704
БИДНИЙ БАХАРХАЛ - ОТОЧ МАНРАМБА ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧИД
Оточ Манрамба Их Сургуулийн Сувилахуйн 2018 оны төгсөгч, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Арвайтай барианы сувилагч Ц.Ишин гуайг онцолж байна
Ц.Ишин сувилагч 2018 онд Оточ Манрамба Их Сургуулийг "А" үнэлгээтэйгээр төгсөж, төгссөн даруйдаа бааз Манба Дацан Нэгдсэн эмнэлэгтээ ажиллаж эхэлснээр өдгөө 5 дахь жилдээ мэргэжилдээ эзэн болж, үр бүтээлтэйгээр ажиллан, хамт олондоо төдийгүй эмнэлгийн үйлчлүүлэгч, оюутнуудын дунд хүндлэгдсэн.
Тэрбээр дөрвөн хүүхэд төрүүлж өсгөн, улсад 28 жил хөдөлмөрлөж гавьяаныхаа амралтад гарсан ч сурахад хэзээ ч оройтохгүй гэдгийн тод жишээ болон 60 хүрч яваа насандаа Оточ Манрамба Их Сургуульд элсэн суралцаж, уламжлалт анагаах ухааны охь дээжээс хүртсэн юм.
Оточ Манрамба Их Сургуулийн сувилахуйн төгсөгчид уламжлалт анагаах ухаан болон өрнийн анагаахын салбарт хөрвөж ажиллах чадвартай мэргэжилтнүүд болж төгсдөг бөгөөд Ц.Ишин төгсөгчийн хувьд уламжлалт анагаах ухааны сувилагчаар тасралтгүй 5 жил ажиллаж, мэргэжлийнхээ ур чадварыг ямагт дээшлүүлэн Манба Дацан Нэгдсэн эмнэлэгтээ 2 төрлийн арвайн жин болон шар будааны жинг хийж, эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа юм.
Төгсөгч Ц.Ишиндээ цаашдын ажилд нь амжилт хүсч, анагаах ухааны төлөөх үйлс нь арван зүгтээ дэлгэрч байхыг ерөөе.
Дашрамд дурдахад, түүний том ач хүү мөн Оточ Манрамба Их Сургуульд элсэн суралцаж байгаа бөгөөд энэ жил сургуулиа төгсөж, УАУ-ы их эмч болох юм.