Цахим суваг:-

Г.Ган-эрдэнэ: Хийн өвчний улмаас арван жил нойргүйдсэн хүнийг бид эмчилсэн

628

Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр оношилдог хийн төрлийн өвчнөөс үүдэлтэй зовуурь, эмгэг нийгэмд элбэг байна. Гэвч өрнийн анагаах ухаанд ийм онош, ойлголт огт байдаггүй учраас хүмүүс энэ өвчний шинж тэмдгийн талаар хангалттай хэмжээний мэдлэг, мэдээлэлгүй байдаг билээ. Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнэтэй уулзаж, хий өвчний төрлүүд болон нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдийн талаар ярилцлаа.

-Хий өвчнөөр зовуурилж байгаа ч түүнийгээ мэдэхгүй, энэ талаар ямар ч ойлголтгүй яваа олон хүн байна. Энэ өвчин хүний биед ихэвчлэн ямар зовууриар илэрдэг талаар ерөнхий ойлголтуудыг уншигчдадаа өгөх нь зөв болов уу?
-Хүний биед үндсэн таван хий буюу амь баригч, дээш гүйгч, түгээгч, гал тэгшитгэгч, уруу арилгагч гэсэн өөр өөрийн тодорхой онцлог үйл ажиллагаа үзүүлдэг таван төрлийн хий байдаг. Мөн мэдрэхүйн таван эрхтний үйл ажиллагааг хангаж байдаг гишүү таван хий байна. Эдгээрээс амь баригч хий гэхэд оройд орших бөгөөд хоолой өвчүү нугасанд гүйж идээ ундааг залгих, амьсгал авч гаргах, шүлс хаях найтаах, хэхрүүлэх болон оюун ухааныг тодруулж, хүний сэтгэл санааг удирддаг байх жишээтэй. Энэ хий хямрах юм бол хамгийн түрүүнд толгой эргэнэ, өвдөнө. Мөн цээж, өвчүүний араар хөндүүрлэж, амьсгал авахад саадтай, идээ ундаа идэхээр хахаж цацах, хоолойд юм тээглэх мэт горойх зовуурь мэдрэгдэнэ. Хүмүүс ихэвчлэн ийм зовуурьтай ирдэг. “Хоолойны булчин чангараад юм залгихаар горойгоод байна” гэж. Ийм зовуурьтай хүмүүс дурангаар харуулж, шинжилгээ хийлгэсэн ч ямар ч өөрчлөлт харагддаггүй. Мөн арьс хуурайшна, сандарч түгшинэ, айдастай, өөртөө итгэлгүй, эргэлзээтэй болчихдог. Тийм өвчтөн бас манайд саяхан хэвтэж эмчлүүлсэн. Тэр өвчтөн маань арван жилийн турш нойргүйдэлтэй байсан. Тэр хугацаандаа дусал, тариа хийлгэсээр байгаад сүүлдээ түүнээсээ хордлогод ороод реакци өгдөг болчихсон байв. Тэрээр анх эмчилгээнд орохдоо нэг минут ч тайван хэвтэж чаддаггүй байсан. “Эмч ээ, байж байгаарай, би сонин болоод байна” гээд босоод цээжээ нүднэ, базна. Хэвтэж, сууж чадахгүй, босож явдаг. Тогтвортой нэг байршил байхгүй, нэг зүйл дээр төвлөрч чаддаггүй болчихсон байсан. Манайд хэвтэж эмчлүүлсэн эхний долоо хоногт тухайн өвчтөн шөнөдөө унтдаг болсон. Одоо өвчтөний маань хүсэж байгаа зүйл нь зоригтой болох. Ямар ч зүйлийг хийсэн өөртөө эргэлздэг, зүрх зориггүй болчихсон гэж хэлдэг. Уламжлалт анагаах ухаанд өвчтөний биеийг эмчлэхээс гадна, сэтгэл заслын эмчилгээг давхар хийдгээрээ давуу талтай.Хий хямрахад хүний биед хамгийн гүн нөлөөлдөг зүйл нь сэтгэл зүй. Аливаа зүйлд их шаналж, санаа зовдог, гаслангийн үйл ихтэй, ойр дотнын хүн нас барснаас болоод түүндээ энэлж шаналаад удчихсан хүмүүс сэтгэлийн үйлээрээ маш их хийрхэж байна. Мөн хүмүүст нийтлэг илэрдэг нэг шинж тэмдэг нь сэтгэл санаа тавгүйтэх. Хэхрүүлдэг, эсвэл маш их найтаах, хараа, сонсгол, үнэрлэх чадвар муудах гэх мэтээр мэдрэхүйн таван эрхтний үйл ажиллагаа доройтох шинжүүд илэрдэг.
-Тэгвэл дээш гүйгч хий гэж юу вэ?
-Дээш гүйгч хий өвчүүнд орших бөгөөд хамар хэл багалзуурт гүйнэ. Үг гаргах, хүч чадал, өнгө зүс, хичээл шамдал дурдлыг тодруулна. Энэ хий хямрахад илэрдэг хамгийн гол зовуурь нь өвчүүний ард хүнд оргих. Зүрхний бичлэг, эхогоор мөн л өөрчлөлт илэрдэггүй. Удаан ярихаар хэл чулчирах, ээрнэ, хоолой гарахаа болино. Нүүр, ам мурийна. Маш амархан тамирдаж ядарна, ам их цангана, арьс нь маш хуурай болно. Бас нэг шинж тэмдэг нь хэлгийрэх буюу ярьж чадахаа больчихдог. Өөрөө зүгээр яриад байна гэж бодох боловч үгийг нь сонсож байгаа хүн ойлгодоггүй. Үгийг тод хэлж чадахаа больдог гэсэн үг. Дээш гүйгч хий хямрахаар мөн үнэрлэх мэдрэмж буурчихдаг. Чих, хамар, хоолой эмнэлэгт үзүүлэхээр, “Зүгээр, хэвийн байна” гээд байдаг. Европ анагаах ухаанд хийн талаарх онолын ойлголт байдаггүй учраас хийн хямралаас үүдэлтэй хөнгөн, хүнд хэлбэрийн эмгэгийг оношлох, эмчлэх талаар дутагдалтай байдаг.
-Түгээгч хийн хямрал хэрхэн илэрдэг юм бол?
-Түгээгч хий зүрхэнд орших бөгөөд бүх биед түгж гүйнэ. Явах харайх, атийлгаж тэнийлгэх, жийх хумих зэрэг биеийн үйлдэл бүрийг хийнэ. Энэ хий хямрахад зүрх мушгирч, тэр орчмоор өвдөнө, биеийн хөдөлгөөн алдуурна, ухаан санаа будангуйрна. Юмыг барин тавин санадаг болчихдог. Дотор эвгүйрхэж, манарна. Түрхэн зуурт үхэтхийн унана. Манайд яг ийм шинж тэмдэг илэрсэн нэг өвчтөн эмчлүүлж байна. Тэр хүн, “Гудамжинд явж байтал байшингууд над дээр налаад ирж байгаа юм шиг санагдаад би уначхаад босож ирсэн” гэдэг. Өвчтөн маань тэгж унаснаас болоод шагай нь хугарчихсан байсан. Хий хямрахад хүн ингэж агшин зуурт ухаан балартаж, тэнцвэр алдагддаг байх жишээтэй. Хөл гар нь хөшиж явж сууж чадахгүй болох, бөгтийх, яс үесийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинж илэрнэ.
-Хий хямралын өвчнөөр голдуу тийм ажил, мэргэжлийн хүмүүс хямарч байна гэсэн тодорхойлолт хэлж болох уу?
-Хийн бэлгэ чанар голлон оршдог эрхтнүүд гэж бас байна. Жишээ нь чих нь хийн голлон оршдог орон бөгөөд сонсголын үйл ажиллагаа нь хийн үйлдлээр голлон явагдаж байдаг. Хөгжим их сонсох, уйлаан, дуулаан, хөгжим ихтэй газарт хий ихээхэн хямардаг. Тэгэхээр чимээ ихтэй газар ажилладаг хүмүүс хийгээр хямрах нь элбэг тохиолдож байна. Эсвэл маш стресстэй, ачаалалтай ажил хийдэг хүмүүс байна. Биеийн гэхээс илүү сэтгэлзүйн хувьд ачаалалтай ажилладаг хүмүүс илүү ихээр ядаргаанд ордог. Манайд нэг байгууллагаас гурван ч хүн яг ижилхэн зовуурьтайгаар ирж хэвтэж эмчлүүлсэн. Тэд ходоод гэдэс нь хямардаг, сэтгэл зүйн асуудалтай болчихсон байв. Шалтгааныг нь тодруулаад үзэхээр тэд гурвуулаа цонхгүй, давчуу өрөөнд 2-3 жил ажиллаад нойргүйдэлтэй болчихсон, ходоод гэдэс нь хямарчихсан хүмүүс байсан.
-Гал тэгшитгэгч хийн ач холбогдол болон энэ хий хямрахад биед ямар сөрөг үр дагаврууд илэрдэг талаар ярьж өгөөч?
-Гал тэгшитгэгч хий ходоодонд оршиж дотор гэдэс бүхэнд гүйх бөгөөд хоол ундыг шингээнэ, тунгалаг цөвийг ялгах ба хорлогдохууныг боловсруулна. Хүний биеийн долоон тамир буюу цус, мах, өөх, яс, чөмөг, эрэгтэй, эмэгтэйн дусал гэсэн ойлголт бий. Эрэгтэй, эмэгтэйн дуслаас өчүүхэн жаахан хэсэг нь зүрхэнд шим болж очдог байх жишээтэй. Тэр шим нь биеийг тамиржуулж байдаг. Гал тэгшитгэгч хий хямрахад эдгээр долоон тамирын зэрэгчлэнгээр үүсэх ёстой цикл алдагдчихдаг. Ямар үед алдагдах вэ гэхээр, нэгдүгээрт ходоодны галын илч доройтоход. Хүмүүс турахын тулд усан мацаг барьж байна, эсвэл өглөө өлөн дээрээ их хэмжээний литр ус уух ёстой гэж үздэг. Гэтэл энэ маань ходоодны галын илчийг ихээр дарангуйлж байдаг. Гал дээр ус хийхээр унтардагтай яг ижилхэн гэж ойлгож болно л доо. Ийм зуршлыг удаан хугацаанд дадуулаад ирсэн хүмүүсийн бие хавагнасан байдаг. “Өглөө өмсөөд гарсан гутал орой ажлаа тарах үед таарахаа больчихсон байна” гэсээр манайд хандаж байсан өвчтөн цөөнгүй бий. Энэ бол цайвар хаван бөгөөд хавангийн хамгийн хөнгөн хэлбэр. Зарим хүн үүнийгээ богино хугацаанд таргалж, тураад байна гэж ойлгодог. Цайвар хаван хүндэрсээр хамгийн сүүлд усан хаван болчихдог. Хавантахад элэгний үйл ажиллагаа доройтно, дотоод даралт ихсээд ирэхээр даралт ихэснэ, зүрхэнд ачаалал өгнө, тэр их хаванг боловсруулж шээлгэж гаргаж байгаа бөөрөнд ачаалал өгнө. 
-Уламжлалт анагаах ухаанаар энэ тохиолдолд ямар эмчилгээ хийдэг вэ?
-Ходоодны галын илчийг нь тэтгээд, ямар эрхтэн, хямарсан байна, түүнийг нь эмчлэхээр хаван нь ор тас байхгүй болчихдог. Хүмүүс цайвар хавангаас эхлээд усан хавантай болтлоо хамгийн багадаа 2-3 жил болчихсон байдаг. Удаан хугацаанд бий болдог гэсэн үг. Уламжлалт анагаах ухаанд үүнийг шалтгаантай нь эмчилдэг учраас тодорхой хугацаа шаарддаг. Гэхдээ үр дүнтэй, дахин тэр өвчин сэдрээхгүйгээр эмчилдэг. Тийм учраас ходоодны галын илч маш чухал. Гал тэгшитгэгч хий хоол ундыг шингээхийн дээр дотор хийн гүйдлийг зохицуулж байдаг. Хэвлий дүүрч, цардайн, жирэмсэн юм шиг цондгор болчихсон хүмүүс байдаг. Ингээд яваад байхаар хүн хоолны дуршилгүй болчихдог. Огиудас, бөөлжис нь хүрнэ.
-Уруу арилгагч хий ямар үүрэгтэй вэ?
-Уруу арилгагч хий хошногонд оршоод олгой давсаг, нууцын эрхтэн, гуяны дотор талаар гүйнэ. Дусал, цус, өтгөн, шингэн, сарын тэмдэг зэргийг зохицуулдаг. Энэ хий хямарсан үед эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдах, хаагдах, өвдөлттэй ирэх, мөн бэлгийн үйл ажиллагаа хүртэл алдагддаг. Мөн унгаж чадахгүйгээс болж гэдэс дүүрэх хэвлийн доогуур хатгуулах, өтгөн гарахгүй байх зэрэг зовууриуд илэрдэг.
-Энэ таван хийн хямрал тус тусдаа илэрдэг шинж тэмдэгтэй гэж ойлгож болох уу. Өөрөөр хэлбэл, аль ч хийн хямралын үед илэрдэг нийтлэг шинж гэж байдаг уу?
-Таван хий хямарвал тус, тусынх нь шинжийг л илрүүлнэ. Түүнээс гадна билгэ чанарын үүднээсээ хийн ерөнхий шинжүүд гэж бас бий. Тухайлбал, харвалт өгөөгүй мөртөө хөшчихсөн, хөл гар нь атийсан, явж чадахгүй, хөдөлгөөн нь хязгаарлагдчихсан хүмүүс байна. Энэ бол хийн атийх, хөших шинж тэмдэг. Мөн цээжин биеэр хатгуулна, эхүүн амт амтагдана. Даарч чичирнэ. Халуураагүй мөртөө бие арзайгаад, чичрээд байдаг. Сүүж, бэлхүүс, яс үесээр өвдөнө, эвэршээл ихтэй болж, амархан уурлана, сэтгэл санаа тогтворгүй болно. Баярлаж гомдох, уйлах нь амархан болно, нойрондоо муудна, гэдэс цанхайж дүүрнэ, хөөж хоржигноно. Үүр, үдшийн цагаар хөөстэй цэр их гарна. Ханиад хүрээгүй мөртөө цэр их гардаг нь ийм учиртай. Сэтгэл санаа тавгүй болно. Өвдөлт зүрх, эсвэл ууц, нуруу бэлхүүс, толгой гэд хаа сайгүй мэдрэгдэнэ. Аль нэг газартаа тогтвортой байдаггүй гэсэн үг.
Хий өвчинд турж эцнэ, сэтгэл санаа тогтворгүй, амархан гомдоно. Баас хатах хам шинж ихээр илэрнэ. Өтгөн хатаж хоргол адил гарна. Толгой эргэнэ, тамиргүй болно, нойр муудна, турна. Бие хатангиршина. Аль нэг мөч нь жижигхэн болоод цусны эргэлтгүй болно. Илж хүрэлцэхэд мэдээ муутай болох гэх мэт. Хөл хатангиршвал мэдрэл нь багассаар байгаад суумгай болох тал бий. Гар хөдөлгөөнгүй болж атийж хумигдах зэргээс болж хөгжлийн бэрхшээлтэй болох аюултай. Бүх бие янгинан, залхуурна, хөшнө. Ийм шинж тэмдэгтэй хүмүүс сүүлийн үед олширч байна.
-Илэрч буй зовууриа ажиглаад хүн өөрөө чухам аль хий нь хямраад байгаагаа тодорхойлох боломжтой юу?
-Яг хий өвчин мөн үү, үгүй юү гэдгийг зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн оношилгоогоор тогтоодог. Яагаад гэхээр хий өвчнийг шар, бадгантай хавсрах нь бий. Хавсарсан байна уу, хурсан байна уу гэдгийг оношилно. Тэгэхээр хийн өвчин мөн гэж оношилсон тохиолдолд тухайн өвчтөнд ямар эмчилгээ хийхийг зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн оношилгоонд суурилж гаргана. Зүгээр нэг илээч, бариа засалч нар хүмүүст хийн эмчилгээг зөвлөж байгаа нь буруу.
-Хүний биеийн аль хий хямарсныг уламжлалт анагаах ухааны эмч нар ямар аргачлалаар оношилдог вэ?
-Бид өвчтөнөө анх үүдээр орж ирэхээс нь эхлээд ажигладаг. Удаан явж байна уу, хөдөлгөөн нь хязгаарлагдсан байна уу, нүүр, ам нь цонхигор байна уу, арьс салстынх нь өнгө ямар байна, уур, бухимдалтай, гунигтай, дуу султай байна уу гэх мэтээр хүний өөрийн мөн чанар болон өвчний эрхээр хий, шар, бадганы аль мөн чанарт орсныг нь ажиглана гэсэн үг. Энэ бол харах шинжилгээ. Хоёрдугаарт, асуух шинжилгээ гэж бий. Зовуурийг нь асууна, илэрсэн зовуурь, өвдөлтөөс шалтгаалаад чухам аль хий нь хямарсныг тогтоох асуултуудаа тавина. Дараагийнх нь хүрэлцэх шинжилгээ буюу судас оношилгоо. Хий, шар, бадган ялгана. Бидний нэг хурууны өндөг хоёр хуваагаад хоёр эрхтнийг мэдэрдэг. Энэ зургаан хуруу маань нийтдээ 12 цул сав эрхтэн дээр шинжилгээ хийдэг гэсэн үг. Ингээд өөрчлөлт мэдэрсэн хэсэг дээрээ тулгуурлаад тэр талынх нь асуултыг асуудаг. Дараагийн шатанд шээсээр оношилно. Манай эмнэлгийн нэг давуу тал нь өвчтөнийхөө шээсийг өдөр болгон авдаг. Өглөөний өлөн шээсийг тэр даруйд нь, бүлээн байхад нь ажиглана. Дараа нь хөрсөн, бүлээн хоёрын завсарх шээсийг харна. Ингээд бүр хөрснийх нь дараах шинж тэмдгийг гэх мэтээр шээсэн дээр гурван цаг, есөн ёсоор шинжилнэ. Тухайн хүний өвчин хуурмаг байна уу, хий мөн үү, нуугдсан байна уу гэх зэргээр маш олон төрлийн оношийг шээсээр гаргах боломжтой. Ийм олон зүйлээр оношоо баталгаажуулаад дараа нь эмчилгээний тактик боловсруулж эмчилгээгээ хийнэ.
-Хий өвчний эмчилгээний нийтлэг арга гэж байдаг уу?
-Өвчнийг хамгийн түрүүнд хоол хүнсээр, дараа нь явдал мөрөөр нь, эмээр эмчилнэ. Уламжлалт анагаах ухаанд эдгээрээр эмчлэгдэхгүй байвал заслаар өвчтөнөө эмчилдэг. Эмнэлэгт ихэнхдээ өвчин нь хүндэрсэн хүмүүс ирдэг. Бид өвчтөнөө хэвтэх 10 хоногийн хугацаанд идээ унд, явдал мөр, эм, заслаар эмчилдэг.

-Ярилцсанд баярлалаа. 

Ярилцсан: Сэтгүүлч Х.Хулан

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай