987
Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч, УАУ-ы тэнхмийн багш, АУ-ы доктор Н.Сайнбуянтай ярилцлаа. Тэрбээр Тайванийн “Cheng Shiu” Их сургуульд “Монгол Хятадын Уламжлалт анагаах ухааны хэл оношилгооны харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэхүү судалгаандаа хэл оношилгооны автомат системийг ашигласнаараа Монголын анагаах ухааны салбарт нэгэн шинэ чиглэлийг бий болгоод байна.
-Та “Монгол Хятадын Уламжлалт анагаах ухааны хэл оношилгооны харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Яагаад энэ сэдвийг сонгох болов гэдгээс яриагаа эхэлье?
-Уламжлалт анагаах ухаанд харах, хүрэлцэх, асуух гэсэн оношилгооны үндсэн гурван арга байдаг. Үүний нэг болох харж оношлох аргад өвчтөний хэл, шээсийг чухалчлан үздэг. Мөн хэл, шээснээс гадна арьс, нүдний өнгө, биеийн овор хэмжээ, хэлбэр, алхаа гишгээ гээд ер нь харж оношилж болох бүхий л зүйлийг шинждэг. Хүний биеийг ямар нэгэн байдлаар хатгаж өвтгөхгүйгээр хэлийг нь хараад л өвчнийг оношилж болдог үр дүнтэй оношилгооны нэг хэлбэр бол хэл оношилгоо. Тиймээс уламжлалт анагаах ухааны энэ аргыг судлахаар шийдсэн. Мөн Шинжлэх ухаан технологийн сангаас хэрэгжүүлж байсан Тайвань Монголын хамтарсан хэл оношилгооны төсөл дээр ажиллаж байсан маань ч энэ сэдвийг сонгоход нөлөөлсөн.
-Уламжлалт анагаах ухааны хэл оношилгооны талаар тодорхой ярьж өгөөч. Хүний хэлийг хараад өвчний тухай мэдээлэл олно гэдэг сонирхолтой байна л даа?
-Хэл бол хоол боловсруулах тогтолцооны анхдагч эрхтэн. Амтыг мэдэрч, хоол боловсруулахад оролцож байгаагаас гадна үг яриаг зохицуулдаг булчинлаг эрхтэн. Хоол боловсруулах тогтолцооны анхдагч эрхтэн гэдэг утгаараа хоол боловсруулах замын бүхий л мэдээллийг хэлнээс харах боломжтой. Хэлийг уламжлалт анагаах ухаанд “Зүрхний цэцэг” гэж үздэг бөгөөд зүрхтэй цусан судлаар барилддаг. Тиймээс хэлнээс зүрхний өвчний шинж тэмдгийг нарийн харж болохоос гадна зүрхээр дамжуулан таван цул, зургаан сав эрхтэнтэй холбогддог тул тэдгээрийн эрүүл болон эмгэг шинжийг мөн оношилж болно.
-Эрүүл хүний хэл ямар байх ёстой вэ. Мөн хэлэнд ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах ёстой вэ?
-Эрүүл хүний хэл цайвар улаан өнгөтэй, зөөлөн, чийглэг, бага зэрэг нимгэн цайвар өнгөртэй, хөдөлгөөн нь саадгүй, хэлээ гаргаж ирээд эргүүлээд татаж чаддаг байвал эрүүл хэл гэж үзнэ. Хүн өөрийнхөө хэлийг хараад дотор эрхтнээ хянах боломжтой. Хамгийн эхлээд хэлний өнгийг анзаарах хэрэгтэй. Эрүүл хэл цайвар улаан өнгөтэй гэсэн шүү дээ. Тэгвэл хэт цайвар байвал хүйтэн давамгайлсан өвчтэй, хэт улаан болж, хуурайшиж хатсан бол дотор халуун, архаг хүнд өвчин байх магадлалтай. Хэлэн дээр тогтсон өнгөр зузаарч тавхайгаад, хуссан ч арилахгүй, амт мэдэгдэхээ болиод эхэлбэл хоолны шингэц муу байна гэсэн үг. Өнгөр нь ихсэж, өнгө нь өөрчлөгдөж, дугуйрсан, ховхроод уначихсан юм шиг толбо үүссэн байвал ходоодны үйл ажиллагааг анхаарах шаардлагатай. Хэлний ирмэг хэсгээр шүдний ором тогтсон байвал хаван ихтэйн шинж. Төрөлхийн ан цавтай, хагарсан хэлтэй хүмүүс байдаг ч хэвийн байж байгаад хагарсан бол тухайн хүн дотор халуун ихтэй, шингэн дутагдсан, чийглэгийн хэмжээ багассан байна гэсэн үг. Эдгээр шинж тэмдэг илэрсэн бол, мөн хэлний хөхлөг томроод улаан цусан толбо үүсвэл, хэл амандаа багтахгүй томроод, эсвэл нимгэрээд жижгэрч байвал эмчид хандах хэрэгтэй.
-Хүмүүс өдөр бүр шүдээ угаахдаа хэлээ ч гэсэн үрж цэвэрлэдэг. Шүдээ буруу угаавал өвчилдөгтэй адил хэлийг буруу угаавал өвчилнө гэж байх уу. Ялангуяа нялх хүүхдийн хэлэнд өнгөр их тогтдог учраас тогтмол арчиж цэвэрлэдэг шүү дээ?
-Бага насны хүүхдийн хэл харьцангуй өнгөртэй байдаг. Том болоход хэлний өнгөр нь багасах ёстой. Харин өнгөр нь ихдэх, эсвэл өнгө нь өөрчлөгдвөл эмгэг болж байна гэсэн үг. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд хэл нь хэт их өнгөртэй бол бага зэрэг хусаж болно. Түүнээс биш өдөр болгон хэлээ хусаад байвал амтлах мэдрэмж мууддаг. Бас хэт их өнгөртвөл амт мэдрэхээ больдог. Ер нь эрүүл хэвийн хэлийг цэвэрлэх шаардлагагүй.
-Хэлээ шинжлүүлэхийн өмнө юуг анхаарах вэ?
-Хэлээр оношлохын өмнө өвчтөн хоол унд, өнгө будагтай хүнсний бүтээгдэхүүн идээгүй, хэлээ хусаж цэвэрлээгүй байх ёстой. Тэгэхгүй бол хэлний өнгө, өнгөрт өөрчлөлт ордог. Тиймээс өглөө юм идэхээсээ өмнө хэлээ яг байгаагаар нь шинжлүүлбэл оношилгооны үр дүн маш бодитой гардаг.
-Хятад Монголын хэл оношилгооны аргыг харьцуулан судалснаас гадна судалгаандаа хэл оношилгооны автомат систем ашигласан гэсэн. Уламжлалт анагаах ухааны оношилгоонд орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглаж байгаа нь онцлог байна. Энэ талаар ярихгүй юу?
-Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас уламжлалт анагаах ухааныг нотолгоонд тулгуурлан хөгжүүлнэ гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор уламжлалт анагаах ухааны оношилгооны багажуудыг өндөр хөгжилтэй оронд ихээр зохион бүтээж байна. Үүний нэг жишээ бол миний судалгаандаа ашигласан хэл оношилгооны автомат систем юм. Энэ системийг Тайвань улсад үйлдвэрлээд олон улсад патентжуулсан. Үүгээр хэлний хэлбэр, өнгө, улаан толбо, өнгөрийн өнгө, хэмжээ, тархалт, хэлний хагарал, ан цав, хэлэн дээр гарсан шүдний ором, чийглэгийн хэмжээ зэрэг олон үзүүлэлтийг хэмждэг. Тиймээс эмч энэхүү системийг эмчилгээний өмнө болон дараа ашиглаад үр дүнгээ хянаад явах боломжтой. Мөн эмчилгээний үр дүнг хянахаас гадна эмч оношоо баталгаажуулах ач холбогдолтой. Эмч өөрийн дадлага туршлага, орчны нөлөө буюу гэрлээс хамаараад нэг өвчтөний хэлийг хоёр өөрөөр оношлох тохиолдол байдаг. Харин энэ багаж нь өөрөө зориулалтын гэрэлтэй учраас ямар ч орчин нөхцөлд нэг л янзаар оношлох тул үүнийг ашиглан эмч өөрийн оношоо баталгаажуулах боломжтой. Оношилгооноос гадна сургалтад маш их хэрэгтэй төхөөрөмж.
-Энэхүү автомат системийг Хятад, Тайвань зэрэг улсад хэрэглэдэг гэсэн. Манба Дацан эмнэлгийн хувьд оношилгоондоо хэрэглэж байгаа юу?
-Энэ аппаратыг Тайвань, Япон зэрэг Азийн орнуудад өргөн хэрэглэдэг. Манай Манба Дацан Нэгдсэн эмнэлэг ч гэсэн оношилгоо, судалгаанд ашиглаж байгаа. Бид Тайвань Монголын хамтарсан хэл оношилгооны төслийн хүрээнд ходоодны шархтай хүмүүст гурван сарын эмчилгээ хийж, эмчилгээний явцаа энэхүү автомат системийн тусламжтайгаар үнэлсэн. Эмчилгээний өмнө хэлний зураг авч, эмчилгээний явцад, эдгэсний дараа мөн авсан. Тоон үзүүлэлтээ харахад эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн хэлний өнгөр багассан, эрүүл байдалд шилжсэн байсан. Ходоодны шархыг эмчлэхэд уламжлалт эмчилгээ үр дүнтэй гэдгийг эндээс харж болно.
-Өрнө, Дорнын анагаах ухааныг хослуулах хэрэгтэй, Уламжлалт анагаах ухаан бол бие даасан шинжлэх ухаан, тиймээс хослуулах шаардлагагүй гэсэн хоёр байр суурь байдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ. Таны сурч байсан Тайвань улсын уламжлалт анагаах ухааны хөгжил ямар төвшинд байна?
-Уламжлалт анагаах ухаан бол оношилгоо, эмчилгээний маш том онолтой биеэ даасан шинжлэх ухаан. Тиймээс заавал Европ анагаах ухаантай холих шаардлагагүй. Өнөө цагт олон тоног төхөөрөмж бүтээгээд байгаа нь уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг өөрийнх нь онол дээр тулгуурлан баталгаажуулах гэсэн санаа. Өндөр хөгжилтэй орнуудад хэл оношилгоо, судас оношилгоо гээд уламжлалтын оношилгоонуудыг баталгаажуулдаг маш олон төрлийн төхөөрөмжүүдийг бүтээж байна. Уламжлалтын оношилгооны аргуудыг төхөөрөмж ашиглан өөрийнх нь онолоор л баталж байна гэсэн үг. Тайвань улсад ч гэсэн уламжлалт анагаах ухаан бие даан хөгжиж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд