694
Франц улсын иргэн, Мэс засалч, УАУ-ы их эмч, Анагаах ухааны хүн судлаач, хөгжмөөр эмчлэгч, АУ-ы доктор, Монголч эрдэмтэн Михайл Сантаро Магсаржавтай ярилцлаа. Тэрбээр олон жил Монголд амьдарч Улсын төв номын санд ажиллан, ховор судар бичгийн каталогийг орчуулсан Монголч эрдэмтэн бөгөөд өдгөө 78 насандаа Оточ Манрамба Их Сургуульд суралцаж төгссөн юм. Сантаро Михайл Магсаржав гуай морин хуур болон цуур хөгжмийг судалж, хөгжим эмчилгээг Монголд нутагшуулахаар ажиллаж байна.
-Та Монголд анх хэдэн онд ирсэн бэ. Монгол орон таны сонирхлыг яагаад татах болов?
-Би их олон газраар явсан. Эх газар, тэнгис далайн дунд хэдэн арван жил явахдаа Монголын талаар материал цуглуулж, Орос, Пакистанчуудаас Монголын тухай их сонсдог байсан. 1950-иад оноос Монголд очих юм сан гэж бодсон ч тухайн үед Өвөрмонгол, Монгол улсын аль аль нь хаалттай байсан тул би бүр хожим 1986 онд анх ирж, 1990 он гарснаас хойш дахин ирж амьдарч, судалгаагаа эхлүүлсэн. Би зүгээр ч нэг Монголыг сонирхоогүй. Аав минь уламжлалаа их хадгалдаг Оросын буриад удамтай хүн байсан. Өөрөөр хэлбэл, миний удамд монгол цус бий. Охин маань төрөөд удаагүй байхад Монгол нээлттэй болсон. Тэгээд би хоёр нас ч хүрээгүй охиноо тэврээд Сибирийн галт тэргээр Монголд ирсэн. Охинтойгоо Өвөрмонголд олон жил амьдарсан ч Монгол улсад очих ёстой гэсэн үүднээс ирсэн. 1995 онд охиноо хөгжим бүжгийн коллежид оруулж, монгол хүүхдүүдтэй хамт дотуур байранд амьдруулдаг байсан. Монгол хүн болгох гэж тэр шүү дээ. Ер нь хүний цусанд нэг юм байдаг, түүнийхээ төлөө тэмүүлдэг. Тэр нь миний хувьд Монгол байсан юм. Судлаач хүмүүс идеалист байдаг, түүндээ хөтлөгддөг гэдэг.
-Охиноо монгол хүн болгох гэж дотуур байранд суулгасан гэлээ. Морин хуурын ангид оруулсан нь ч гэсэн тийм шалтгаантай юу?
-Охин маань Өвөрмонголд байхдаа жаахнаасаа морин хуур сурч эхэлсэн. Өвөрмонгол хуур монгол хуураас өөр байдаг. Өвөрмонгол хуурын мод нь хатуу, таван октавтай, тоглох арга барил нь ч өөр. Тиймээс монгол морин хуур сургах гэж хөгжим бүжигт оруулсан. Гэхдээ тухайн үед би их гэнэн байжээ. Би охиноо юу үзэж, өнгөрч байгааг нь ерөөсөө бодоогүй байж. Охин маань эхлээд уйгуржин монгол бичиг сурсан. Монголд ирээд кирилл бичиг сурсан. Жаахан хүүхдийн хувьд их хэцүү байсан байх. Гэхдээ ингэснээрээ охин маань морин хуурын чиглэлээр сурч, уламжлалаа тээж яваад баярладаг. Одоо францад энэ чиглэлээрээ ажиллаж байгаа.
-Би таны “Морин хуур-Хялгасны эзэрхэгч” номыг уншсан л даа. Морин хуур, цуурын онол, түүхийг агуулсан ийм ном бараг байдаггүй болов уу. Та морин хуур, цуур хөгжмийг яагаад судлах болов?
-Би энэ номоо охиндоо зориулж бичсэн. Мөн морин хуурын тухай судалж эхлэхэд таны хэлсэнчлэн морин хуурын тухай ном олон байгаагүй. Тиймээс энэ хөгжмийн зэмсгийн тухай бичье гэж бодсон. Бээжингийн Үндэсний Дуу бүжгийн бүлгэмийн Алтансан багш надад морин хуурын тухай сайн ойлгоё гэвэл монгол түмэнтэй уулзах хэрэгтэй гэж хэлсэн. Тиймээс би Монгол, Өвөрмонгол, Буриад, Хөх нуурын олон хуурчтай уулзсан. Морин хуур бол үнэхээр гайхамшигтай хөгжим. Монголчуудын дунд байхад би амар амгаланг олдог. Морьд янцгаах нь монголчуудын дуур хуур юу болохыг мэдрүүлдэг. Монголын хөгжмүүд яг байгаль шигээ амьд гэдгийг ойлгосон. Тиймээс л Монгол хөгжмийн аялгуу эгшгийн нөлөөлөх чадвар маш их. Монголын Алтайн нуруу бол цуур хөгжмийн өлгий нутаг.
-Та цуур хөгжимтэй уялдаж хөгжим эмчилгээгээ хийдэг үү. Яаж хийдэг вэ?
-Тийм ээ. Цуур нь гурван нүхтэй. Энэ нь уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы онолтой нийцдэг. Цуур бол вибрацийн үйлдэлтэй хөгжмийн нэгдсэн цогц юм. Европт ч юм уу техник хөгжсөн оронд ямар давтамжтай, ямар хэмнэлтэй дуу хүний биед яаж нөлөөлдгийг гаргачихсан байгаа. Харин Монголын цуур хөгжим зөвхөн нэг аялгууг гаргадаггүй, түүнийг тоглож байгаа хүний дотоод эрхтний дуу хосолж байдаг нь гайхамшигтай учраас түүнийг судалж, цуур дээр тулгуурлан хөгжим эмчилгээгээ хийж байна. Цуурын эхний аялгууг сонссон хүний хариу үйлдлээс тухайн хүнд ямар асуудал байгааг мэдэж болно. Дараа нь хөгжмөөр дамжуулж тайвшруулна. Ингэснээр эмчилгээгээ хийдэг. Эмчлүүлж буй хүн, тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалаад эмчилгээ 20-45 минут үргэлжилдэг.
-Хэзээнээс хөгжим эмчилгээг хийж эхэлсэн бэ. Эмчилгээнийхээ үр дүнгээс танилцуулахгүй юу?
-Хөгжмөөр хүн эмчилж болно гэдэг ойлголтыг 1950-иад онд авсан. Түүнээс хойш өдийг хүртэл судалж, эмчилж байна. Эмчилж байсан хүмүүстэйгээ байнга холбоотой байдаг. Мөн олон хүнд цуур хөгжмийг заасан. Дуу ч гаргаж чадахгүй байсан хүмүүсийг сургаж, тэд маань одоо амжилттай ажиллаж байна. Надаар эмчлүүлсэн хүмүүсийн 95 хувьд нь маш сайн үр дүн гарсан. Астма, яс, зүрх, шээс хаагдах өвчтэй, физиологийн асуудалтай хүмүүс хөгжим эмчилгээгээр эмчлүүлээд маш сайн эдгэсэн. Францад анагаах ухаан маш сайн хөгжсөн, хөгжмийн эмчилгээ гэх ухагдахуун хэдийн байсан. Одоо бол хөгжим эмчилгээ эм эмчилгээний маш чухал, салшгүй хэсэг болсон. Монголд хэчнээн морин хуурч сайн дураараа эмнэлэгт очиж тоглож байгааг мэдэхгүй л дээ. Харин Францад хөгжимчид эмнэлэгтэйгээ байнга хамтарч ажилладаг. Хөгжимчдийн цалин хөлсийг нийгмийн даатгалаас хариуцдаг.
-Таны эмчилсэн хүмүүс дунд монгол хүн хэр олон байв. Монголчууд хөгжим эмчилгээг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Нэг хүн байсан. Миний найз эрдэмтэн хүн л дээ. Нойргүйдэлд өртсөн байсан. Цуураар эмчлэхэд маш сайхан тайвширч, унтдаг болсон. Хөгжим эмчилгээг Монголын настай хүмүүс их ойлгодог. Цуурын аялгуу тэдэнд илүү ойр байдаг байх л даа. Монголын уламжлалт анагаах ухаанд хөгжим эмчилгээний талаар олон зүйл байсан. Монголчууд хөгжим эмчилгээг хүн амьтанд аль алинд нь хэрэглэж байсан. Хамгийн тод жишээ бол одоог хүртэл уламжлагдан ирсэн ингэ хөөслөх, хонь тойглох зэргийг дурдаж болно. Энэ бол бүгдээрээ дуун эмчилгээ шүү дээ. Дээр үед лам нар дуун уншлагаар эмчилж байсан жишээ ч бий. Тиймээс Монголд хөгжим эмчилгээг клиникийн орчинд сайн дурын хүмүүсийг эмчлэн судалгаа хийх хэрэгтэй. Д.Нацагдорж Хамба багш маань миний ажил, зорилгыг их дэмждэг. Тиймээс ч би Оточ Манрамба Их Сургуулийн сургалтын хөтөлбөрт хөгжим эмчилгээ хичээлийг оруулах санал тавьсан байгаа.
-Та бас уламжлалтын эмч байх аа. Уламжлалт анагаах ухааныг хаана сурсан бэ?
-Хятадад уламжлалт анагаах ухаанд суралцсан. Хятадын уламжлалт анагаах ухааны хамгийн том сургууль нь Гуанжуд байдаг байсан ч тухайн үед Хятадын соёлын хувьсгалын нөлөөгөөр нүүж, Хонконгод байрласан. Хонконгод гадаадын хүмүүс очиход нээлттэй байсан учраас надад боломж олдож, тэнд очиж сурсан юм. Уламжлалтын эмчээр төгсөөд тэндээ эмнэлэг нээж, 4 жил ажилласан. Дараа нь Франц руу буцсан. Би 1972 онд Францад уламжлалтын зүүгээр мэс заслын мэдээ алдуулалтыг хийсэн анхны хүн л дээ. Энэ их үр дүнтэй байсан шүү.
-Яагаад Оточ Манрамба Их Сургуульд суралцах болов?
-Монголын Уламжлалт анагаах ухааны Дөрвөн үндсийг төвөдөөр нь сурах юм сан гэсэн бодол анх байсан. Гэвч тухайн үед Монгол хаалттай, Өвөрмонгол ч хаалттай байсан болохоор Хонконгод сурсан. Олон жил хүлээсний эцэст Монголын уламжлалт анагаах ухааныг Монголд нь ирж сурах юм сан гэсэн хүслээ гүйцэлдүүлэхээр Оточ Манрамба Их Сургуульд ирж суралцсан.
-Та сургуулийнхаа төгсөлтийн баяр дээр тангараг өргөн, Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлсэн. Энэ үед ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Сэтгэл маш их хөдөлсөн. Бөхчүүд давчхаад төрийн сүлд тугаа тойроод дэвдэг шүү дээ, түүнтэй яг ижилхэн санагдсан. Маш сайхан байсан. Хүн бүхэн эмч болох авьяастай төрөхгүй. Тиймээс Оточ Манрамба Их Сургуульд суралцаад төгсөж байгаа оюутнууд үнэхээр том анагаах ухаанд суралцсан гэж хэлж болно.
-Оточ Манрамба Их Сургуульд сурснаар судалгааны ажил тань ямар ахицтай болов?
-Би Францын Сорбоны Их сургуульд Монгол судлаач, эрдэмтэн цол хамгаалсан. Монголч эрдэмтэн болоход Монгол, Орос, Төвөд, Хятад гээд дөрвөн хэл мэддэг байхыг шаарддаг. Тиймээс Францад байхдаа төвөд хэлний сууриа тавьсан. Оточ Манрамба Их Сургуульд суралцсанаар төвөд хэлээ сайжруулж, судалгааны хүрээнд цуглуулсан төвөд судар бичгээ улам гүнзгий судлахад нэмэр болсон. Судалгааны чиглэл улам тодорсон. Хамгийн гол нь би амьд орчинд төвөд хэлээр Анагаах ухааны дөрвөн үндэс номыг үзсэн. Ер нь би их азтай хүн. Монголд ирээд Улсын төв номын санд ажилласнаараа монгол улсыг хэд дахин тойрч, ховор нандин судар бичигтэй харилцах боломж нээгдсэн. Энэ нь ч судалгааны ажилдаа маш том ахиц гаргахад нөлөөлсөн.
-Таны эрдмийн ажил насан туршид тань үргэлжлэх нь мэдээж. Гэхдээ та ямар үр дүн, ирээдүйг төсөөлж байна вэ. Таны зорилго?
Миний нууц. (инээв) Уламжлалт анагаах ухаанд 84 мянган өвчин байдаг гэж үздэг бөгөөд тэр болгонд нэг нэгээр нь анализ хийж,
84 мянган өвчнийг эмчлэх дууны хялбар нотуудыг гарган, хөгжим эмчилгээний СD бичиж үлдээхийг хүсэж байна. Энэ нь Монголын нөхцөлд биеллээ олж чадах эсэхийг хэлэхэд хэцүү. Магадгүй Хятад, эсвэл Францад биелэгдэх магадлал өндөртэй. Гэхдээ би Монголоо орхино гэсэн үг биш шүү.
-Та үнэхээр бие сайтай юмаа. Нууц нь юу вэ. Хөгжим эмчилгээ хийхэд танд өөрт чинь эергээр нөлөөлдөг үү?
-Миний нэг талын уушги устсан төрсөн болохоор 10 хоног инкубаторт бойжсон гэсэн. Гэхдээ 33 нас хүртлээ надад ямар нэгэн эрүүл мэндийн асуудал байгаагүй. Харин Хонконгд байхад гэнэт астма болчихсон. Астмын шалтгаантайгаар маш олон хүн амь насаа алддаг. Тэр үед би хөгжмөөр өөрийгөө эмчилсэн. Би өглөө болгон цуураа үлээдэг, бас штанг өргөдөг. Ургамлын гаралтай эм хэрэглэдэг. Хамгийн гол нь биеэ чагнаж сурах хэрэгтэй. Өвдсөнийхөө дараа эмч хайх хэрэггүй шүү дээ. Хүн ямар нэг өвчтэй, түүнийгээ насан туршдаа тээж явахыг би хүлээн зөвшөөрдөггүй. Би 2013 онд Францад машинд мөргүүлж байсан юм. Баруун талын төвөнхийн яс цуурсан. Ослын маргааш нь шууд хагалгаанд орж төвөнхийн ясыг минь авч, орлуулагч хийсэн. Мэс заслын дараа 18 хоноод нөхөн сэргээх эмнэлэг рүү шилжүүлдэг. Тэнд өвчин намдаах эм өгдөг байсан ч би огт хэрэглэдэггүй байсан. Яагаад гэвэл өвчин намдаах эм хүний уураг тархинд маш муугаар нөлөөлдөг. Тэгээд би өөрийгөө цуур хөгжмөөр эмчилж эхэлсэн. Тэргэнцрээсээ босож, суга таягт орсон. Дараа нь нэг таяг тулдаг болж, удалгүй таягаа бүр хаясан. Хүний яс гэдэг их чухал учраас тэр ослоос хойш их ядардаг болсон. Гэхдээ одоо би эрүүл мэндийн их гоё үе дээрээ явж байна. (инээв) Миний ясыг их чанар сайтай, маш сайн бүтэцтэй гэж эмч хэлсэн. Тиймээс эмнэлгийнхэн төвөнхийн ясыг минь авч үлдээд хиймэл орцтой нийлүүлэн хүмүүст хэрэглэхээр болсон.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд байлаа.
Сайн сайхныг хүсье
Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд