Цахим суваг:-

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь

927

Уламжлалт анагаах ухааны сударт: “Цөвийн цагт амьтны үйл доройтсоноор халдварт нянгийн өвчин ихэд дэлгэрэх бөгөөд Замбуу тивийн дөрөвний нэг нь хоосрох болно. Тэр цагт өөрийгөө болон бусдыг хамгаалж сэргийлэх нь чухал” хэмээн айлджээ.

Халдварт нянгийн өвчний шалтгаан нөхцөл
Цаг улирлын нөхцөл: Өвөл, зун, намар, хаврын дөрвөн улирлын махбод илүүдэж, дутуудаж, буруудах

Адын нөхцөл: Хүмүүс нийт олноороо гол, мөрөн, далайн ус бохирдуулах, газар шороо ухах зэрэг үйлээр байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах. Элдэв муу үзлийн улмаас өөр хоорондоо тэрсэлдэж биесээ хөнөөх, тэрсэлдэн тэмцэлдэх, тангараг санваараа зөрчих, эгэл ардууд ёс суртахуунаа алдах зэрэг муу үзлийн цөв ихэд дэлгэрэх. Мөн элдэв янзын бохир муу зүйл шатааж муу хэншүү хярвас тавих, улай хийж амьтны амь таслан мах цусны бузар үнэрийг хамаа замбараагүй түгээх зэрэг бузар муу үйлийг ихээр үйлдэх. Энэхүү үйлдэлд огторгуйгаар зорчигч Мамо хандо нугууд хилэгнэж, рид хувилгаанаар халдварт өвчний шар, улаан, хар уурыг амнаасаа гаргаснаар тэр нь огторгуйгаар түгнэ. Шар уурнаас нь балнад, томуу, улаан уурнаас нь гэдэсний хатгалга, хар уурнаас нь сахуу, боом, хяр яр (бэлгийн халдварт өвчин) тэргүүтэн тоолохын аргагүй олон төрлийн халдварт өвчнүүд үүснэ.
Хоол ундны нөхцөл: Хоол ундны сэрүүн, бүлээн чанарыг тохируулалгүй идэх, шимгүй идээг үргэлжид хэрэглэх, өлөн хоосон байсны улмаас тамир доройтох
Явдал мөрийн нөхцөл: Уурлах, сэтгэл санаа гутарч доройтох, зовж шаналах, хүсэл тачаалын сэтгэл зэрэг элдэв муу сэтгэлийг үүсгэх, сэтгэлдээ удаан тээх, суурь архаг өвчнөөр удаан хугацаанд энэлж хүч тамир доройтох, халдвартай хүнтэй ойр байх
Халдварлах зам: Халдварын нян (вирус) нь хүний хамрын сүв, шар үсний сүвээр дамжиж халдварлана. Халдвар үүсгэгч нян хүний биед орж, цусны хорхойтой нийлэлдэн судсаар дамжиж нэгэн агшинд толгойн оройгоос, хөлийн ул хүртэл гүйх чадалтай бөгөөд биеийн бүх хэсгээр нэгэн агшинд тархаж долоон тамирыг хямруулж, түргэн хугацаанд амийг хөнөөх аюултай.
Мөн чанар: Хүний бие махбодын шарын долоон бэлгэ чанарыг ихэд арвидуулан хямраана. Эхлээд эс боловсорсон үедээ бадган, хийтэй хавсарсан байдаг учраас эхлээд шууд шарын халуун дэлгэрэхгүй. Өвчин дэлгэрэх үе болон эдгэрэлтийн үедээ хий махбодтой хавсардаг учраас өвчний хүндрэл гарах нь элбэг, эдгэрэлтийн үедээ хийн эрхтнүүдийг хямраах нь элбэг байна.
Шинж тэмдэг:
Эс боловсорсон үед (3-14 хоног) илрэх шинж: Тухайн хүний онцлогоос шалтгаалаад эс боловсорсон үе буюу далд үеийн үргэлжлэх хоногийн хугацаа янз бүр байна. Удаан хугацаагаар жихүүдэс хүрнэ, толгой өвдөнө, ам гашуу оргино, хөл гарын үе, шилбэ, гуяны булчингаар өвдөнө, байн байн эвшээнэ, биеийн хүч чадал буурч залхуу хүрнэ, суниана, чих шуугина, дүлийрнэ, хоолны дуршил буурна, элдэв муу зүүд зүүдэлнэ, сэтгэлийн хөдөлгөөн ихэснэ, оройн цагаар бага зэрэг халуурна.
Халдварт халуун дэлгэрэх үед илрэх шинж тэмдэг: Жихүүдэс хүрэхээ болино, өндөр хэмтэй халуурна (38 хэмээс дээш), бие хөлрөх хийгээд хөлс нь муухай үнэртэй, мэдрэхүйн таван эрхтний үйл ажиллагаа доройтно, биеийн хүч тамир суларна, ой тогтоолт муудна, нүд улайна, хэл уруул шүдэнд хаг тогтоно, толгой өвдөнө, ам цангах гэх мэт ерөнхий шинж илэрнэ. Хэрэв нянгийн халдварт уушгинд буувал цээжээр хатгуулна, цэр нь шар ногоон өнгөтэй, цустай гарна, олон удаа ханиана, эцэстээ өгөр идээ цустай ханиаж, уушгины хатгаа болж хүндэрнэ.

Урьдчилан сэргийлэлт:
Хоол, унд: Хонь, үхэр, адууны махтай шөлтэй хоол, цагаан тос, үрийн тос, шар тос, сонгино саримс, буцалгасан халуун бүлээн ус, зөгийн балтай ус, хийцтэй цай, сүүтэй цай, буцалгасан аарц, чацарганын халуун бүлээн шүүс зэрэг илчлэг, шимтэй хоол, унд хэрэглэж биеийн хүч тамирыг тэтгэнэ. Өглөө заавал өлөө тайлах хэрэгтэй. Хоолны хэмжээ ихдүүлэх, эхнийх нь шингээгүй байхад дахин идэх, оройн хоолыг хэт оройтуулж хэрэглэж болохгүй.
Явдал мөр:
•    Хүйтний улиралд дулаан гутал, хувцас өмсөх
•    Хувийн болон гадна, дотор орчны ариун цэврийг сайтар сахина
•    Элдэв зүйлийн бохир хог шатааж бузар хэншүү хярвас гаргахгүй байх
•    Амьтны амь таслах, хулгай хийх, бэлгийн самуурал, архи уух зугаа цэнгэлд шунах, худлаа хэлэх, хэрэггүй чалчаа үг ярих, хоорондоо хэрэлдэж маргалдах зэрэг арван хар нүгэл үйлдэхгүй байх
•    Сэтгэлдээ хүсэж тачаах, уурлаж ундууцах, өс хонзон, атаа хорсол үүсгэх, гомдож гутрах, зовж шаналах, айж эмээх зэргээр сэтгэлээ хямраахгүй байх
Гүрэм засал:
•    Дээдийн номын уншлага, адистид оршоосон рашаан хүртэх, тусгай найрлага бүхий дээдийн номын адистидтэй утлагаар өөрийгөө болон орчин тойрноо ариусгаж утах
•    Манлын зүрхэн тарни, Цагаан шүхэртийн зүрхэн тарни, Дарь-эхийн зүрхэн тарни, халдварт өвчнөөс сэргийлэх тусгай тарнийг тогтмол уншиж, өөрийгөө болон үр хүүхдээ адислах
•    Манла, Цагаан шүхэрт, Доржнамжом, Загджүсүм зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх ном засал уншуулах
•    Ёсчлон бүтээсэн сахиус зүүх
Урьдчилан сэргийлэх эм тан: Мана 4, Норов 7 тангуудыг өдөрт 1-2 удаа 12-с доош насны хүүхдэд 1 тунгаар, том хүнд 2 тунгаар усанд юм уу шимт ясны шөлөнд буцалгаж уух.
Дархлаа сайжруулах иллэг: Дөрвөн толио буюу хоёр гарын алга, хоёр хөлийн уланд шар тос, сүүлний тосоор сайтар иллэг хийнэ.

Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай