Цахим суваг:-

Ч.Оргилмаа: Тамирчдад уламжлалт эмчилгээ маш хэрэгтэй

737

Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч, Сэтгэл зүйч, одон орон судлаач, УАУ-ы их эмч Ч.Оргилмаатай ярилцлаа.

-Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр суралцах болсон шалтгаан тань юу вэ?
-Би багаасаа спортод дуртай, хөнгөн атлетикаар хичээллэж, сагс тоглодог, олон зүйлийг сонирхдог их сониуч хүүхэд байсан. Тэр дундаа эмч болох хүсэл сонирхол их байсан. Гэвч ахлах сургуулиа төгсөөд гүн ухаан, улс төрийн чиглэлээр суралцаж, мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгссөний дараа сэтгэл судлалын
чиглэлээр МУИС-ийг магистрын зэрэг хамгаалсан. Мөн астрологийг 18 жил тасралтгүй судалж суралцаж байна. Эдгээр мэргэжлийг эзэмшиж, суралцаж байхад анагаах ухааныг зайлшгүй судлах шаардлага зүй ёсоор гарсан.
-Уламжлалт анагаах ухааны эмч нар хүний бие, сэтгэлийг цогцоор нь үзэж эмчилдэг, хамгийн сайн сэтгэл зүйчид байдаг гэдэг. Та сэтгэл зүйч, одон орон судлаач мэргэжилтэй шүү дээ. Таны мэргэжил уламжлалт анагаах ухаанд суралцахад яах аргагүй хөтөлсөн үү?
-Тийм ээ. Учир нь уламжлалтын анагаах ухаанд идээ унд, явдал мөр буруудахад бие өвдөж сэтгэл амаргүйдэж, таван махбодын шүтэн барилдлага алдагдахад хүний биед өвчин үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хүн сэтгэлээ удирдаж, явдал мөр зөв байх ёстой. Энэ зүйлийг энгийн үгээр хэлэхэд амархан боловч эдгээр нь тус тусдаа мэргэжлийн ур чадвар онол шаардсан шинжлэх ухаан юм. Сэтгэл зүйн шинжлэх ухаан нь хүний сэтгэл, зан үйл түүнээс үүдэн гарч буй хариу урвалыг судалдаг. Анагаах ухаан нь хүний эрүүл мэнд бие организм түүнд гарч буй өөрчлөлтийг судалж эмчилдэг асар том шинжлэх ухаан юм. Астрологи нь хүний төрсөн цагаас тухайн хүний төөрөг тавилан хувь заяа орчлонг орхих хүртэл судалж тодорхойлдог бие даасан шинжлэх ухаан юм. Эдгээрийг хамтад нь судлах маш сонирхолтой байдаг.
-Яагаад Оточ Манрамба Их Сургуулийг сонгосон бэ. Уламжлалтын сургуулиуд маш олон болсон шүү дээ. Тэдгээр сургуулиудаас Оточ Манрамба Их Сургуулийг сонгох болсон хамгийн чухал хүчин зүйл юу байв?
-Оточ Манрамба Их Сургуулийн талаар олон жилийн өмнө сонсож мэдээлэл авч, хоёр ч удаа суралцахаар зорьж ирж байсан ч тухайн үедээ сурч чадаагүй буцаж байсан. Одоо бодоход цаг нь болоогүй эргэж тойроод л байж дээ. Сургуулиа өөрийнхөө итгэл үнэмшлээр сонгосон. Оточ Манрамба Их Сургуульд суралцаж төгссөндөө сэтгэл хангалуун байдаг. Сургууль маань олон давуу талтай. Эмнэлэг, хийд, сургууль, эмийн үйлдвэр гэх мэт олон цогц үйлчилгээг явуулдаг. Энэ нь сургуулиа сонгоход бас нөлөөлсөн. Сургалтын хөтөлбөр программ, сургалтын арга нь таалагдсан болохоор энэ сургуульдаа итгэл төгс суралцаад төгссөн.
-Спортын сэтгэл зүйчээр түлхүү ажилладаг юм байна. Монголын тамирчид олон улсад амжилт гаргахад сэтгэл зүйн болоод бие бялдрын хувьд ямар асуудлууд байдаг вэ. Уламжлалт анагаах ухааны эмч хүний хувьд энэ талаас хэрхэн харж байна?
-Монголын тамирчид сэтгэлзүйн зөвлөгөө бараг авч чаддаггүй, энэ үзүүлэлтээрээ олон улсад доогуур байранд ордог. Улсдаа дээгүүр байр эзэлсэн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахдаа сэтгэл зүйч, эмч гээд мэргэжлийн ур чадвар шаардсан баг ажилладаг. Харин манайд бол ийм баг хүртээмжтэй байдлаар ажиллаж чадахгүй байгаа. Зарим шигшээ багийн тамирчид одоо ч сэтгэл зүйчгүй байна. Бие бялдрын хувьд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тамирчдыг бэлтгэж чадахгүй байгаа. Тамирчдыг амраах, эрүүл мэндийн үзлэг, сэтгэл зүйн байдлыг хянах, зорилгодоо хүрэхийн тулд нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байгааг хянах тогтолцоо, мэргэжилтэн дутмаг байна. Миний хувьд одоохондоо суралцаж байгаа болон мэргэжлийн тамирчид, спорт сонирхогч хүүхэд залуучуудтай ганцаарчилсан болон багийн зөвлөгөө өгч дэмжиж ажиллаж байна. Мөн дасгалжуулагч багш нартай хамтарч ажилладаг. Бэлтгэлийн үед булчингаа амрааж чадаагүйгээс болж өөрчлөлт гарч тухайн тамирчны амжилт, бэлтгэлийн үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Тамирчдад уламжлалт эмчилгээ маш хэрэгтэй. Учир нь бэлтгэлийн ачаалалтай үед булчинг амраах бариа засал, төөнүүр, усан эмчилгээ, шарлага гэх мэт эмчилгээнүүд ач тустай.
-Оточ Манрамба Их Сургуульд элсэн суралцах хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ. Тэдэнд сурах арга барилаасаа хуваалцаж болох уу?
-Хүний амь настай холбоотой чухал салбарт суралцах гэж байгаагаа маш сайн ойлгож, ухамсарлах хэрэгтэй. Энэ мэргэжилдээ дурлаж, сонирхож, олон талын мэдлэгийн эрэл хайгуулыг суралцагч өөрөө ирж хайж сурах хэрэгтэй гэж боддог. Аливаа зүйлийг хүнд хэцүү гэж харвал эрдэм орохгүй, амархан шантардаг. Тиймээс хүнд бэрх байлаа ч хэрэгтэй зүйлийг дуртай хийж сурах арга барилыг суралцагч та өөрөө хайж олж, түүнийгээ хэвшүүлээрэй гэж хэлье дээ.


-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай