922
· Дархлаагаа сайжруулахын тулд долоон тамираа бүгдийг нь тэтгэж төлжүүлж байх хэрэгтэй. Биеийн дархлааг сайжруулна гэдэг нь долоон тамир, тунгалаг цөвийн боловсролтыг сайн байлгах хэрэгтэй гэсэн үг. Тунгалаг цөвийн боловсролтыг сайн явуулахын тулд гурван галын илчээ мөн сайн байлгах хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс ус уугаад биеэ цэвэрлээд эрүүлжинэ гэж ярьдаг. Гэтэл ус их уух нь галын илчийг дарж, тамирын боловсролтыг муутгаж, дархлааг сулруулахаас гадна хаван өвчнийг үүсгэнэ. Тамир тэнхээ сайн байхын тулд цус, мах, өөх, яс, чөмөг, дуслыг шимжүүлдэг шимтэй хоол ундыг улирал, насандаа тохируулж, бас хэмжээг нь тохируулж хэрэглээрэй.
· Өвдөөгүй үедээ ч улирал, насныхаа байдалд тохируулан тусгай жорын дагуу найруулсан эм тангуудыг хэрэглэж дархлаа тамираа тэтгэн, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. “Мана-4”, “Норов-7”, “Шижид-6” зэрэг хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа, дархлаа сайжруулах үйлчилгээтэй эм тангууд бий. Тухайлбал, “Мана-4” буюу ард түмний дунд “Манийн уудаг Мана Шитан” хэмээн нэршсэн энэ тан гэхэд л 404 төрлийн өвчнийг анагаах чадалтай байдаг. Тиймээс биеийг шимжүүлж, дархлаа сайжруулах зорилгоор “Мана-4”, “Норов-7” танг улирал харгалзахгүйгээр, бүх насныхан ууж хэрэглэвэл сайн. Мана-4, Норов-7 танг өдөрт 1-2 удаа 12-с доош насны хүүхдэд 1 тунгаар, том хүнд 2 тунгаар усанд юмуу шимт ясны шөлөнд буцалган уугаарай.
· Сэтгэл санаагаа тайван байлгаж, айх эмээх зэргээр сэтгэлээ хямраахгүй байх нь чухал. Долоон тамирын хамгийн эцсийн тунгалаг буюу охь тунгалаг гэж бий. Энэ нь зүрхэнд байдаг тамир бөгөөд хоол тэжээлээр тэжээгдэхээс гадна хамгийн гол нь зөв сэтгэлээр тэжээгддэг. Хүн биеийн дархлаа буюу тамираа сайн байлгахын тулд их зөв сэтгэлтэй, уужуу амар амгалан байх хэрэгтэй. Охь тунгалаг нь гутрал, шаналал, буруу үзэл бодлоор барагдаж, доройтдог. Охь тунгалгийг сайжруулахын тулд өөдрөг, зөв сэтгэлтэй байж, сэтгэлдээ 84 мянган нисванисыг аль болохоор үүсгэхгүй байх хэрэгтэй.
· Уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээнд хэрэглэгддэг энгийн бөгөөд үр дүн өндөртэй эмчилгээний нэг бол дөрвөн толион бариа юм. Энэхүү бариаг 2 гарын алга, 2 хөлийн уланд шар тос, үрийн тосыг түрхээд илж, нухлан зөөлнөөр барина. Хийн бэлгэ чанарыг тосны эрдэм чадлаар дарж байгаа эмчилгээ юм. Гарын алга, хөлийн уланд хүний биеийн мэдрэл болон цусны судасны бүхий л төгсгөлүүд хуралддаг гэж үздэг. Тиймээс дөрвөн толион бэлчирт зөөлөн бариа хийж илснээр тэдгээр судасны үйл ажиллагааг идэвхжүүлэн сэргээж, хий болон цусны гүйдлийг сайжруулсанаар тархи мэдрэл, зүрх судасны үйл ажиллагааг дэмжин, тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулан, бие махбодыг төлжүүлж, сэтгэл санааг тайвшруулан дархлааг тэтгэдэг.
· Илчлэг шимтэй хоол унд идэж биеийн тамираа тэтгээрэй. Монгол орны байгаль, цаг уурын онцлог, хүний биеийн таван махбодын эрүүл, тэнцвэртэй байдлыг хангахуйц уламжлалт хоол хүнсийг хэрэглэж, хоол, ундаа ихдүүлэхгүй, багадуулахгүй хэмжээг нь тохируулж хэрэглэх, биеийг шимгүйжүүлж тэжээлийн дутагдалд оруулах, эсвэл өвчлүүлэх буруу хоол, унд хэрэглэхгүй гэсэн үндсэн хоёр зарчмыг сайтар баримтлах хэрэгтэй.
Тусгай найрлага бүхий дээдийн номын адистидтай утлагаар өөрийгөө болон орчин тойрноо ариусган утах, мөн Манла бурхны тарни, Цагаан шүхэртийн зүрхэн тарни, Дарь-Эхийн зүрхэн тарни, халдварт өвчнөөс сэргийлэх тусгай тарнийг тогтмол уншиж, буянд шамдаарай.
Манла бурхны тарни:
Дадята ум вэйхазаеэ вэйхазаеэ
Маха вэйхазаеэ вэйхазаеэ
Раза самуд гадэ суха
Халдварт томуугаас хамгаалах тарни:
Ум ало гарво шэса хум пад