Цахим суваг:-

Ц.Тэмүүлэн: Дур мэдэж эмчилгээ хийх нь давсагны үрэвслийг архагшуулах эрсдэлтэй

947

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Ц.Тэмүүлэнг урьж, цистит буюу давсагны үрэвслийн талаар ярилцлаа.

-Цистит нь ямар шалтгаан нөхцөлөөр үүсдэг өвчин бэ, энэ талаар эхэлж ярья?
-Цистит буюу давсагны үрэвслийг уламжлалт анагаах ухаанд шээс чавдагших, шээс хаагдах өвчин нь шээсний сүвний гэмтэл, хий хуйлрах, цусаар хаагдах, үс ороолдох, давсагны чулуугаар хаагдах, өтгөнөөр хаагдах, дуслаар хаагдах, шээсний сүв хавдах зэрэг олон шалтгаан нөхцөлөөр үүснэ гэж үздэг. Тиймээс үүнтэй уялдаад эмчилгээ нь ч өөр байдаг. Мөн хий, шар, бадган, хурмалын аль гэмээр үүссэн байна гэдгийг тогтоох хэрэгтэй байдаг. Хийн гэмээр үүссэн бол хөнгөн, ширүүн идээ, явдал мөрийн нөхцөлөөр үүсдэг. Ингэснээр шээс гарахгүй, бэлгэ эрхтнээр хатгаж өвдөнө. Хэрэв шараас шалтгаалсан бол шээс нь улаан шар өнгөтэй, давсаг, шээсний сүвээр хатгуулж өвдөх зовуурь илэрдэг. Бадганаас шалтгаалсан шээс чавдагших өвчний үед шээс нь ногоон, шар өтгөн салстай гарна. Хурмалаас шалтгаалсан бол дээрх бүх шинж илрэх бөгөөд өвчний явц нэлээд хүндэрсэн байна гэж үздэг.
-Шээс хаагдах буюу цистит өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ. Цистит болсон тохиолдолд эмэгтэйчүүд гэрийн нөхцөлд янз бүрийн арга хэмжээ авдаг шүү дээ. Энэ нь ямар үр дагавартай вэ?
-Шээс ойр ойр хүрэх, давсагт шээс байхгүй ч шээмээр санагдах, бага багаар дусагнах, хоёр гуя, цавиар хатгуулж өвдөх, ууц нуруу чилэх, давсаг орчим шархирч, хатгуулж өвдөх зэрэг зовуурь илэрвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Түүнээс биш гэрийн нөхцөлд халуун цайны ууранд суух, бүлээн жин тавих, дур мэдэн антибиотик хэрэглэх зэрэг нь тус болж чадахгүй, харин ч өвчнийг сэдрээх аюултай. Тухайлбал, давсагны хийгээр өвдсөн хүн жин тавихад зовуурь намддаг бол шараас шалтгаалсан циститний үед халуун жин тавьж болохгүй, учир нь халуун халууныг бүр ихэсгэж өвчнийг улам сэдрээдэг. Тиймээс ам дамжсан яриагаар гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдохгүйгээр уламжлалт анагаах ухааны эмчид хандаж оношлуулан, тохирсон эмчилгээг цаг алдалгүй хийлгэх нь зүйтэй. Аливаа өвчний үед эмчилгээг илүүдүүлж, дутуудуулж, буруудуулах тохиолдолд өвчнийг эдгээхгүй, зарим тохиолдолд улам бүр хүндрүүлдэг. Сүүлийн үед антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болоод архаг цистит, давсагны шарх үүсэх тохиолдлууд ч байна.
-Бага насны охид шээс хаагдах буюу цистит өвчнөөр өвчлөх нь ихэссэн байна л даа. Эцэг эхчүүд хүүхэд циститдэг юм уу гээд гайхаж асуудаг. Хүүхдээ цистит өвчнөөс сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?
-Хүүхэд насанд ид өсөлтийн үед галын илч, тунгалаг цөвийн буюу бодисын солилцоо идэвхтэй явагдаж байдаг бөгөөд энэ үед бадганы бэлгэ чанарын хувь харьцангуй их байдаг. Үүнтэй уялдаад хүйтэн, чийгтэй, нойтон орон байр, орчинд байхад тохиромжгүй гэж үздэг. Орчин цагт орон сууцууд ихэвчлэн паркетан шалтай доороосоо жиндүү байх болсон. Хүүхдүүд гэртээ хөл нүцгэн гүйж доороосоо даарч явсаар шээс хаагдах өвчнийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлээд байдаг. Ийнхүү удаан хугацааны турш хуримтлагдсаар нэг л өдөр шээс гарахгүй байх, эсвэл бага багаар ойр ойрхон шээх, давсаг, шээсний сүв орчмоор хатгуулж өвдөх зэрэг өвчний шинж тэмдэг илэрч эхэлнэ. Тиймээс шээс хаагдах өвчнөөс сэргийлэхийн тулд хамгийн гол нь хүүхдээ доороос нь дааруулахгүй байх тал дээр анхаарах, дулаан хувцаслах хэрэгтэй. Усанд орсны дараа биеийг нь тосолж дулаан хувцаслах хэрэгтэй. Хүүхдийн хөлийн ул, бэлхүүс, толгойг үргэлж дулаан, хуурай байлгах нь чухал. Хүүхэд их хөдөлгөөнтэй байдаг учраас гүйж, харайх үед шээсээ дусаах тохиолдол их гардаг. Тиймээс хувийн ариун цэврийг сайн сахиулж, дотуур хувцсыг нь хуурай, цэвэрхэн байлгах хэрэгтэй. Мөн биеийн онцлогоос хамаарч хонины махтай хоол, сарлагийн сүү, тараг, төрөл бүрийн үр тариагаар хийсэн гурилан бүтээгдэхүүн зэргийг тогтмол хэрэглүүлэх нь шээсний замын өвчнөөс төдийгүй бүхий л өвчлөлөөс сэргийлж чадна. Хэрэв хүүхдэд тань дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол уламжлалт анагаахын мэргэжлийн эмчид хандаж оношлуулан, бүрэн гүйцэд эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
-Эрэгтэйчүүдэд мөн шээс хаагдах өвчин (цистит) тохиолддог гэсэн. Ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Энэ нь давсагны өвчин учраас давсагтай хүн өвдөх магадлалтай гэсэн үг. Гэхдээ эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол цистит өвчинд харьцангуй бага өртдөг. Өвчилсөн тохиолдолд цавиар хатгуулж өвдөх зэргээр түрүү булчирхайн өвчлөлтэй ойролцоо шинж тэмдэг илэрдэг. Тиймээс уламжлалт анагаах ухааны эмчид хандаж, оношлуулан, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
-Цистит өвчнийг уламжлалтаар хэрхэн эмчлэх вэ?
-Эм, засал эмчилгээ, мөн тарни эмчилгээг хийдэг. Тухайн өвчтөнийг мэргэжлийн эмч үзэж оношлоод, тохирсон өвөрмөц эмчилгээг хийнэ. Тухайлбал, хийнээс шалтгаалсан циститний үед тосон түрхлэг, тосон жин, төөнүүр, эмийн ууран дэвтээлэг эмчилгээ хийж, бүлээн шимтэй хоол, ундаар эмчилдэг. Шараас шалтгаалсан бол сэрүүн найрлагатай эм тан, шарын халууныг дарах зорилгоор хануур заслыг хийх гэх мэт сэрүүн чанарын эмчилгээ хийдэг. Мөн тарни эмчилгээ бий. Цистит өвчний үед эмийн болон заслын эмчилгээний үеэр “Ум рам рам шаг шаг зэр зэр цэг цэг вад нил сууха” тарнийг уншвал сайн нөлөөтэй.
-Ер нь цистит өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Эмчилгээний явцад ямар гам барих вэ?
-Хамгийн гол нь тухайн өвчнийг үүсгэдэг шалтгаан, нөхцөл болох доороосоо даарах, бөөр, давсагны хүйтэн чанарын өвчнийг архагшуулалгүй эмчлүүлэх зэргээр урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүд өгсөх замын халдвар авах эрсдэл өндөр учраас хувийн ариун цэвэр сахих, архи, халуун ногоотой, тослог, исгэлэн, хүнд, шимгүй, даршилсан, нөөшилсөн хоол ундаас татгалзах хэрэгтэй. Өвчилсөн тохиолдолд тууштай эмчилгээ хийлгэж, бүрэн эдгээх нь чухал. Ингэснээр дахихгүй байх боломжтой бөгөөд идээ унд, явдал мөрийн дэглэм барих нь хамгийн чухал байдаг.


-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Сэтгүүлч М.Ариунсувд

img

Утасны дугаараа бүртгүүлээд хэрэгтэй мэдээллээ аваарай