэдээллийг хүргэе:
• Дөнгөж төрсөн ээж хэдий чинээ эрт хоолонд орно, төдий чинээ сүү сайн орно.
• Манай ээжүүдийн нэг дутагдал нь хүүхдээ өвдсөн үед нь хоолыг нь хорих, эсвэл өгөхөө болих, бага хэмжээгээр өгдөг. Энэ бол маш буруу. Хүүхдэд эрүүл болон өвчтэй үед хоолыг нь яг адилхан өгөх ёстой.
• Баяжуулсан бантангийн ногоог заавал жигнэх ёстой. Ингэж байж илчлэг чанар, амт нь алдагдахгүй.
• Бантанд өндөгний шарыг нь хийж баяжуулж болох бөгөөд уургаар баялаг тул хоол тэжээлийн дуталтай, жин багатай хүүхдүүдэд санал болгож байна. Одоо дан ганц мах, гурилыг хэрэглэхгүйгээр аль болох баяжуулсан бантан өгч байгаарай.
• Хүүхдэд өгч буй бантан өтгөн байх тусам шим тэжээл болно. Каш ч мөн адил. Халбаганд тогтохуйц хэмжээний өтгөн бантан илүү шимт тэжээлтэй байна.
• Нэмэгдэл хоолонд орсон цагаас хүүхдийн өтгөн үнэртэй, ямар хоол идэж байгаагаас шалтгаалаад өтгөний өнгө өөр байж болно, айж сандрах хэрэггүй.
• 6-7 сартай хүүхдэд зутан шөл өгнө. 8-с дээш сартай хүүхдэд байнга зутан шөл өгөөд байвал шүдний ургалт сайн явагдахгүй.
• 8-с дээш сартай хүүхдэд аль болох өөрийн гараар барьж зулгааж идэх хоол, гэрийн боорцог зэргийг өгөх хэрэгтэй. Шүд ургаад шүлс гоожоод эхэлсэн үед эдгээр хоол нь шүлсийг бас дарна.
• “Хүүхдийн шүлсний булчирхай нь хагарчхаж” гэдэг бол буруу ойлголт. Хэзээ ч тийм зүйл байхгүй. Хүүхдийн идэх сонирхол нь төрсөн учраас шүлс нь гоождог.
• Та хүүхдээ угжаар хөхүүлээд л байвал шүд ургалт хойшлогдоно гэсэн үг, тиймээс хүүхдийг аль болох өөрөөр нь бариулж хооллох хэрэгтэй. Үүнийг идэвхтэй хооллолт гэдэг.
• Хүүхдээ өвдөхөөс нь сэргийлж, хангалттай шим тэжээлтэй хоол өгөх ёстой. Хамгийн гол нь хүүхэд эрүүл байхдаа ямар байдаг гэдэг ойлголтыг мэдэж байх ёстой. Эрүүл хүүхэд ямар байдгийг мэдэж авснаар өвчин эмгэгт өртсөн ч эрт сэргийлж, эмчилгээ авахдаа хурдан байх болно.
• Хүүхэд хоол, нойр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд байхад л эрүүл өсөж хөгждөг.