960
2023.02.08
“Манба Дацан” Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төвийн тэргүүн, хамба лам, хүний гавьяат эмч Д.Нацагдорж Бүгд Найрамдах Болгар Улс дахь Монгол Улсын Элчин сайд Л.Саянаагийн урилгаар тус улсад албан айлчлал хийж байна.
Бүгд Найрамдах Болгар Улс дахь Монгол Улсын Элчин сайд Л.Саянаа хамба лам Д.Нацагдоржийг өчигдөр тус ЭСЯ-нд урьж уулзав. Энэхүү уулзалтад Бүгд Найрамдах Болгар Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Камен Петров Милков, Болгарын нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Йордан Камжалав, зураач Венко Мадалев тэргүүтэй төлөөлөгчид мөн хүрэлцэн ирж хамба лам Д.Нацагдоржид хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын үеэр Элчин сайд болон Өргөмжит консул нар хамба лам Д.Нацагдоржийн Болгар Улс дахь айлчлалын хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцов. Харин хөгжмийн зохиолч, удирдаач Йордан Камжалов, зураач Венко Мадалев нар Монгол Улсад уран бүтээлээ монголын ард түмэнд танилцуулах гэж байгаа тухайгаа хамба ламд сонордууллаа.
Энэ удаагийн албан айлчлалын зорилго нь хамба лам Д.Нацагдорж Болгар Улс дахь Софи хотын Эм зүйн Их сургууль болон Русигийн их сургуулийн урилгаар тус сургуулийн багш, оюутнуудад Уламжлалт анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр лекц унших гэж буй юм. Түүнчлэн хамба лам д.Нацагдоржид Русигийн Их Сургуулиас Хүндэт доктор цолыг олгосноо энэ сарын 9-ний өдөр гардуулан өгөх гэж байгаа билээ. Дашрамд дурьдахад, хамба лам Д.Нацагдоржийг өчигдөр Болгар Улс дахь Элчин сайдын яаманд хүлээн авч хүндэтгэл үзүүлэх үеэр Болгарын томоохон телевиз “BTV”-ийн “Эрүүл ертөнц” нэвтрүүлгийн сэтгүүлч ярилцлага авсан бөгөөд нэвтрүүлгээ удахгүй тус телевизээр үзэгчдэдээ хүргэх юм.
Сэтгүүлч Неделиа Штанова хамба лам Д.Нацагдоржоос сэтгэлийг хэрхэн удирдах талаар болон бие сэтгэл хийгээд эрүүл мэндийн хоорондын уялдаа холбоо, үйлийн үр, хүний төрлийг олж төрсний утга учрын талаар асууж ярилцлага өрнүүллээ.