Цахим суваг:-

Хавар бөөлжүүлэг хийлгэж, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой

711

Уламжлалт анагаах ухаанд цаг улирлын байдлыг нар, сарны ирэх, буцах цагт харгалзан жилийн 365 хоногийг 6 улиралд хуваан авч үздэг бөгөөд өвлийн эхэн, өвлийн сүүл, хавар, тэжээлийн улирал, зун, намар гэж ангилдаг. 6 улирлын мөн чанар хүний эрхтэн тогтолцоонд нөлөөлж, өвчин үүсгэх нөхцөлүүдийг бий болгодог. Хаврын улиралд нарны илчийн бүлээн нэмэгдэж, хүний биеийн бадган арвидаж, хөдөлдөг тул бадган хүйтнээс шалтгаалсан өвчлөл гарах эрсдэлтэй. Тиймээс бадганы өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд бөөлжүүлэг эмчилгээг хийдэг. Уламжлалт анагаах ухаанд аливаа өвчнийг идээ унд, явдал мөр, эм, заслаар засдаг бөгөөд бөөлжүүлэг эмчилгээ нь эмийн бүлэгт хамаарагддаг. Эм нь дотроо амарлиулах, арилгах эм гэж хоёр хуваагдах бөгөөд амарлиулах эм нь тан, талх, үрэл, зуурмал зэрэг хэлбэрийн эмүүдийг дотроос нь өгч амарлингуй зөөлөн байдлаар махбодыг тэгшитгэж өвчнийг дарна. Харин арилгах эм нь аливаа өвчнийг сав эрхтэнд нь хурааж, нэг мөр биеэс туулгаж, бөөлжүүлж гаргаж байгаа ширүүн засал юм. Тиймээс ч бөөлжүүлгийг өвчний заалт, тухайн хүний биеийн онцлогт тохируулан хийх бөгөөд тамир барагдсан, хийн өвчин, хорхой, шамбарам, цанх өвчинтэй, хэтэрхий өндөр настан болон 16-с доош насны хүүхдэд хийж болохгүй. Харин идээ эс шингэсэн, ходоодны бадган салс арвидсан, аюулхай, идээний бэтэг, хүйтэн цанх, ходоодны өвчнүүд, бадган шартай хий холилдсон толгойн өвчин, хоолны дуршилгүй болсон зэрэг өвчний үед бөөлжүүлгийг хийдэг. Мөн эрүүл хүн ч хаврын улиралд нэг удаа бөөлжүүлэг хийлгэснээр бадганы өвчнүүдээс сэргийлэх боломжтой.
Бөөлжүүлэг эмчилгээг тусгай бэлтгэсэн бөөлжүүлэх чадалтай эмийн найрлагыг ууж, жамц давс, эсвэл харуца давстай буцалсан усаар ташуур болгон угааж цэвэрлэдэг тул уламжлалтын мэргэжлийн эмчийн хяналтад хийлгэх нь зүйтэй. Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлэг нь бөөлжүүлэг хийх тусгай жортой бөгөөд ходоодны бөөлжүүлгээс гадна уушгины бөөлжүүлгийг хийж, уушгины гуурсыг цэвэрлэх эмчилгээг хийдэг. Бөөлжүүлгийг ном ёсоор нь онолын дагуу хийж, сүүлийг нь таслах эмчилгээ хийхгүй бол хоёрдогч өвчин үүсгэх, эсвэл суурь өвчнөө бүрэн гадагшлуулж чадахгүй биед тархаах эрсдэлтэй. Таргалалтыг багасгах тус эрдэмтэй учир хүмүүс эмчийн заавар зөвлөгөөгүйгээр дур мэдэн янз бүрийн эм ууж бөөлжих, бөөлжүүлэг эмчилгээг хийлгэх сонирхолтой байдаг. Бөөлжүүлэг эмчилгээг заавал эмчийн хяналтад хийлгэх бөгөөд уламжлалтын нарийн мэргэжлийн эмчид хандаж хийлгэвэл үр дүнтэй. Бөөлжүүлэг хийхээс өмнө тухайн хүнд тодорхой хугацаанд хийг дарах зөөлөн бариа, иллэг, түрхлэг, төөнүүр зэрэг эмчилгээг хийх ёстой. Харин хоолны хордлогын үед бэлтгэл хийх шаардлагагүйгээр шууд бөөлжүүлж болдог. Бөөлжүүлэг эмчилгээ нь нүд, чих, хамар, хэл, хүрэлцэхүй гэсэн мэдрэхүйн таван эрхтний үйл ажиллагааг сайжруулж, бадган салсыг цэвэрлэн, ходоодны галын илч буюу ходоодны шингээх чадварыг сайжруулж, таргалалтыг бууруулах ач холбогдолтой. Мөн амны эвгүй үнэр арилж, бие хөнгөрч, тунгалгийн галын илч сайжирдаг. Бөөлжүүлэг хийсний дараа болон хаврын улиралд хөнгөн, ширүүн идээ унд, гашуун, халуун, эхүүн амттай хоол ундыг хэрэглэх бөгөөд арвайн гурил, хуурай газарт оршигч амьтны мах, буцалсан халуун ус, зөгийн бал зэргийг хэрэглэвэл зохистой.

Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн эрхлэгч, АУ-ы магистр Д.Отгонбаатар

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай