Цахим суваг:-

Г.Одонцэцэг: Зөв сэтгэлээр охь тунгалгаа тэтгэж явбал тамир сайн, цог золбоотой байх болно

721

Оточ Манрамба Их Сургуулийн Дэд захирал, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй уламжлалт анагаах ухааны өвчний ангилал болон хүн амын дунд зонхилж буй өвчлөлтүүдийг уламжлалт анагаах ухаанаар хэрхэн эмчилж байгаа талаар ярилцлаа.

-Өрнийн анагаах ухаанаар оношийг нь тодруулж чадахгүй маш олон өвчнийг уламжлалтаар эмчлээд байгаа нь уламжлалт анагаах ухааны өвчний ангилалтай холбоотой байх. Тиймээс уламжлалт анагаах ухаанд өвчнийг хэрхэн ангилдаг талаар яриагаа эхэлье?
-Уламжлалт анагаах ухаан яагаад европ анагаах ухааны оношилж чадахгүй байгаа өвчнийг оношлоод, эмчлээд байна вэ гэдэг нь энэ хоёр анагаах ухааны онолын зөрүүтэй холбоотой. Тухайлбал, уламжлалт анагаах ухаанд анх хүний бие бүрэлдэхэд хамт үүсэж, төрсөн 1080 ад гэж бий. Мөн хүний биеийн гадна орчинд байдаг ад зэтгэр хүний бие, сэтгэлд нөлөөлж өвчлүүлдэг гэж үздэг. Адын өвчний шалтгаан, нөхцөл, урвах ёс, шинж тэмдэг, эмчилгээг тодорхой зааж өгсөн. Тиймээс адын өвчнийг таньж, оношлоод эмчлээд байгаа юм. Мөн уламжлалт анагаах ухаанд хийн судас, үндсэн таван хий болон гишүү таван хийн тухай онол байдаг бөгөөд хүний биеийн бүтэц, үйл ажиллагаанд ихээхэн үүрэгтэй. Хийн хэвийн үйл ажиллагаа алдагдвал олон төрлийн өвчин эмгэгийг үүсгэдэг. Энэ талаарх онолын ойлголт өрнийн анагаах ухаанд байхгүй учраас үүнийг оношилж, эмчлэх боломжгүй болж байгаа юм. Уламжлалт анагаах ухаанд өвчнийг ангилахдаа хүний бие, сэтгэлийг цогцоор нь өвчний шалтгаан, нөхцөл, таван махбод, хий, шар, бадганы уялдаа холбоогоор нь авч үздэг учраас өрнийн анагаах ухааны өвчний ангиллаас онолын болон ангиллын, арга аргачлалын хувьд ихээхэн зөрүүтэй.
-Өвчнийг үүсэж буй шалтгаан нөхцөлөөр нь ангилдаг гэсэн. Ямар шалтгаанаар өвчин үүсдэг вэ?
-Өвчнийг шалтгаан нөхцөлөөр нь ангилах нь өвчний шалтгааныг тодруулаад зогсохгүй тавиланг ч мөн тодорхойлдог. Энэ нь оношилгоо, эмчилгээний чухал ач холбогдолтой. Өвчин тус бүрийг үүсгэх маш олон шалтгаан байдаг боловч үүнийг үндсэн гурван шалтгаанд хураадаг. Нэгдүгээрт, урьдын муу үйлийн үрээр боловсорсон өвчин. Хоёрдугаарт, өвчин үүсэх цаг, ад, идээ, явдал мөрөө илүүдүүлж, дутуудуулж, буруудуулснаас болсон өвчин. Гуравдугаарт, энэ хоёр шалтгаан холилдсоноос үүссэн өвчин. Урьдын муу үйлийн үрийн өвчин нь шалтгаан, нөхцөл өчүүхэн төдийд байхад өвчний хүч их, явц түргэн, хүндрэл ихтэй, хэчнээн зөв оношлоод сайн эмчилгээ хийсэн ч ихэвчлэн үхэлд хүргэх тавилантай. Мөн өвчнийг бодгальтай нь уялдуулж, эрэгтэй, эмэгтэй, манин, хүүхдийн, залуусын, хөгшдийн өвчин гэж ангилахаас гадна язгуур хэлбэрээр нь шархны, халууны, дотрын өвчин, байршлаар нь таван цул, зургаан сав, арьс, судас, мах булчин гэх мэтээр нарийн ангилдаг. Эдгээр ангиллыг хий, шар, бадганы бэлгэ чанар, тэдгээрийн дүр урвалттай уялдуулж өвчний ангиллын тоон үзүүлэлтийг гаргавал 1060 тооны өвчин байна гэж үздэг. Энэ бүх өвчнийг уламжлалт анагаах ухааны эмч оношилж эмчлэх боломжтой гэсэн онолын гаргалгаа, нотолгоо бий. Эмчийн мэдлэг оюун, практик дадлагын чадамж хэдий чинээ өндөр байх тусам тэр хэмжээгээр тухайн бодгальд тохирсон маш нарийн оношийг тавьж болно гэсэн үг юм.
-Ямар ч шинжилгээний багаж хэрэгсэлгүйгээр бүхий л өвчнийг оношлох боломжтойгоороо уламжлалт анагаах ухааны оношилгооны аргууд үнэхээр онцгой, сонирхолтой санагддаг. Уламжлалтын оношилгооны талаар хэлж өгөөч?
-Уламжлалтын эмчийн оношилгоо үйлчлүүлэгч хаалгаар орж ирэхээс л эхэлнэ. Үйлчлүүлэгчийн царайны өнгө, биеийн хэлбэр галбир, хөдөлгөөний эвсэл байдал, дууны өнгө гээд гаднаа илэрч буй шинж байдлыг ажиглана. Мөн цэрний өнгө, өтгөн, шингэн, цусны байдал зэрэг нүдээр харж оношилж болох бүхий л зүйлийг хардаг. Биеийн халуун, хүйтэн, овгор, товгор, хатуу, зөөлөн зэргийг хүрэлцэж шинжилнэ. Дараагийн нэг оношилгооны арга бол асуух шинжилгээ юм. Өвчтөний хаана өвдөж байна, өвдөлт нь хорсож, хатгуулж, базалж байна уу, өглөө, өдөр, орой, шөнийн аль цагт өвдөж байна, ямар шалтгаан нөхцөлөөс болсон, урьд нь ямар эмчилгээ хийлгэж байсан, хэдий хугацаанд өвдөж байгаа гээд бүхий л зүйлийг асууж тодруулна.
Уламжлалт анагаах ухааны хамгийн нарийн, эмчийн чадвар чансааг шаардсан оношилгоо бол судас оношилгоо, шээс оношилгоо юм. Судас оношилгооны талаар уламжлалт анагаах ухааны онолд нарийн зааж өгсөн байдаг. Гэхдээ судас оношилгоог зөвхөн онолын түвшинд судлаад оношилно гэдэг учир дутагдалтай. Олон удаагийн давталтаар олон хүний судас чагнаж үзэх хэрэгтэй. Манла бурхны тарнийг маш олон удаа урьж уншсан, судасны бясалгал хийсэн байх хэрэгтэй. Эмчид бодь сэтгэл төрсөн байх ёстой. Оюун ухааны өндөр түвшний мэдлэг, тарнийн хүч, бодь сэтгэлийн хүчээр судас оношилгоог хийнэ. Үйлчлүүлэгчид, зарим эмч нар хүртэл судсаар оношилж болдог юм уу гэж гайхдаг. Миний хувьд судас оношилгоог багшаар заалгаж сурсан, 20 жил өөрөө багшилсан, энэ талаар олон зуун ном судар уншиж судлан, бичиж, олон хүн оношилж, хичээж дадуулсны үр дүнд үнэхээр энэ судас оношилгоогоор өвчин төдийгүй, хүний тухай маш олон зүйлийг онож, мэдэж болдог юм байна гэдгийг баталгаа нотолгоотой мэдэж, олны тусад хэрэглэж байна. Судсаар оношлох чадварыг эзэмшсэн эмч үйлчлүүлэгчийн судсанд хүрэлцээд чагнах төдийд эмчийн мэдлэг чадвар, бодь сэтгэл нь тухайн хүндээ эхний эмчилгээ болж нөлөөлж байдаг гэдгийг таньж мэдсэн. Уламжлалт анагаах ухааны судас оношилгоо бол эгэлийн ухаанаар таньсан арга биш юм билээ. Сэтгэл оюуны эгэл бус түвшинд хүрсний үндсэн дээр судас оношилгоо гэдэг нь ийм байна, энэ үед ингэж лугшина, зурхай, улиралтайгаа ингэж холбогдоно шүү гэдгийг зааж өгсөн. Тиймээс бид үүнийг судалж, ойлгож, таньж, мэдээд бусдын тусад хэрэгжүүлээд явах нь чухал байна.
-Савны хий гэх ойлголтын талаар хэлж өгөөч. Савны хий гаргах бариа хийнэ гэсэн зар их байдаг. Ямар эмчилгээ хийх ёстой вэ?
-Сав буюу умай гэдэг эрхтэн бол хийн оронд оршдог, хийн үйлдлүүд зонхилон явагддаг. Хурьцлын үйл, үр тогтох явц нь хийн үйлдлээр явагддаг. Умайд тогтсон ураг 40 долоо хоногт долоо хоног бүр өөр өөр хийн үйлдлээр эд, эрхтнүүд үүсэн төлждөг учраас умайд маш их хийн үйлдлүүд явагддаг. Үр хөврөл тогтоод, эд эрхтнүүд үүсэж, төлжих хугацаанд эхийн хэвлийд тогтоон барих, сар нь гүйцэхэд нярайлах үйлдлийг уруу арилгагч хий гүйцэтгэдэг. Тиймээс нярайлсны дараах гамыг сахиагүйн улмаас, мөн уруу арилгагч хийн үйлдлийг хямруулах янз бүрийн нөхцөлөөр савны хий хямарч, түүнээс үүдэн хийн шалтгаантай олон өвчин эмгэг үүсдэг. Тухайлбал, уруу арилгагч хийн гүйдэл дээш буруудсанаар зүрх, амин судасны хийн гүйдлийг буруудуулж, энэ нь сэтгэлийн гүйдлийг хямрааснаар галзуурах, сэтгэл долгисох зэрэг эмгэгүүдийг үүсгэдэг. Мөн савны хий бүрэлдсэн өвчин үүссэнээр хийн судсаар дамжин судлын 16 төрлийн өвчнийг үүсгэдэг. Харин европ анагаах ухаан дахь эх барих эмэгтэйчүүдийн өвчин судлалд савны хийн тухай ойлголт байхгүй учир энэ төрлийн өвчин эмгэгийг оношилж, эмчлэх боломжгүй. Тиймээс энэ төрлийн эмгэгтэй хүмүүс европ анагаахын эмнэлэгт хандсан тохиолдолд бүрэн дүүрэн оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжгүй байдаг нь амьдрал дээр ажиглагддаг.
-Хүүхэд тан ууж болох уу, уламжлалтаар эмчлүүлж болох уу гэж их асуудаг. Тэр дундаа нярай хүүхдэд тан өгч болохгүй биз дээ гэсэн хандлагатай хүмүүс их бий. Та үүнд хариулна уу?
-Хүүхэд, залуус, хөгшид гээд бүх насныхан адилхан таван махбодоос бүтсэн бие махбодтой, тус тусын бэлгэ чанарыг агуулсан хий, шар, бадган үйл ажиллагаагаа явуулж байдаг учраас уламжлалт оношилгоо, эмчилгээг хийлгэж болно шүү дээ. Уламжлалт анагаах ухаанд нялхсын өвчний талаарх бүхэл бүтэн салбар ухаан байна. Уламжлалт эм, эмчилгээг бүх насныхан хэрэглэж болно.
-Утаа, агаарын бохирдлоос болж ханиад томуу их байна. Ханиад томуунд уламжлалт эмчилгээ их үр дүнтэй гэдэг юм билээ?
-Ханиад нь олон төрлийн шалтгаан нөхцөлөөс болж үүсдэг. Үүний нэг нөхцөл нь яах аргагүй утаа, агаарын бохирдол юм. Ханиад томуу нь халуун мөн чанартай өвчний язгуурт багтдаг. Хамар, хоолой, уушгины ханиад байна уу гэдгээс хамаараад эмчилгээг тохируулж хийнэ. Ерөнхийдөө өвчний эхэн үе, дэлгэрч байгаа үе, эдгэрэлтийн үе гэсэн гурван үе шаттай нь харгалзаж эмчилгээг хийнэ. Өвчний эхэн үед хөнгөн байдаг учир яаралтай арга хэмжээ авбал цааш дэлгэрүүлэхгүй эдгээх боломжтой. Харин дэлгэрсэн үедээ орсон бол дэлгэрсэн ханиадыг сайн дараад эдгэрэлтийн үеийг нь маш сайн анхаарах хэрэгтэй. Хүмүүс эм уугаад, эмчилгээ хийлгээд ханиадны шинж тэмдэг арилмагц эдгэчихлээ гэж бодоод эдгэрэлтийн үеэ анхаардаггүй. Гэтэл эдгэрэлтийн үед хийн бэлгэ чанар ихэвчлэн арвиддаг учир өвчний үлдэгдэл архагших, эргээд дахих зэрэг тохиолдол гардаг. Ойрын үед манай эмнэлэгт халдварт ханиадны эдгэрэлтийн үедээ хямарч байгаа хүмүүс их ирж байна. Даралт ихэслээ, зүрхээр өвдөж, нойр сэрвэлзэж, үе мөч өвдөж байна, гэхдээ ханиад бол эдгэсэн гэдэг. Энэ бол эдгэрэлтийн үеийг анхаарч, ханиадыг бүрэн төгс эмчлээгүйгээс эдгэрэлтийн үеийн хямрал явагдаж байгаа хэрэг. Хэрэв эдгэрэлтийн үеийн хямралыг дарахгүй бол ясанд хий халуун шунаж хэрэх, үе мөчний өвчин үүсэх, ходоод өвдөх, даралт ихсэх, нойргүйдэх, зүрхний хий үүсэх зэрэг эмгэг үүсдэг. Ханиадыг бүрэн эмчлэхгүй байх нь ийм л хор уршигтай. Ханиад бол байнга хүрээд дорхноо эдгэчихдэг энгийн өвчин биш. Ханиадыг дутуу эмчилснээс болж олон өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Өвөл халтиргаа гулгааны улмаас гэмтлийн эмнэлгийн ачаалал ихэсдэг гэдэг. Гэмтэж бэртсэн хүмүүс Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэр ханддаг вэ?
-Манай Манба Дацан Нэгдсэн эмнэлэг бэртэл, гэмтэлтэй олон хүнийг үр дүнтэйгээр эмчилж байна. Зөөлөн эдийн гэмтэл, ясны хугарал бэртэл, ил далд шарханд уламжлалт эмчилгээ маш сайн. Ер нь бүх төрлийн бэртэл гэмтэл болон мэс заслын дараа гэмтсэн халуун үүсэж, энэ нь цусыг гэмтээж, цаашлаад элэгний олон төрлийн өвчний эхийг тавьдаг. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй санагддаг. Зөөлөн эд гэмтэх, судас шөрмөс тасрах, мах булчингийн бэртэл, ясны хугаралд олон төрлийн эмчилгээний аргууд, эм, тангууд байна. Бид үүнийг ард иргэддээ хэрэглээд, туслаад л явж байна. Уламжлалт анагаах ухаан яагаад бэртэл гэмтэл, шарх сорвинд сайн байна вэ гэхээр уламжлалт анагаах ухаан ид дэлгэрч, хөгжиж байсан үетэй давхцаад дэлхий дахинд дайн тулаан их болж байсан. Дайн тулааны үеэр маш их хүн бэртэж, яс хугарах, булчин шөрмөс тасрах зэргээр гэмтэл гардаг. Энэ бүхэнтэй уялдаад уламжлалт анагаах ухаанд гэмтэл, хугарлыг эмчлэх арвин туршлага бий болсон. Одоогийн өвлийн халтиргаа гулгааны бэртэлтэй зүйрлэх юм биш. Уламжлалт анагаах ухаанд цус алдалтыг зогсоох сайн жорууд бий. Бид үүнийг амьдрал дээр хэрэглээд л явж байна. Эмчилгээний үр дүнтэй, баталгаажсан аргууд зөндөө байдаг.
-Түлэгдэлтээс болж бага насны хүүхдүүд эндэж, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол их байна. Түлэгдсэн хүүхдийг Манба Дацан Нэгдсэн эмнэлэг хүлээж авах боломжтой юу?
-Болно. Манай эмнэлэгт их хэмжээний түлэгдэлттэй том хүн, хүүхэд ханддаг. Түлэгдэлтийн байдал, тухайн хүний биеийн байдалтай холбоотойгоор өөр өөр эмчилгээ хийнэ. Түлэгдэлтийн үед хүний биеийн гал махбодын бэлгэ чанар ихэд арвидан хямрахын зэрэгцээ эсрэг махбод болох усан махбодод сөрөг нөлөө үзүүлдэг. Ингэснээр цус, шар ус болон долоон тамирт өөрчлөлт ордог. Өвдөлт зовуурь ихтэй, амь насанд ч хүрч болохуйц бөгөөд эдгэсэн тохиолдолд ч сорви үүсгэдэг гээд үнэхээр бэрх зовлонтой гэмтэл юм. Тиймээс түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх нь маш чухал. Ер нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд их хянамгай, ухамсартай байж, ахуйн түлэгдлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. Хүүхдэдээ сахиус зүүлгэж, янз бүрийн осол гэмтлээс хамгаалах ном уншуулах шаардлагатай. 0-16 хүртэлх насны хүүхдийг хорлодог 15 төрлийн ад байдаг. Үүнээс сэргийлэх сахиус манай Манба Дацан хийдэд бий. Өвдөх шалтгаан маш олон байна. Тэгэхээр бид тэр олон шалтгаануудаас бүхий л аргаар урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ном буян хийлгэх хэрэгтэй. Хамгийн чухал нь буруу явдал хийхгүй, аливаа юмыг илүүдүүлж, дутуудуулж, буруудуулахгүй байх хэрэгтэй. Шим тэжээлтэй, хоргүй хоол байсан ч ихэдвэл хор болно, эсвэл би бага идэх ёстой гээд дутуудуулбал тэжээл дутагдаж, өвдөнө. Буруу хоол идвэл хордоно. Тиймээс аливаа зүйлийг тэнцвэртэй хэмжээнд нь хэрэглэхийг эрмэлзээрэй.
-Улиралтай холбоотойгоор хүний бие өвчилдөг гэсэн. Өвлийн улиралд ямар өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ?
-Өвлийн улирлын нэг сайн тал нь хүний биеийн шар үсний сүв хаагдаж, галын илч сайжирдаг учраас хүний хамгийн эрүүл, хүч чадалтай байдаг үе. Нэг их өвдөөд, нялхраад байдаг улирал биш л дээ. Хэрэв цэвэр агаартай орчинд зөв хувцаслаад, зөв хооллоод явбал оюуны болон биеийн ачааллыг хамгийн сайн даах чадвартай байдаг улирал. Гэхдээ манай Улаанбаатарын нөхцөлд утаа ихтэй байгаагаас уушги их өвчилж байна. Өвлийн улиралд усан махбод дэлгэрдэг учраас уушги, бөөр, давсаг, эмэгтэйчүүдийн өвчин үүсэх, өвдсөн тохиолдолд хүндрэх магадлалтай.
-Тэгвэл өвлийн улиралд ямар идээ унд идэж, явдал мөрийг сахивал өвчнөөс сэргийлж чадах вэ?
-Өвөл ходоодны галын илч сайн байдаг учраас хамгийн шимтэй идээ унд хэрэглэх ёстой. Чанасан мах, адууны мах зэрэг шим тэжээлтэй, тослог чанартай, хүнд идээ ундыг ходоодны галын илчтэйгээ тохируулан өдөр дундын үед хэрэглэвэл сайн. Мөн өвлийн улиралд туулга хийж болохгүй. Сэрүүн чанартай хоол хүнс, ямааны мах, усан махбодтой жимс ногоо идэхгүй байхыг зөвлөе. Хүмүүс витаминтай гээд жимс их иддэг. Өвөл жимснийхээ хэрэглээг багасгаж, бараг идэхгүй байсан ч болно доо.
-Дархлаагаа сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Дархлаагаа сайжруулахын тулд тамираа тэтгэх нь зүйтэй. Уламжлалт анагаах ухаанд тамир хэмээх ойлголтод идээний тунгалаг, цус, мах, булчин, өөх, яс, чөмөг, дуслыг (Улаан, цагаан дусал байх бөгөөд эмэгтэй хүний сарын тэмдгийг улаан дусал, эрэгтэй хүний үрийн шингэнийг цагаан дусал гэнэ) авч үздэг. Долоон тамирын боловсролт, төлжилт сайн байвал эд эрхтний үйл ажиллагаа хэвийн эрүүл байдаг. Тунгалаг, цөвийн боловсролтоор долоон тамир нь таван цул, зургаан сав эрхтэн, яс, мах зэрэг бүхий л эд эрхтнийг төлжүүлээд, цөвүүдийг ялгаж гадагшлуулдаг. Тиймээс өтгөн, шээс, хөлс, нулимс, хумс, нус, хулхи зэрэг цөвүүд хэвийн гадагшилж байх ёстой. Хэрэв өтгөн хатах, шээс чавдагших, хөлс гарахгүй байх, эсвэл ихсэх зэрэг шинж илэрвэл тунгалаг, цөвийн боловсролтын үйл ажиллагаанд эмгэг үүссэн байна гэж үзэж болно. Биеийн дархлааг сайжруулна гэдэг нь долоон тамир, тунгалаг цөвийн боловсролтыг сайн байлгах хэрэгтэй гэсэн үг. Тунгалаг цөвийн боловсролтыг сайн явуулахын тулд гурван галын илчээ мөн сайн байлгах хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс ус уугаад биеэ цэвэрлээд эрүүлжинэ гэж ярьдаг. Гэтэл ус их уух нь галын илчийг дарж, тамирын боловсролтыг муутгаж, дархлааг сулруулахаас гадна хаван өвчнийг үүсгэнэ.
Хамгийн эцсийн тунгалаг буюу охь тунгалаг гэж бий. Энэ нь зүрхэнд байдаг тамир бөгөөд хоол тэжээлээр тэжээгдэхээс гадна хамгийн гол нь зөв сэтгэлээр тэжээгддэг. Хүн биеийн дархлаа буюу тамираа сайн байлгахын тулд их зөв сэтгэлтэй, амар амгалан байх хэрэгтэй. Охь тунгалаг нь гутрал, шаналал, буруу үзэл бодлоор барагдаж, доройтдог. Охь тунгалгийг сайжруулахын тулд өөдрөг, зөв сэтгэлтэй байж, сэтгэлдээ 84 мянган нисваанисыг аль болохоор үүсгэхгүй байх хэрэгтэй. Өдөр бүр цаг үргэлж өөдрөг зөв бодолтой, уур уцааргүй, гуниг гутралгүй байж, энэ бүгдийг зөв, буянтай мэдлэг, оюун, сэтгэлээр охь тунгалгаа тэжээн тэтгэж явбал тамир сайн, цог золбоотой байхын чухал үндэс болно.


-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай