897
СБД-ийн иргэн Б.Туяатай цөөн хором ярилцлаа. Түүний зээ охин Ч.Гэрэлсүрэн Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы их эмчийн хөтөлбөрийн оюутан юм.
-Та зээ охиноо Оточ Манрамба Их Сургуульд сургахаар шийдсэн гэлээ. Яагаад Оточ Манрамба Их Сургуулийг сонгосон бэ?
-10 жилийн өмнө миний өвдөгний үеэр өвдөөд Оточ Манрамба Их Сургуулийн бааз эмнэлэг Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт анх удаа ирж, Хамба лам Д.Нацагдорж гуайд үзүүлсэн юм. Хамба лам намайг үзэж оношлоод “Таны өвдгийг эмчлэхийн тулд долоон эд эрхтнийг чинь давхар эмчилнэ” гэж хэлсэн. Тэгэхэд би ганц өвдөг эмчлэхийн тулд бусад эрхтнийг бас давхар эмчилдэг нь ямар учиртай юм болоо гэж их гайхаж байсан. Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтээд хоёр дахь хоног дээрээ л өвдөгний өвчин намдаж, шатаар явж чадахгүй байсан хүн чинь хөнгөн шингэн болсон. Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт 10 хоног эмчлүүлээд гарахдаа уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ ямар гайхамшигтай юм бэ гэдгийг зүрх сэтгэлдээ шингэтэл ойлгож авсан. Дараа нь тав, зургаан жилийн дараа толгой өвдөөд, эмч нар ямар ч онош тавьж чадахгүй, маш хүчтэй өвчин намдаах эмээр л аргалж байлаа. Тэгээд би дахиад л Хамба лам Д.Нацагдорж гуай дээр уйлаад ирж байсан. Надад тан бичиж өгөөд, төөнүүр, зүү эмчилгээ хийгээд тав хоногт л хүчтэй өвдөлт нь намдаж, эдгэсэн. Тэгж би хоёр дахь удаагаа Монголын уламжлалт анагаах ухааны гайхамшгийг мэдэрсэн. Тэр үед зээ охин маань 5 настай байлаа.
Тухайн үед охиноосоо ямар мэргэжилтэй болохыг асуухад эмч болно гэж хэлсэнд нь би маш их баярлаж, ерөөсөө л охиноо уламжлалтын эмч болгоё гэж шийдсэн. Тиймээс өдийг хүртэл уламжлалт анагаах ухааны талаар маш их зүйлийг уншиж, Хамба лам Д.Нацагдорж гуайн байгуулсан Оточ Манрамба Их Сургуулийн талаар судалж ирсэн. Манба Дацан эмнэлгийн чадварлаг эмч нар Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгчид байсан нь надад маш сайхан санагдаж, охиноо тэр мундаг эмч нар шиг болгохын тулд Оточ Манрамба Их Сургуульд сургах хэрэгтэй юм байна гэж бодсон.
-Охин чинь өөрөө уламжлалтын эмч болох сонирхолтой юу?
-Тиймээ, уламжлалтын эмч болно гээд хими, биологийн хичээлээ маш сайн давтаж байгаад сургуульдаа амжилттай орж чадсан. Охин маань Химийн улсын олимпиадад ороод 4-р байр эзэлж байсан. Эмээтэйгээ хамт анх сургуульдаа ирж үзэж, танилцаад маш их баяртай байсан. Охиноо мундаг оточ болно гэдэгт эмээ нь эргэлзэхгүй байгаа. Манайх удамдаа нэг сайн эмчтэй болох нь гээд их баяртай явдаг.
-Оточ Манрамба Их Сургуулийн талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
-Хамба лам Д.Нацагдорж гуайн Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө, залуучуудын эрдэм мэдлэг, боловсролын төлөө хийж байгаа үйлсийг юутай ч зүйрлэшгүй. Би энэ хүнээр маш их бахархдаг. Манба Дацан хийд, эмнэлэг, эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургуулийг цогцоор нь байгуулж, оюутнуудын сурах таатай нөхцөлийг хангасан байгааг харлаа. Энэ сургуулийн төгсөгчид, багш нар нь эрдэм чадалтай мундаг хүмүүс байдгийг мэдлээ. Оточ Манрамба Их Сургуульд хүүхдээ элсүүлж, Хамба лам Д.Нацагдорж болон олон сайхан багш нарт охиноо шавь оруулсандаа 100 хувь сэтгэл хангалуун байдаг. Эрдэм мэдлэгийн уурхай болсон Оточ Манрамба Их Сургуульд суралцаж, мундаг эмч болоход нь эмээгийн зүгээс хийж чадах бүхнээ зориулна аа.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд