Цахим суваг:-

ОМИС-ийн 2008 оны төгсөгч Б.Анхбаяр: Зарим аймаг бодлогоор УАУ-ы эмч мэргэжилтэн бэлдэж буй нь чухал ач холбогдолтой юм

1035

2023.01.17

Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгчдөөс орон нутагт ажиллаж, уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлж буй олон эмч, мэргэжилтнүүд бий. Тэдний нэг 2008 оны төгсөгч, Сүхбаатар аймгийн Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлгийн Тасгийн эрхлэгч, УАУ-ы тэргүүлэх зэргийн их эмч, АУ-ы магистр Б.Анхбаярыг онцолж байна. Б.Анхбаяр эмч 2008 онд төгссөн даруйдаа Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах тасагт ажиллаж, 2008 оны 12 сараас аймгийн нэгдсэн эмнэлэгт Уламжлалт Анагаах ухааны тасаг байгуулан үйл ажиллагаагаа тэлсээр өдгөө Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг болтол нь өргөжүүлэн ажиллаж байна. Түүний ярилцлагыг хүргэе.  

-Сүхбаатар аймагт уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг байгуулагдсанаар уламжлалтын тусламж үйлчилгээг илүү өргөн хүрээнд хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдсэн байх. эмч мэргэжилтэн, хүний нөөцийн хувьд ямар байна вэ?

-Сүхбаатар аймгийн Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг нь 2022 оны гуравдугаар сард Магадлан итгэмжлэлд ороод тавдугаар сараас бие даан үйл ажиллагаа явуулж байна. Ингэснээр орон нутагт уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бүхий л бололцоог хангаж, өрхийн эмч нарыг мэргэжлийн арга зүйгээр хангах нөхцөл бололцоо үүссэн. Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг биеэ даасан статустай болсноор уламжлалт анагаах ухааны сургалтын үйл ажиллагаа, эм тангийн үйлчилгээг бие даан явуулах боломжтой болсон.

Манай эмнэлэг одоогийн байдлаар 5 эмч, 4 сувилагч, удирдлага, хүний нөөц, бусад ажилтан гээд нийтдээ 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Уламжлалт анагаах ухааны эм, засал, идээ унд, явдал мөрийн эмчилгээг хийж, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг аюулгүй, чанартай, хүртээмжтэй байдлаар хүргэн ажилладаг.

- Оточ Манрамба их сургуулийн төгсөгчдөөс сүхбаатар аймагт ажиллаж байна уу?

-Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгчдөөс манай эмнэлэгт 2021 оны төгсөгч Б.Болорчимэг эмч ажиллаж байна. Мөн өрхийн эмнэлэг болон сумдын эмнэлэгт ажиллаж байгаа. Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгчид маань орон нутагт мэргэжлээрээ ажиллаж, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үйлсэд манлайлан ажиллаж байгаа нь манай сургуулийн бас нэгэн бахархал юм. Сургуулиас гаргасан судалгаанд манай төгсөгчдийн 95-98 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа гэдэг нь бодит тоо. Манай төгсөгчид уламжлалт анагаах ухааны төрийн болон хувийн хэвшлийн салбарт, гадаадын олон улс оронд ажиллахдаа яг уламжлалтын онол, жүд дамжлагын дагуу ажилладаг. Манай төгсөгчдөөс бараг бүх аймгуудад бий. Орон нутагт уламжлалтын эмч нар ажиллаж байгаа нь тухайн бүс нутгийн иргэдэд маш давуу талтай. Тиймээс ч зарим аймгууд бодлогоор манай сургуульд оюутан элсүүлж, эмч мэргэжилтэн бэлдэж буй нь ихээхэн ач холбогдолтой юм.

 

 

-Сүхбаатар аймгийн иргэдийн хувьд уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг хэрхэн хүлээж авдаг вэ, эрэлт хэрэгцээ ямар байна вэ?

-Манайх 2008 оноос хойш уламжлалт анагаах ухааны тасаг нэгжээр уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг чанартай явуулж ирсэн учраас иргэдийн дунд нэлээд танигдсан. Нэн ялангуяа ковидын дараа уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэх иргэдийн тоо эрс өссөн. Ковидын дараах хам шинж, хүндрэлийн үед уламжлалт эмчилгээ, эмийн эмчилгээ маш үр дүнтэй байна. Манай эмнэлэгт уламжлалт эмийн сан бас ажиллаж эхэлснээр иргэд заавал хэвтэж эмчлүүлэхгүйгээр эмийн эмчилгээг хийлгэх бүрэн боломжтой болсон.

 

-Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлгүүдэд уламжлалтын эмч нарыг түлхүү ажиллуулах, ажиллаж байгаа тохиолдолд яг уламжлалтын эмчээр ажиллахад бэрхшээлтэй байдаг гэдэг шүү дээ. ер нь орон нутагт эмч нарыг ажиллуулахад юу шаардлагатай байдаг вэ?

-Бид өрхийн эмнэлгүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч хамтран ажиллаж байгаа. Манайд эмийн сангаар дамжуулан уламжлалт эм өгч байгаа нь маш давуу тал болж байна. Зарим аймаг, сумдад уламжлалт анагаах ухааны үйл ажиллагаа сэргээн засах, барианы чиглэлээр явж байгаа бол манай аймгийн өрхийн эмч нарын хувьд хүнээ үзээд эмээ бичээд явах бүрэн боломжтой. Уламжлалтын эмч нар бидний хамгийн чухал зэвсэг бол эм тан шүү дээ. Эм тан өгөх боломжийг хангаж байж анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад уламжлалтын эмч ажиллах нөхцөл бүрдэнэ.

 

-Ярилцсанд баярлалаа. Таны анагаах ухааны төлөөх үйлс арван зүгтээ дэлгэрэх болтугай.

 

Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд

 

 

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай