1090
Оточ Манрамба Их Сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор, профессор Г.Чойжамцтай тус сургуулийн Эм зүйн ангийн талаар ярилцлаа. Оточ Манрамба Их Сургууль нь энэ жил Эм зүйн ангийн анхны төгсөлтөө хийж, уламжлалт анагаах ухааны салбарт анхны мэргэжлийн эм зүйчдийг бэлтгэн гаргаснаараа онцлог юм.
-Энэ жил Эм зүйн ангийн анхны төгсөлт боллоо. Уламжлалт анагаах ухааны салбарт анхны мэргэжлийн эм зүйчдийг бэлтгэн гаргаж байгаагаараа нэлээд онцлог үйл явдал боллоо шүү дээ?
-Тиймээ, Монголд өрнийн анагаах ухааны эм зүйч мэргэжилтнийг бэлтгэж эхэлснээс хойш 50 гаруй жил болж байгаа ч уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн төвөд хэлтэй, эх сурвалж бичгийг уншиж, судлах, орчуулах чадвартай мэргэжилтнийг бэлдээгүй өдийг хүрсэн. Тиймээс Оточ Манрамба Их Сургууль эдгээр чадварыг бүрэн эзэмшсэнээс гадна өрнийн анагаах ухааны эм зүйн салбарт хөрвөж ажиллах чадвартай эм зүйчдийг анх удаа бэлтгэж 2018 онд төгсгөлөө. Монголын эм зүйн салбарт уламжлалт анагаах ухааны эмийн мэдээллийн сан хөмрөгийг судлах, эм зүйч мэргэжлийн байр сууринаас хандаж эм найруулах уламжлалт технологийг эзэмшсэн мэргэжилтэн ихээхэн шаардлагатай байгаа. Одоо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа уламжлалт эмийн 10-н үйлдвэрт, уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдэд уламжлалтын мэргэшсэн эм зүйч ерөөсөө байхгүй. Тэгэхээр манай сургуулийн эм зүйн ангийг төгсөгчид энэ салбарын хүний нөөцийн хомсдолыг шийдвэрлэхэд жинтэй хувь нэмэр оруулах юм.
-Ер нь эм зүйч мэргэжилтний эрэлт хэр байдаг вэ?
-Эмийн мэргэжил бол маш цэвэрхэн, нарийн сайхан мэргэжил шүү дээ. Эрүүл мэндийн нэг том салбар бол эм хангамжийн салбар. Монгол Улсын Эрүүл мэндийн хууль, Эмийн тухай хуулийн заалт ёсоор зөвхөн мэргэжлийн хүн ажиллах ёстой салбар. Эмийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуульд суралцаж төгссөн хүн л эмийн салбарт ажиллах боломжтой. Манай бизнесменүүд сүүлийн үед эмийн хангамжийн салбарт хөрөнгө оруулалт их хийж байна. Тэгэхээр мэргэшсэн мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай байгаа. Улаанбаатар хотод 1000 гаруй эмийн сан, 32 эмийн үйлдвэр, улсын хэмжээнд 400 орчим эм ханган нийлүүлэх байгууллага ажиллаж байгаа ч энэ хангалттай тоо биш. Цаашид улам нэмэгдэж таарна. Дээрээс нь бүх эмнэлгүүд эмийн сантай. Улсын хэмжээнд 360 орчим сумтай, сум болгон эмийн сантай. Хот суурин газар бүр олон эмийн сан байгаа. Улаанбаатар хотын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн эмийн санд эмийн мэргэжилтэй хүн л ажиллана. Эмийн сан, эмнэлгийн нэгжид ажиллаж байгаа эмийн мэргэжилтнүүдийг хэн нэг эмч, сувилагч орлох боломжгүй, тийм л нарийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс шүү дээ. Эмийн санд улсын стандартаар дор хаяж 2-3 эмийн дээд мэргэжилтэн, эмийн үйлдвэрт 10 орчим, эм ханган нийлүүлэх байгууллагад мөн л 10 орчим эмийн мэргэжилтэн ажиллах ёстой. Тиймээс эм зүйн анги төгсөж байгаа хүүхдүүд сургууль төгсөхөөсөө өмнө ажлын байртай болчихдог. Эм зүйч бол зах зээлд эрэлт хэрэгцээ өндөртэй, мэргэжилтний хомсдолтой байгаа салбарын мэргэжил шүү.
-Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгчид 100 хувь ажлын байртай болсон гэсэн үү?
-Тиймээ, төгсөгчид маань 100 хувь ажлын байртай болсон. Лицензийнхээ шалгалтыг ч 100 хувь амжилттай өглөө. Энэ бол манай сургалтын чанарыг тодорхойлж байгаа хөндлөнгийн үнэлгээ юм. Манай төгсөгчдөд ажлын байрны санал их ирдэг.
-Оточ Манрамба Их Сургуулийн эм зүйн ангийн онцлог, давуу тал нь юу вэ?
-Эм зүйчийн нэг өвөрмөц чанар бол эмийн чанар, аюулгүй байдлыг хариуцдаг, эмийг худалдаж борлуулах, хүн амд хүргэж үйлчлэх үйл ажиллагааг явуулдаг. Мөн эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа. Зах зээлийн харилцаанд шилжихээс өмнө эмийн химич, эмийн технологич, удирдлага менежментийн мэргэжилтнүүдийг бэлдэж байсан юм. Одоо бол эмнэл зүйн эм зүйч бэлддэг болсон. Эмнэл зүйн эм зүйч гэдэг нь эмийг өвчтэй хүнд яаж хэрэглэх вэ гэдгийг мэддэг, эмчтэй хамтарч ажилладаг, хэрэглэгчдэд эмийг өгөхдөө аюулгүй байдлыг нь хангах үүднээс бүрэн гүйцэд зөвлөгөө тайлбар өгч чаддаг мэргэжилтнийг л хэлнэ.
Манай Оточ Манрамба Их Сургуулийн эм зүйн ангийн төгсөгчид эмнэл зүйн эм зүйч нар юм. Мөн өрнө, дорнын анагаахын эмийн мэргэжлийг давхар эзэмшсэн хүмүүс. Эмийн санд төвөдөөр бичсэн жор, европ эмийн жор ороод ирэхэд аль алиныг нь уншаад, яаж хэрэглэхийг заагаад өгдөг тийм л мэргэжилтэн бэлдэж байна. Өөрөөр хэлбэл, Оточ Манрамба Их Сургуулийн эм зүйн ангийн төгсөгчид хос морьтой. Европ эмийг ч барьж чаддаг, уламжлалт эмийг ч барьж чаддаг. Англи, төвөд хэлтэй. Уламжлалт эмийн технологийг үзсэн, европ анагаахын эмийн технологийг ч үзчихсэн хүмүүс. Тэгэхээр асар өндөр мэдлэг чадвартай, хөрвөх чадвартай мэргэжилтнүүд төгсөж гарч байгаа гэсэн үг. Манай төгсөгчид өрнө, дорнын анагаах ухааны эм зүйн салбарын аль ч байгууллагад ажиллах чадвартай.
5 жилийн хугацаанд сураад ийм өндөр хөрвөх чадвартай мэргэжилтэн болж төгсөнө гэдэг хувь хүндээ маш том боломж. Бусад сургуулийн эм зүйн ангийн төгсөгчид европ анагаахын эм зүйч болж төгсдөг. Өөр сургуулийн эм зүйн төгсөгчид Оточ Манрамба Их Сургуулийн эм зүйн ангид сурч байж л манай төгсөгчдийн чадварыг эзэмших боломжтой. Үүнийг бидний том давуу чанар гэдгийг ойлгох хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааны эм зүйч мэргэжлийг олгож байгаа сургалт өөр хаана ч байхгүй.
-Уламжлалтын эмийн салбарын ирээдүйг та хэрхэн харж байна?
-Уламжлалт эм маш өвөрмөц. Түүнийг судалж, эмийн зах зээлд оруулах, эмчилгээ, эмнэл зүй, судалгааны эргэлтэд оруулах асар их хэрэгцээ бий. Монголын уламжлалт анагаах ухаанд дан найрлагатайгаас авхуулаад 70, 80 найрлагатай эм хүртэл байдаг. Хорон чанар, гаж нөлөө багатай, эмчилгээний үр дүн өндөртэй. Монгол орон бол хөрсний бохирдол багатай, химийн янз бүрийн бодисын тархалт, цацрагийн нөлөөнд автаагүй, өргөн уудам, онгон байгальтай газар. Тиймээс эмийн ургамал нь эмчилгээний өндөр идэвх, үр дүнтэй байх боломжтой. Тан, талх уламжлалт эмийн найрлагад аюултай, хортой бодис их хэмжээгээр орох магадлал харьцангуй бага, олон найрлагатай учраас эмд орж байгаа түүхий эд нь хавсарсан олон талт эмчилгээний ашигтай үйлчлэл үзүүлдэг. Энэ талаараа уламжлалт эм өвөрмөц юм. Би Японы Токио хотын Цумура гэдэг уламжлалт эмийн үйлдвэрийг очиж үзсэн. Тэднийх 7-хон төрлийн эм үйлдвэрлэдэг ч дэлхийн 45 улсад эмээ гаргадаг. Үйлдвэрлэлийн хэрэгцээнд 7 хоногт 100-110 тонн ургамал хэрэглэдэг юм байна. Энэ бол уламжлалт эм дэлхийн зах зээлд асар өндөр хэрэглээтэй болж байгааг харуулж буй нэгээхэн жишээ юм. Монголын уламжлалт эмийг дэлхийн олон улс оронд ажиллаж байгаа манай уламжлалтын эмч нар хэрэглэж байгаа нь уламжлалт анагаахыг төдийгүй уламжлалт анагаахын эмийн ашиг тусыг тив дэлхийн хүн олонд мэдрүүлэх чухал үйл хэрэг мөн гэж үнэлэх ёстой. Цаашид уламжлалт эмээ судлаад орчин үеийн эмийн хэлбэрт оруулчихвал нэг талаас эмчилгээний цар хүрээ өргөжих нөгөө талаас зах зээлээ тэлэхэд чухал ач холбогдолтой. Энэ дашрамд хэлэхэд, Монголын уламжлалт анагаах ухааны үр шимийг дэлхийн хүн төрөлхтөн хүртэх эрхтэй шүү дээ. Энэ том ухааныг зөвхөн монголчууд манайх, минийх гээд хав дараад сууж болохгүй.
-Төвөд хэл, уламжлалт анагаах ухааныг эртнийх гэж үздэг хүмүүс байдаг. Уламжлалтын эм зүйчид яагаад төвөд хэл үзэх ёстойг хэлж өгөхгүй юу?
-Монгол эмч, оточ нар ном, сурах бичиг, оюуны бүтээл туурвилаа бүгдийг нь төвөд хэл дээр бичсэн. Монгол хэл дээр бичсэн анагаах ухааны болоод эмийн судар бичиг бараг байхгүй. Манай монгол эрдэмтдийн бичсэн олон зуун ном судар бүгд төвөд хэл дээр байна. Түүнийг уншиж, судлахаар Монголд байхгүй ургамлыг ямар ургамлаар орлуулж хэрэглэж болохыг хүртэл заагаад өгчихсөн байдаг. Тиймээс эх сурвалж, зохиол уншихгүйгээр уламжлалтын эмийг зөв, чанартай хийх магадлал багасна. Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд төвөд хэл эзэмшдэг нь маш том давуу тал. Уламжлалт анагаах ухааныг дээр үеийн анагаах ухаан гэж хэлж болохгүй. Молекул, биологийн түвшний тайлбар, механизм ярихгүй болохоор эртний гэж хэлэх гээд байх шиг байна. Орчин цагт уламжлалт анагаах ухаанаар хүнийг эмчлээд эдгээгээд байна гэдэг чинь орчин үеийн л анагаах ухаан биз дээ. Цаашдаа ч хөгжинө. Уламжлалтын эм зүйч, уламжлалтын эмч нарыг эртний анагаах ухаан үзсэн хүн гэж үзэж болохгүй. Монголд 1930-аад онд европ анагаах ухааны хүүхдийн тусламжийн тогтолцоо бүрдэж, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хөгжсөн гэж үздэг. Гэтэл уламжлалт анагаах ухаан 700 жилийн өмнөөс хүүхдийг эмчлэх аргыг тусгайд нь судлаад ирсэн өдий төдий олон баримт байна. Хүүхдийн өвчнийг чихний судсаар оношилдог. Хүүхдийн чихний судас дээр таван цул, зургаан сав эрхтний өвчлөл харагддаг гэдгийг европ анагаахынхан огт мэдэхгүй. Монголын уламжлалт анагаах ухаан эртний гаралтай, тасралтгүй хөгжиж өдий хүрч ирсэн шинжлэх ухаан. Хүн судлалын маш том салбар. Оточ Манрамба Их Сургуулийн аль нэг мэргэжлийн салбар, тэр дундаа эм зүйн салбарт элсэж орсон хүн европын анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийн мэддэггүй юмыг мэддэг мэргэжилтэн болох боломжтой.
-Оточ Манрамба Их Сургуулийн бааз эмийн үйлдвэр GMP-ийн шаардлага хангасан үйлдвэр болох зорилт тавьсан. Ингэснээр эм зүйн салбарын оюутнуудад ямар боломж нээгдэх вэ?
-Оточ Манрамба Их Сургуулийн эм зүйн ангийн оюутнууд дадлага хийдэг өөрийн сургалтын бааз байгууллагатай. Энэ хэмжүүрээр харвал одоохондоо ийм сургууль Монголд өөр алга байна. Анагаах ухааныг физикийн хичээл шиг (электронууд цөмийг тойрон эргэлдэж байдаг гэдэг шиг) заагаад онолоор сургаж болохгүй. Хэрэв тийм сургалт явуулбал эмч нь төгссөнийхөө дараа амьд хүн дээр туршилт хийсээр байж эмчийн төрхтэй болох нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Манай оюутнууд сургалтын бааз руу явж цаг алдахгүй, сургуулийнхаа хажууд байрлах эмнэлэг, эмийн үйлдвэр, эмийн сан руу ороод дадлагаа хийх боломжтой. Энэ бол манай сургуулийн том давуу тал шүү дээ. Эмийн түүхий эдээ хэрхэн түүх, яаж хатаах, хадгалах, номхотгох, боловсруулах вэ гэдгийг нүдээр харж, гараараа хийж суралцаж байгаа нь маш том боломж. Манай Манба Дацан эмийн үйлдвэр Монгол Улсын эмийн үйлдвэрийн стандартын шаардлагыг хангасан. Бид үйлдвэрээ орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, уламжлалт болон орчин үеийн технологиор уламжлалт эм үйлдвэрлэх хүчин чадал бүхий эмийн үйлдвэр болгож өргөтгөх зорилт тавиад зураг төслийн шатандаа явж байна. Эмийн үйлдвэр эмийн судалгааны лабораторитой, тэнд оюутнууд эмийн технологийн болон чанарын хяналтын дадлага хийх сургалтын өндөр хүчин чадалтай үйлдвэр буй болно. Цаашдаа өндөр хүчин чадалтай орчин үеийн үйлдвэрийн маань нэг том хэсэг нь R&D буюу орчин үеийн эмийн үйлдвэрийн загвар судалгаа хөгжлийн лаборатори байгуулагдана. Түүнд орчин үеийн эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж иж бүрнээр нь суурилуулна. Ингэснээр манай сургуульд элсэгчдэд, оюутнуудад маш сайхан боломж нээгдэнэ гэсэн үг.
Ирэх 2019 онд хоёр дахь төгсөлтөө хийнэ. Эхний хэдэн жилийн сургалтын явцад уламжлалт анагаах ухааны эмийн мэргэжилтэнд уламжлалт анагаах ухааныг хэрхэн зааж сургах вэ, яаж дадлагажуулах вэ гэдгийг нэлээд мэдэж, сурч авлаа. Одоо аль нэг сургууль уламжлалт анагаах ухааны эм зүйн ангийг дангаар нь нээгээд явна гэвэл бидний туулсан зам, туршлага, бэрхшээлийг давах хэрэгтэй болно. Бидний дайтай сургалтын бааз бий болгоход асар их мөнгө, цаг орно. Миний төсөөлж байгаагаар Монголд одоохондоо Оточ Манрамба Их Сургуулийн хэмжээний эм зүйн мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулж чадах сургалтын орчин, нөөц, туршлага бүрдүүлсэн сургууль Монголд байхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд