Цахим суваг:-

С.Пүрэвсүрэн: “Шинжээч оточ” лабораторийн шинжилгээний үнэн магадын хувь 98-100 хувьтай гардаг

642

Оточ Манрамба Их Сургуулийн багш, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн “Шинжээч оточ” лабораторийн эрхлэгч, клиникийн профессор С.Пүрэвсүрэн эмчтэй ярилцлаа. Тэрбээр улсад 41 жил ажилласнаас 38 жил лабораторийн эмчээр дагнан ажилласан туршлагатай, Монголын анхны лабораторийн зөвлөх эмч юм.

-Анагаахын салбарынхан таныг андахгүй. Ялангуяа лабораторийн эмч нар бараг бүгдээрээ таны шавь нар гэж хэлж болох байх. Анх лабораторийн эмч болж байсан тухайгаа ярихгүй юу?
-Би 1976 онд АУДэСургуулийн эмчилгээний ангийг Дотрын эмчийн мэргэжлээр төгсөж, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хуваарилагдаж очоод дотрын их эмчээр ажилласан. Тэр үед гэр бүлийн маань хүн эх барих эмэгтэйчүүдийн эмч, би дотрын эмчээр ажиллаад хоёр залуу эмч хүүхдүүдээ аав ээж, цэцэрлэгийн манаач, хөрш айлдаа, эмч нартаа үлдээгээд л ажилладаг байлаа. Бид хоёр залуу насны эрч хүчээр сайн ч ажилладаг байж. Тэр үед лабораторийн их эмчийн мэргэжил олгох курстээ нэг эмч явуулж сургах болж, би явсан юм. Сурч ирээд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ 1988 он хүртэл дотор, лабораторийн их эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад гэр бүлийн хүн маань Эрүүл мэндийн яаманд томилогдсоноор бид төрөлх Улаанбаатар хотдоо ирж ажиллаж амьдарсан. Тэр үед ЭМЯ эмч мэргэжилтнүүдээ мэддэг хариуцлагатай үе байсан. Улсад лаборант техникчийн хэрэгцээ их байгаа учраас намайг Анагаах ухааны дунд сургуульд багшлуулахаар томиллоо. Тэгэхэд нь би багшилмааргүй байна, томхон эмнэлгийн лабораторид лабораторийн эмчээр ажиллах хүсэлтэй байна гэхэд тухайн үед яамны боловсон хүчний асуудал эрхэлсэн дарга Санжаадорж багш маань “Чи лабораторийн нарийн мэргэжлийн, тэргүүлэх зэргийн эмч байна даа, ямар ч байсан энд ажилла, олон жил мэргэжлээрээ ажилласан хүн зайлшгүй хэрэгтэй байна” гэж билээ. Тэгээд л би АУДуС-д багшлахаар болсон. Тэнд дөрвөн жил ажиллаад хоёр анги төгсгөж байтал татан буугдаж Эмнэлгийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт боллоо. Эмнэлгийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт, АУИС-ийн Онош зүйн тэнхимд багшилж лабораторийн эмчийн мэргэжлээр резидентурын эмч нарыг бэлтгэн сургах, лаборант техникчдийг бэлтгэх, оюутнуудад лабораторийн онош зүй хичээл заахын хажуугаар Улсын клиникийн 2-р эмнэлгийн лабораторид лабораторийн их эмчээр давхар ажиллаж байлаа. Би 1992 онд лабораторийн эмчийн мэргэжлийн “Ахлах”, 1996, 2001, 2006 онуудад лабораторийн эмчийн “Тэргүүлэх”, 2010 онд “Зөвлөх” зэрэг хамгаалсан. Монголд анх удаа лабораторийн эмчийн “Зөвлөх” зэргийг хамгаалсан. Улсад 40 гаран жил лабораторийн их эмчээр ажиллахын зэрэгцээ сургалтын байгууллагуудад тасралтгүй багшилсан. Намайг багшаа гэж дууддаг олон эмч, лаборант бий. Одоо уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн “Шинжээч оточ” лабораторийн эрхлэгч эмчээр ажиллаж байна.
-“Шинжээч оточ” лабораторийн тухай танилцуулаач. Яагаад Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт ажиллах болсон бэ?
-Анх Эрүүл мэндийн яамны нэг ажилтан надад Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт ажиллахыг санал болгосон юм. Уламжлалтын Манба Дацан Нэгдсэн эмнэлэг бие даасан лаборатори байгуулах гэж байгаа, мэргэжилтний хувьд та туслах арга байна уу гэлээ. Би Манба Дацан Нэгдсэн эмнэлэгтэй эртнээс холбоотой хүн л дээ. Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль байгуулагдаад удаагүй байхад нь би анхны оюутнуудад лабораторийн онош зүй хичээлийг заадаг байсан юм. Яамны хүнээс тийм санал сонсчхоод Манба Дацан Нэгдсэн эмнэлэг дээр ирж, лабораторийн өрөөгөө харж байлаа. Тэгэхэд манай эмнэлгийн шинэ байр ашиглалтад ороход бэлэн болсон, лабораторийн хэсэг нь саруулхан, зайтай, зориулалтын, лаборатори байгуулах боломжтой газар байсан. Тэгээд л би Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт 2013 онд орж, “Шинжээч оточ” лабораторийг байгуулалцсан юм. Тухайн үед маш хурдан хугацаанд энэ лаборатори байгуулагдсан. Мэргэжлийн ахлах зэрэгтэй, олон жил ажилласан туршлагатай лаборанттай гар нийлж ажлаа эхэлсэн дээ. Манба Дацан эмнэлгийн захирал, Хамба лам Д.Нацагдорж, Г.Одонцэцэг эмч гээд эмнэлгийн удирдлагууд их дэмжиж, ач холбогдол өгч ажилладаг. Тиймээс ч манай лаборатори сүүлийн үеийн шинэ, бүрэн автомат, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсэн. Тухайлбал, биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор нь Герман улсын Diasys үйлдвэрийнх, гематологийн шинжилгээний бүрэн автомат анализатор, цус бүлэгнэлтийн автомат анализатор нь Японы SYSMEX үйлдвэрийнх байна. Шээсний шинжилгээний химийн анализатор уншигч Солонгосын CYBOW үйлдвэрийнх гэх зэргээр дэлхийн чанар стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд бий. Эхэн үедээ шинжилгээний тоо бага байсан ч жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
-Хэчнээн төрлийн шинжилгээ хийдэг вэ?
-Элэг цөс, нойр булчирхай, бөөрний үйл ажиллагаа, өөх тосны солилцоо, нүүрс ус, эрдсийн солилцоо, үе мөчний комплекс шинжилгээ гээд биохимийн шинжилгээ, гематологийн шинжилгээний бүрэн автомат анализатораар 25 үзүүлэлт, цагаан эсийн 5 төрлөөр шинжилгээг хийж гүйцэтгэж байна. 1 цагт 60 шинжилгээг хийж гүйцэтгэдэг хүчин чадалтай анализатор ажиллаж байна. Цус бүлэгнэлтийн автомат анализатораар протромбины хугацаа (РТ), INR, идэвхжүүлсэн тромбопластины хугацаа (АРТТ), Тромбины хугацаа (ТТ), Фибриногений хэмжээ (Fbg) зэрэг үзүүлэлтүүдийг шинжилдэг. Шээсний шинжилгээний химийн анализатор уншигчаар 14 үзүүлэлтээр шинжилнэ. Эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд микроскопоор харж нарийвчлан шинжилнэ. Үтрээний цэврийн зэрэг тодорхойлох, үрийн шингэний эмнэл зүйн шинжилгээ, ходоодны хеликобактери, элэгний В,С вирусийн маркер тодорхойлох, серологи тэмбүү, ДОХ (RPR, TPHA, HIV) илрүүлэх шинжилгээ зэрэг урьдчилан сэргийлэх багц шинжилгээ болон шаардлагатай бүхий л шинжилгээнүүдийг манай лаборатори үнэн магадын хувь өндөр дүнтэйгээр чанартай, шуурхай хийж үйлчилдэг.
-“Шинжээч оточ” лабораторийн дотоод, гадаад хяналтыг их сайн гэж ярьдаг юм билээ?
-Би олон жил лабораторийн эмчээр ажилласны хувьд лабораторийн шинжилгээ үнэн магадын хувь маш өндөр, зөв хийгдсэн, тухайн эмчлэгч эмчийн хүсэж байгаа шаардлагыг хангасан, тухайн өвчтөндөө ач холбогдол өгөхүйцээр байх ёстой гэж боддог, тэгж хийсээр ч ирсэн. Хамгийн гол нь шинжилгээ чанартай байх ёстой. Үүний тулд дотоод хяналтыг хамгийн сайн хийдэг байх хэрэгтэй. Үүнийг би 40 гаруй жил мөрдлөг болгож, онцгой анхаарч ирсэн. Тиймээс Манба Дацан эмнэлгийн лаборатори байгуулагдсан цагаас хойш бид дотоод хяналтыг өдөр болгон явуулж ирсэн. Ажил эхлэх болгондоо автомат анализаторыг шалгадаг. Цахилгааны хэлбэлзэл, урвалын хугацаа, цус авалтын техник, тухайн өвчтөний хоол унд, сэтгэл санаа гээд янз бүрийн хамаарлаас шалтгаалж шинжилгээний дүн хазайдаг. Энэ хазайлтыг гаргахгүйн тулд өглөө болгон аппаратдаа дотоод хяналтыг хийдэг. Дотоод хяналтыг хийхэд хөрөнгө мөнгө зарах нь ойлгомжтой. Бид дотоод хяналтаа Япон улсын SYSMEX үйлдвэрийн гурван хэмжээст бүхий өндөр чанартай чанарын хяналтын материалаар хийдэг. Өдөр бүр дотоод хяналтаа явуулж, хазайлттай гарсан тохиолдолд юунаас болов гэдгийг тодруулж, арилгаж байж тухайн өдрийнхөө шинжилгээг эхлүүлдэг.
-Дотоод хяналтыг хийхгүй бол шинжилгээний дүн өөрчлөлттэй гарч болох нь ээ?
-Тиймээс л өдөр бүр ажлаа эхлэхийн өмнө дотоод хяналтыг явуулах зайлшгүй шаардлагатай. Сандарч тэвдэж яваад техникийн алдаа гаргаад цус бүлэгнэчихсэн тохиолдолд цус бүлэгнүүлдэг элемент нь бөөгнөрчихсөн тоо нь цөөрөөд гараад ирнэ. Тасалгааны температур 17 градусаас доош орвол, 23-аас дээш гарвал бас хэмжилт буруу гардаг. Нөлөөлөх хүчин зүйл маш их байдаг учраас бид лаборатори нээсэн цагаасаа эхлээд дотоод хяналтыг өдөр бүр явуулж ирсэн юм. Энэ бол бидний хариуцлага, зайлшгүй хийх зүйл гэдгийг ухамсарлаж, байнга хийдэг л байх ёстой. Мөн гадаад хяналтыг байнга хийдэг. Японы MEQAS гээд магадлан итгэмжлэгдсэн чанарын гадаад хяналт явуулдаг төв байдаг. Гуравдугаар эмнэлэг дээр байрлаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг лабораториудын гадаад хяналтыг хийж, шинжилгээний материалыг Япон руу явуулж хянаад хариуг нь ирүүлдэг. Бид улирал тутам энэ хяналтыг хийлгэдэг. Шинжилгээгээ хэрхэн яаж явуулж байна, хаанаа ямар техникийн алдаа гарч байна уу, ажилбар маань алдаа дутагдалтай байна уу гэдгийг байнга хянуулдаг. Үүнийг байгуулагдсан цагаасаа хойш улиралд тутамд нэг удаа хийлгэхэд манай лабораторийн шинжилгээний үнэн магадын хувь дандаа 98-100 хувьтай гардаг. Үүнийг батламжилсан сертификатыг ч мөн улирал тутамд Японы MEQAS компаниас өгдөг юм. Гадаад, дотоод хяналтыг явуулдаггүй өчнөөн газар байдаг шүү дээ.
-“Шинжээч оточ” лабораторийг улсын хэмжээний судалгаанд сонгож авсан гэж сонсож байсан юм байна. Энэ ямар учиртай судалгаа шинжилгээ байв?
-Тиймээ, Монгол Улсын хэмжээнд монгол хүний ферментийн хэвийн хэмжээг тогтоох судалгаанд манай лабораторийг сонгож авсан юм. Таван лаборатори сонгож авсны нэг нь манай “Шинжээч оточ” лаборатори. Манайхаас гадна Интермэд, Гялс, гуравдугаар эмнэлэг, нэгдүгээр эмнэлгийг сонгосон. Тэгэхэд хувийн эмнэлгүүдээс Интермэдтэй хамт манай эмнэлгийг сонгосон нь маш бахархалтай санагддаг. Манай Манба Дацан Нэгдсэн эмнэлэг улсын хэмжээний шатлалын хувьд Төв эмнэлгийн дараагийн шатлалын эмнэлэг буюу Нэгдсэн эмнэлгийн шатлалтай. Шинжилгээнүүд маань хамгийн гол нь хяналттай, найдвартай, баталгаатай, үнэн магадын хувь өндөр, чанартай гэдгээрээ бид бас бардам байдаг. Энэ бол энд ажиллаж байгаа эмч, лаборантын чадвараас гадна байгууллагын удирдлагуудын хариуцлагатай шууд холбоотой. Наад зах нь урвалж бодисоор таслахгүй, биднийг үргэлж дэмжиж ажилладаг. Тиймээс ч надад Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт ажиллахад таатай байдаг.
-“Шинжээч оточ” лаборатори уламжлалт эмнэлгийн дэргэдэх лаборатори гэдгээрээ бас онцлог шүү дээ. Уламжлалт эмчилгээний үр дүнг лабораторийн аргаар баталж, нотолж байгаа нь сонирхолтой. Үр дүн ер нь хэрхэн гарч байна. Сонирхолтой үзүүлэлтүүд харагддаг байх?
-Тийм шүү, маш гайхалтай үр дүн харагдаж байгаа. Бид ажиллаж эхэлснээсээ хойш тогтмол онол практикийн хурал, эмч нарын хичээлүүд дээр мэдээлэл хийж, үр дүнг танилцуулдаг. Тэгэхэд уламжлалт эмчилгээний үр дүн маш сайн гарч байсан. Ялангуяа үе мөчний өвчлөлтүүд, тэр дундаа дархлалын шалтгаантай үе мөчний өвчлөлтүүдийн үед уламжлалт эмчилгээ маш үр дүнтэй байна. Энэ нь бидний шинжилгээгээр харагддаг. Мөн эмэгтэйчүүдийн дунд асуудал болж байдаг бөөрний тэвшинцрийн үрэвслийг манай эмнэлэгт маш сайн эмчилж байна. Европ анагаахын эмнэлгүүдэд ийм өвчтэй хүмүүс халуураад ирэнгүүт нь антибиотик хийгээд эхэлдэг. Тухайн өвчтөнд шинжилгээ хийгээд үзэхэд шинжилгээнд нь үрэвслийн эсүүд, идээ гарчихсан, цагаан эсийн тоо ихэссэн, үрэвслийн процесс хурц явагдаж байдаг. Ийм хүмүүс манай эмнэлэгт ирээд эмчилгээ хийлгээд 5-7 хоносны дараа шээсийг нь дахин шинжилж үзэхэд цагаан эсийн тоо нь маш сайхан буурчихсан байдаг. Европ анагаахын эмнэлэгт бөөрний тэвшинцрийн үрэвслийг 5-7 хоногт эмчлэгддэг гэж үздэггүй л дээ. Эмнэлэгт 9, 10 хоноод гарахад нь кабинетын эмчийн хяналтад эм ууна шүү гэж хэлээд гаргадаг. Тэгээд гарахад нь шинжилгээ хийгээд үзэхэд үрэвсэл нь байхгүй болчихсон хэр нь мөөгөнцөр гараад ирдэг. Дархлаа муутай хүнд антибиотикийг зохисгүй хэрэглэснээр үрэвслийг нь дарах боловч мөөгөнцөр үүсгээд дахин нэг өвчнийг бий болгодог. Хүмүүс энэ талаар бас мэддэг болчхож, тиймээс ч уламжлалт эмчилгээг хоргүй, эмүүд нь ургамлын гаралтай гээд манай эмнэлгээр маш олон хүн үйлчлүүлдэг л дээ. Ялангуяа үрэвсэлтэй, хордлоготой хүмүүс ирээд хурдан сайжирдаг. Цагаан эсийн тоо нь маш өндөр хэмжээтэй байсан хүнийг эмчилгээний дараа дахин шинжилгээ авахад хэвийн хэмжээндээ очсон байдаг. Уламжлалт анагаах ухаанд нянгийн эсрэг олон төрлийн эмчилгээ байдаг юм билээ. Ер нь уламжлалт анагаах ухаан маш олон зуун жилийн түүхтэй, оношилгоо эмчилгээний арвин баялаг арга ухаантай анагаах ухаан. Тиймээс ч энэ анагаах ухааныг авч явах Хамба лам Д.Нацагдорж шиг эрдэм чадалтай олон хүн төрөөсэй гэж боддог доо.
-Та өөрөө уламжлалтаар эмчлүүлж байсан уу?
-Би 2015 оны нэгдүгээр сард маш их ядраад, юу өвдөөд байгаа нь мэдэгдэхгүй хэсэг явлаа. Тэгээд ерөөсөө цагаан сараас өмнө нэг хэвтээд авъя, даралт ч ихсээд байна гээд хоёрдугаар эмнэлэгт ор захичихлаа. Тэгсэн нэг өдөр ажил руугаа орох гээд явж байтал манай хүний нөөцийн албаны дарга М.Гэрэлтуяа таараад “Пүүжээ эмчээ та ч уг нь цоглог явдаг сан, ойрд яагаа вэ, ядраа юу” гэж байна. Би “Харин тиймээ, ойрд ядраад, цагаан сараас өмнө хоёрдугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлье” гэсэн чинь та эмнэлэгтээ хэвтээч гэж байна. Тэгэхээр нь би “Үгүй энэ тийм ч амархан эдгэчихгүй, цус өтгөрөлттэй, хоёрдугаар эмнэлэгт л очиж хэвтье” гэсэн чинь “Та юу ч гэсэн хэвтээд үзээ, сайн шүү” л гэж байна. Үнэндээ тэр үед би уламжлалт эмчилгээний талаар мэдлэг муутай байсан болохоор “Ай даа мэдэхгүй” гэж бодоод л ажилдаа орлоо. Тэгээд тэр өдөр юутай ч үзүүлье гээд дээшээ гарсан чинь Ц.Тэмүүлэн эмч өвчтөнийхөө түүхийг бичээд сууж байна. “Тэмүүлэн эмчээ би хэд хоног эмнэлэгтээ хэвтдэг юм билүү дээ, болох уу” гэсэн чинь “Бололгүй яах вэ, би таныг үзээд өгье” гэж байна. Тэгээд үзүүлсэн чинь миний бөөр өвдсөн, зүрх бас өөрчлөлттэй байна гэлээ. Тэгээд шууд л тэр өдрөө хэвтчихлээ. Эхэндээ ч би дургүй хэвтсэн, за Яах вэ хэвтье дээ, хүмүүс сэтгэл гаргаад байхад гээд хэвтсэн юм. (инээв) Гэтэл хоёр, гурав хоногоос нойр сайжирч, их сайхан унтдаг боллоо. Эмнэлэгт хэвтэхээс өмнө миний нойр бүр хүрдэггүй байсан юм. Хоёр дахь хоногийн оройноос эхлээд нойр сайжраад, хөл бүлээцээд ёстой сайхан болсон. Бариа засал, арвайтай бариа, рашаан шөл, эм тан гээд үнэхээр сайхан эмчилгээнүүдийг хийлгэсэн. Би 7 хоног хэвтээд гаръя даа гэж бодож байснаа хугацаагаа сунгаж, 10 хоног хэвтсэн шүү дээ. (инээв) Тэр үед миний нойр сайжирсан, даралт тогтворжсон. Үнэхээр сайхан эмчлүүлээд гарсан. Тэгээд тэр жилдээ өвдөөгүй. Одоо ч гэсэн би Ц.Тэмүүлэн эмчээс зөвлөгөө аваад, тан уугаад явдаг. Миний хувьд цусаа жаахан шингэлэх, дархлаагаа сайжруулах зайлшгүй шаардлага гарч байдаг.
-Лабораторийн эмчээр ажиллахын сайхан нь, онцлог нь юу вэ?
-Лабораторийн эмч гэдэг мэргэжил анагаах ухааны мэргэжлүүдийн дотроос эмнэлгийн хүнд нөхцөлд ордог л доо. Байнгын цус, шээс гээд бүхий л биологийн гаралтай материалтай ажилладаг учраас тийм ч хүсэх юм биш. Гэхдээ би ажилдаа дуртай. Хүн болгон хийж байгаа ажилдаа дур сонирхолтой байж амжилтад хүрдэг шүү дээ. Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт би тайван, амар амгалан нөхцөлд ажиллаж байна. Лаборатори бол клиникийн эмнэлгийн салшгүй чухал хэсэг. Эмч урьдчилсан оношоо тавьсан байхад бид оношийг нь баталгаажуулж өгдөг. Эмчилгээний явц, үр дүн нь ямар байна гээд эмчилгээнд хяналт тавина. Лабораторийн шинжилгээг харж байгаад эмчилгээг зогсоох тохиолдол хүртэл байдаг шүү дээ. Лабораторийн шинжилгээ зарим үед шийдвэрлэх ач холбогдолтой. Жишээлбэл, мухар олгойн үрэвсэл гэхэд л бидний шинжилгээг харж байгаад за цагаан эсийн тоо 12,000-с ихэсчихсэн байна шүү, хагалгаанд яаралтай оруулъя гэнэ, савны гадуур жирэмсэн байна, цус багадалттай байна, ходоодондоо шархтай юм байна гээд бидний шинжилгээг хараад эмчилгээг шийдвэрлэж бай- даг шүү дээ. Оношийн зөрүү гарах янз бүрийн тохиолдолд лабораторийн шинжилгээ хэрэгтэй. Ер нь лабораторийн эмч маш өндөр мэдлэг, чадвартай байх ёстой. Орчин цагт шаардлага улам өндөр болсон. Наад зах нь компьютерын, инженерийн, гадаад хэлний мэдлэг шаардлагатай байна. Одоо бүх шинжилгээ автомат анализаторуудаар хийгддэг болж дэлхийн түвшинд шинжилгээ хийх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Тэгэхээр бид энэ автомат анализаторууд дээр нэг товчлуур дараад сууж байдаг гэж ойлгож болохгүй. Энэ бол үнэхээр хариуцлагатай, сайхан мэргэжил. Яагаад сайхан гэхээр миний шинжилгээг бариад Америк, Солонгос, Японд хаана ч очсон нэг л хариу байх ёстой гэж боддог. Бүх л газар лабораторийн шинжилгээг адилхан арга техник, стандартаар хийдэг. Лабораторийн шинжлэх ухаан маш хурдацтай өсөж хөгжиж байгаа учраас энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс маш чадвартай, үнэнч, хариуцлагатай байх ёстой. Автомат анализатор нэг минутад нэг хүний шинжилгээг гаргаж ирж байна. Энэ хурдыг л гүйцэж ажиллах хэрэгтэй.
-Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдаж байх ёстой гэдэг. Ер нь хүмүүс шинжилгээний тухай ямар ойлголттой байх ёстой вэ?
-40-с доош насны залуучууд жилдээ нэг удаа багц шинжилгээнд орох хэрэгтэй. Далд хэлбэрийн бөөрний эмгэг, үе мөчний өвчнүүд залуучуудад тохиолддог. 40-өөс дээш насны хүмүүс заавал хагас жилд 1-2 удаа багц шинжилгээ хийлгэх нь маш чухал ач холбогдолтой. Одоо тархинд цус харвалт, зүрхний шигдээс 40-өөс доош насны хүмүүст ч тохиолддог болсон. Энэ хүмүүс мэдэхгүй явж байгаад л ийм эрсдэлд орж байгаа. Тэгэхээр багц шинжилгээг хийлгэж байх хэрэгтэй. Ер нь жаахан таргалаад, жин нэмээд байгаа бол өөх тосны солилцоогоо үзүүлэх хэрэгтэй, сахрын хэмжээгээ зайлшгүй хянуулах ёстой. Бидний идэж байгаа хоол хүнс бүгд л бүрэн баталгаагүй болсон. Сахар ихэдвэл бүх эрхтэн системийг гэмтээж байдаг тул үүнийг онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа 55-с дээш насныхан заавал цогцоор нь үзүүлж байх шаардлагатай. Би 55 хүрлээ шүү, надад өвдөх өвчин байхгүй боловч бие организм маань өтөлж байгаа учраас өөх тосны солилцоо, кальци, цус багадалт байна уу гэдгийг үзүүлж байх хэрэгтэй. Тиймээс урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд заавал хамрагдаарай.


-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай