
15
Оточ Манрамба Их Сургуулийн 2000 оны төгсөгч, АУ-ы доктор Н.Батсайханыг энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа урьж ярилцлаа.
-Сайн байна уу. Ярилцлагын эхэнд өөрийгөө уншигчдад товчхон танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг урьж ярилцсанд баярлалаа. Би Оточ Манрамба Их Сургуулийг 2000 онд төгссөн. Манай сургууль анх байгуулагдаад хоёр дахь удаагийн элсэлтээ авч байхад буюу 1995 онд элсэн орж, 2000 онд хоёр дахь төгсөлтийнх нь төгсөгч болж байлаа.
Сургуулиа төгсөөд тухайн үеийн Анагаах Ухааны Их Сургуульд, одоогийн АШУҮИС-д 2002 онд магистрын зэрэг хамгаалж, тус сургуулийн Морфологийн тэнхимд багшилж эхэлсэн. 2004 онд “Өндгөвчийг нь авсан амьтны зүрх, нүдний салсанд гарсан өөрчлөлтөд уламжлалт эм хэрэглэсэн дүн” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.
Энэ сэдэвтэй холбогдсон нь нэг сонирхолтой түүх бий. Бакалаврын дипломын ажлынхаа сэдвийг сонгох гэж байх үед Хамба лам Д.Нацагдорж багш маань “Өндгөвчний уйланхай өвчнийг монгол эмээр сайн эмчилдэг. Чи энэ чиглэлээр ажиллаж үзвэл яасан юм бэ” хэмээн зөвлөж байсан. Ингээд багшийнхаа зөвлөснөөр анхны эрдмийн ажлынхаа сэдвийг сонгож, улмаар бакалавр, магистр, докторын ажлаа энэ чиглэлээрээ гүнзгийрүүлэн хийсэн дээ.
2000-2007 оны хооронд АУИС-д багшилахын зэрэгцээ 2005 оноос давхар Эрүүл мэндийн яаманд ажиллаж байлаа. Дараа нь мэргэжил, мэдлэгээ улам дээшлүүлэх зорилгоор гэр бүлийн хамт Англи улсад суурьшин ажиллаж, амьдрах болсон. Тэнд Оксфорд Бруксийн Их Сургуульд биотехнологийн чиглэлээр суралцаж, магистрын зэрэг хамгаалсан. Судалгааны ажлынхаа хүрээнд эсийн ген, тэдгээрээс ялгарч буй уураг, түүнийг цэвэршүүлэн ялгах чиглэлээр түлхүү мэргэшиж ажилласан.
Мөн Оксфордын Их Сургуулийн молекулын анагаах ухааны Веэдерол институтд тодорхой хугацаанд ажиллаж, дараа нь Oxstem Limited компанид хэмээх эмийн судалгааны компанид ажилласан. Үүний дараа “Alternative Wellbeing” нэртэй эмнэлэг байгуулан үйл ажиллагаа явуулж байлаа. Мэдээж цаг үеийн нөхцөл байдал, тэр дундаа ковидын үе зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад ажил амьдралд янз бүрийн өөрчлөлт гарч байсан.
Үүний зэрэгцээ би оюутан ахуй цагаасаа уламжлалт анагаах ухааны эх сурвалж судлал, түүхийн чиглэлээр ихэд сонирхон уншиж судлаж ирсэн. Үүндээ тулгуурлаад сүүлийн арав гаруй жилийн хугацаанд монгол анагаах ухааныг гадаадын уншигчдад танилцуулах зорилгоор нэлээд чармайлт гаргаж, өгүүлэл, ном бүтээлүүд бичиж хэвлүүлсэн. Одоогоор АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуульд “Түүх, эх сурвалжийн судалгааны арга зүй хичээл” зааж байна.
Товчхондоо миний ажил, амьдралын замнал иймэрхүү байна даа.
-Оюутан насны дурсамж дүүрэн сургуульдаа эргэн ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна вэ? Тэр үеийн ямар дурсамжууд хамгийн түрүүнд бодогдож байна?
-Оюутан насны дурсамж дүүрэн сургуульдаа эргэн ирэхэд үнэхээр онцгой мэдрэмж төрүүлж байна. Би 2007 он хүртэл Монголд байхдаа багш нартайгаа нэлээд ойр ажиллаж, холбоотой явсан. Харин өнөөдөр эргээд тэр үеэ бодоход их сонин, бас сайхан санагдаж байна.
Биднийг 1995-1996 онд элсэж байхад сургууль маань одоогийнх шиг олон оюутантай байгаагүй. Манай Г.Одонцэцэг багшийн төгсөлтийнхөн төгсөж байсан үе л дээ. Тэр үед бид гол хийдийн хоёр давхарт байдаг нэг өрөөнд цөөхүүлээ хичээллэдэг байлаа. Манай ангиас хойш дараагийн элсэлтүүд авч эхэлсэн юм. Нэг ёсондоо эхний үеийн, цөөн оюутантай, анир чимээгүй орчинд суралцаж байсан үе маань их тод үлджээ.
Тухайн үеийн сургалтын орчин нөхцөл өнөөдрийнхтэй харьцуулахын аргагүй өөр байсан. Харин өнөөдөр сургуульдаа орж ирээд харахад оюутан хүн суралцах бүх боломж, орчин нөхцөлийг үнэхээр сайхан бүрдүүлсэн байна. Үүнийг хараад их баярлаж, бахархаж байна. Ийм орчинд сурч байгаа оюутнууд маань үнэхээр сурахаас өөр зүйл бодохооргүй сайхан боломж дунд байна даа гэж бодогдлоо.
Надад үнэхээр их баяр хөөр, сайхан дурсамж төрлөө.
-Оточ Манрамба Их Сургуульд сурч эзэмшсэн эрдэм мэдлэг, тэр дундаа уламжлалт анагаах ухааны суурь ойлголтууд таны ажил, амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Манай сургууль их өвөрмөц онцлогтой сургалттай. Жишээлбэл, тухайн үеийн АУИС-ийн Уламжлалт анагаах ухааны сургуульд европ анагаах ухааны хичээлүүд нэлээд давамгай ордог, уламжлалт анагаах ухааныг түүнтэй хавсарсан байдлаар үздэг байсан. Харин манай Оточ Манрамба Их Сургуульд уламжлалт анагаах ухаан илүү давамгайлсан сургалттай байлаа. Бараг 70 орчим хувь нь уламжлалт анагаах ухаан, үлдсэн нь орчин үеийн европ анагаах ухааны хичээлүүд байсан. Мэдээж орчин үеийн анагаах ухааны мэдлэггүйгээр болохгүй учраас тэр талын сургалтууд ч давхар ордог байсан. Одоо эргээд бодоход энэ нь маш зөв, ухаалаг шийдэл байжээ гэж ойлгодог.
Анх сургуульд ороод надад хамгийн хэцүү санагдсан зүйл бол төвөд хэл сурч эхэлсэн явдал байсан. Дөнгөж элсээд л төвөд хэл үзэж, судар ном цээжилж эхэлнэ шүү дээ. Тухайн үедээ “Яасан хэцүү юм бэ, арай өөр аргаар үзэж болдоггүй юм болов уу” гэж хүртэл боддог байсан. Шинэ оюутны л бодол байхгүй юу. Харин одоо эргээд бодоход тэр маань буруу байсан юм байна гэдгийг ойлгодог.
Яваандаа сураад, дасаж эхлэхээр тэр бүхэн аяндаа хэвийн зүйл болсон. Төгсөх үед бол судар унших, цээжлэх, эш татах нь бидний өдөр тутмын чадвар болчихсон байсан. Ялангуяа “Язгуурын үндэс”, “Онолын үндэс”, “Хойдын үндэс” зэрэг дөрвөн үндсийн гол судруудыг бид маш сайн цээжилдэг байлаа. Тэр үедээ “Эдгээрийг ингэж цээжлээд амьдралд яг яаж хэрэглэх юм бол” гэж боддог байсан үе ч бий. Харин хожим ойлгоход тэр бүхэн асар том суурь болж өгсөн юм байна лээ. Би сүүлдээ морфологи, анатоми, цаашлаад хүний генийн судалгааны чиглэл рүү орж ажилласан. Тэр хугацаанд уламжлалт анагаах ухааны судруудаас жаахан хөндийрсөн үе байсан ч, эргээд монгол анагаах ухааны түүх, эх сурвалж судлалаар ажиллаж эхлэхэд өмнө нь цээжилж байсан зүйлс маань бүгд хоорондоо холбоотойгоор эргээд сэргэж эхэлсэн.
Жишээ нь, ямар нэгэн зүйл бичих, судлах хэрэг гарахад хүмүүс “Тэр ишлэл хаана билээ” гээд судар номоо сөхөж хайдаг. Харин надад бол төвөгтэй байгаагүй. Өмнө нь цээжилж, тархиндаа суулгасан зүйлүүд маань аяндаа урсаад л гарч ирдэг. Тухайн үедээ зүгээр л цээжилж байна гэж боддог байсан зүйлс маань үнэндээ насан туршийн мэдлэг болсон байсан.
Одоо цаг үе өөр болж, бүх зүйл дижитал, хиймэл оюун ухаан руу шилжиж байна. Гэтэл ерөөсөө л тэр “AI” чинь бидний цээжинд байсан байна. Тархинд нэгэнт зөв суусан мэдлэг дараа нь бүх зүйлтэй холбогдоод, илүү хурдан сэтгэж, ойлгож, боловсруулах боломжийг өгдөг.
Тийм болохоор би хааяа Оточ Манрамба сургуульд сурч байгаа хүүхдүүдтэй таарахаараа “Та нар өнөөдөр цээжилж байгаа зүйлсээ хэзээ ч мартаж болохгүй. Энэ бол насан туршийн мэдлэг. Ирээдүйн үзлэг, оношилгоо, эрдэм шинжилгээний ажлын чинь гол суурь нь энэ шүү” гэж хэлдэг юм.
-Сүүлийн жилүүдэд та монгол уламжлалт анагаах ухааныг гадаадын уншигчдад таниулах зорилгоор өгүүлэл, ном бүтээлүүд туурвиж, хэвлүүлж байгаа гэсэн. Таны бодлоор монгол уламжлалт анагаах ухаан өнөөдөр дэлхийн хэмжээнд ямар байр суурь эзэлж байна вэ?
-Энэ бол нэлээд хоёр талтай асуудал л даа. Орчин үеийн анагаах ухаан хамгийн өндөр хөгжсөн гэвэл ихэвчлэн барууны орнууд байдаг. Тэдгээр улс орнууд уламжлалт анагаах ухааны өөрийн тогтолцоогоо эртнээс гээж, нотолгоонд суурилсан анагаах ухааны чиглэл рүү маш гүн орсон. Тийм болохоор уламжлалт анагаах ухааны талаар ярихаар хамгийн түрүүнд “Нотолгоо нь юу вэ?” гэсэн асуултыг тавьдаг.
Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байна. Сүүлийн жилүүдэд Европ болон өндөр хөгжилтэй барууны орнуудад уламжлалт анагаах ухааныг сонирхох сонирхол эрс нэмэгдэж байгаа. Учир нь орчин үеийн анагаах ухаан өөрөө хувь хүнд чиглэсэн эмчилгээний хэлбэр рүү шилжиж эхэлсэн. Жишээлбэл, тухайн хүний эд эс, генийн онцлогт тохируулж эмчилгээ хийх, эмийн зохицлыг нь тодорхойлох зэрэг персоналчлагдсан анагаах ухаан руу явж байна. Тэгээд эргээд харахад уламжлалт анагаах ухаан угаасаа хувь хүнд чиглэсэн тогтолцоо байсан гэдгийг ойлгож эхэлсэн.
Тийм учраас уламжлалт анагаах ухааныг судлах, шинжлэх ухааны үүднээс тайлбарлах оролдлогууд сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байна. Нэг жишээ хэлэхэд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэг тайланд орчин үед шинээр гарч буй эмийн нэлээд өндөр хувь нь уламжлалт анагаах ухааны мэдлэг дээр суурилж хөгжиж байна гэж дурдсан байсан. Тоог нь яг таг санахгүй байна, гэхдээ маш өндөр үзүүлэлт байсан. Энэ нь уламжлалт анагаах ухааны үнэ цэнэ ямар чухал болохыг харуулж байгаа юм.
Дэлхийд уламжлалт анагаах ухааны хэд хэдэн том урсгал байдаг. Хятадын уламжлалт анагаах ухаан, Энэтхэгийн Аюурвед, Арабын уламжлалт анагаах ухаан гээд. Түүний дунд онцгой байр суурь эзэлдэг нэг чиглэл нь Төвөд анагаах ухаан юм. Монголын уламжлалт анагаах ухааны онол, практикийн үндэс нь ихэвчлэн Төвөд анагаах ухаантай холбоотой. Гэхдээ монголчууд олон зуун жилийн турш өөрийн ахуй, соёл, цаг уур, амьдралын хэв маягт тохируулан хөгжүүлж ирсэн онцлогтой. Харин дэлхийн судлаачид ихэвчлэн “Монгол анагаах ухаан” гэхээсээ илүү “Төвөд анагаах ухаан” гэж судлах нь түгээмэл байдаг.
Тиймээс би сүүлийн жилүүдэд монгол уламжлалт анагаах ухааны онцлог, ялгааг гадаадын уншигчдад ойлгуулах зорилгоор өгүүлэл, ном бүтээлүүд бичиж эхэлсэн. Үнэндээ “Монгол уламжлалт анагаах ухаан гэж яг юу вэ?” гэдэг ойлголт дэлхийд төдийлөн тодорхой биш байна. Энэ чиглэлээр судалгаа хийсэн хүмүүс бий ч орчин үед энэ сэдвээр гүнзгий ажиллаж байгаа судлаач харьцангуй цөөн байна.
Манай дотоодын судлаачид ч уламжлалт анагаах ухааныхаа мөн чанар, онцлогийг олон улсад таниулах тал дээр илүү идэвхтэй ажиллах хэрэгтэй санагддаг. Тийм болохоор би өөрийн хэмжээнд энэ чиглэлээр бичиж, танилцуулж яваа юм. Сонирхолтой нь, энэ талаар бичиж эхэлснээс хойш гадаадын судлаачид их сонирхож, холбогдож эхэлсэн. “Монголын уламжлалт анагаах ухааны онцлог юу вэ?” гэдэг асуултыг хүмүүс улам их тавьдаг болж байна.
-Таны сүүлийн үеийн судалгаа, ажил бүтээлүүд юу байна вэ. Ойрын үед ямар чиглэлээр ажиллаж, юунд төвлөрч байгаа талаараа хуваалцахгүй юу?
-Би түрүүнд дурдсан даа, энэ сургуультай анх холбогдсон цагаасаа эхлээд уламжлалт анагаах ухааны түүх, эх сурвалж судлал гэдэг зүйлд маш их татагдаж эхэлсэн. Биднийг оюутан байхад “Монгол хүн дэлхийд вакцины аргыг анх нээсэн” гэж ярьдаг байлаа. Тэр үед үнэхээр их бахархал төрдөг байсан. Эдвард Женнер XVIII зуунд үхрийн цагаан цэцгийн вирусийг ашиглан вакцин гаргаж ирсэн гэдэг шүү дээ. Харин түүнээс өмнө Лувсанчүлтэм гэдэг хүн цагаан цэцгийн шархны хатсан тавыг ашиглан урьдчилан сэргийлэх арга хэрэглэж байсан тухай ярьдаг байв. Би энэ бүхнийг маш их сонирхон судалж эхэлсэн.
Тэгээд цааш нь уншаад, эх сурвалжуудыг нь харж эхлэхэд асуудал илүү сонирхолтой болсон. Зарим зүйл бидний бодож байснаас өөр байсан. Тэр үеэс л “Уламжлалт анагаах ухааны түүх гэдэг чинь асар өргөн, маш сонирхолтой ертөнц юм байна” гэдгийг илүү ойлгосон. Ингээд улам гүнзгий судалсаар байгаад монгол уламжлалт анагаах ухааны эх сурвалж судлалтай нэлээд гүн холбогдсон.
Сүүлийн жилүүдэд хийж байгаа судалгаанууд маань ч энэ чиглэлтэй холбоотой. 2021 онд тухайн үедээ уншиж, судалж, цуглуулж байсан материалууд дээрээ үндэслээд “Монголын Уламжлалт Анагаах Ухаан: Зарим эх сурвалжийн нягтлан шинжлэл” гэдэг ном бичсэн. Манай Оточ Манрамба Их Сургуулийн номын санд байгаа. Тэрнээс хойш энэ чиглэлээрээ улам гүнзгийрүүлэн ажиллаж байна. Ялангуяа уламжлалт анагаах ухааны хөгжил гэж ер нь юу юм бэ, хөгжлийнх нь зүй тогтол хэрхэн явагдсан юм бэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлахаар ажиллаж байна.
Үүнийгээ тайлбарлахын тулд постмодернист философийн зарим онолуудыг ашиглаж байгаа. Тэр дундаа Францын философич Мишэл Фуко (Michel Foucault)-гийн онолыг түлхүү ашиглаж байна. Түүний аргаар монгол уламжлалт анагаах ухаан түүхийн явцад хэрхэн хөгжсөн, ямар зүй тогтолтой байсан, өнөөдрийн түвшин, цаашдаа ямар чиглэл рүү хөгжих боломжтой вэ гэдгийг тайлбарлахыг оролдож байгаа юм.
Өөрөөр хэлбэл, уламжлалт анагаах ухааныг зөвхөн эмчилгээний арга талаас нь биш, мэдлэгийн тогтолцоо, соёл, философи, нийгмийн хөгжлийн хүрээнд нь авч үзэх судалгаан дээр сүүлийн үед илүү төвлөрөн ажиллаж байна даа.
-Уламжлалт анагаах ухааны түүх, эх сурвалжийг судлах явцад олон сонирхолтой баримттай таарч байсан байх. Танд хамгийн онцгой санагдсан эсвэл судлаач хүний хувьд шинэ өнцөг нээж өгсөн жишээнүүдээс хуваалцахгүй юу?
Судалгаа хийхэд нэг чухал асуудал байдаг. Манай зарим судлаачдыг харахад судалгааны туйлшралд өртөх хандлага их ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, өөрийн сонирхож буй зүйлээ бүхнээс онцгой, хамгийн агуу гэж харах хандлагаас бүрэн ангижирч чаддаггүй тохиолдол бий. Манай ард түмэн ч гэсэн “манайх хамгийн мундаг” гэсэн өнгө аястай мэдээлэлд их дуртай байдаг. Мэдээж үндэсний бахархал байх сайхан. Би өөрөө ч тийм мэдрэмжтэй явж байсан. Гэхдээ судлаач хүний хувьд бахархал дээрээ баригдахгүйгээр, бодит эх сурвалж, баримт дээр тулгуурлаж харах нь маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Жишээлбэл, түрүүн ярьсан вакцины тухай асуудал байна. “Монгол хүн дэлхийд анх вакцин зохиосон” гэхээс илүүтэйгээр тухайн үеийн хятад анагаах ухааны мэдлэгийг бодит амьдралд хэрэгжүүлж, ном сударт тэмдэглэн үлдээж чадсан нь өөрөө асар том үнэт зүйл юм байна гэдгийг би хожим ойлгосон.
Ингэж эх сурвалжуудыг нягталж үзэхэд үнэхээр бахархмаар олон зүйл гарч ирдэг. Жишээ нь, XIX зууны эхэн үед бичигдсэн “Увдисын далай” гэдэг зохиол бий. Үүнийг Миндол хутагт Жамбалчойжиданзанпэрэнлэй хэмээх хүн бичсэн байдаг. Тэр хүн тухайн үед Чин улсын хааны ордонд шадарлаж явсан монгол эрдэмтэн л дээ.
Түүний бүтээлийг уншиж судалж байхад нүдний болор буюу хатуурсан линзтэй холбоотой мэс заслын тухай маш сонирхолтой тайлбарууд гарч ирсэн. Тухайн үеийн дэлхий дахины технологид бол нүдэнд жижиг зүслэг хийж, болрыг дотогш нь шахан унагаадаг арга хэрэглэж байсан юм билээ. Харин тэр зохиолд боломжтой бол болрыг бүрэн гаргаж авах тухай дурдсан байдаг. Энэ нь өнөөдрийн ойлголтоор бол хатуурсан болрыг ууттай нь авахтай төстэй санаа юм. Тэгж байж хүний хараа илүү сайн сэргэдэг.
Мэдээж би үүнийг эцэслэн баталсан судалгаа хийчихсэн гэж хэлэхгүй. Гэхдээ миний уншиж судалсан хэмжээнд дорно дахинд хатуурсан болрыг нүднээс бүрэн гаргах тухай ийм тодорхой санаа дэвшүүлсэн ховор жишээний нэг нь энэ мэт санагдсан.
Тэгээд яагаад ийм өндөр түвшний ойлголт гарч ирэв гэдгийг сонирхоод өмнөх үеийн зохиолуудыг нь ухаж үзсэн. Тэгэхэд XVIII зуунд амьдарч байсан Сүмбэ хамба Ишбалжирын бичсэн анагаахын зохиолд хүний нүдний анатомийн талаар маш нарийн тайлбарууд байсан. Тухайлбал, хүний харж буй дүрс нүдэнд хэрхэн ойдог тухай хүртэл бичсэн байдаг. Өнөөдрийн орчин үеийн анатомийн ойлголттой харьцуулахад ч нэлээд дөхсөн тайлбарууд шүү.
Өөрөөр хэлбэл, өмнөх үеийн эрдэм мэдлэгийн суурь нь сайн байсан учраас дараагийн үеийнхэн нь түүн дээрээ тулгуурлаад илүү өндөр түвшний эмчилгээ, мэс засал хөгжүүлэх боломжтой болсон байна гэж би хардаг. Монгол уламжлалт анагаах ухаан ийм суурьтай, үе үеэрээ залгамжилж хөгжсөн тогтолцоо юм байна гэдэг нь судлах тусам улам сонирхолтой санагддаг.
Иймэрхүү жишээ маш олон бий. Бүгдийг нь ярина гэвэл нэлээд урт яриа болох байх даа.
-Орчин үед уламжлалт анагаах ухааны судалгаа, шинжилгээ ямар чиглэлээр, ямар арга зүйгээр хөгжих нь илүү зөв гэж та үздэг вэ?
-Орчин үед уламжлалт анагаах ухааны судалгаа ямар чиглэлээр хөгжих ёстой вэ гэдэг маш чухал асуудал. Мэдээж эртний зарим мэс заслын аргууд өнөөдөр орчин үеийн анагаах ухаанд асар өндөр түвшинд хөгжчихсөн. Тиймээс уламжлалт анагаах ухаан тэр чигээрээ хуучин хэлбэрээрээ өрсөлдөнө гэсэн ойлголт биш л дээ. Харин өөрийн онцлог давуу талаа орчин үеийн шинжлэх ухаантай холбож хөгжүүлэх нь илүү чухал гэж боддог.
Тухайлбал, эм судлалын чиглэл бол өнөөдөр уламжлалт анагаах ухааны хамгийн том судалгааны талбаруудын нэг болоод байна. Би түрүүн дурдсан, орчин үеийн шинээр бүтээгдэж буй эмүүдийн нэлээд хувь нь уламжлалт анагаах ухааны мэдлэг дээр тулгуурлаж гарч ирж байна гэж. Энэ бол маш том боломж.
Манай уламжлалт анагаах ухаанд асар олон жор, эмийн найрлага бий. Тэдгээрийг уншаад үзэхэд хүний хөгшрөлтийг удаашруулах, биеийн тэнцвэрийг хадгалах, дархлааг дэмжих зэрэг өнөөдрийн шинжлэх ухаанд ч маш сонирхолтой сэдвүүд олон байдаг. Харин тэр бүхнийг орчин үеийн судалгааны аргаар шинжлэх хэрэгтэй. Үнэхээр үйлчилгээтэй юу, доторх найрлага нь ямар химийн бүтэцтэй вэ, фармакологийн үйлчлэл нь юу вэ гэдгийг нарийвчлан судлах шаардлагатай.
Энэ төрлийн судалгаанууд Монголд тодорхой хэмжээнд явагдаж байгаа. Үүний зэрэгцээ уламжлалт анагаах ухааны хамгийн чухал онцлог болох хувь хүнд чиглэсэн анагаах ухааны чиглэлээр илүү гүнзгий судлах шаардлага бий гэж боддог. Энэ тал дээр хийгдсэн сайн ажлууд ч байгаа. Жишээлбэл, хүний биеийн онцлог, хэв шинжтэй холбоотой судалгаанууд дээр Ө.Батчимэг, Л.Дагвацэрэн багшийн хийсэн сонирхолтой ажлууд бий.
Гэхдээ бидэнд одоо хамгийн их дутагдаж байгаа зүйл бол судалгааны арга зүй. Юуг судлах вэ гэдэг санаа бол олон байна. Харин тэрийг орчин үеийн шинжлэх ухааны шаардлагад нийцүүлээд хэрхэн зөв аргачлалаар хийх вэ гэдэг тал дээр илүү анхаарах шаардлагатай санагддаг.
Тиймээс дараагийн үеийн судлаачдыг бэлдэхдээ зөвхөн уламжлалт мэдлэг эзэмшүүлэхээс гадна судалгааны арга зүй, шинжлэх ухааны сэтгэлгээ, олон улсын түвшний судалгааны чадварыг нь давхар сайн хөгжүүлэх хэрэгтэй. Хэрэв бид тэр суурийг нь зөв тавьж чадвал монгол уламжлалт анагаах ухааныг цаашид олон улсын түвшинд судлах, хөгжүүлэх бүрэн боломжтой гэж би хардаг.
-Оточ Манрамба Их Сургуулийн оюутан, төгсөгчдөд хандаж та ямар зөвлөгөө, захиас хэлэх вэ?
-Ер нь би түрүүн ярьсан даа, оюутан байхдаа цээжилж сурсан тэр “зава” буюу суурь мэдлэгийн тухай. Би одоо ч гэсэн суралцаж байгаа болон төгссөн оюутнууддаа тэр л зүйлийг дахин хэлмээр байна. Нэгэнт та бүхний цээжинд, тархинд суучихсан тэр мэдлэг бол асар үнэтэй зүйл шүү. Өнөөдөр бид хиймэл оюун ухаан, artificial intelligence гэж их ярьж байна. Гэтэл уламжлалт анагаах ухааны тэр суурь мэдлэг, судар цээжлэл гэдэг чинь өөрөө хүний тархинд бий болсон асар том мэдлэгийн сан юм. Тиймээс тэр мэдлэгээ битгий мартаарай гэж хэлмээр байна.
Мэдээж орчин үеийн анагаах ухаан, шинжлэх ухаан маш хурдтай хөгжиж байна. Тэр хэрээр зарим уламжлалт мэдлэгийг зах руу шахах хандлага ч бий. Гэхдээ аз болоход Монголд уламжлалт анагаах ухааныг төрийн түвшинд дэмжиж байна. Төрөөс энэ чиглэлд анхаарсан шийдвэрүүд гарч байна. Энэ бол бидний хувьд маш том боломж.
Гэхдээ бид зөвхөн Монголдоо хязгаарлагдаж сэтгэж болохгүй. Цаашдаа дэлхий рүү харж сэтгэх хэрэгтэй. Монгол уламжлалт анагаах ухаан гэдэг зүйл орчин үеийн шинжлэх ухаантай юугаараа адилхан юм, юугаараа ялгаатай юм, тэр ялгаа нь ямар үнэ цэнтэй юм бэ гэдгийг дэлхийн судлаачидтай нэг түвшинд ярьж чаддаг болох хэрэгтэй.
Тиймээс өнөөдрийн оюутнууд, төгсөгчид зөвхөн уламжлалт мэдлэгээ эзэмшихээс гадна дэлхийн түвшний сэтгэлгээтэй болох нь маш чухал. Өөрсдийн мэдлэгээ олон улсын түвшинд тайлбарлаж, харьцуулж, судалж чаддаг байх хэрэгтэй гэж боддог.
Мөн манай сургуулийн төгсөгчдөд байдаг нэг том давуу тал бол эх сурвалжаа эх хэл дээр нь буюу мэргэжлийн төвөд хэл дээр уншдаг чадвар. Төвөд хэлний мэдлэг гэдэг бол монгол уламжлалт анагаах ухаан судлалд үнэхээр чухал зүйл. Зарим орчуулсан номуудыг харахад алдаа, зөрүү нэлээд байдаг. Харин эх сурвалжаа өөрсдөө уншиж чадна гэдэг бол маш том давуу тал.
Үүний зэрэгцээ гадаад хэлний мэдлэгээ ч маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа англи, хятад хэл маш чухал. Өнөөдөр дэлхийн шинжлэх ухааны мэдлэгийн дийлэнх нь англи хэл дээр байна. Тиймээс олон улсын судалгаатай холбогдож, дэлхийтэй зэрэгцэж алхахын тулд хэлний мэдлэг зайлшгүй хэрэгтэй.
Хэрэв энэ бүхнийг хослуулж чадвал монгол уламжлалт анагаах ухааны ирээдүй үнэхээр их байна. Монголын уламжлалт анагаах ухааны ирээдүй өнөөдрийн суралцагчид, төгсөгчдийн гарт байна шүү гэдгийг л хэлмээр байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
М.Ариунсувд