863
Оточ Манрамба Их Сургуулийн Дэд захирал, Манба Дацан-Бодьсэтгэлтэн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Монголын уламжлалт анагаах ухааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж буй хүмүүсийн нэг юм.
-Уламжлалт анагаах ухаанаар зөвхөн хөгшин настай, архаг хууч өвчтэй хүмүүс л эмчлүүлдэг гэсэн буруу ойлголттой, энэ анагаах ухааны жинхэнэ мөн чанарыг ойлгоогүй хүмүүс олон байгаа нь ажиглагддаг. Тиймээс ярилцлагынхаа эхэнд уламжлалт анагаах ухааны онцлог, мөн чанарын тухай ярихгүй юу?
-Уламжлалт анагаах ухаан нь олон мянган жилийн түүхтэй. Энэ нь ардын, домын анагаах ухаанаас маш их ялгаатай. Уламжлалт анагаах ухаан нь өөрийн гэсэн зүй тогтолтой, учир шалтгаан, нотолгоонд үндэслэсэн онолтойгоороо онцлог бөгөөд үүгээрээ ардын, домын анагаах ухаанаас ялгагддаг юм. Мөн тухайн
хүний бие махбод, сэтгэл, оюун санааг сав ертөнц, гараг эрхсийн шилжилт хөдөлгөөн, байгаль орчинтой нь холбон үздэгээрээ өрнийн анагаах ухаанаас ялгаатай. Хүн гэдэг анагаагдахуун орныг бие, хэл, сэтгэл гэсэн гурван гол шүтэн барилдлагатай нь авч үздэг. Нэгдүгээрт, бидний эмчилж байгаа анагаагдахуун орон маань материаллаг зүйл, хоёрдугаарт, энэ материаллаг бие махбод нь сэтгэлтэйгээ уялддаг гэж үздэг. Ер нь уламжлалт анагаах ухаан маш их онцлогтой. Эмчилгээний зарчим нь, эмчлэх арга нь, хүний биеийн бүтцийн онол, бие, сэтгэлийн үйл ажиллагааг авч үзэж буй нь гээд маш олон онцлог, өвөрмөц талыг дурдаж болно.
-Уламжлалт анагаах ухааны оношилгоо хүмүүсийн сонирхлыг их татдаг. Судас барьж үзээд л тухайн хүний бүхий л зовуурь, өвчний шинж тэмдгийг шууд хэлдэг нь гайхамшигтай. Та уламжлалт анагаах ухааны оношилгооны талаар нарийвчлан судалж байгаа хүний хувьд энэ талаар дэлгэрэнгүй хэлж өгөөч?
-Уламжлалт анагаах ухаанд оношлох үндсэн гурван арга байдаг. Нэгдүгээрт, эмчийн харах эрхтнээр оношлох. Энэ нь бүхий л үзэгдэл, байдлыг харж оношлох юм. Хоёрдугаарт, хүрэлцэх арга. Өвчтөний биед хүрэлцэж, юу мэдрэгдэж байгаагаар оношилно. Гурав дахь нь асуух арга юм. Өвчтөнөөс хаана, яаж өвдөж байгааг нь асууж, мэдээлэл цуглуулан оношилдог. Эдгээр аргыг зөвхөн уламжлалт анагаах ухаанд гэлтгүй, европ анагаах ухааны эмч нар ч гэсэн хэрэглэдэг. Уламжлалт анагаах ухаан дахь хамгийн чухал оношилгоо нь судсаар оношлох арга юм. Эмчээс онолын гүн гүнзгий мэдлэг, мэдрэмж шаарддаг маш нарийн арга. Мөн судсаар оношлоход тодорхой түвшинд тарнийн бясалгал хийсэн байх хэрэгтэй. “Онош” гэдэг нь “Илтэд мэдэх” гэсэн утгатай төвөд үг. Тиймээс өвчнийг илтэд мэдэхийн тулд цогц мэдлэг, чадварыг эзэмшсэн байх ёстой. Судсаар оношлоход өвчтөн, эмч хоёрын хооронд нарийн холбоо үүсдэг. Судас оношилгоог өндөр түвшинд эзэмшсэн эмч тухайн өвчтөний удам угсаа, сэтгэлийн байдал, өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай гээд өөрийнх нь ч сайн мэддэггүй зүйлийг судсыг нь чагнаад мэдэх боломжтой. Хүний биеийг маш олон судас торлосон байдаг бөгөөд бүгд бүрэн дүүрэн мэдээлэл өгч чадахгүй. Тэдгээрээс хамгийн чухал байршил нь бидний оношилж буй бугуйн судас юм. Энэ судаснаас хамгийн чухал мэдээллийг таньж мэднэ. Судсаар оношлоход эмч хүнээс маш их мэдлэг, мэдрэмж, сэтгэл, онол дадлага шаардагдана. Эмч хүн сэтгэлийн хир буртагтай, өс хонзон, атаа жөтөө, уур хилэн зэрэг муу муухай сэтгэлтэй байвал хүний өвчин зовлонг оношилж танихад төвөгтэй болж, оношийн эндүүрэл гардаг. Тиймээс оношилгоо хийхэд энэ бүхэн их чухал.
-Орчин үед шинжилгээний хариуг уламжлалт анагаах ухааны оноштой уялдуулж байх шиг. Энэ нь ямар давуу талтай вэ. Шинжилгээний хариу уламжлалтын оношилгоотой зөрдөг үү?
-Шинжилгээний хариу хэрэг болох тохиолдол байдаг. Тухайн өвчтөний сэтгэл зүйд нөлөөлж, уламжлалт эмчилгээг баталгаатай, нотолгоотой болохыг харуулахын тулд шинжилгээний аргуудыг хэрэглэх үе гардаг. Тухайлбал, элэгний үйл ажиллагааг илэрхийлдэг АСАТ, АЛАТ нь их өндөр байсан хүн эмчилгээ хийлгэсний дараа огцом буурсныг шинжилгээгээр харуулж болно. Шинжилгээний лабораторийн бодис, аппарат, тоног төхөөрөмжийг хүний оюун ухаанаар л хийж байгаа учир хүний биеийн эрүүл, эмгэг байдлыг бүрэн илэрхийлж чаддаггүй. Тиймээс эмч хүн шинжилгээнд бүрэн найдаж болохгүй. Тухайн хүний сэтгэл санааны байдал, орчин нөхцөл, хүчин зүйлийг шинжилгээний аппарат танихгүй. Цусанд энэ бодисыг хийвэл эдгээр өөрчлөлтийг танина гэсэн тодорхой хэдэн үзүүлэлтийг л үзүүлж байгаа. Гэтэл тухайн хүний биед хэдэн мянган өөрчлөлтүүд гарч байгаа шүү дээ. Тиймээс эмч хүн шинжилгээгээр гаргаж болох үзүүлэлтээс бусад маш олон өөрчлөлтийг өөрийн мэдлэг чадвар, оюун ухаандаа тулгуурлаж илрүүлэх хэрэгтэй. Зүрхний зарим эмгэгтэй хүн зүрхний бичлэг хийлгэж, зүрхний эход үзүүлэхэд эрүүл гардаг ч судсаар оношлуулахад зүрхний төрөлхийн өөрчлөлттэй байдаг. Янз бүрийн шалтгаан нөхцөлөөс болж зарим эд, эрхтэнд гарч байгаа өөрчлөлтийг шинжилгээний багажууд илрүүлэхгүй байх тохиолдол байдаг.
-Уламжлалт анагаах ухааны эмчилгээг хураах, боловсруулах, сүүл таслах зэрэг үе шаттайгаар хийдэг гэсэн. Энэ нь ямар учиртай юм бол?
-Уламжлалт анагаах ухааны эмчилгээний зарчим гэж бий. Тухайн хүний бие махбод, өвчин, өвчний үе шатаас шалтгаалаад эмчилгээний тактикийг янз бүрээр боловсруулдаг. Ерөнхийдөө эмчилгээний урьдал үе, үндсэн эмчилгээ, эмчилгээний сүүлийг таслах гэсэн үндсэн гурван үе шаттай. Жишээ нь, хураах, боловсруулах, ялгах гэдэг нь урьдал эмчилгээ юм. Хэрэв шууд үндсэн эмчилгээ хийвэл тухайн тохиолдолд сарнисан өвчин байвал үндсэн эмчилгээ нь онож үйлчилдэггүй. Тиймээс тухайн өвчнийг хурааж байгаад үндсэн эмчилгээг хийдэг. Мөн боловсроогүй халуун өвчин байвал халууны эсрэг сэрүүн эмчилгээг хийх ёстой. Гэтэл шууд сэрүүн эмчилгээ хийчихвэл боловсроогүй учраас өвчин нь эдгэхгүй улам архагшдаг. Тийм учраас хураах, боловсруулах, ялгах зэрэг урьдал эмчилгээг хийх хэрэгтэй. Үүний дараагаар үндсэн эмчилгээг хийнэ. Тухайн хүний онцлогоос шалтгаалаад өвчин янз бүрээр эдгэдэг. Тиймээс эмчилгээний сүүлийг яаж таслах вэ гэдэг нь их чухал. Эргээд тэр өвчнийг буцаахгүй, мөн эмчилгээний хэмжээг хэтрүүлэн бусад эд эрхтнийг өвчлүүлэхгүйн тулд эмчилгээг хэзээ, яаж дуусгаж эмчилгээний сүүлийг яаж таслах вэ гэдгийг зохицуулах хэрэгтэй.
-Тэгэхээр тууштай эмчилгээ хийлгэх шаардлагатай байх нь ээ. Зарим хүмүүс эм, тан ууж, эмчилгээ хийлгэж эхлэнгүүтээ өвчин нь эдгэхгүй байна гээд хаячихдаг шүү дээ?
-Уламжлалт ч бай, европ анагаах ухааны аргаар ч бай аливаа өвчнийг бүрэн төгс эдгээхийн тулд нэг эмчээр дагнан эмчлүүлэх нь үр дүнтэй гэж боддог. Тухайн эмч эмчилгээний тактик боловсруулаад тэр өвчнийг хурааж байх үед нь “Өө миний зовуурь арилахгүй байна” гээд үндсэн эмчилгээ эхлэхээс өмнө хаяад явах тохиолдол байна. Хүмүүс өвчнөө удаан хугацаанд үүсгэчхээд маш богино хугацаанд эдгээх гэж зүтгэдэг. Гэтэл хэр хурдан эдгэх нь тухайн өвчний байдлаас, мөн өвчтөний сахилга батаас шалтгаална. Жишээ нь, ходоодны өвчин гэхэд эрхтний махбодын онцлогоос шалтгаалж удаан хугацаанд үүсдэг. Үүнийг доод тал нь зургаан сар эмчилж, нэг жил эмчийн хяналтад байх хэрэгтэй. Ингэж байж ходоодоо бүрэн дүүрэн эмчилнэ. Өвдөлт намдлаа бол миний ходоод өвдөхөө больсон гээд эмчилгээгээ тасалчихвал хоёр сарын дараа дахиад л өвдөнө. Тиймээс тууштай сайн эмчлүүлэх нь чухал. Зарим өвчнийг боловсруулах, хураах гэсэн урьдал эмчилгээ хийлгүй шууд үндсэн эмчилгээг хийж, богино хугацаанд эдгээх тохиолдол ч байна. Уламжлалт эмчилгээ заавал зургаан сар, нэг жилийн хугацаанд үргэлжлэхгүй. Өвчин, өвчтөн, улирал гэх мэт олон зүйлээс шалтгаалж эмчилгээний хугацаа урт, богино янз бүр байдаг.
-Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хувьд ямар төрлийн өвчнийг эмчилж байгаа вэ?
-Манай Манба Дацан Нэгдсэн эмнэлэг маш олон төрлийн өвчнийг эмчилж, илаарьшуулж байна. Янз бүрийн хавдар, вирусийн, хордлогын гаралтай, таван цул зургаан сав эрхтэн, арьсны, ясны өвчин, судас шөрмөс, цусны, адын өвчин гээд хүний биед ямар л өвчин байна түүнийг эмчилж эдгээх боломжтой.
-Адын өвчин гэж юу вэ. Үүнийг яаж эмчлэх вэ?
-Адын өвчин бол хүн бусын хорлол юм. Аливаа өвчин цаг улирал, идээ унд, явдал мөрөө буруудуулах зэрэг олон нөхцөлтэйгөөс гадна адын нөхцөлөөр үүсдэг. Адад хорлогдож байгаа гол шалтгаан нь тухайн хүнээс өөрөөс нь их шалтгаална. Тухайн хүний муу үйлтэй нь зохицсон хүн бусын хорлол өвчин болж ирж байгаа хэрэг. Тухайлбал, хүүхдийг хорлодог 15 их ад гэж бий. Эдгээр ад нь 16-аас доош насны хүүхдүүд, ялангуяа дөнгөж төрсөн нярай хүүхдийг хорлодог. Эцэг, эх нь хэрэлддэг, янз бүрийн муу үйл үйлддэг, санадаг сэтгэдгээс үүдэн хүүхдийн адууд хүүхдийг нь хорлодог. Хүн бие, хэл, сэтгэлийн нүгэл үйлдвэл адад хорлогддог. Архи уудаг хүн архины адад, хэрүүл хийдэг хүн хэл амны жатга гэх адад хорлогдоно. Адад хорлогдсоныг судсаар, шээсээр болон тухайн хүний бие махбод, сэтгэлд нь илэрч байгаа шинж тэмдгүүдээр олж таньж, яг тэр адад нь тохирсон гүрэм заслыг хийх хэрэгтэй. Адаас болсон өвчинд эм уулгаж, янз бүрийн эмчилгээ хийгээд нөлөөлөхгүй. Харин адад тохирсон гүрэм заслыг онож хийвэл тэр өвчин эдгэрнэ. Адын өвчин ихэнхдээ хүний бодол сэтгэл болон бие эрхтнийг хорлож өвчлүүлдэг.
-Хэдэн зуун жилийн өмнөөс Монгол оронд Манба дацангууд ард иргэдийг эмчилж, өвчнөөс урьдчилан сэргийлж ирсэн. Тэгвэл өнөө цагт ч бас уламжлалт анагаах ухааныг анхан шатны өрхийн эмнэлгийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломж бий юу?
-1930-аад оноос өмнө Монгол оронд эмчилгээ, сургалт, эмийн үйлдвэрлэл зэрэг эрүүл мэндийн асуудлыг Манба дацангууд хариуцаж байсан. Тэгэхээр уламжлалт анагаах ухааны эмч нар бүх шатны эмнэлгүүдэд байх хэрэгтэй. Орчин үед бэлтгэгдэж байгаа уламжлалт анагаах ухааны эмч нар өрнийн анагаах ухааны мэдлэгийг давхар эзэмшиж байгаагаас гадна уламжлалт эмчилгээний аргууд өргөн дэлгэр учраас өрхийн эмнэлэгт ажиллавал илүү үр дүнтэй. Бүх өвчин эмээр эдгэнэ гэсэн ойлголт уламжлалт анагаах ухаанд байхгүй. Суулгаж байгаа хүүхдэд төөнүүр хийх, тостой даавууг бүлээсгээд жин тавих зэргээр эмчилгээний аргуудыг сонгож болно. Тиймээс ард иргэдэд илүү ойрхон байдаг өрхийн эмнэлгүүдэд уламжлалт анагаах ухааны эмч маш их хэрэгтэй байна.
-Эрүүл мэндийн үйлчилгээ аюулгүй, чанартай байх ёстой. Үүнийг Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зүгээс хангаж чадаж байна уу?
-Манба Дацан Нэгдсэн эмнэлэг аюулгүй, чанартай үйлчилгээг үзүүлж чадаж байгаа. Орчин цагт “Буух эзэн, буцах хаягтай”, анагаах ухааны мэдлэг, чадварыг эзэмшсэн хүнд үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах хэрэгтэй. Өөрсдийгөө ид шидтэй гэж зарлаж байгаа хүн дээр хүмүүс их очиж байна. Энэ бол хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол дорой байгаагийн илрэл. Эрүүл мэнд бол тоглоом хийх эд биш. Хэрэв буруудвал шууд амь насаа алдана. “За үхчихлээ, маргааш сэхээнэ” гэсэн ойлголт байхгүй. Хүн машин, эд хөрөнгөө барж, сүйтгэж болно. Харин эрүүл мэндээрээ тоглож болохгүй. “Би өөрийнхөө биеийг тоодоггүй юм”, “Би их хэнэггүй хүн” гээд эрүүл мэндээ бодохгүй явдаг нь маш буруу. Хүний бие маш нарийн бүтэцтэй. Хүн бие махбодоо ямар нарийн, нандин бүтэцтэй, ямар нарийн үйл үрд төрөө вэ гэдгээ мэддэг бол ингэж эрүүл мэнддээ хайнга хандахгүй байх. Хэдэн сая долларын үнэтэй машин байвал түүнийгээ их нандигнаж, сэвтүүлэхээс болгоомжилдог. Гэтэл хүний бие гэдэг ямар ч эд баялгаас үнэ цэнтэй, хэн ч бүтээж чадахгүй нандин зүйл.
Бид үүнийг судлах тусам хүний бие ямар нарийн нандин бүтэцтэй юм, хүний амьдрал гэдэг чинь ямар их утга учиртай ховор төрөл юм бэ гэдгийг ойлгож, мэдэх болсон. Тиймээс эмч хүн үйлчлүүлэгчийнхээ бие, эрүүл мэндэд хянамгай ханддаг. Гэтэл тухайн хүн өөрийнхөө биеийг хайрлахгүй байгаа нь үнэхээр буруу. Судар номд “Хүний бие эрдэнийн хөлөг онгоц шүү” гэж бичсэн байдаг. Мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд, аливаа буянтай үйл бүтээхэд эрүүл бие, сэтгэл чухал. Тиймээс эрүүл мэндээ хамгаалж, хайрлаж явах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд