Цахим суваг:-

С.Энхтуяа: Төгсөгчид маань мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгааг харах нь багш хүний хамгийн том бахархал байдаг

68

Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхмийн эрхлэгч, АУ-ы докторант, УАУ-ы тэргүүлэх зэргийн их эмч, Оточ Манрамба Их Сургуулийн 2006 оны төгсөгч С.Энхтуяатай ярилцлаа. 

-Оточ Манрамба Их Сургуулийг яагаад сонгох болсон бэ? Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлийг сонгосон түүхээсээ хуваалцаач?

-Намайг 9-р ангид байхад аавын минь бие өвдөж, өрнийн анагаахын эмнэлгээр үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай гэсэн онош гарч байсан юм. Тэр үед аав, ээж хоёр маань Хамба багшид хандаж үзүүлэхэд мэс засал хийх шаардлагагүй гэж үзээд эм тан бичиж өгсөн. Аав маань тэр эм танг жил гаруй хугацаанд ууж, гам дэглэмээ чанд сахисан. Ээж маань хүртэл эмийн шаар, цаасыг хүндэтгэн дээдэлж, бохир газар асгалгүй, хогтой хамт хаялгүй шатаадаг байлаа.

Хамгийн гол нь аавын маань бие сайжирч, өнөөдөр тэр өвчний ямар нэгэн зовиургүй эрүүл саруул амьдарч байгаа нь бидний хувьд уламжлалт анагаах ухааны гайхамшгийг биеэр мэдэрсэн үйл явдал болсон. Үүний дараа аав, ээж хоёр маань “Манай гэр бүлээс нэг хүүхэд эмч болно” гэж шийдэж, намайг энэ сургуульд элсүүлсэн. Би ч тэр үеэс уламжлалт анагаах ухааныг маш их сонирхож эхэлсэн. Ингэж миний уламжлалт анагаах ухааны эмч болох замнал эхэлсэн дээ.


-Та төгсөөд сургуульдаа ажиллаж эхэлсэн. Анхны ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?

-Би багаасаа багш болно гэж мөрөөддөг хүүхэд байсан. Сургуульдаа элсээд төвөд хэл сурах, Буддын гүн ухаан болон “Анагаах ухааны дөрвөн үндэс” зэрэг уламжлалт анагаах ухааны судар зохиолуудыг үзэж эхлээд энэ мэдлэг, сургаалд үнэхээр их татагдсан.

Төгсөх курсийн оюутан байхдаа сургуульдаа багшаар үлдэх хүсэлт гаргаж, улмаар 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн захирлын тушаалаар Уламжлалт анагаах ухааны тэнхимдээ туслах багшаар ажиллаж эхэлсэн юм. Тэр цагаас хойш багшлах ажил миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон.


-Танай төгсөлтийн 20 жилийн ой тохиож байна. 20 жилийн дараа харахад танай төгсөлтийн эмч нар ямар амжилт бүтээлтэй байна вэ?

-Энэ жил манай төгсөлтийн 20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хоёр томоохон ажлыг төлөвлөсөн.

Манай ангийнхан багш нараа ихэд хүндэтгэн дээдэлдэг хүмүүс. Тиймээс ачит язгуурын багш, Хамба лам Д.Нацагдорж багшдаа гүсүнтүг өргөж, мөн Г.Одонцэцэг багшдаа хүндэтгэл үзүүлсэн.

Хоёрдугаартг, сургуулийнхаа сургалтын орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой. Бид энэ зун сургуульдаа кабинет тохижуулахад шаардлагатай тоног хэрэгслийг бэлэглэхээр төлөвлөж байна.

2026 он манай сургуулийн хувьд онцгой жил болж байна. Анхны төгсөлтийн 30 жил, манай төгсөлтийн 20 жил, мөн 2016 оны төгсөлтийн 10 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор үе үеийн төгсөгчдийн уулзалт, хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулах талаар ярилцаж төлөвлөж байна.


-Оточ Манрамба Их Сургууль маань 37 жилийн түүхтэй сургууль. Та сургуулийнхаа 20 жилийн түүхийн гэрч болсон хүн. Энэ хугацаанд ямар ололт амжилтыг онцлох вэ. Та сургуулийнхаа юугаар бахархдаг вэ?

-Анх ажилд орсноосоо хойш эрдэмтэн багш нарынхаа удирдлага дор их зүйл сурсан. Одоо ч гэсэн суралцсаар байна.

Манай сургууль 1991 онд байгуулагдсан цагаасаа уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч, эмзүйч мэргэжилтэн бэлтгэж ирсэн. Ялангуяа уламжлалт манба дацангийн сургалтын арга зүй, онолын үндэс болсон “Анагаах ухааны дөрвөн үндэс” судрын уламжлалт дамжлагыг хадгалан хөгжүүлж байгаа нь манай сургуулийн хамгийн том онцлог юм. Энэ уламжлалыг өнөөдрийг хүртэл алдалгүй авч явж буй багш нарын нэг байгаагаараа би бахархдаг.

Мөн манай сургууль улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны эмч бэлтгэх сургалтын стандартыг боловсруулах ажилд манлайлан оролцож ирсэн. Тухайлбал, 2012 онд улсын стандарт боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, сургалтын цөм хөтөлбөрийг батлуулахад оролцсон. Харин 2024 онд дахин шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн үндэс нь мөн манай сургуулийн хөтөлбөр байсан.

Түүнчлэн байгууллагын магадлан итгэмжлэлийн дөрөв дэх үнэлгээг амжилттай хамгаалж, 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэл авсан нь сургалтын чанар, тогтвортой хөгжлийн томоохон баталгаа болсон гэж үздэг.


- Оточ Манрамба Их Сургуулийн онцлог, сургалтын давуу тал юу вэ. Төгсөгч шавь нараасаа ямар үр дүнг олж харж байна вэ?

-Уламжлалт анагаах ухаан бол Буддын гүн ухааны арван их ухааны нэг болох Сова Ригпа буюу анагаах ухааны уламжлал юм. Энэ ухаан нь хүнийг зөвхөн өвчтэй эрхтэн талаас нь бус, бие, сэтгэл, хүрээлэн буй орчинтой нь хамтад нь авч үздэг цогц ойлголттой.

Тиймээс манай сургуулийн сургалт зөвхөн эмчилгээний арга техник заахаас гадна хүнийг бүхэлд нь ойлгох үзлийг төлөвшүүлдэг. Төгсөгчид маань мэргэжлээрээ амжилттай ажиллаж, ард иргэдийн эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж байгааг харах нь багш хүний хамгийн том бахархал байдаг.


-Та оюутнууддаа юуг хамгийн их захидаг вэ?

-Хамгийн түрүүнд хүн чанартай, бусдыг ойлгодог хүн байгаарай гэж захидаг. Эмч хүн зөвхөн өвчнийг биш, өвдөж буй хүнийг эмчилдэг. Тиймээс өвчтөнөө анхааралтай сонсож, зовлон шаналлыг нь ойлгож чаддаг байх хэрэгтэй.

Хүнтэй чин сэтгэлээсээ ярилцаж, ойлгож чадсан эмч л биеийн төдийгүй сэтгэлийн өвчнийг эдгээхэд тусалдаг гэж би боддог.


-Оюутнуудын сурах арга барил, хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Өнөөгийн оюутнуудын суралцах арга барил өмнөх үеийнхээс ихээхэн өөр болсон. Мэдээллийн эх сурвалж маш олон болсон учраас хэрэгтэй, хэрэггүй мэдээллийг зэрэг хүлээн авч байна.

Мэдээлэл олж авах боломж нэмэгдсэн нь сайн талтай боловч аливаа зүйлийг хялбар аргаар шийдэх хандлага нэмэгдэж байгаа нь анзаарагддаг. Мөн ахмад хүмүүсийн зөвлөгөө, туршлагыг сонсож сурах дадал бага зэрэг суларч байгаа мэт санагддаг. Гэхдээ зөв чиглүүлж чадвал өнөөгийн залуус маш хурдан суралцах чадвартай.


-Элсэгчдэд хандаж юу хэлэх вэ?

-Уламжлалт анагаах ухаан бол хүн төрөлхтний олон зуун жилийн турш хуримтлуулсан оюуны өв, үнэт соёлын нэг хэсэг юм. Энэ ухаан нь хүнийг зөвхөн бие махбодын талаас бус, оюун санаа, сэтгэл зүйтэй нь хамтатган авч үздэгээрээ онцлогтой.

Хэрэв та өвчний шалтгаан, мөн чанарыг гүнзгий судалж, хүнийг бүхэлд нь ойлгодог, мэдлэг чадвар төдийгүй сэтгэлтэй эмч болохыг хүсэж байвал манай Оточ Манрамба Их Сургуульд элсэж суралцаарай гэж урьж байна. Энэ бол зөвхөн мэргэжил эзэмших биш, хүн таних, хүнийг анагаах их ухаанд суралцах зам юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай