Цахим суваг:-

Ц.Тэмүүлэн: Бөөрний өвчинд уламжлалт эмчилгээ маш үр дүнтэй

894

Бөөрний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, бөөрний өвчтэй хүн ямар идээ унд, явдал мөрийг сахих талаар Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч, УАУ-ы их эмч Ц.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Уламжлалт анагаах ухаанд бөөрний өвчнийг хэрхэн авч үздэг вэ. Юунаас шалтгаалж бөөр өвчилдөг юм бол?
-Уламжлалт анагаах ухаанд бөөрний өвчнийг 8 ангилдаг. Бөөр нь усан махбодтой доод биед оршдог хүний биеийн усны үйл ажиллагааг зохицуулдаг эрхтэн юм. Тиймээс мөн чанартай нь зохицсон үйлдлүүдийг хийвэл бөөр хямрах магадлал ихтэй. Өөрөөр хэлбэл шимгүй идээ унд идэх, хүйтэн газар удаан байх, доороосоо хэт их даарах гэх мэтчилэн хүйтэн, хийн болон усан махбодтой зохицсон үйлдлүүдийг хийвэл амархан өвчилнө гэсэн үг.
-Тэгвэл бөөрний өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Бөөрний өвчнөөс сэргийлье гэвэл доороосоо даарахгүй байх нь чухал. Бэлхүүс, нуруу хэсгээрээ дулаахан явахаас гадна бүлээн шимтэй идээ унд хэрэглэвэл зохистой. Шээсийг удаан барьж болохгүй. Уламжлалт эмчилгээ хийлгэсний дараа болон төрсний дараах гамыг сайн сахих хэрэгтэй. Хүйтэн чийгтэй орчинд ажилладаг хүмүүс доороосоо даарахгүй байх тал дээр маш их анхаарах хэрэгтэй. Мөн бие махбод хэвийн үед ус ихээр хэрэглэвэл ходоодны галын илчийг бууруулах, бөөр давсгийн үйл ажиллагааг доройтуулах, биеийн илчийг бууруулж, биеийн хүндийн жин ихсэх, хөөх, хавагнах зэрэг эмгэг үүсдэг тул усыг тохируулж хэрэглэх ёстой.
-Бөөрний өвчнөөс шалтгаалж бусад эрхтэн өвчлөх үү?
-Уламжлалт анагаах ухаанд эх, хүү, дайсан, нөхөр гэсэн ойлголт байдаг. Үүний дагуу авч үзвэл бөөрний дайсан махбод нь ходоодонд буудаг учраас бөөрний өвчнөөс шалтгаалаад ходоод өвдөх магадлал бий. Ерөнхий эмнэл зүйгээр яривал, бөөр өвдсөнөөс болоод өндгөвч, түрүү булчирхай, давсаг зэрэг доод биеийн эрхтнүүд давхар хямарч болдог. Мөн цайвар хаван, усан хаван зэрэг өвчнүүдийг үүсгэдэг.
-Давсаг, савны үрэвслээс үүдэж бөөр өвддөг гэж сонсож байсан юм.
Тиймээс ч эмэгтэйчүүдийн дунд бөөрний өвчлөл их байна уу?
-Давсаг бөөрнөөс шалтгаалахгүйгээр дангаараа өвдөж болно. Хүний уусан шингэн зүйл бөөр, шээс ялгаруулах эрхтэн тогтолцоогоор дамжин биеэс гадагшилдаг. Эмэгтэйчүүдийн эм бэлэг эрхтэн, шээсний сүв хоёр хоорондоо ойрхон учраас өгсөх замын халдвар авах магадлал өндөр. Энэ тохиолдолд бөөр дорхноо үрэвсчих гээд байдаг. Тиймээс эмэгтэйчүүд бөөрний өвчнөөр өвдөх нь их байна. Бөөр давсаг нь доод биед харилцан хамааралтай оршдог учраас давхар хямарч болно, давсаг өвчилсөн ч бөөр эрүүл байж бас болно. Ер нь хүмүүс сургаар өөрийгөө оношилж, ам дамжсан яриагаар эмчлэх гэж их оролддог. Энэ нь өвчнийг бүр дордуулж хүндрүүлдэг тул нарийн мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээг хийлгэх шаардлагатай.
-Бөөрний өвчний үед ямар эмчилгээ хийдэг вэ?
-Судас, хэл, шээс шинжлэх зэрэг уламжлалт анагаах ухааны оношилгооны аргуудаар тухайн өвчнийг оношилж, бөөрний өвчний ангиллын аль өвчин нь байна гэдгийг тогтоосны үндсэн дээр эмчилгээ, заслыг хийдэг. Тухайлбал, бөөрний хий гэсэн оноштой өвчтөний бэлхүүсээр унжиж, ууц нуруугаар өвдөн, сонсгол муудаж, шээс ойр ойрхон хүрэх шинж тэмдэг илрэх бөгөөд энэ өвчний үед бөөрний тамир тэтгэсэн бүлээн хий дарсан эмүүд өгнө. Нурууны булчинг суллаж, бөөрний судсуудыг чөлөөлж, төөнүүр хийх гэх мэт тухайн өвчнөөсөө шалтгаалаад өөр өөр заслыг хийдэг. Манай Манба Дацан Нэгдсэн эмнэлэг өвчтөндөө эмчилгээ хийхийн өмнө болон эмчилгээний дараа шинжилгээ хийж хооронд нь харьцуулж үзэхэд сайжирсан үзүүлэлт гардаг. Үүнээс харахад бөөрний өвчинд уламжлалт эмчилгээ маш үр дүнтэй байна.
-Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт бөөрний өвчтэй хүмүүс хэр их ирдэг вэ?
-Манай орон жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай учраас монголчууд бөөрний өвчинд их өртөмтгий. Тэр ч утгаараа манай эмнэлэгт бөөрний өвчтэй хүмүүс их ирдэг. Ер нь ямар ч өвчнийг эрт үед оношлуулж, зөв газраа үзүүлж чадах юм бол үр дүн маш сайн гардаг. Гэтэл манай үйлчлүүлэгчид өвчнөө тоодоггүй, дээрээс нь өвдсөн тохиолдолд олон эмнэлгээр явсны эцэст “Танайх эмчилж чадах уу” гээд арга мухардаад ирсэн тохиолдол цөөнгүй гарч байсан. Өвчин даваанаасаа хэтрээд барих аргагүй болсон үед нь ирвэл хаана ч эмчлэхэд хэцүү. Түүний оронд өвчний эхэн үед нь уламжлалт анагаах ухааны төв эмнэлгээр үйлчлүүлж, нарийн мэргэжлийн эмчид хандвал илүү үр дүнтэй. Уламжлалт анагаах ухаан өөрөө маш том онолтой. Тэр онолын дагуу хүний биеийг цогцоор нь авч үзэж, үр дүнтэй эмчилгээг хийдэг. Тэгэхээр эрт үедээ оношлуулж, зөв газар эмчлүүлэх нь чухал. Гадуур уламжлалтын нэр зүүсэн ямар онолоор яаж оношлоод эмчлээд байгаа нь мэдэгдэхгүй хүмүүс цөөнгүй бий. Тиймээс найдвартай, нарийн мэргэжлийн эмч нартай эмнэлэгт хандаж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг тогтмол авч, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч байгаарай гэж зөвлөе.


-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай