Цахим суваг:-

Г.Одонцэцэг: Энэ ертөнц арга билгийн чанар дээр тогтож байгаа

825

Эмэгтэй хүн гэж хэн бэ, эрэгтэй хүнээс аль мөн чанараараа ялгаатай вэ. Бас хүн яах гэж энэ хорвоод ирсэн, хэн байх гэж ирээд хэн болох боломжтой вэ. Хүний өвчин зовлонд унах шалтгаан нь юу юм бол? Мэдээж, энэ маш өргөн сэдэв. Уламжлалт анагаах ухаан, буддын шашны томоохон савнаас хутган авч тайлбарлая гэвэл сонины хуудас хэчнээнийг зориулахыг үл мэднэ. Тиймээс хүн бүрд өөрийнхөөрөө ойлгож, ухаж судлах боломж олгох үүднээс эдгээр сэдвээр өнгөцхөн яриа өрнүүллээ. Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй уулзаж, дараах сэдвээр ярилцсанаа толилуулъя.

-Бидний ярилцлага голчлон эмэгтэй хүний талаар өрнөх болов уу. Бид эрдэнэт хүмүүний төрлийг олж төрсөн. Гэхдээ энэ төрөл дотроо эмэгтэй хүн эрэгтэй хүнээс дор төрөлд багтдаг гэж сонсож байлаа. Тэгэхээр эмэгтэй хүмүүс ямар үйлийн үр эсвэл ямар учир ерөөлөөр энэ хүйстэнд төрсөн гэж бурхны шашинд үздэг юм бол?
-Бурхны шашинд ч, анагаах ухаанд ч энэ хоёр хүйс дээр, доорын ялгаатай гэсэн ойлголт байдаггүй. Би үүнийг хүний нийгэм дэх зарим хүмүүсийн бурангуй үзэл, хандлага юм болов уу гэж боддог. Харин энэ хоёр хүйсийн байдлаас шалтгаалсан сэтгэлгээний өвөрмөц чанар, бие махбодын бүтэц, үйл ажиллагааны хувьд ялгаатай зүйл их бий.
Ер нь эмэгтэй, эрэгтэй хүйс арга, билгийн чанартай. Энэ ертөнц арга, билгийн чанар дээр тогтож байгаа шүү дээ. Хүн гэлтгүй бүхий л амьтан эр, эм төрөл гэсэн арга, билгийн чанартай. Аль алинд нь давуу тал бий, сул тал ч байгаа. Эмэгтэй хүний хамгийн том давуу тал нь эх болдог. Бурхны шашинд “Эх болсон зургаан зүйл” гэдэг. Учир нь бид олон галаваар үргэлжилж буй эхлэлгүй, төгсгөлгүй энэ ертөнцийн оршин байх хугацаанд маш олон төрлийг дамжиж төрөхдөө хэн нэгний эх болж үзээгүй сүнс гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, миний эх болж байгаагүй амьтан гэж үгүй юм. Эх хүн гэдэг маш их энэрэл нигүүлсэл, асрангуй сэтгэлийг үнэн мөн чанараар нь ая зөнд нь төрүүлж чаддагаараа давуу талтай. Эмэгтэй хүн үр хүүхэд төрүүлмэгц түүнээс их хайр өөрийн эрхгүй урсан ундарч байдаг. Тэр аугаа их хайрын чанарыг эмэгтэй хүмүүс мэдэрдгээрээ давуу байдаг юм болов уу. Хүн төдийгүй адгуус амьтад хүртэл үр зулзагаа хэрхэн хайрладаг билээ. Тэгэхээр эх байх, эмэгтэй хүн байхын хамгийн том давуу чанар нь аугаа их нигүүлслийг өөрийнхөө сэтгэлийн гүнээс төрүүлж, түүнийг мэдэрч чадаж байгаад оршдог юм болов уу.
-Хэн нэгний эх болж үзээгүй хүн гэж байхгүй гэдэг нь л өөрөө бүхнийг хайрлаж, энэрэх шалтгаан юм уу даа?
-Өнөөдөр миний дайсан болоод надад таагүй хандаад байгаа тэр хүнийг аль нэг төрөлдөө хэн нэгний, магадгүй миний ээж явсан гэж бодох хэрэгтэй. Амьтан болгоныг эх лугаа хайрлах ёстой, тийм мөн чанар байгаа гэж үздэг байх нь. Тэгэхээр ямар ч төрөл зүйлийн амьтанд, ямар ч язгуур угсааны хүнд хэзээ ч устаж үгүй болдоггүй энэрэл, асралын ариун уг чанар бий. Тэр чанараараа хэзээ нэгэн цагт намайг энэрэн асарч байсан гэсэн үг юм. Тиймээс бид эмэгтэй хүн, ээж хүн болсноороо эхийн сэтгэл гэдгийг бусдад мэдрүүлж байна гэдгээрээ бахархах ёстой.
-Зарим эмэгтэй олон хүүхэдтэй, зарим нь цөөн хүүхэдтэй. Зарим нь хүү төрүүлж, зарим нь охинтой болдог гэх мэтээр үр хүүхдийн заяа өөр, өөрөөр ирж байна л даа. Хүүхэд яг ямар ерөөлөөр ирдэг юм бол?
-Маш том ерөөлөөр ирдэг. Бид огт танихгүй хүнтэй харц тулгараад, дахиж хэзээ ч тааралдахгүйгээр зөрж өнгөрөх тохиолдол байдаг. Гэтэл тэр хоёр хүн урдын зургаан төрөлдөө дотно явсан байдаг гэж бурхны шашинд үздэг. Тэгэхээр эх, үр болно гэдэг маш их үйлийн үрийн барилдлага байх нь. Эцэг, эх, үр гэсэн гурван хүний хоорондын буян, нүглийнх нь үйлийн үр яг таг зохицсон байдаг. Хэрэв хүүхэд нь илүү буянтай, эцэг, эх буян тааруу байх юм бол тэр сүнс эхийн хэвлийд ордоггүй гэдэг. Эцэг, эх нь маш их буянтай атал тэр орох гэж байгаа сүнс буян муутай байх юм бол тэр эхийн хэвлийд орохгүй. Хүмүүс хүүхэд нь зовоогоод байвал, “Би урьд насандаа энэ хүүхдэд өртэй болсон юм байна” гэдэг. Тэгж муу талаас нь харах ёсгүй байх. Хүн гэдэг зэндмэнэ эрдэнэ адил төрөл гэж бурхны номд өгүүлсэн байдаг. Тэгэхээр олон хүүхэд төрүүлсэн эх хүнд хүн төрлийн үнэхээр их буяны үр нь л ирж гэж ойлгож болох нь. Ертөнц дээр долоон тэрбум хүн байна. Түүнээс гадна адгуус амьтан, бусад төрлийг тоолж барахгүй. Тэр олон, зургаан зүйлийн хамаг амьтны тоотой харьцуулбал хүний төрлийг олно гэдэг өдрийн од мэт цөөн тохиолдол, баяр бахдал. Тэгэхээр эхдээ хаягдсан хүүхэд хүртэл тэр эхэд гомдох учиргүй, талархах ёстой. Яг ном ёсоор авч үзвэл ийм байдаг.
-Нүгэлт эх гэж байхгүй юм байна, тийм үү?
-Харьцангуй ойлголт л доо. Үр хүүхдээ төрүүлээд орхисон эх хүнийг хараагаад хэрэггүй. Хараасан, хараагаагүй үрээ хаясан эмэгтэй хүн үнэхээрийн тэсэшгүй зовлонг эдэлнэ. Гэхдээ бас тэр чигтээ нүгэл хийчхээгүй, тэр хүний хийсэн нэг том буян нь үр хүүхэд төрүүлсэн явдал. 
-Муу амьдарч байгаа эцэг, эхэд хүүхэд нь болж ирсэн бол хүүхэд эцэг, эхтэйгээ адил тавиланд амьдрах магадлал өндөр гэж ойлгож болох уу. “Хүний удам, судрыг хар” гэдэг ийм учиртай байх нь?
-Эцэг, эхийн тавиланг давтах магадлалтай. Удам угсаа ярихаар бас төвөгтэй л дөө. Жишээлбэл, хүний язгуур угсаа ерөнхийдөө зургаан түвшнийх байдаг гэж үздэг. Хааны төрлийн язгуур гэж бий. Энэ бол маш ховор тохиолдол. Ноёны язгуур, түшмэл, эгэл ард, харц, боол гэх мэт. Энэ түвшин, язгуур үйлийн үртэй нарийнаас нарийнд холбоотой. Гэхдээ л боолын язгууртай хүн ч байсан ямар ч адгууснаас дээгүүр төрөл гэсэн үг.
-Тухайн хүн ухамсар, ухаанаараа, үйлээрээ тэр язгуураа дээшлүүлэх боломжтой юу?
- Боломжтой байлгүй яах вэ. Хүний хаан язгуурт хүрэх нь битгий хэл, бурхны хутгийг олох боломжтой шүү дээ. Өөрийн хичээл зүтгэл, мэдлэг, чадвараараа язгуур угсаагаа дээшлүүлэх боломж хүн бүрд бий.
-Төрлөө хайгаад ирсэн сүнсийг төрүүлнэ гэдэг асар том буян гэж та хэллээ. Эсрэгээрээ, буцаагаад төөрүүлж байгаа эмэгтэй маш олон бий?
-Энэ үнэхээр том нүгэл. Хүний амийг тасалсны төлөөсөнд өөрийн нас богиносно. Өвчин ихтэй болно. Дараа төрөлдөө ахиад өөрөө бас хэвлийгээсээ үхэл егүүтгэнэ. Юу хийсэн, түүнийхээ үрийг л амсана шүү дээ. Тэгэхээр үүнээс л зайлсхийх хэрэгтэй. Зайлсхийж болгоомжлох, тийм нүгэл хийсэн бол төдий хэмжээгээр наманчлах хэрэгтэй. Бүр бие, хэл, сэтгэлээрээ бодитой наманчилж, төлөөсөнд нь эерэг сайн үйлийг хийх ёстой.
-Зөвхөн эмэгтэй хүнд онцгойлон анхаарах, тэвчих ёстой үйл, гэм зэм гэж байдаг уу. Байдаг бол тэдгээр нь юу вэ?
-Эх хүн, эмэгтэй хүн өөрөө эр нөхөр, үр хүүхдээс авхуулаад бусдыг хайрлаж, энэрч, асрах өгөгдөлтэй төрсөн. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусдыг үр хүүхэд шигээ санаж аливаа нэгэн дутагдал, таагүй үйлдлийг нь уучилж, өршөөдөг байх ёстой. Бид яг энэ үүргээс болоод нийгэмд чөлөөтэйгөөр, их зүйлийг бүтээх боломж нь харьцангуй бага байдаг. Нөгөө л үр хүүхэд, эр нөхрийгөө халамжлахад хандсан, ахуйдаа баригдсан хандлага давамгайлаад байдаг тал бий.
-Уламжлалт анагаах ухааны эм тан, эмчилгээний аргаар хүний зан төлөвийг өөрчлөх боломжтой юу?
-Эм тангаар өвдөлт, зовуурийг намдаахад өвдөлтөөс болж гаргаж байсан санаа зовнил, уур бухимдал зэргийг арилгаж болно. Харин сэтгэлийн эмгэг өөрчлөлт, буруу зан төлөвийг эм тангийн аргаар бус сэтгэлээ таних, судлах арга ухаан, бодол бясалгалын шаталсан аргуудаар засаж өөрчлөх боломжтой. Энэ талаар уламжлалт анагаах ухааны эмч бид өвчтөндөө сэтгэл зүйн зөвлөгөөг давхар өгдөг. Яагаад гэхээр өвчний анхдагч шалтгаан гаднаас биш, дотоод сэтгэлийн буруу, муу хувирал байдаг.Хүн юу бодож, сэтгэж байна гэдгээсээ шалтгаалаад өвчинтэй эсвэл эрүүл байх нь хамаарна. Сэтгэл гэдэг агшин төдий ч зогсолтгүй ажиллаж, тэрхүү хувирал нь агшин бүрд биеийн үйл ажиллагаанд нөлөөлж байна. Хүний сэтгэлийн хувирал ямар байгааг судасны лугшилтын хувирлаар нь мэдэж болдог. “Тэр хүн маш их гутралтай байна, айж цочсон байна. Ямар нэгэн юманд санааширсан байна. Их ууртай, атаа жөтөө ихтэй байна” гэх мэт. “Энэ хүн дотроосоо өөрийгөө идэж, илжирч байгаа юм байна” гэдэг ч юм уу. Уламжлалт анагаах ухааны эмч нар сүүлийн үед өвчтөндөө “Үүнийг бодох хэрэгтэй, үүнийг болохгүй” гэдгийг нь бараг хэлж өгч байна шүү дээ. Зарим хүмүүс юу идэж, уух вэ, юуг бодохгүй вэ гэдгээ ч мэдэхгүй байна. Уг нь юуг идэж, уух вэ гэдэг нь хоёрдогч асуудал шүү дээ. Харин юуг бодох вэ, юуг бодохгүй байх вэ гэдэг нь анхдагч гэсэн үг. Сэтгэлийн тэвчээр, хичээнгүй чанар, өгөөмөр зан, уургүй, шуналгүй, атаагүй, гомдолгүй занг л төлөвшүүлж өгөх юм бол хүний бие эрүүл байна. Хүн дотоодоосоо муу муухай сэтгэлээр бие махбодоо хэмлэж өвчлүүлээд байна л даа. Үүнийг таниад мэдчихвэл зөв, сайн сэтгэлээр бие махбодоо эрүүлжүүлээд, эрүүл байлгаад байж болно гэсэн үг юм.
-Хий, шар, бадганы аль нэгийнх нь давамгайллыг эмчилгээгээр тэгшитгэснээр тухайн хүний муу зан чанарыг засах боломжтой байдаг болов уу гэж бодлоо?
-Эм тан, заслын эмчилгээгээр хий, шар, бадганыг тэнцвэржүүлсэн ч дотоод шалтгаан сэтгэлийн буруу хувирлууд нь байнга махбодын бэлгэ чанаруудын дүрийг хувиргаж, эмийн хүчийг дарангуйлдаг. Тиймээс эм, заслын эмчилгээний хажуугаар сэтгэлийн хувирлыг хүн өөрөө л ухамсраараа тэгшитгэх ёстой. Тэгэхээр уламжлалт анагаах ухааны эмч нар, урьдын маарамбууд ч сэтгэл зүйн эмчилгээг цуг хийж байсан юм билээ. Би ч мөн үйлчлүүлэгчдэдээ “Өдөртөө тэдэн минутаар тэр тарнийг уншаарай, сэтгэлдээ олон жил бодсон тэр зүйлээ одоо орхи, оронд нь тийм бодлыг дадуулж хэвшүүлээрэй” гэх мэтээр зөвлөдөг. Сэтгэлийн зөв зан төлөвийг хэвшүүлнэ гэдэг мэдээж хэцүү. Тэр зүйлээ “Бодохгүй, бодохгүй, бодохгүй” гэж өөртөө сануулж орхисоор байтал нэг мэдэхэд оронд нь өөр сайн зүйлүүдийг бодоод, сэтгэл зүй нь ч дээшилдэг.
Орчин үеийн хүмүүс сэтгэл зүйгээ эергээр удирдахын тулд янз бүрийн бясалгалыг сонгож байна. Гэтэл үүнээсээ болоод сэтгэцийн өөрчлөлтөд орчихсон хүмүүс манай эмнэлэгт ирэх нь ч бий. Бясалгалын багш хүн ч ирж байсан. Энэ юунаас болж байна гэхээр, өөрсдөө сэтгэлээ буруу удирдаад, сэтгэлийн гаж эмгэг өөрчлөлтөд ороод өвчилчихсөн байх нь бий. Биеийн өвчнөөс сэтгэлийн өвчнийг эмчлэхэд илүү хэцүү. Эмгэг болоод, галзуу, солиотой болчихсон тохиолдолд түүнийг засахад биеийн өвчнөөс илүү хугацаа, эмчилгээ шаардагддаг.
-Буруу бясалгана гэж байдаг байх нь ээ?
-Тийм. Яг нэг төрлийн бясалгалд яваад хөөрлийн байдалд орчихсон 5-6 хүн өнгөрсөн намар манай эмнэлэгт дарааллан хандсан. Галзуурлын байдалтай орж ирсэн. Сэтгэлийг гүнзгий түвшинд удирдана гэдэг өөрөө маш болгоомжтой хандах ёстой зүйл. Өдөр тутмын сэтгэл зүй гэж зүйл байна. Яг тэр бясалгалын сэтгэл зүй гэдэг бас өөр зүйл. Хүний хоолыг нь хориод биеийн бэлгэ чанарыг нь хямруулмагцаа огт өөр сэтгэл зүй рүү хөтөлчихөөр галзуурлын байдалтай болчхож байгаа юм.
-Сэтгэл санаагаа тайван байлгаж болох хамгийн хялбар, үр дүнтэй аргыг эмэгтэйчүүдэд зөвлөөч?
-Уучлах, уужуу л байх хэрэгтэй. Аливаа сөрөг таагүй мэдрэмжийг хүлээж авахдаа түүний дотоод мөн чанар, шүтэн барилдлагаар нь шинжиж бодох нь чухал. “Би зовж байгаа бол энэ надтай л холбоотой. Тийм учраас би өөрөө үүнээс гарах ёстой” гэж бодох хэрэгтэй. Ер нь л тийм шүү дээ. Амьдралд олон бэрхшээл бий. Тэр болгонтой зууралдаад байвал тэр хэмжээгээрээ л зовно. Хэн нэгэнтэй үүсгэсэн муу харилцаагаа хурдхан л эдгээх хэрэгтэй. Биеийн шархыг тоохгүй яваад байвал идээлээд бугладаг шиг сэтгэлд шарх үүсэх юм бол маш хурдан зөв сэтгэлээр анагааж, цайруулж, зөв чиг рүү нь урвуулах хэрэгтэй.
-Бүсгүйчүүдийн хамгийн их айж, эмзэглэдэг зүйл нь магадгүй хөгшрөлт, зүс гундах байх. Үүнээс сэргийлэх хамгийн энгийн жор юу вэ?
-Хөгшрөлт бол хорвоогийн жам. Нэгдүгээрт, үүнийг ойлгох хэрэгтэй. 50 настай хүн ямар байдаг вэ гэдгийг мэддэг байх ёстой. Мэдээж, өөртөө арчаатай явах хэрэгтэй. Сэтгэлээ л эрүүл байлгах нь чухал. Түрүүнд хэлсэнчлэн, сэтгэлээ зөв байлгавал бие нь эрүүл байна гэсэн үг. Би бол энэ биеэ “Их сайн зүйл хийх миний гол хэрэгсэл” гэж боддог. Бие өвдөөд байвал, эсвэл би бие махбоддоо ямар нэгэн байдлаар сэтгэл хангалуун биш байвал миний сэтгэл зүй сайн ажиллаж чадахгүй, оюун ухаанаа хүссэн хэмжээгээрээ дайчилж чадахгүй гэсэн үг. Тиймээс биеийг байнга арчилж, тордож байх хэрэгтэй. Би буддист хүн учир дахиад дараа төрөлдөө энэ хүний төрлийг олоо ч уу, үгүй ч үү гэж бодож энэ биеэ, энэ төрлөө зөв зүйлд зориулж, хэрэглэх ёстой гэж боддог. Тэгэхээр хүний төрөлдөө хийж бүтээх зүйлээ хурдхан хийж, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Орчлонгийн ажлыг хийж зууралдаад байх уу, хэдий наснаасаа эхлээд би хүн төрлийг олсны гол гавьяагаа хийх вэ гэдгээ бодох хэрэгтэй.
-Орчин үеийн эмэгтэйчүүдийг гундааж байгаа хамгийн том шалтгаан юу вэ?
-Хувь хүнтэй өөртэй нь л холбоотой. Нэг шалтгаан нь хүсэл маш ихтэй, эсвэл дэндүү гутранги үзэлтэй байж магадгүй юм. Өөрийнхөө боломжоос дэндүү давсан хүсэл, шунал ихтэйгээс зарим хүн дэмий зовоод байдаг. Тэгэхээр нөхцөл бололцоо, өөрийнхөө байгаа байдалтай эвлэрч, зөв явах хэрэгтэй. Дэндүү бодитой бус хүсэл тачаал их байх, өөрөө яагаад ч тийм байх боломжгүй хүндээ атаархах гэх мэт аливаа муу бодлоо сайханд урвуулаад л байвал өөрөөр гундаагаад байх зүйл нэг их байхгүй шүү дээ. Ер нь өөдрөг, аливаа зүйлийн боломжтой талыг олж харах, бүр болохгүй юм гэдгийг ойлгосон бол түүнийг орхих гэх мэтээр өөрийн сэтгэлтэйгээ л ажиллах хэрэгтэй.
-Орчин үеийн анагаах ухаанд байдаггүй хэр нь, зөвхөн уламжлалт анагаах ухаанд байдаг эмэгтэйчүүдийн гоо сайхны нууц жор гэж бий юу?
Маш олон бий. Би уламжлалт анагаах ухаанд суралцаад 28 жил болж байна. Эхний үед өвчнийг анагаах, оношлох тал руугаа л анхаарлаа хандуулж байсан. 40 нас гараад ирэхээр бас жаахан арчилгаа хэрэгтэй юм байна гэдгийг өөрийнхөө биеэр мэдсэн. Зүс царай, арьсанд, бие галбирт өөрчлөлт ордог юм байна. Ингээд маш олон жор үзсэн. Эхнээс нь өөрөө хэрэглэж байна. Үнэхээр сайхан жорууд бий. Хүний биеийг тунгалаг, сайхан цайвар цагаан арьстай байлгаж болдог юм байна. Компьютерын нөлөөгөөр 30 настайгаас үс цайраад эхэлж байна. Үүнд хэрэглэдэг жорууд ч бий. Эмчилж байгаа хүмүүстээ болон өөрөө хэрэглээд явж байна. Мөн нас уртасгадаг жор ч бий. Эмэгтэй хүнд 50 нас хүрэхээр цэвэршилт явагддаг. Энэ үед бодисын солилцоог илүү сайжруулах жорууд байна. Гэхдээ энэ болгоныг хэрэглэхийн тулд эрүүлийн үзүүлэлтийг 100 хувь биелүүлэх ёстой. Түүнээс биш өвчтэй хүнд тэдгээр жорыг хэрэглэх боломжгүй.
-Уламжлалт анагаах ухааны энэ олон бүтээгдэхүүнийг хараад гоо сайхныг зохиож, гаднаас нь бүтээх боломжтой юм болов уу гэж боддог байлаа?
-Махбодын тэнцвэрийг хангаж байж үүнийг хэрэглэх ёстой. Эрэгтэй, эмэгтэй хүний бодисын солилцоог сайжруулдаг “Жүдлэнгийн жор” гэж бий. Түүнийг хэрэглэе гэхээр эмэгтэйчүүд өндгөвчний үрэвсэлтэй, умай, савны өвчтэй, эрэгтэй хүн түрүү булчирхайн эмгэгтэй байгаа тохиолдолд хэрэглэх боломжгүй. Тэгэхээр эхлээд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байх арга уламжлалт анагаах ухаанд л байна. Нэг эмч дээр дагнаад 1-3 жилийн хугацаанд эмчлүүлэх хэрэгтэй. Эмч чинь “За одоо үүнийгээ засна” гээд шат дараалалтайгаар хүний биеийг эмчилж анагаадаг. Сэтгэл санаа, гоо сайхныг хамт анхаарч засдаг.
-Судсаар оношлох талаар таны ярьсан зүйл их сонирхол татлаа. Судас ер нь юу өгүүлдэг юм бэ?
-Судасны лугшилтын чимээ олон зүйлийг илэрхийлнэ. Амьд махбодын бүх зүйлийг “Ярьж” өгнө. Би анх судас чагнаад энэ бүхнийг мэддэггүй байлаа. Номоос уншаад л, бага багаар мэддэг болсоор, овоо чагнадаг болсныхоо дараа “За ер нь овоо чагнадаг хүнд судсаа чагнуулах хэрэггүй юм байна” гэж бодох жишээний. (инээв) Гэхдээ судас сайн уншдаг байх тусам тэр хүн төдий хэмжээнд ухамсартай түвшинд очсон байдаг. Хүнд хэлэх битгий хэл, өөрт нь ч хэлэлгүй сонсоод өнгөрөх нь бий. Ёс зүйн хувьд нэлээн өндөр түвшинд очсон хүн л өндөр түвшинд чагнаж сурсан байдаг. Хүний судас чагналаа гэхэд, миний олон жилийн турш амьтны тусын төлөө уншсан олон тарнийн бясалгал тухайн хүнтэй холбогдчихдог. Анхны эмчилгээ эхэлж байна л гэсэн үг. Хүнийг судсыг нь чагнангаа оношилж байдаг. Оношлонгоо эмчилгээний зарчмаа боловсруулна. “Тэр найрлага нь зохих уу, энэ найрлага нь зохих уу” гэх мэтээр судас чагнах үед бүхэл бүтэн оюун санааны том үйл ажиллагаа явагддаг. Анхны эмчилгээ маань тэр хүнийг энэрэх хайрлах сэтгэлээр дамжин хүрдэг. Манай уламжлалт анагаах ухааны үнэхээр мундаг оношилгооны арга нь энэ. Бүх зүйлийн дотоод мөн чанарыг хардаг. Хүний биед янз бүрийн худал зовуурь, өвдөлтүүд ч илэрдэг. Түүний цаана ямар мөн чанар байна гэдгийг судсаар нь таньдаг.
- Нүдийг сэтгэлийн толь гэдэг. Үүнийг хүмүүс зүгээр л мэдэмхийрч ярьдаг юм болов уу. Эсвэл бас нүдээр хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлж болдог уу?
-Тэгж хэлж болно. Ер нь нүд их сонин эрхтэн л дээ. Хүн эхийн хэвлийд бүрэлдэхэд хамгийн эхлээд зүрхнээс түрүүнд нүд үүсдэг. Тэгээд чих, хамар, амтлахуйн гээд таван мэдрэхүйн эрхтэн дараалж үүсдэг. Хүн гэдэг амьтны мундаг чанар нь энэ таван мэдрэхүйдээ л байдаг. Үүгээрээ өнгө, хэлбэр дүрс, дуу чимээ, үнэрийг мэдэрдэг. Энэ мэдрэхүйнүүд бусад амьтан дээр яг энэ чанараараа байдаггүй. Энэ таван мэдрэхүйг бидний сэтгэлийн гол сүнсний таван зарц гэж бас хэлдэг. Өөрөөр хэлбэл, бидний сэтгэл зүй энэ таван мэдрэхүйгээр хүлээж авсан тэр мэдрэмжээр хөлөглөн амьдардаг. Хүслийн таван эрхтэн ч гэж хэлдэг. Юуг харж, сонсож мэдэрснээрээ хүн муу зүйл буюу хүсэл, шунал, уур, атаа жөтөө гэх мэт үйлийн хийдэг. Үхэхийн үед энэ таван мэдрэхүй хураагддаг. Үүний нэг жишээ нь, 45 наснаас эхлээд хүний ойрын хараа мууддаг. Дараа нь чих, тэгээд хамар, ам гээд таван мэдрэхүй үхэх үед бүгд хураагддаг. Тэгэхээр энэ таван мэдрэхүйг маш сайн хөгжүүлбэл бурхдын язгуурын таван мэдрэхүйд бясалгаад, бурхдын мөн чанарт урвуулах боломж бий. Нүдний намшэ буюу сүнс гэж байдаг. Үүгээр гол сүнсэнд мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр нүдний байдал сэтгэлтэй холбоотой.


-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Сэтгүүлч Х.Хулан

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай